| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | цагаатгал |
| Дугаар | 29 |
| Огноо | 2022-01-19 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Батцэнгэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2022 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 29
А.Л-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Увс аймгийн Шүүх таслах газрын 1952 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 06 дугаар хурлын тогтоолтой А.Л-д холбогдох хэргийг Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Увс аймгийн Сагил сумын 7 дугаар багийн харьяат, 1912 онд төрсөн, 1952 оны байдлаар 40 настай байсан, эрэгтэй, А.Л.
А.Л нь 1949 онд Сагил сумын 7 дугаар багийн харьяат байгаад нас барсан торгууд Жамьян гэгчээс улаан өнгөтэй 5 ширхэг дарцаг авч, түүгээрээ ширүүн бороо, мөндөр оруулахгүй хариулна гэж шашны сүсэг бишрэлээр мунхруулан ятгаж, Сагил сумын 1, 5, 7 дугаар багийн ардуудын тарианд сан тавих ба дарцгийг хийсгэж, тарьсан тарианы ургацыг ширүүн борооны аюулаас хамгаалж байна гэх зальт аргыг хэрэглэн 1949-1950 онд 55 тооны ардаас барьц болгон 55 тогоо арвайн тариа, 1951 оны 08 дугаар сард 36 тогоо нийт 91 тогоо арвайн тариаг хувийн ашиг болгож хувьдаа ашигласан гэмт хэрэгт холбогджээ.
Увс аймгийн Шүүх таслах газрын 1952 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 06 дугаар хурлын тогтоолоор А.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд зааснаар 10 сар хорих ял шийтгэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Увс аймгийн Шуүх таслах газрын 1952 оны 10 дугаар сарын 31-ний өдөр таслан шийтгэсэн 6 дугаар хурлын тогтоолоор А.Л-д тус улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд зааснаар 10 cap хорих ялаар хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
А.Л ашгийг хичээж, бусдаас шахаж шаардаж, тариа авсан эсэх, энэ хэргийн улмаас иргэдэд ямар хор, хохирол учруулсан эсэхийг шалгаж, баримтаар бүрэн тогтоогоогүй, А.Л-ий тариан талбайн шувууг үргээж, хамгаалах, услах зэрэгт нь нутгийн иргэдээс сайн дураараа өгсөн тариаг авсныг нь шашны мухар сүсгээр мунхруулан, ашгийг хичээсэн гэж үзэж, улс төрийн хэрэгт хилсээр шийтгэсэн байна.
Сагил сумын 7 дугаар багийн харьяат, Агчийг 1951 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэрчээр байцаахад: “манай 1 ба 7 дугаар багийн ардууд энэ онд А.Л-д өрх бүр 1 тогоо тариа өгөхөөр хэлэлцэж, ирэх оны тарьсан тариаг ширүүн борооны аюулаас хамгаалахаар ярих хэрэгтэй. Энэ А.Л олон жил дараалан ширүүн борооноос хамгаалж ирсэн удаатай хүн” гэж,
Мөн сумын 1 дүгээр багийн харьяат, Намчийг 1951 оны 12 дугаар сарын 17- ны өдөр гэрчээр байцаахад. “миний бие энэ намар Лигдэнгийн гэр, тариан дээр байх үед 2 тогоо тариа хүргэж өгсөн. Учир нь А.Л зуны их бороотой үед тариаг ширүүн борооноос хамгаалдаг хүн гэж манай багийн ардууд ярьдаг байсан, ингээд тогтсон журмаар тариа өгсөн ...” гэж,
Сагил сумын 7 дугаар багийн харьяат, Шаравыг 1951 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэрчээр байцаахад: “манай багийн зарим нэг хөгшдөөс А.Л нь хуучны ёсыг баримтлан ширүүн бороог хариулж чаддаг гэж их итгэдэг юм. Өнгөрсөн 1950 оноос эхлэн тариан талбайн шувууг үргээж байна гэх нэрээр өрх бүрээс 1 тогоо тариа авч тариан дээр байдаг болсон. Ер нь А.Л нь өгөх гэсэн хүний тариаг авдаг байсан ба өгөхгүй явсан өрхөөс нэхэж авдаггүй юм байна лээ...” гэж тус тус мэдүүлсэн байна.
