Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 00136

 

М.Лханаагийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Ж.Даринчулуунд

холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар :

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 962 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч : М.Лханаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч : Ж.Даринчулуунд холбогдох,

 

37.660.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч М.Лханаангийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Лханаа, хариуцагч Ж.Даринчулуун, хариуцагчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.Лханаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие иргэн М.Лханаа 2014 оны 10 сарын 08-ны өдөр Донж орд ХХК-ийн захирал Ж.Даринчулуунтай хувийн 2 давхар орон сууц захиалан бариулах гэрээ №2 байгуулсан. Гэрээний үүргээ би биелүүлж тухайн өдөр Голомт банкаар 10,0 сая төгрөг шилжүүлсэн дээр нь нэмж өөрийн эзэмшлийн 1.ЕХ115-470 машиныг 65,0 сая төгрөгөөр бодож нэр дээр нь шилжүүлж өгсөн. Энэ хугацаанаас хойш Ж.Даринчулуун 4-н сар гаран хугацаанд миний машиныг унаж эдэлж элэгдэл хорогдол үүсгэж хэрэглэж байсан. Гэрээнд заагдсан 3-р зүйлд талуудын эрх зүйн үүрэг дээр 3.1-д заасны дагуу орон сууцны барилга заасан хугацаанд Донж орд ХХК барьж гүйцэтгээгүй юм. Тухайн үедээ бид 2 үлдэгдэл мөнгийг байрандаа орохдоо төлөхөөр тохиролцсон байсан тул гэрээнд ямар нэг график хугацаа заагаагүй. Нэгэнт барилга нь хугацаандаа баригдаж дуусаагүй машинаа буцааж өгсөн зэргээс болж тушаасан мөнгөө нэхэхэд одоо болтол эргүүлж өгөөгүй байна.

Иймд Донж орд ХХК-ний захирал Ж.Даринчулуунаас урьдчилгаа төлбөр тушаасан 10,0 сая төгрөг, гэрээний 3.9-д заасны дагуу 36,450,000 төгрөг мөн машиныг минь ажил алба уналгандаа хэрэглэж байсан 4-н сар гаран хугацааны төлбөр 1,200,000 /хоногийн 10,000/ нийт 37,660,000 төгрөгийг гаргуулж миний хохирлыг барагдуулж өгнө үү" гэжээ.

Хариуцагч Ж.Даринчулуун шүүхэд гаргасан тайлбартаа:

Манай компаниас нэхэмжилсэн иргэн Лханаагийн уг нэхэмжпэл нь манай компанид ямар нэгэн холбогдолгүй юм. Учир нь иргэн Лханаа хаусны төлбөрт оролцуулж төлсөн гэх Lexus-470 машиныг 2015 оны 12 дугаар сард надаас хүчээр ирж авсан ба 2015 оны 03 сарын 13-ны өдөр Даваабаяр гэх хүний нэр дээр албан ёсоор шилжүүлэн авсан уг өдрөөс гэрээ цуцлагдсан гэж үзэж байна. Мөн бэлнээр шилжүүлсэн гэх 10 сая төгрөгийг New blue house компанийн Хүрэлчулуун авснаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Тиймээс энэ нэхэмжлэл нь манай компанитай ямар ч хамааралгүй юм гэжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 962 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Донж Орд" ХХК-ийн захирал Ж.Даринчулуунаас 10 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Лханаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 27 660 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 346 250 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Донж орд ХХК захирал Ж.Даринчулуунаас 174 950 төгрөг гаргуулан нэхэмжпэгч М.Лханаад олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М.Лханаа давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-07-05-ны өдрийн 142/ШШ2016 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шүүх хангаж зарим хэсгийг нь хэрэгсэхгүй болгохдоо үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болголоо гэж үзэж байна.

Хоёр талын 2014-10-29-ны өдрийн Хувийн орон сууц захиалан бариулах тухай гэрээг талууд харилцан тохиролцож гэрээгээ чөлөөтэй байгуулсан.

Би гэрээний 2.1-д заасан үүргээ биелүүлж гэрээний урьдчилгаа төлбөр болох 75.0 сая төгрөгийг төлсөн.Үүнд 10.0 сая төгрөг дансанд нь хийж 65.0 сая төгрөгөнд нь өөрийн өмчлөлийн Lexus-470 маркийн 87-99 ОРО улсын дугаартай авто машинаа хариуцагчийн нэр дээр шилжүүлж өгсөн.

