| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2018/0339/э |
| Дугаар | 0349 |
| Огноо | 2018-11-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Ганзориг |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 0349
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба
Улсын яллагч Т.Ганзориг
Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Тт холбогдох эрүүгийн 1825004980415 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Авзага овогт Б.Т, Монгол Улсын иргэн, 1993 оны 03 сарын 19-ний өдөр Орхон аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт
2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Б.Т нь 2018 оны 06 сарын 13-наас 20-ны хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэн багийн 26-13 тоотод П.Сүхболдын гэрийг харж байхдаа 32 инчийн зурагт, ДДШ төхөөрөмж, гэр интернэтийн төхөөрөмж зэрэг эд зүйл хулгайлан 620000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч П.Сүхболдын ...“Би 2018 оны 06 сарын 13-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаад баригдан 7 хоног баривчлагдаад цагдаагийн газрын саатуулах байранд орохдоо танил Тамирт өөрийн гэрийн түлхүүрээ үлдээгээд намайг байхгүйд гэрийг минь эргэж байгаарай гэж хэлсэн. Би долоо хоногоо дуусгаад гарч ирээд гэрийнхээ түлхүүрийг авах гэтэл Тамир манай гэрийн түлхүүрийг манай ажлын газрын залууд өгсөн байсан. Түлхүүрээ аваад гэртээ иртэл манай гэрийн зурагт, ДДШ, гэр интернэтийн төхөөрөмж алга болсон байсан. Тэгэхээр нь би Тамирын гар утас руу залгахад утсаа авахгүй алга болсон.” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 8-р хуудас/
2. Гэрч Э.Аззаяагийн ...“Нэг залуу надад хандаж манай гэрийн зурагт төхөөрөмж байгаа юм. Машинаа янзлуулах гэсэн юм гэж хэлээд надад бичиг баримтаа үзүүлээд манай барьцаалан зээлдэх газарт 250000 төгрөгөөр 7 хоногийн хугацаатай тавьсан. Ингээд 7 хоногийн дараа нөгөө хүн рүү 80987099 гэсэн дугаараас залгаад тавьсан эд зүйл чинь хугацаа нь дуусч байна гэтэл надад хандаж “аан за удахгүй очино” хөдөө ажилтай явж байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9-р хуудас/
3. “Бан хас” ХХК-ний шинжээчийн “эд зүйлийг 620 000 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээ. /хх-ийн 12-16-р хуудас/
4. Шүүгдэгч Б.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...“Манай найз Сүхболд 7 хоногийн өмнө баривчилгаанд орохдоо манай гэрийг харж байгаарай гээд гэрийнхээ түлхүүрийг машиныхаа түлхүүртэй өгсөн юм. Би гэрийг нь харж байгаад мөнгөний хэрэг гараад Сүхболдын гэрт байсан 32 инчийн зурагт, DDISH төхөөрөмж, гэр интернэт төхөөрөмжийг 2018 оны 06 сарын 17-ны өдөр өөрийнхөө нэрээр 7 хоногийн хугацаатай тавиад 250000 аваад Улаанбаатар хот явсан. Сүхболд гарч ирээд гэртээ очоод зурагт, хүлээн авагч, гэр интернэт байхгүй байгааг мэдээд надтай утсаар ярьсан. Би Сүхболдод надад мөнгөний хэрэг гараад ломбарданд тавьсан байгаа би очоод аваад өгнө гэж хэлээд холбоо барихгүй алга болсон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхгийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Улсын яллагч Т.Ганзориг дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай анийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тыг 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх саналтай байна” гэв.
Хохирогч П.Сүхболд нь “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байна.
Шүүх хавтас хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч П.Сүхболдын мэдүүлэг, “Бан хас” ХХК-ний 2018/Э-0225 дугаартай дүгнэлт, гэрч Э.Аззаяагийн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Б.Т нь 2018 оны 06 сарын 13-наас 20-ны хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэн багийн 26-13 тоотод П.Сүхболдын гэрийг харж байхдаа 32 инчийн зурагт, ДДШ төхөөрөмж, гэр интернэтийн төхөөрөмж зэрэг эд зүйл хулгайлан 620000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Тамрын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Тыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа нах удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, шүүгдэгч гэмт буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж боломжтой гэж үзэв.
Хэргийн хамт ирүүлсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Авзага овгийн Б.Тыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС