Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 16

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Ууганзаяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Батгэрэл,

Хохирогч : Т.Т,

Шүүгдэгч: Ц.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн О ургийн овогтой Цгийн Жд холбогдох 1835004400239 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл-5, нөхөр 3 хүүхдийн хамт Увс аймгийн Давст сумын Хандгайт багт оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, РД:.............................., О ургийн овогтой Цгийн Ж.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Ж нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Давст сумын Хандгайт багийн нутаг дэвсгэрт хохирогч Т.Тгийн зүүн гарны хэсэгт бөөрөнхий модоор цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Шүүгдэгч Ц.Жг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

Шүүгдэгч Ц.Ж нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Давст сумын Хандгайт багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ хохирогч Т.Тгийн зүүн гарны хэсэгт бөөрөнхий модоор /гурил элдэх зориулалттай/ цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :  

-хохирогч Т.Тгийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “Би 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр сумын төвд орохдоо архи уусан. Өдөр 15 цагийн үед сумын төвөөс Нтай хамт машинаар гэртээ ирсэн. Тэгээд манай ард талд байдаг Дынх руу архи уухаар очсон, тэднийд эхнэр Ж нь нялх хүүхэдтэйгээ байсан. Тухайн үед Д гэртээ байхгүй байсан. Ж гэрийнхээ зүүн талд хоолны гурил элдээд сууж байсан ба хажууд нь нялх хүүхэд нь сууж байсан. Би гэрийнх нь баруун талд гэрийнх нь голд, дээд хэсгээр сууж байсан. Би тэднийд ороод Жтай юм ярьж байгаад түүний хүүхдийг Б буюу Сгийн хүүхэд гэж хэлсэн. Би урьд өмнө нь бас тэгж хэлж байсан, би энэ үгийг тоглоом болгож хэлсэн төдий юм.  Тэгтэл Ж гэнэт над уруу уурлаж,  миний хүүхдийг С буюу Бгийн хүүхэд гэж хэллээ гээд над руу орилсон. Тухайн үед бид хоёр тэрүүхэндээ маргалдаж эхэлсэн бөгөөд гэнэт Ж уйлаад эхэлсэн. Би Жг уйлж эхлэхээр нь надад архи өгөхгүй юм байна гэж бодоод босоод гарах гэтэд Ж модоор миний гар луу цохисон. Тэгэхээр нь би Жг намайг яагаад цохиж байгаа юм бэ? гэж хэлээд босоод Жгийн сууж байсан газар руу очтол над руу Ж орилоод байсан тул би түүнийг түлхчихээд гэрээс гарсан. Тэгтэл Ж миний хажуугаар намайг түлхээд хүүхдээ тэврээд гэрээсээ гарсан ба тухайн үед би газар унасан бөгөөд босоод түүний араас “яаж байгаа юм бэ чи” гээд түлээний мод аваад гүйтэл Жгийн нөхөр Д миний урдаас гарч ирсэн. Тухайн үед би Дд танай эхнэр намайг цохилоо гэж хэлтэл Д "Та одоо гэртээ харьж амар" гээд намайг  хашаанаасаа гаргаж явуулсан. Би Ж болон түүний хүүхдийг зодож цохисон зүйл байхгүй.  

Ж миний зүүн гар луу гурилын модоор цохисон ба тэр үед миний зүүн гар хүчтэй өвдөж байсан. Миний зүүн гарын шуу хугарсан байсан тул төмөр тавьж хадуулсан. Би Жд гомдолтой байна ” гэх мэдүүлэг /хх-ийн 8-14, 89х/,  

-хохирогч Т.Тгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би архи ууж согтсон үедээ Дынд орсон. Тэднийд би Жтай маргалдсанаас миний зүүн гарт гурилын бөөрөнхий модоор цохиж гэмтэл учруулсан. Одоо миний эрүүл мэндийн байдал сайн байгаа. Ж нь нөхөр Дын хамт цагаан сарын шинийн нэгэнд манай гэрт ирж золгосон, бид айл саахалт амьдардаг хүмүүс, бидний харилцаа хэвийн байгаа. Надад одоо Жгаас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг,  