Гэрээнд заасан ёсоор /гэрээний 3.1-д/2015-04-30-ны өдөр гэхэд орон сууцыг бүрэн барьж дуусгаад надад хүлээлгэн өгөх учиртай байсан болов ч энэ үүргээ хариуцагч бүрэн битгий хэл огт биелүүлээгүй бөгөөд надаас авсан 10.0 сая төгрөгөө одоо болтол өгөөгүйн дээр миний авто машиныг өгөхгүй байсан учир би 2015 оны 12-р сард машинаа буцааж авсан.

Хоёр талын гэрээний 3.9-д зааснаар би өөрийн үүргээ нэгэнт 100% биелүүлсэн байсан учир авто машинаа буцааж авсан өдөр хүртэл алданги тооцох юм бол /81.0 сая*0.5%=405.000 төгрөг нэг хоногт*7 сар буюу 210 хоног=85.050.000 төгрөг болж байна/

81.0 сая төгрөгөөс алданги тооцвол дээрх тооцоо гарч байгаач нэхэмжлэлдээ бичсэн 26.460.000 төгрөгөө гаргуулан авна.

Шүүх гэрээний талуудын чөлөөт байдалд дүгнэлт хийлгүй явцуу хүрээнд дүгнэлт хийж нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон явдал үнэхээр учир дутагдалтай болсон.

Иймд: Дээрх шийдвэрт 26.460.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч М.Лханаа надад нэмж олгуулах гэсэн өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

 

 

 

 

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч хэрэг цугларсан нотлох баримтыг дутуу үнэлсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүхээс хэрэг авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Нэхэмжлэгч М.Лханаа нь Донж Орд ХХК-ийн захирал Ж.Даринчулуунд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 10.000.000 төгрөг, алданги 26.460.000 төгрөг, гэрээний улмаас учирсан хохирол 1.200.000 төгрөг, нийт 37.660.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх дараах дүгнэлтийг хийж хэргийг хянан шийдвэрлэжээ.

Зохигчдын хооронд 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хувийн орон сууц захиалан бариулах тухай / хамтран ажиллах / гэрээ байгуулагдаж гэрээний дагуу Донж Орд ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11 дүгээр хороололд 120 м2 талбайтай хувийн орон сууцыг өөрийн материалаар барих, М.Лханаа нь барилгын нийт үнэ 156 000 000 төгрөгийн урьдчилгаа 75 000 000 төгрөгийг / 10 000 000 төгрөг бэлнээр, 65 000 000 төгрөгнд тооцож lexus 470 автомашин / 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төлж үлдэх 81 000 000 төгрөгийг гэрээний 2.1-д заасны дагуу 2 тал харилцан тохиролцсоны үндсэн дээр урт хугацааны буюу 15-20 жилийн банкны зээлэнд хамрагдуулж өгөхөөр тохиролцсон байна.

Гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 75 000 000 төгрөгийг / 10 000 000 төгрөг бэлнээр, 65 000 000 төгрөгнд тооцож lexus 470 автомашин / төлсөн болох нь хувийн орон сууц захиалан бариулах тухай гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Донж Орд ХХК-нд 10 000 000 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан хувийн орон сууц захиалан бариулах тухай гэрээний 3.9-д ...3.1, 3.2, 3.3-т заасны дагуу А тал гэрээнд заасан үүргээ үүрэгт хугацаанаас хэтрүүлсэн тохиолдолд үлдэгдэл төлбөр болох 81 000 000 төгрөгийн үлдэгдэл төлбөр болох 81 000 000 төгрөгийн үнийн дүнг хоногийн 0,5%-ийн алданги тооцож Б талд төлнө гэж заасан байх ба нэхэмжлэгч нь гэрээний дээрхи заалтыг үндэслэн ...Донж орд ХХК нь 2015 оны 05 дугаар сарын 30-ны дотор орон сууцыг барьж дуусгаагүй, надад хүлээлгэн өгөөгүй учраас гэрээний үлдэгдэл төлбөр 81 000 000 төгрөгнөөс тооцож алданги 26 460 000 төгрөг, мөн орон сууцны үнэд тооцож шилжүүлсэн 10 000 000 төгрөг, машиныг маань 4 сарын хугацаанд унаж хэрэглэсэн хохиролд 1 200 000 төгрөг, нийт 37 660 000 төгрөг нэхэмжилж байна гэж тайлбарлаж байгаа.

