Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
Хэргийн индекс | 184/2024/02551/И |
Дугаар | 210/МА2024/01260 |
Огноо | 2024-06-19 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2024/01260
2024 оны 06 сарын 19 өдөр | Дугаар 210/МА2024/01260 |
,,,,,,,,,,,,, ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2024/02192 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,,, ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: М.,,,,,,,,,,,,,,, М.,,,,,,,,,,,,, нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 17,008,953 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.,,,,,,,,,,,,,,, Б.,,,,,,,,,,,,,,,,, хариуцагч М.,,,,,,,,,,,,,,ын өмгөөлөгч Б.,,,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
М.,,,,,,,,,,,,,,, М.,,,,,,,,,,,,, нар 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр зээл болон барьцааны гэрээг байгуулан 7,500,000 төгрөгийн цалингийн зээлийг сарын 1.8 хувь, 36 сарын хугацаатай авсан, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэмэлт гэрээгээр 10,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдүүлсэн.
Зээлдэгч нь зээл авснаас хойш гэрээний үүргээ зөрчиж зээлийн төлбөрөөс төлөлт хийлгүй 1,231 хоног хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан. Өнгөрсөн хугацаанд үндсэн зээлд 7,021,874.78 төгрөг, зээлийн хүүд 5,915,322.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 113.01 төгрөг төлсөн.
Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 10,478,125 төгрөг, хүү 5,922,409 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 572,918 төгрөг, нотариатын зардал 35,500 төгрөг, нийт 17,008,953 төгрөг гаргуулж өгнө үү.
Хариуцагч М.,,,,,,,,,,,,,д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг дуустал төлөлтөө хийж, үндсэн зээлийн төлбөр 10,478,125 төгрөг үлдсэн. Энэ хугацаанд манай байгууллагын харуулын алба татан буугдсантай холбогдуулан ажлаасаа 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр чөлөөлөгдсөн.
2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр банкнаас холбогдож шүүхэд шилжүүлэхээр болсон гэж хэлсэн. Гэрээг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр цуцалсан ч өнөөдрийг хүртэлх зээлийн хүүг нэмж бодсон байгаа тул зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Үндсэн зээлийн төлбөр болох 10,478,125 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасныг баримтлан хариуцагч М.,,,,,,,,,,,,,,аас 13,246,417 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, ХК-д олгож, нэхэмжлэлээс 3,727,035 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, ХК нь нэхэмжлэлийнхээ хамтран хариуцагч М.,,,,,,,,,,,,,д холбогдох шаардлагаас татгалзсан болохыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,817 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 167,104 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн мэдэгдэлд үүргийн гүйцэтгэл хангагдах хүртэл хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү нэмж тооцох талаар дурдсан бөгөөд зээлдэгч энэ мэдэгдлийг хүлээн авсан. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д "Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно", 21.2-т "Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө." гэж тус тус заасан.
Анхан шатны шүүх банк, эрх бүхий хуулийн этгээдийн зээлийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийг хэрэглэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагын 3,727,035 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Гэрээ цуцлагдсан болохыг шүүх зөв тогтоож шийдвэрлэсэн. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, ХК нь хариуцагч М.,,,,,,,,,,,,,,д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 10,478,125 төгрөг, хүү 5,922,409 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 572,918 төгрөг, нотариатын зардал 35,500 төгрөг, нийт 17,008,953 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь 10,478,125 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.,,,,,,,,,,,,,д холбогдох нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцсэн байна.
3. ,,,,,,,,,,,,, ХК нь М.,,,,,,,,,,,,,,тай 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 7,500,000 төгрөгийг сарын 1.8 хувь хүүтэй, 36 сарын хугацаатай хүлээн авсан, уг гэрээнд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өөрчлөлт оруулж, 14,113,729 төгрөгийг сарын 1.4 хувийн хүүтэй, 60 сарын сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцсон байна. /хх 11, 14/.
Улмаар хариуцагч зээлийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлгүй зөрчил үүсгэсэн тул нэхэмжлэгчийн санаачилгаар гэрээг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр цуцалжээ /хх 32-34/.
Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.
3.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүгийн зохицуулалт нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцсэн байна
3.2. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг цуцлаагүй гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагчид 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүргүүлсэн мэдэгдэл нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгын хувьд гэрээг цуцалж, үлдэгдэл төлбөрийг шаардсан агуулгатай байна.
Нэхэмжлэгч нь гэрээ цуцлагдсанаас хойших хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй.
Зохигчийг гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 он/-иар гэрээ цуцлагдсанаас хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхийг банкинд олгоогүй.
3.3. Харин Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /2021 оны/-ийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт гэрээ цуцлагдсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан нь зохигчийн байгуулсан гэрээний харилцаанд хамаарахгүй.
Учир нь талууд зээлийн гэрээ байгуулж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэх үед дээрх хууль батлагдаагүй байсан тул Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар гэрээний нэг талын эрх зүйн байдлыг дордуулсан шинэ зохицуулалтыг хэрэглэхгүй тул энэ талаарх гомдлыг хангахгүй орхив.
3.4. Нэхэмжлэлээс нотариатын зардал 35,500 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын дагуу энэ шийдлийг хэвээр үлдээнэ.
3.5. Иймд анхан шатны шүүх гэрээ цуцлагдсан хугацаагаар тооцож үндсэн зээл 10,478,125 төгрөг, хүү 2,768,292 төгрөг, нийт 13,246,417 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх 3,762,535 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцжээ.
Харин шийдвэрийн тогтоох хэсэгт дээрх хуулийн зохицуулалтыг дутуу баримталсан, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасныг баримталсан нь оновчгүй болсныг залруулж холбогдох өөрчлөлтийг оруулна.
4. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2024/02192 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.,,,,,,,,,,,,,,аас 13,246,417 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, ХК-д олгож, нэхэмжлэлээс 3,762,535 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74,583 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Т.БАДРАХ