Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/01295

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/01295

 

 

С.,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2024/02095 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С.,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: М.,,,,,,,,,,,,,,д холбогдох,

6,615,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.,,,,,,,,,,,, хариуцагч С.,,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

М.,,,,,,,,,,,,,,д 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдүүлэхэд 1,175,000 төгрөг төлсөн. Одоо зээлийн үлдэгдэл 1,025,000 төгрөг, алданги 512,000 төгрөг, нийт 1,537,500 төгрөг болж байна.

2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1,500,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай зээлдүүлсэн. Үүний хүү 720,000 төгрөг, алданги 1,110,000 төгрөг, нийт үлдэгдэл 3,330,000 төгрөг болсон.

2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 940,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн, хүү нь 225,000 төгрөг, алданги нь 582,800 төгрөг, нийт үлэгдэл 1,747,800 төгрөг болсон.

Иймд М.,,,,,,,,,,,,,,гээс дээрх зээлийн үлдэгдэлд 6,615,300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

С.,,,,,,,,,,,аас өдрийн зээл авдаг байсан бөгөөд бичгээр гэрээ хийж байгаагүй. Миний ах зээл авч байсан байж болох юм. Ах нас барсан тул гэрээнд хуурамчаар гарын үсэг зурж надаас нэхэмжилж байна. Нэхэмжилж буй зээлийг аваагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.,,,,,,,,,гээс 4,031,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.,,,,,,,,,,,т олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,584,050 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.,,,,,,,,,,,аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.,,,,,,,,,гээс улсын тэмдэгтийн хураамжид 79,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Зээлийн гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлээгүй алданги тооцож нэхэмжлэл гаргасан байхад алдангийг дахин 50 хувиар багасгаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд хуульд заасны дагуу алдангийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

2020 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2,000,000 төгрөгийн хувьд ахын 5083206566 тоот данс байсан, гүйлгээний утга дээр яагаад миний нэр байсныг мэдэхгүй. С.,,,,,,,,,,, нь тухайн үед ах М.Нямсүрэнгийн бие муу байсан тул миний нэрийг бичсэн гэж үзэж байна.

2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1,140,000 төгрөг миний дансаар орсон. Тухайн үед мөн ахын бие чилээрхээд байсан би картаа өгч эм, тариа авдаг байсан. Ямар учиртай мөнгө байсан талаар мэдэхгүй байна.

2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн гэрээний гарын үсэг нь хуурамч болох нь нотлогдсон. Нөгөө хоёр гэрээний гарын үсгийг яаж ямар аргаар олж хуурамч гэрээ хийж шүүхэд өгснийг би өөрийн биеэр баталж байна.

Өөрийн дансаар орсон 1,140,000 төгрөгийг төлж, үлдсэн 2 гэрээний мөнгө болон хүү алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагчийн гомдлыг зөвшөөрөхгүй. Гэрээ байгуулагдсан, дансаар мөнгө орсон гэжээ.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн гомдлыг зөвшөөрөхгүй. Хуурамч гэрээгээр мөнгө шаардаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад хариуцагчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч С.,,,,,,,,,,, нь хариуцагч М.,,,,,,,,,,,,,,д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,615,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

3. С.,,,,,,,,,,, нь М.,,,,,,,,,,,,,,тэй 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдүүлэхээр, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1,500,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай зээлдүүлэхээр тус тус харилцан тохиролцож гэрээ байгуулжээ

Үүний дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1,114,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 100,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 180,000 төгрөг тус тус шилжүүлэн өгсөн.

Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоосон.

 

3.1. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй гэж маргаж буй боловч 2020 оны 05 дугаар сарын 17, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээнд тэрээр гарын үсэг зурж баталгаажуулсан болохыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 3915 дугаар дүгнэлтээр тогтоосон.

Мөн зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хариуцагч өөрийн эзэмшлийн дансаар хүлээн авч байсан баримт хэрэгт авагдсан.

Иймд энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангахгүй.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

Мөн зохигчийн байгуулсан гэрээнд заасан хүү, алдангийн тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан.

 

4.1. Анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний дагуу хүлээн авсан 2,000,000 төгрөгийн зээлээс хариуцагч нь 1,025,000 төгрөгийг төлөөгүй, үүнд ногдох гэрээнд зааснаар тооцсон алданги 512,500 төгрөг гэж зөв дүгнэсэн.

 

4.2. Харин 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөр, хүү, алдангийн талаар анхан шатны шүүх алдаатай эрх зүйн дүгнэлт өгснийг залруулан дүгнэх боломжтой байна.

Хэрэгт авагдсан баримтаар уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1,114,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 100,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 180,000 төгрөг,нийт 1,394,000 төгрөгийг бодитоор хүлээлгэн өгсөн тул энэ хэмжээгээр зээлийн үлдэгдлийг тооцно.

2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бичгээр гэрээ байгуулахад нэхэмжлэгч нь хариуцагчид 1,114,000 төгрөг шилжүүлсэн. Бичгээр гэрээ байгуулсны дараа шилжүүлсэн 280,000 төгрөгт хүү, алданги тооцохоор талууд харилцан тохиролцсон гэж дүгнэх үндэслэлгүй тул уг мөнгөн шилжүүлэгт хүү, алданги шаардах эрхээ нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар алдсан.

Иймд 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээний зээлийн үлдэгдэл 1,394,000 төгрөг, гэрээнд зааснаар 8 сарын хугацаагаар тооцсон хүү 712,960 төгрөг, алданги 1,053,480 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

4.3. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан.

Энэ зохицуулалтын дагуу анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд алдангийн хэмжээг 50 хувиар багасгахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй.

Дээрх хуулийн зохицуулалтын дагуу 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний алданги 512,500 төгрөгийг 256,250 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээний алданги 1,053,480 төгрөгийг 526,740 төгрөг болгож бууруулан тооцох нь зүйтэй.

 

4.4. Иймд 2020 оны 05 дугаар сарын 17-ны гэрээний зээлийн үлдэгдэл 1,025,000 төгрөг, алданги 256,250 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээний зээлийн үлдэгдэл 1,394,000 төгрөг, хүү 712,960 төгрөг, алданги 526,740 төгрөг, нийт 3,914,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх 2,700,350 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт нийцнэ.

 

4.5. Зохигч нь анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдэл, мөн хөөн хэлэлцэх хугацааны талаарх эрх зүйн дүгнэлтэд гомдол гаргаагүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын дагуу энэ талаар дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй орхив.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2024/02095 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад 4,031,250 гэснийг 3,914,950 гэж, 2,584,050 гэснийг 2,700,350 гэж,

2 дахь заалтад 79,450 гэснийг 77,589 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлсөн 79,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Т.БАДРАХ