Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 219

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Ж.Б ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдох

Гуравдагч этгээд: З.Э

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Б , түүний өмгөөлөгч Ц.Э, хариуцагч Монгол Улсын Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д, гуравдагч этгээд З.Э , түүний өмгөөлөгч Б.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баасанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б , өмгөөлөгч Ц.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эт нь 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаар захирамжаар Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Сүхбаатар аймгийн Засаг даргаар З.Э ийг томилжээ.

Монгол Улсад хүн бүр хуулийг сахин биелүүлж, чанд мөрдөн ажиллах үүрэгтэй. Гэтэл Монгол Улсын Ерөнхий сайд нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүнийг Аймгийн Засаг даргаар томилох үүрэгтэй байтал төрийн албанд 3 жил ажиллаагүй хүнийг Сүхбаатар аймгийн Засаг даргаар томилж хууль зөрчсөн захирамж гаргалаа. Улмаар намайг хуулийн үндэслэлгүйгээр Сүхбаатар аймгийн Засаг даргын албан тушаалаас чөлөөллөө.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар томилогдсон Засаг даргыг ямар нэг шалгуур үзүүлэлтгүйгээр бүрэн эрхийн хугацаа дууссан гэх үндэслэлээр чөлөөлөн, өөр хүнийг томилсон 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаар захирамж нь хуулийн шаардлага хангаагүй. 

Миний бие хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа ажиллаж байсан ба миний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоогүй байсан. Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд Засаг даргын бүрэн эрх 4 жил байхаар заагдсан. Үр дагаварт нь өнгөрсөн 8 сарын хугацаанд Сүхбаатар аймагт төрийн албан хаагч нар ажлаасаа халагдсан, өлсгөлөн суулт зэрэгт орсон гэх зэрэг үйл ажиллагаагаар миний эрх, ашиг зөрчигдөж байгаа юм. Ажиллаж байх хугацаандаа би 1942 онд байгуулагдсан Сүхбаатар аймгийг эдийн засгийн болон бодит үзүүлэлтээр бүх эерэг тал руу нь эко дамжлагыг Монгол Улсын гурван Засгийн газарт 4 удаа шилдэг бодлого явуулсан. Уг шийдвэр гараагүй бол миний бодлого хэрэгжиж улам амжилтанд хүрэх боломж байсан. Энэ нь Ж.Б ийн төрд ажиллах эрх, төрийн үйл ажиллагаанд оролцох бүрэн эрхэд нь халдаж байгаа юм. Хэн нэг хүн ажил, үүргээ биелүүлэн ажиллаж байхад нь хууль бусаар чөлөөлөх эрх хэмжээ Монгол Улсын Ерөнхий сайдад олгогдоогүй. 

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд нэр дэвшиж чадаагүй нь олонхи болсон нам өөрөө ирц бүрдсэн гэдэг байдлаар хурал зохион байгуулснаар одоо гацааны байдалд орсон. Дахин нэр дэвших эрх нээлттэй байсан. Уг захиргааны акт хүчингүй болсноор Засаг даргаас чөлөөлсөн үйл явц өөрөө хүчингүй болох юм. Тэгэхээр нэхэмжлэгчийн Засаг даргаар ажиллах бүрэн эрх сэргээгдэж үргэлжлэх юм. 

Сонгуулийн үр дүнд Аймгийн иргэдийн төлөөлөгч шинээр бүрэлдэн тогтож байгаа хэдий ч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан 26.5.2 дахь заалтад “төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан” байх шалгуур үзүүлэлтийг Засаг даргад нэр дэвшигч хангасан байх ёстой гэж заасан. 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын шийдвэр хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт тавина” буюу өөрийн гаргаж байгаа шийдвэр хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх үүргээ биелүүлэхийн тулд эдгээр шалгуур үзүүлэлтийг хангасан байж тогтоол гаргах  ёстой. Энэ үүрэг нь хангагдаагүй байхад Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар томилогдсон Засаг даргыг ямар нэг шалгуур үзүүлэлтгүйгээр бүрэн эрхийн эрхийн хугацаа дууссан гэх үндэслэлээр чөлөөлөн өөр хүнийг томилсон.

“Х ” ХХК-д ажиллаж байсан хугацааг оруулан тооцон 3-5 жил төрийн албанд ажиллаж байсан гэж тайлбарладаг. Бид үгүйсгэж байгаа юм. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд төрийн өмчийн аж ахуйн нэгж, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн зохицуулалт тусгагдсан байдаг. Үүнд 100 хувь төрийн өмчөөр санхүүждэг буюу төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийг төрийн өмчийн үйлдвэрийн газар гэдэг. Мөн хуулийн 21 дүгээр зүйлд Төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн зохицуулалт тусгагдсан. Үүнээс харахад нэр томьёоны хувьд Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтад “төрийн өмчит үйлдвэрийн газрын захиргааны албан тушаалтан” гэх заалтад хамаарахгүй асуудал юм.

Хувь нийлүүлэгч хөрөнгө оруулалттай банк, төрийн банк гэсэн хоёр хэлбэртэй. 1996 онд батлагдсан “Х ” ХХК-ийн дүрмийн 3 дугаар зүйлд нэр томъёоны ойлголтод удирдлага гэх ойлголтыг “банкны хувь нийлүүлэгчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирлыг” гэж оруулсан. “Х ” ХХК төрийн өмчийн оролцоотой байсан эсэх асуудлыг нотлох баримт хавтаст хэрэгт хангалттай авагдсан.