-гэрч Я.Эийн хэрэг бүртгэлтэд өгсөн: "Би 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэрийнхээ гадна юм янзалж байтал манайхтай  айл саахалт байдаг Т ах гэрээсээ ирж байгаад газарт унаж хэвтээд 5-10 минут орчим болоод босож, Дын гэр лүү орж байсан. Тэгээд удаагүй байж байтал Т ах гартаа мод барьчихсан том том дуугараад юм ярьж байсан, удалгүй манайх руу ирээд манай гэрт орсон. Тэгтэл удалгүй манай охин гэрээс гарч ирээд: “Ээжээ, энэ хүнийг гэрээс гаргаач, олон юм яриад байна” гэхээр нь би гэртээ ороод хартал Т ах манай орон дээр хэвтэж байсан. Тэгээд би Т ахыг босгоод “одоо харь, би таныг хүргээд өгье” гээд дагуулж яваад Т ахын гэрийнх нь хашааны хаалганд хүргэж өгөөд би буцаж ирсэн. Т ах манайд зүүн гараа өргөчихсөн орон дээр хэвтэж байсан. Тухайн үед Т ах согтуу байсан. Уг явдлаас хэд хоногийн өмнө Ж манайд орж ирээд Т ах намайг “чи Бгийнд 5 жил зарц хийгээд Бгийн хүүхэд төрүүлсэн гэж хэллээ гэж хэлсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 15-16х/,

-гэрч Б.Нын хэрэг бүртгэлтэд өгсөн: "Би 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэртээ байж байтал манайд айл саахалт байдаг Т согтуу  ирсэн, тэр надад “ төв рүү банз мод оруулаад ирье гэж хэлсэн тул  бид хоёр хамт сумын төв ороод банз модоо буулгачихаад 14 цагийн үед Ттай хамт буцаж  гэртээ ирсэн.  Т машинаас буугаад гэр лүүгээ харьсан. Т сумын төвөөс ирж байх замдаа “Жгийн төрүүлсэн охин нь  Бгийн хүүхэд юм биш үү” гэхээр нь би Тд  "Чи битгий ийм янз бүрийн зүйл ярьж бай" гэж хэлэхэд бидэнтэй хамт явж байсан Галаваа гэх эмэгтэй мөн Тд хандан  "Та дандаа хүнийг битгий ийм муухайгаар хэлж, ярьж бай, хөгшин хүн байж” гэж хэлсэн. Т тэр өдрийн орой 17 цаг өнгөрч байхад манай гэрт ирсэн ба  баруун шанаа цус болоод хатчихсан, алхаж чадахгүй болтлоо согтсон байсан.  Тэгээд би Тгаас “яагаад нүүр чинь цус болчихсон юм” гэхэд тэр “мэдэхгүй, би  унасан юм болов уу гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18х/,

-гэрч О.Дгийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “Би 10 сарын 21-нд Улаанбаатар хот яваад 10 дугаар сарын 28-ны орой гэртээ иртэл манай нөхөр “миний зүүн гар өвдөж байна” гэж хэлсэн. Яагаад өвдөж байгааг асуухад “Дын эхнэр модоор цохьчихсон " гэж хэлсэн. Тэгээд би нөхрөө дагуулаад 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр сумын төв рүү ороод аймаг руу явах машинд суулгаад  явуулсан. Манай нөхөр аймаг ороод эмнэлэгт үзүүлээд над руу утсаар  “ миний зүүн гарын шууны яс далбаагаараа хугарсан байна, одоо хадуулна “гэж хэлсэн. Тэгэхээр нь би Дын гэрт очоод Жтай уулзаад "юу болсон юм" гэтэл "танай нөхөр согтуу ирээд надтай хэрэлдэхээр нь би гурилын бөөрөнхий модоор цохьсон юм” гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр аймгийн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэж зүүн гарын шуугаа төмөр тавьж хадуулаад гарч ирсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 х/,

-шүүгдэгч Ц.Жгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 10 сарын 27-ны орой манай сумын 3 дугаар багийн өндөр настан Т.Т гуай манайд ирээд гадна малын хашаа засаж байсан манай нөхөртэй мэнд мэдэхийн завдалгүй агсам тавьж эхэлсэн байсан. Тухайн үед манай нөхер” та манайд ороод хэрэггүй, орой харуй бүрэнхий болсон байна, манай хүүхэд уйлна” гэхэд нь Т.Т гуай "би заавал орж хэлнэ" гэсээр байж манай гэрлүү ороод ирсэн. Тэгээд гэрт орж ирээд галын дээд талаар ирж намайг "чи таван жил Бн малын гэдэс дотор идэж амьдарсан биз дээ, наад хүүхэд чинь Бгийн хүүхэд биз дээ, чамайг мэдэхгүй хэн байгаа юм” гэж хэлж  доромжилсон юм. Тухайн үед миний уур хүрээд гурил элдэж байсан бөөрөнхий модоороо түүний гар луу цохисон. Т гуай намайг “ наад хүүхэд чинь Бгийн хүүхэд биз дээ, шинжилгээ хийлгэнэ ” гэж хэлсэн. Т нь манай нөхрийг “муу гуйлгачин, хулгайч" гэх мэтээр маш олон жил доромжилсон. Түүний энэ байдлыг манай айл саахалт, эргэн тойрны хүмүүс маш сайн мэднэ. Т.Т гуайн хэлээд байгаа Б гэдэг нь манай сумын 3 дугаар багийн иргэн Х овогтой С гэдэг хүн юм. Манайх энэ айлын үхрийн баас, өтөг бууцны ажилд туслан туслах малчнаар 5 жил өвөлжсөн юм. Т.Т нь манайхыг ядуу тарчиг, хулгайч, гуйлгачин гэх мэтээр олон жил доромжилж ирсэн ба манай бага охиныг төрснөөс хойш миний охиныг “Бгийн хүүхэд” гэж доромжлох болсон. Түүний энэ бүх байдлыг би олон удаа тэвчиж өнгөрүүлж ирсэн. Би санаатайгаар Т.Тгийн гарыг гэмтээе гэж бодоогүй, тухайн үедээ үг хэлээр доромжлуулсандаа уур хүрээд модоор цохисон. Дараа нь Т гуайн гэрт нь очсон. Өмнө нь 20000 төгрөг өгсөн, нэмж 70000 төгрөг нэхэмжилснийг данс руу хийж өгсөн байгаа. Миний нөхөр нь хүнд хэлбэрийн сүрьеэтэй ба энэ оношоор группт байдаг. Ямар нэгэн хүнд хүчир ажил хийж чаддаггүй. Том хүү 10 настай, дунд хүү 9 настай, бага охин  нэг нас хүрч байгаа.