Хариуцагч шүүхэд ...Манай компаниас нэхэмжилсэн иргэн Лханаагийн уг нэхэмжлэл нь манай компанид ямар нэгэн холбогдолгүй юм. Учир нь иргэн Лханаа хаусны төлбөрт оролцуулж төлсөн гэх Lexus-470 машиныг 2015 оны 12 дугаар сард надаас хүчээр ирж авсан ба 2015 оны 03 сарын 13-ны өдөр Даваабаяр гэх хүний нэр дээр албан ёсоор шилжүүлэн авсан уг өдрөөс гэрээ цуцлагдсан гэж үзэж байна. Мөн бэлнээр шилжүүлсэн гэх 10 сая төгрөгийг New blue house компанийн Хүрэлчулуун авснаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Тиймээс энэ нэхэмжлэл нь манай компанитай ямар ч хамааралгүй гэсэн тайлбар гаргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн.Учир нь нэхэмжлэгч нь Донж Орд ХХК-ийн Голомт банкин дахь 4025001571 тоот дансанд орон сууцны урьдчилгаа төлбөрт 10 000 000 төгрөг шилжүүлсэн нь 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Голомт банкны төлбөрийн баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч ...10 000 000 төгрөгийг н.Хүрэлчулуун бэлнээр авсан болохоо хүлээн зөвшөөрсөн тул манай компанид хамааралгүй гэж тайлбарлаж байгаа боловч тэрээр дээрхи тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэл, тайлбартайгаа холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.Тиймээс хариуцагч Донж Орд ХХК-иас 10 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Лханаад олгож шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний алдангид тооцож нэхэмжилсэн алданги 26 460 000 төгрөг, гэрээний хохиролд тооцож нэхэмжилсэн lexus 470 автомашиныг 4 сарын хугацаанд унаж хэрэглэсэн хохирол 1.200.000 төгрөг гаргуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Харин давж заалдах шатны шүүхээс дараах дүгнэлтийг хийж байна.

Хариуцагч Ж.Даринчулуун 2014 оны 10 дугаар сарын 29 ний өдөр байгуулсан гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Ж.Даринчулуун нэхэмжлэгчийн lexus 470 автомашиныг тодорхой хугацаанд эзэмшиж байсан тогтоогдсон энэ талаар зохигчид маргаагүй, нэхэмжлэгч нь lexus 470 автомашиныг 4 сарын хугацаанд унаж хэрэглэсний хохиролд 1.200.000 төгрөг нэхэмжлэснийг хангаж шийдвэрлэх боломжтой юм.

Нэхэмжлэгч нь Донж Орд ХХК-ийн Голомт банкин дахь 4025001571 тоот дансанд орон сууцны урьдчилгаа төлбөрт 10.000.000 төгрөг шилжүүлсэн нь 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Голомт банкны төлбөрийн баримтаар, тогтоогдсон, анхан шатны шүүхээс хариуцагч Донж Орд ХХК-иас 10.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Лханаад олгож шийдвэрлэсэн байх тул 10.000.000 төгрөгнөөс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар 5.000.000 төгрөгийн алданги тооцож олгох нь зүйтэй гэж үзэв .

Мөн зохигчдын хооронд байгуулагдсан хувийн орон сууц захиалан бариулах тухай гэрээний 3.9-д ...3.1, 3.2, 3.3-т заасны дагуу А тал гэрээнд заасан үүргээ үүрэгт хугацаанаас хэтрүүлсэн тохиолдолд үлдэгдэл төлбөр болох 81 000 000 төгрөгийн үлдэгдэл төлбөр болох 81 000 000 төгрөгийн үнийн дүнг хоногийн 0,5%-ийн алданги тооцож Б талд төлнө, гэрээний 2.1-д үлдэгдэл төлбөрийг 2 тал харилцан тохиролцсоны үндсэн дээр урт хугацааны буюу 15-20 жилийн банкны зээлэнд хамрагдуулж өгнө гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч гэрээний 2.1-д заасны дагуу гэрээний үлдэгдэл төлбөр 81 000 000 төгрөгийг урт хугацааны буюу 15-20 жилийн банкны зээлэнд хамрагдаж өгөхөөр тохиролцсон атлаа төлөөгүй үнийн дүн болох 81 000 000 төгрөгийг гүйцэтгээгүй үүрэг гэж үзэж энэ дүнгээс алданги тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзлээ гэж дүгнэн алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги болох 26.460.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч Донж Орд ХХК, Ж.Даринчулуунаас 16.200.000 төгрөг гаргуулж М.Лханаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21.460.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх хууль зүйн үндсэлэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 962 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Донж Орд" ХХК-ийн захирал Ж.Даринчулуунаас 10 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Лханаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 27 660 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай..., гэснийг ...Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Донж Орд ХХК, захирал Ж.Даринчулуунаас 16.200.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Лханаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21.460.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай..., гэж

2 дугаар заалтыг ...174 950 төгрөг гэснийг 238.950 төгрөг гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэжмлэгч М.Лханаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290.250 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

С.УРАНЧИМЭГ

Б.БАТТӨР