Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 472

 

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
    Хүсэлт гаргагч: 1969 онд төрсөн, хувийн малаа малладаг, Архангай аймгийн Ихтамир сумын 1-р баг, Хөхнуур гэх газар оршин суух Боржигон овгийн Пунцагдоржийн Даваадуламын /АГ69052200/ хүсэлттэй
    Боржигон овгийн Балдоржийн Мөнхбатын /РД:АГ67030614/ ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.  
    Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч П.Даваадулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов. 
    ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч П.Даваадулам шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Архивын лавлагаа болон бусад бичиг баримтуудыг оролцуулан Б.Мөнхбатын Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд 1985 оны 06 сарын 25-ны өдрөөс 1989 оны 04 сарын 03-ныг хүртэл хоньчноор, Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд 1989 оны 04 сарын 03-ны өдрөөс 1992 оны 04 сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд мод бэлтгэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч П.Даваадулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Мөнхбатыг цэрэгт явахаас нь өмнө таньдаг байсан. Б.Мөнхбат Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд малчин байсан. Б.Мөнхбатыг цэргээс халагдаж ирсэний дараа 1991 онд бид гэр бүл болсон. Тухайн үед Б.Мөнхбат Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд малчин байсан. Манай нөхөр нэгдэлд ажиллаж байхдаа хөдөлмөрийн дэвтрээ авсан боловч одоо хайгаад олохгүй байгаа. Хүүхдүүдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж авах шаарлагатай байгаа тул Б.Мөнхбатын ажиллаж байсан байдлыг тогтоолгож өгнө үү гэв. 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч П.Даваадулам нь Б.Мөнхбатыг 1985 оны 06 сарын 25-ны өдрөөс 1986 оны 07 сар хүртэл, 1988 оны 09 сараас 1992 оны 04 сарын 10-ны өдөр хүртэл Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд малчин, ажилчинаар ажиллаж байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд Б.Мөнхбат 2013 оны 11 сарын 25-нд нас барсан нь нас баралтын 29 тоот гэрчилгээгээр тогтоогддог. Б.Мөнхбат, П.Даваадулам нар нь 151/0051196 тоот гэрлэлтийн бүртгэлийн лавлагаатай байх тул П.Даваадулам нь Б.Мөнхбатын ажиллаж байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй. 
Хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд: 
1.    Архангай аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
1.1. ... Борт бригадын Б.Мөнхбат нарын 6 хүнийг 6-р сарын 25-ны өдрөөс эхлэн малчнаар тус тус томилон ажиллуулсугай гэсэн “Залуу малчид томилон ажиллуулах тухай” Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдлийн даргын 1985 оны 07-р сарын 27-ны өдрийн 59 тоот тушаал,
1.2. ... ахлах ажилтан Б.Мөнхбат, ... нарыг байнгын ажилчинаар 1989 оны 03-р сарын 25-наас эхлэн томилж ажиллуулсугай гэсэн “Ажилд томилох тухай” Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдлийн даргын 1989 оны 04-р сарын 03-ны өдрийн 34 тоот тушаал,
1.3. Гишүүдийн аж амьдралыг харгалзан үзээд амьдрал дорой аминдаа малгүй малчин гишүүд ажилчин албан хаагчдад малтай болгох зорилгоор аминд нь худалдах малын үнийн тухай нэгдлийн ерөнхий хорооны 18-р тогтоолыг баталсугай. Хавсралтанд: Мөнхбат, олгох мал-21, үхэр-1, хонь-15, ямаа-5, бүгд үнэ-1400, тайлбар хэсэгт-2 жил гэсэн “Малчин гишүүд ба нэгдлийн гишүүд ажилчин албан хаагчдад мал худалдах үнийн тухай” Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдлийн бүх гишүүдийн анхдугаар хурлын 1990 оны 04-р сарын 18-ны өдрийн 01 тоот тогтоол, 