Манай нөхөр группийн тэтгэвэр авдаг, мөн манайх хүнсний ногоо тарьдаг бөгөөд хүнсний ногоогоо сумын цэцэрлэгт гэрээгээр өгдөг бөгөөд манай өрхийн орлого сард 400.000 мянган төгрөг юм. Гэхдээ хүнсний ногоо нь улирлын чанартай бөгөөд намар 9 сараас хавар 4 сар хүртэл зарж борлуулдаг юм. Би Т гуайд уурлаж гомдсондоо ийм хэрэг хийсэн. Миний буруу . Миний амьдрал байдлыг харгалзан надад хөнгөн ял оноож өгнө үү ” гэх мэдүүлэг,

-Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 805 дугаартай: “Иргэн Т.Т-н биед тухайн үед гэмтэл учирсан байна. Зүүн гарын шууны /залаа/ яс доод 1/3-ээр далд хугарсан, хагалгаа хийгдэж хадуулсан гэмтэлтэй байв. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь өөрийнх нь хэлж байгаа зодуулсан гэх тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг удаан хугацаагаар сарниулах гэмтэл болно” гэх дүгнэлт /хх-ийн 27х/зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.  

Шүүгдэгч Ц.Ж нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Давст сумын Хандгайт багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ хохирогч Т.Ттай маргалдаж, улмаар  түүний  зүүн гарны хэсэгт бөөрөнхий модоор цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Иймд шүүгдэгч Ц.Жг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.  

Хохирогч Т.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ айл хөрш амьдардаг Ц.Жгийн гэрт орж, түүнийг  “ чи таван жил Бгийн малын гэдэс дотор идэж амьдарсан биз дээ, наад хүүхэд чинь Бгийн хүүхэд биз дээ, чамайг мэдэхгүй хэн байгаа юм” гэх мэт үгээр доромжилж зүй бус харьцсан, мөн урьд өмнө  шүүгдэгч болон түүний нөхөртэй доромжилсон үгээр харьцаж байсан нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байх ба хохирогчийн энэ зүй бус харилцаа нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэх үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгч Ц.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Ц.Ж нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.   

Шүүгдэгч Ц.Жд өмнө нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй болох нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 63х/-аар нотлогдсон.  

Шүүгдэгч Ц.Ж нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд нийт 90000 төгрөг төлсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан мөнгөн шилжүүлгийн баримт, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдсон, түүнчлэн хохирогч Т.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт “ шүүгдэгч Ц.Жгаас нэхэмжлэх зүйлгүй, гаргах санал хүсэлт байхгүй” гэж мэдүүлсэн  тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилсан гэж дүгнэв.           

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Ц.Ж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, бага насны хүүхэдтэй зэрэг  хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Ц.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүгдэгч Ц.Ж энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн гурилын бөөрөнхий мод 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгчийн өмчлөлийн эд хөрөнгө болох  5 настай, улаан зүсмийн эм үхэр битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Жд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Шүүгдэгч О ургийн овогтой Цгийн Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох   ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.Жд оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлэхгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

4. Шүүгдэгч Ц.Ж энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан гурилын бөөрөнхий мод 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

6. Хэрэгт шүүгдэгчийн өмчлөлийн эд хөрөнгө болох нэг тооны 5 настай, улаан зүсмийн чихэндээ бирктэй, эм үхэр битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                        Л.АЛТАН