Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/01294

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/01294

 

 

Б.,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2024/01306 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,,,,, ХХК-д холбогдох,

64,650,080 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.,,,,,,,,,,,,, /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.,,,,,,, /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ,,,,,,,,,,,,,, ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж 53.92 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 59,312,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон. Гэрээнд заасан хугацаанд төлбөр 59,312,000 төгрөгийг бүрэн төлж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн.

Харин ,,,,,,,,,,,,,, ХХК нь гэрээний 3.2-т зааснаар орон сууцны барилгыг 2023 оны 2 дугаар улиралд ашиглалтад оруулна гэж заасан хугацаандаа орон сууцыг ашиглалтад оруулаагүй, дутуу баригдсан каркас хэвээр байна.

Гэрээний 6.1.1-т гэрээ байгуулснаас хойш аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан. ,,,,,,,,,,,,,, ХХК нь өнөөдрийг хүртэл орон сууцыг заасан хугацаандаа ашиглалтад оруулж чадаагүй учир гэрээний үүргээ биелүүлж чадаагүй бодит нөхцөл бий болсон гэж үзэн орон сууцны төлбөрт өгсөн 59,312,000 төгрөгийг гаргуулна.

Мөн гэрээний 2.2.4-т заасны дагуу 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс оны 11 дүгээр сарын 27-ний өдрийг хүртэл 176 өдрийн алданги 5,338,080 төгрөг болсон.

Иймд нийт 64,650,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,, ХХК-иас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч ,,,,,,,,,,,,,, ХХК нь шүүхэд хариу тайлбар гаргаагүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, хариуцагч ,,,,,,,,,,,,,, ХХК-иас 64,650,080 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.,,,,,,,,,,,т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 481,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,, ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 481,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.,,,,,,,,,,,т олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн гэрээний 3.2-т орон сууц захиалан бариулах гэрээний хугацаа 2023 оны 2 дугаар улирал буюу 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр багтаан ашиглалтад оруулна хэмээн заасан ба дээрх гэрээний 5.9-т гүйцэтгэгч орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй тохиолдолд хүлээлгийн 180 хоногийн хугацаанд шилжинэ, хүлээлгийн 181 дэх хоногоос эхлэн гэрээний 2.2.4 дэх хэсэгт зааснаар 0.05 хувийн алданги тооцно хэмээн заасан.

Гэтэл нэхэмжлэгч алданги тоолох хугацааг 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс тоолох бус 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс буюу хүлээлгийн 181 дэх хоногоос эхлэн гэрээний 2.2.4-т зааснаар 0.05 хувийн алданги шаардах эрх үүснэ. Иймд алдангид 5,338,080 төгрөгийг шаардах эрхгүй байна. Нэхэмжлэлийн үндсэн төлбөр 59,312,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч буцаан олгох дээр эвлэрэх саналтай байна.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Гэрээнд алданги тооцох талаар заасан. Хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Б.,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,, ХХК-д холбогдуулан орон сууцны төлбөрт шилжүүлсэн 59,312,000 төгрөг, алданги 5,338,080 төгрөг, нийт 64,650,080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлд хариу тайлбар ирүүлээгүй.

 

3. 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан гэрээгээр хариуцагч ,,,,,,,,,,,,,, ХХК нь Баянзүрх дүүргийн 5-р хороонд байрлах Поларис апартмент-3 орон сууцны хотхоны А блок, 1-р орцны 8 давхар, 802 тоот 53,92 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 2023 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулж нэхэмжлэгч Б.,,,,,,,,,,,т хүлээлгэн өгөхөөр, нэхэмжлэгч нь орон сууцны төлбөрт 59,312,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, үүний дагуу тэрээр хариуцагчид 59,312,000 төгрөгийг төлсөн байна.

Энэ үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Гэрээнд заасан алдангийн тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан.

 

3.1. Хариуцагч нь гэрээнд заасан 2023 оны 2 дугаар улиралд багтаан орон сууцыг ашиглалтад оруулаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч Б.,,,,,,,,,,, нь гэрээнээс татгалзаж, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд орон сууцны төлбөрт шилжүүлсэн 59,312,000 төгрөг, алданги 5,338,080 төгрөг, нийт 64,650,080 төгрөгийг хариуцагч ,,,,,,,,,,,,,, ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШЗ2024/00886 дугаар захирамжийн дагуу хариуцагчийг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд албадан ирүүлж, нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй.

Мөн шүүхээс шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хариуцагчид мэдэгдсэн боловч 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Дээрх байдлаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,, ХХК-ийг орон сууцны төлбөрт шилжүүлсэн 59,312,000 төгрөг, алданги 5,338,080 төгрөг, нийт 64,650,080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн талаар маргаагүй гэж үзнэ.

 

3.2. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ.

 

4. Алдангийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй.

Учир нь, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар алдангийн талаар тайлбар гаргаж мэтгэлцээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй асуудлыг давж заалдах шатны шүүх хянахгүй. Иймээс алдангийн талаар анхан шатны шүүхэд маргаагүй атлаа энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргасныг хангахгүй орхих нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцнэ.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2024/01306 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 100,359 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Т.БАДРАХ