Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2024/01271

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2024/01271

 

 

Д.,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2024/02149 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.,,,,,,,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,,,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 01833 дугаар шийдвэрийн дагуу 496,978,700 төгрөг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар миний өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, ,,,,,,,,,, байр, ,,,,,,,, тоот хаягт байрлах 83.77 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг ,,,,,,,,,, ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийхдээ 1 м.кв талбайг 2,857,680 төгрөгөөр тооцож, нийт 239,387,937 төгрөгөөр үнэлсэн.

Гэтэл дээрх үнэлгээг үнэгүй.мн цахим сайт дээр тавигдсан ижил төстэй орон сууцны зартай харьцуулж үзэхэд 1 м.кв талбайг хамгийн багадаа 3,500,000 төгрөгөөр худалдаж, худалдан авч байгаа нь харагдана. Энэ үнэлгээгээр тооцож үзвэл 293,195,000 төгрөг болж байгаа бөгөөд ,,,,,,,,,, ХХК нь нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 239,387,937 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас хэт бага байна.

Мөн үнэлгээчин хөрөнгийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2-т заасан үндэслэлийг тайландаа тусгаагүй нь хуулийн шаардлагыг хангаагүй. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилсон. Орон сууцны зах зээлийн үнэлгээг үнэгүй.мн цахим сайт дээр тавигдсан зараар хэмжигдэхгүй, энэ хөрөнгийн байршил, элэгдэл зэргийг тооцож мэргэжлийн шинжээч дүгнэлт гаргаж, 239,195,000 төгрөгөөр үнэлсэн.

Хэрэв нэхэмжлэгч нь уг үнэлгээг бага байна гэж хэлж байгаа бол үүнийгээ нотлох ёстой. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Д.,,,,,,,,,,,ын гаргасан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдох Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13374/, Нарны зам гудамж, ,,,,,,,,,, байр, ,,,,,,,, тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ,,,,,,,,,,,,,, тоот дугаартай 83.77 м.кв талбайтай орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа үнэгүй.мн цахим сайтаас өөрийн өмчлөлийн 83.77 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөтэй ижил төстэй зарыг хавсаргасан. 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс уг баримтад үнэгүй.мн цахим сайтаас үзлэг хийлгэх хүсэлтийг гаргасан боловч шүүх хангаагүй. ",,,,,,,,,," ХХК нь хөрөнгийн үнэлгээний тайланг гаргахдаа үнэгүй.мн цахим сайтаас үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн ханштай харьцуулан гаргасан байдаг.

Нэхэмжлэгч нь ,,,,,,,,,,,,,,,,,,т явагдаж байгаа өр төлбөрийг дарах хэмжээний хөрөнгө байхгүй учир маргаан бүхий өөрийн өмчлөл дэх ганц үл хөдлөх эд хөрөнгийг дахин 1 удаа хөрөнгийн үнэлгээ хийлгэх хүсэлтэй байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэгчийн эрхийг нэг удаа хангаж, үнэгүй.мн цахим сайтад үзлэг хийлгэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үнэлгээг хуульд нийцүүлж гаргасан тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Д.,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2022/01833 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2022/01330 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 001/ХТ2022/01090 дугаар тогтоолоор Д.,,,,,,,,,,,аас 496,978,700 төгрөг гаргуулж Шинэ дөл констракшн ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн /хх 86-122/.

 

3.1.,,,,,,,,,,,,,,,,,, дээрх шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, Д.,,,,,,,,,,,ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, ,,,,,,,,,, байр, ,,,,,,,, тоот хаягт байрлах 83.77 м.кв талбайтай орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хураан авсан байна /хх 171/.

 

3.2. Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг тогтоохоор явуулсан ажиллагаанд төлбөр төлөгч, өмчлөгч нар нь үнийн саналын талаар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолоор ,,,,,,,,,, ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцсэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ /хх 182/.

 

3.3. Шинжээч ,,,,,,,,,, ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр үнэлгээний тайлан гаргахдаа олон улсын болон Монгол улсад дагаж мөрдөгдөж буй стандарт, өртгийн болон зах зээлийн хандлагын аргуудыг ашигласан, үүнээс зах зээлийн хандлагын аргыг ач холбогдолтой гэж үзэн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, ,,,,,,,,,, байр, ,,,,,,,, тоот хаягт байрлах 83.77 м.кв талбайтай орон сууцыг 239,387,937 төгрөгөөр үнэлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7-8 дугаар зүйлд заасан үнэлгээ хийх журам, аргачлал, үнэлгээний тайланд тавигдах шаардлагад нийцсэн байна /хх 35-47/.

 

3.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн ханшнаас бууруулж тогтоосон гэх тайлбараа нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт зааснаар дахин үнэлгээ хийлгэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

3.5. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШЗ2024/11199 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан цахим сайтад үзлэг хийлгэх хүсэлтийг хангахаас татгалзсаныг буруутгах үндэслэлгүй, тухайн цахим сайтад үзлэг хийснээр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ зах зээлийн ханшид нийцэж байгаа эсэхийг тогтоохгүй.

Өөрөөр хэлбэл, үнэлгээ тогтоох үйл явц нь зөвхөн үнэлгээний эх сурвалжаас гадна Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан цогц үйл ажиллагааны үр дүн юм.

 

3.6. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт нийцсэн.

 

4. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2024/02149 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Т.БАДРАХ