1.4. Ерөнхий хорооны дарга Д.Лонжидсүрэн, эдийн засагч Л.Тэрбиш, боловсон хүчин Л.Жижинлхам, сумын ҮЭ-ийн зөвлөлийн дарга Н.Дамдинсүрэн, Аймгийн нэгдлийн зөвлөлийн мэргэжилтэн Ц.Гэлэгжамц нар болон Хөх нуур бригадаас 64 хүн, Борт бригадаас 69 хүн, Хан-Өндөр бригадаас 94 хүн, Бугат бригадаас 89 хүн, Тайхир бригадаас 41 хүн тус тус оролцсон 1991 оны 11 сарын 25-ны өдрийн Хөхнуур, Хан-Өндөр, Борт, Бугат бригадын гишүүдийн хурлын нэгдсэн протокол,
1.5. Улс орон зах зээлийн сисемд шилжих нэгдлийн хөрөнгө хувьчлагдаж нэгдлийн үйл ажиллагааг зогсоох болсон тул мал аж ахуйн үйлдвэрлэлд ажиллаж байгаа малчдыг 1992 оны 04-р сарын 10-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсүгэй. Хавсралтанд: Б.Мөнхбат гэсэн “Ажлаас чөлөөлөх тухай” Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдлийн даргын 1992 оны 04-р сарын 15-ны өдрийн 10 тоот тушаал,
2. Гэрч П.Чагцалмаагийн: “Би Архангай аймгийн Ихтамир сумын нэгдэл дундын үйлдвэрт 1983 оноос тус үйлдвэрийг хувьчлагдах хүртэл токарчиноор ажилласан. Б.Мөнхбат нь Архангай аймгийн Гэрэлт зам нэгдэлд Лонжидсүрэн даргын удирдлаган дор мал малладаг байсан. Мөнхбат манай дүүтэй гэр бүл болох үедээ Гэрэлт зам нэгдэлд мал маллаж байсан. Үүнээс хойш Гэрэлт зам нэгдэл хувьчлагдтал мал малласан. Даваадулам Гэрэлт зам нэгдлийн цагаан идээний үйлдвэрт лобарант хийж байгаад Мөнхбаттай гэр бүл болоод малчин болсон. Мөнхбат Даваадуламтай суусны дараа Ихтамир сумын төвд манайд ирж амьдарч байгаад нэгдэлд мод бэлтгэж байсан. Мод бэлтгэгчээр нэг их удаан ажиллаагүй буцаад мал маллахаар явж байсан. Хэдэн онд гэдгийг нь би санахгүй байна” гэх мэдүүлэг,
3.  Гэрч Л.Цэрэнхандын: “Би Архангай аймгийн Ихтамир сумын Холбооны газар 1980 оноос тэтгэвэрт гарах хүртлээ ажилласан. Би тэтгэвэрт гараад 6 жил болж байна. Би Б.Мөнхбатыг цэрэгт явахаасаа өмнө Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд мал малладаг байсныг мэднэ. Мал маллаж байгаад цэрэгт явсан. Цэргээс халагдаж нутагтаа ирээд Нэгдэлд дундын үйлдвэрт ажилладаг байсныг мэднэ. Хэдээс хэдэн онд хэдий хугацаанд ажилласныг нь би сайн мэдэхгүй” гэх мэдүүлэг,
4. Балдорж овогтой Мөнхбат /АГ67030614/ нь Ихтамир сумаас цэргийн албанд татагдан Улаанбаатар хот дахь Дотоодын цэргийн 05-р ангид 1986-1988 онд алба хааж халагдсан нь үнэн болохыг тодорхойлов гэсэн Архангай аймгийн Засаг дарга тамгын газрын цэргийн штабын 2016 оны 06 сарын 15-ны өдрийн 43 тоот тодорхойлолт, 
5. Боржигон овгийн Балдоржийн Мөнхбат, Боржигон овгийн Пунцагдоржийн Даваадулам нарыг 1991 оны 08 сарын 12-ны өдөр гэр бүл болсныг 1991 оны 09 сарын         05-ны өдөр бүртгэсэн 151/0051196 тоот гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
6. 1986 оны 07 сарын 01-ний өдөр цэргийн албанд татагдаж, 1988 оны 08 сарын        18-ны өдөр халагдсан Б.Мөнхбатын цэргийн батлах, 
7. Хүүхдийн эцэг Боржигон овгийн Балдоржийн Мөнхбат, эх Боржигон овгийн Пунцагдоржийн Даваадулам гэсэн Мөнхбатын Нямжаргалын төрсний гэрчилгээ, 
8. Хүүхдийн эцэг Балдоржийн Мөнхбат, эх Пунцагдоржийн Даваадулам гэсэн Мөнхбатын Лхаасүрэнгийн төрсний гэрчилгээ, 
9. Хүүхдийн эцэг Балдоржийн Мөнхбат, эх Пунцагдоржийн Даваадулам гэсэн Мөнхбатын Лхагважавын төрсний гэрчилгээ,
10. Б.Мөнхбатыг 2013 оны 11 сарын 25-нд нас барсныг бүртгэсэн 29 тоот нас баралтын гэрчилгээ зэрэг болно.