Хэргийн баримт, гэрчийн мэдүүлгээс дүгнэхэд, А.Л нь тариан талбайг услах, арчлах, ургасан тариаг шувуунаас хамгаалахдаа улаан, цагаан дарцаг зэргийг ширүүн бороо, мөндрөөс хамгаалах дом, зан үйл болгон өөртөө ашиглаж байснаас бус бусдад шашнаар нөлөөлөн өргөл барьц нэхэж тариа авч байгаагүй, нутгийн иргэдээс сайн дураараа өгсөн тариаг авч байсан нь гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна.
1934 онд батлагдсан Төр шашныг тусгаарлан явуулах тухай хуулийн 20 дугаар зүйлд: “... Гагцхүү сайн дураар өргөн барьсныг авах явдлыг үл цаазална" гэснээс үзвэл албадан авахыг хориглосноос бус сайн дураар өгсөн өргөл барьцыг авахыг хориглоогүй байна.
А.Л нь нутгийн иргэдээс тариан талбайг шувуунаас хамгаалсанд нь сайн дураараа өгсөн тариаг авсныг нь шашнаар нөлөөлж, ашгийг хичээсэн гэж, улс төрийн хэрэгт зориудаар буруутган хилсээр шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг /... гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн ../-т заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна.
Иймд Увс аймгийн Шүүх таслах газрын 1952 оны 10 дугаар сарын 31-ний өдөр таслан шийтгэсэн 6 дугаар хурлын тогтоолоор Авирлай овогтой Лигдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд зааснаар 10 cap хорих ял хилсээр шийтгэсэн тогтоолыг хүчингүй болгож, Увс аймгийн Сагил сумын харьяат, А.Л-ийг улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйл /4.1.Энэ хууль 1922 оноос эхлэн “БНМАУ-ын шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах журмын тухай хууль” хүчин төгөлдөр болсон өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хэрэг хэлмэгдсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд хамаарна/, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 болон 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтуудыг баримтлан бичсэн прокурорын дүгнэлтээ дэмжиж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн А.Л-д холбогдох эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, тухайн хэргийн нотлогдсон байдал, шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянаж үзэв.
Хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзэхэд А.Л нь ашгийг хичээн бусдаас шахаж шаардаж тариа авч хувьдаа ашигласан гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, нутгийн иргэдийг мухар сүсгээр мунхруулсан гэх баримт тогтоогдоогүй бөгөөд гэрч нарын мэдүүлгүүдэд дурдагдсан “... А.Л нь өгөх гэсэн хүний тариаг авдаг байсан ба өгөхгүй явсан өрхөөс нэхэж авдаггүй юм байна лээ...” гэснийг хэрхэн үнэлж, бусад баримттай харьцуулан няцаан үгүйсгэж байгаа талаар дүгнэлт хийлгүйгээр буюу тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг нотлохгүйгээр хилсээр ял шийтгэсэн болох нь тогтоогдож байна.
А.Л-г холбогдуулан шийтгэсэн 1942 оны Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйл “Ямар нэгэн ашгийг хичээж ард нийтийн дотор мухар сүсгийг төрүүлэн гаргах зорилгоор зальт мэхт явдлуудыг гаргах” гэмт хэрэг нь хөдөлбөргүй нотлогдоогүй бол Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд тусгагдсанаар А.Л-г “улс төрийн хэрэгт хэлмэгдэгч” гэж тооцох үндэслэлд хамаарч байгаа юм.
Иймд прокурорын бичсэн дүгнэлтийг хангаж, А.Л-д 10 сар хорих ял оногдуулсан Увс аймгийн Шүүх таслах газрын 1952 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгож, түүнийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнд тооцож, цагаатгах нь нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Увс аймгийн Шүүх таслах газрын 1952 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр А.Л-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
ДАРГАЛАГЧ Б.БАТЦЭРЭН
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН