Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 466

 

 

 

 


                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
    Хүсэлт гаргагч: 1959 онд төрсөн, Хувиараа эрхлэх Баян ... хоршоонд малын эмч ажилтай, Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох баг, Эрэг гэх газар оршин суух Цорс овгийн Даваасүрэнгийн Доржсүрэнгийн /РД:АЖ59012011/ хүсэлттэй
    Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.  
    Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Доржсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов. 
    ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Доржсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Архивын лавлагаа болон бусад бичиг баримтуудыг үндэслэн Даваасүрэн овогтой Доржсүрэн намайг Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 09 сарын 30-ны өдөр хүртэл малын эмчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Д.Доржсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд 1981 оны 7, 8, 9 саруудад ажиллаж байсан үеийн баримт олдохгүй байсны улмаас энэ саруудад ажилласнаа тогтоолгож чадаагүй. Сая 5 сард сумын Тамгын газрын бичиг хэргийн ажилтнаас нотлох баримт олсон. Цалингийн баримт олдсон учраас ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд хандсан. Миний хөдөлмөрийн дэвтэр нэгдэлд байж байгаад үрэгдсэн. Иймд Д.Доржсүрэн намайг Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд малын бага эмчээр 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 09 сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Доржсүрэн нь 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 1981 оны 09 сарын 30-ны өдөр хүртэл Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд малын бага эмчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд: 
1. Малын бага эмч Д.Доржсүрэн, үндсэн цалин /тогтмол/-400, тариф-15.39, ажилласан хоногт ноогдох тариф-92.34, бүгд-92.34, суутгалууд /ҮЭ-ийн татвар/-27, бүгд-27, жинхэнэ олгох нь-92.07 гэсэн Малын их эмчийн салбарын ажилчдын 7 сарын цалин, 1981 оны 7 сарын 25-ны өдөр гэсэн А3 хэмжээтэй Архангай аймгийн Өгийнуур сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа санхүү, тасаг гэсэн тамга дарагдсан цалингийн хүснэгтийн эх хувь,

2. Малын бага эмч Д.Доржсүрэн, үндсэн цалин /тогтмол/-400, бүгд-400, суутгалууд /ҮЭ-ийн татвар/-4, бүгд-4, жинхэнэ олгох нь-396 гэсэн Малын их эмчийн салбарын ажилчдын 8 сарын цалин, 1981 оны 7 сарын 26-ны өдөр гэсэн А3 хэмжээтэй Архангай аймгийн Өгийнуур сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа санхүү, тасаг гэсэн тамга дарагдсан цалингийн хүснэгтийн эх хувь,

3. Малын бага эмч Д.Доржсүрэн, үндсэн цалин /тогтмол/-400, бүгд-400, суутгалууд /ҮЭ-ийн татвар/-4, гэнэтийн осол-28 бүгд-32, жинхэнэ олгох нь-368 гэсэн Малын их эмчийн салбарын ажилчдын 9 сарын цалин, 1981 оны 9 сарын 26-ны өдөр гэсэн А3 хэмжээтэй Архангай аймгийн Өгийнуур сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа санхүү, тасаг гэсэн тамга дарагдсан цалингийн хүснэгтийн эх хувь, 

4. Гэрч Ч.Цоодолын: “Би 1980 онд цэргээс халагдаж нутагтаа ирээд Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох бригадад Туяа нэгдэлд малчнаар ажиллаж, уг ажлаа нэгдэл тартал хийсэн. Д.Доржсүрэн нь Өгийнуур сумын Туяа нэгдэлд санитарчнаар ажиллаж байгаад 1981 оноос тус нэгдлийн Тоглох бригадад малын эмчээр ажилласан. Тэр үеэс эхлэн Д.Доржсүрэн нь Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд малын эмчээр тус нэгдлийг хувьчлагдах хүртэл ажилласан” гэх мэдүүлэг, 
5. Гэрч: Д.Сэнгиймаагийн “Би 1980 онд Хөдөө аж ахуйн ТМС төгсөөд 1981 оноос Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд малын санитар хийдэг байхад манай ах Д.Доржсүрэн малын эмчээр ажилладаг байсан. Тэр үеэс эхлэн Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд би малын санитарчинаар, ах Д.Доржсүрэн малын эмчээр тус нэгдлийг хувьчлагдтал ажилласан” гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүх Д.Доржсүрэнгийн хүсэлтээр хүсэлт гаргагчтай хамт ажиллаж байсан, түүний ажиллаж байсан талаар мэдэх Ч.Цоодол, Д.Сэнгиймаа нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.

Мөн хэрэгт авагдсан цалингийн хүснэгт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт бөгөөд шүүх хуралдаанаар эдгээр нотлох баримтыг эх хувиар нь шинжлэн судалсан болно.

 Д.Доржсүрэнгийн Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд малын бага эмчээр 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 1981 оны 09 сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсан нь Архангай аймгийн Өгийнуур сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа санхүү, тасаг гэсэн тамга дарагдсан 1981 оны 7, 8, 9 сарын цалингийн хүснэгт, гэрч Г Ч.Цоодол, Д.Сэнгиймаа нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Иймд Д.Доржсүрэнгийн Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд малын бага эмчээр 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 1981 оны 09 сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цорс овгийн Даваасүрэнгийн Доржсүрэнг Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд малын бага эмчээр 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 1981 оны 09 сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

           3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 
    

                   

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.БАЙГАЛМАА