Шүүх П.Даваадуламын хүсэлтээр Б.Мөнхбатыг ажиллаж байсныг мэдэх П.Чагцалмаа, Л.Цэрэнханд нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.
Мөн Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм.  
 Б.Мөнхбатын Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд ажиллаж байсан нь Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдлийн даргын 1985 оны 07-р сарын 27-ны өдрийн 59 тоот, 1989 оны 04-р сарын 03-ны өдрийн 34 тоот, 1992 оны 04-р сарын 15-ны өдрийн 10 тоот тушаал, тус нэгдлийн бүх гишүүдийн анхдугаар хурлын 1990 оны 04-р сарын 18-ны өдрийн 01 тоот тогтоол, гэрч П.Чагцалмаа, Л.Цэрэнханд нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. 
Б.Мөнхбат нь 1986 оны 07 сарын 01-ний өдрөөс 1988 оны 08 сарын 18-нд цэргийн хаасан нь цэргийн батлах, Засаг даргын тамгын газрын цэргийн штабын 2016 оны 06 сарын 15-ны өдрийн 43 тоот тодорхойлолтоор тогтоогдож байх тул түүний цэрэгт алба хаасан хугацааг Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд ажиллаж байсан гэж тогтоох үндэслэл байхгүй болно.
 Б.Мөнхбат нь 1985 оны 06 сарын 25-ны өдөр Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд ажилд орж, 1992 оны 04 сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн нь Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдлийн даргын 1985 оны 07-р сарын 27-ны өдрийн 59 тоот, 1992 оны 04-р сарын 15-ны өдрийн 10 тоот тушаалуудаар тогтоогдож байх ба хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбараар Б.Мөнхбатыг 1985 оны 06 сарын 25-ны өдрөөс цэрэгт явтлаа буюу 1986 оны 07 сар хүртэл цэргээс халагдаж ирснээс хойш буюу 1988 оны 09 сараас 1992 оны 04 сарын  10-ны өдөр хүртэл Гэрэлт зам нэгдэлд малчин, ажилчинаар ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй байна. 
Иймд Б.Мөнхбатыг Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд ажилчин, малчнаар 1985 оны 06 сарын 25-ны өдрөөс 1986 оны 07 сар хүртэл, 1988 оны 09 сараас 1992 оны 04 сарын 10-ны өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.
1991 оны 11 сарын 25-ны өдрийн Хөхнуур, Хан-Өндөр, Борт, Бугат бригадын гишүүдийн хурлын нэгдсэн протоколд Б.Мөнхбатын нэр байхгүй тул түүнд хамааралгүй баримт гэж үзлээ. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овгийн Балдоржийн Мөнхбатыг Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд ажилчин, малчнаар 1985 оны 06 сарын 25-ны өдрөөс 1986 оны 07 сар хүртэл, 1988 оны 09 сараас 1992 оны 04 сарын 10-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.
           3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.БАЙГАЛМАА