Иймд Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Монгол Улсын Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд дөрвөн жилийн хугацаагаар томилно”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн тухай 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол аймаг, нийслэлийн Засаг даргыг Монгол Улсын Ерөнхий сайд 4 жилийн хугацаагаар томилно” гэж заасныг тус тус баримтлан, “Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар тогтоолыг үндэслэн Занийн Энхтөрийг Сүхбаатар аймгийн Засаг даргаар томилох захирамжийг гаргасан болно.

З.Э нь уг албан тушаалд томилогдохоос өмнө 1996-1999 онд Сүхбаатар аймгийн Хөдөө аж ахуйн банкны салбарт зээлийн эдийн засагч, 1999-2003 Хөдөө аж ахуйн төв банкинд Санхүү удирдлагын газрын захирал, Санхүү хариуцсан дэд захирал, 2016 оны 1 дүгээр сараас Сүхбаатар аймгийн Монгол Ардын намын хорооны даргаар тус тус ажиллаж байсан байна.

З.Э ийн 1996-2003 онд Хөдөө аж ахуйн банк болон уг банкны салбарт ажилласан хугацааг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад төрийн өмчийн үйлдвэрийн газрын захиргааны албан тушаал төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарахаар заасны дагуу төрийн үйлчилгээний албан тушаалд ажилласанд тооцно. Учир нь Хөдөө аж ахуйн банк нь 1991 онд улс орон даяар салбар нэгжтэйгээр Хөдөө аж ахуйн хоршоологчдын банк нэртэйгээр, төрийн өмчийн оролцоотой банкны хэлбэрээр байгуулагдаж байсан бөгөөд “Банкны хувьчлалын хөтөлбөрт батлах тухай” газрын 2000 оны 15 дугаар тогтоол, “Хөдөө аж ахуйн банкийг хувьчлах уралдаант шалгаруулалтын тухай” Засгийн газрын 2002 оны 142 дугаар тогтоолын дагуу 2002 онд хувьчлагдсан байна.

Өөрөөр хэлбэл, З.Э ийн 1996-1999 онд Сүхбаатар аймгийн Хөдөө аж ахуйн банкны салбарт зээлийн эдийн засагч, 1999-2002 онд Хөдөө аж ахуйн төв банкинд газрын захирал, дэд захирлаар ажилласан хугацаа нь дээр дурьдсан үндэслэлийн дагуу Сүхбаатар аймгийн Засаг даргаар томилогдохоос өмнө төрийн албанд 6 жил буюу 3-аас доошгүй жил ажилласан болох нь тогтоогдож байна. 

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд дурьдсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт заасан Засаг даргад нэр дэвшигч нь “төрийн албанд 3-аас доошгүй ажил ажилласан” байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл байхгүй байна.

Энэ хүний ажилласан жилийг тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй. Өөрсдөө шүүх тогтоох ёстой гэж хэлэх мөртлөө өөрсдөө ажилласан жилийг нь тогтоогоод байна. Шинэ хуулийн дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулсан. Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж хуульд заасан бүх асуудлыг хэлэлцэж Засаг даргыг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилсан байдаг.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтад “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасан. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гарснаар Ж.Б ийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа нь тодорхой бус. Уг нөхцөл байдал үүсээгүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд З.Э , өмгөөлөгч Б.П шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 444 дүгээр тогтоолоор Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 14 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2016/0647 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож,  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.7, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар аймгий иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн анхдугаар хуралдааныг хүчин төгөлдөр бусад тооцох, тус хуралдаанаас гаргасан ... “Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай Сүхбаатар аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаар тогтоол хүчин төгөлдөр байгаа бөгөөд түүнийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаар захирамж гарсан.

Миний зүгээс Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж хууль ёсны дагуу гарсан. Уг шийдвэр нь Ж.Б ийн эрх, ашгийг зөрчөөгүй гэж үзэж байна. Аливаа захиргааны хэрэг маргаан захиргааны акт хүний эрх, ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд түүнийг шийдвэрлэдэг гэж ойлгож байна. Гурван жил ажилласан, ажиллаагүй, “Х ” ХХК төрийн банк байсан эсэх, банкны удирдлага гэж хэнийг ойлгох талаар шийдвэрлэдэг гэж ойлгохгүй байна. Миний ажиллаж байсан талаарх бүх баримт хавтас хэрэгт авагдсан. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж нь Ж.Б ийн ямар нэгэн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэл гаргах үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан. Мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж заасан. Тэгэхээр нэхэмжлэгч эрх, ашиг сонирхол нь яаж зөрчигдөж байгаа талаар нотлох ёстой. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг сонсоход ямар эрх, ашиг нь зөрчигдөж байгаа нь тодорхой бус байна. 

Иймд намайг төрийн албанд ажиллаагүй Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.2 дахь заалтад заасан шаардлага хангаагүй гэдэг үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Б ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ж.Б нь “Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Маргаан бүхий акт болох Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 20 дугаар захирамжийн 1 дэх заалтад “Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Занын Энхтөрийг Сүхбаатар аймгийн Засаг даргаар томилсугай” гэж, 2 дахь заалтад “Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан Жамбын Батсуурийг Сүхбаатар аймгийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй” гэжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд, ... дөрвөн жилийн хугацаагаар томилно”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “..., аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно”, 26.3-д “Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол аймаг, нийслэлийн Засаг даргыг Монгол Улсын Ерөнхий сайд, ... 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй” гэж гэж хуульчилжээ.

2016 оны ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр анхдугаар хуралдаанаа хийж, тухайн Хурал дахь Монгол ардын намын бүлгээс аймгийн Засаг даргад З.Э ийг нэрийг дэвшүүлж, улмаар мөн өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 06 дугаар  тогтоолоор З.Э ийг аймгийн Засаг даргаар томилуулах саналыг хүргүүлсний дагуу Ерөнхий сайд 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаар  захирамжаар З.Э ийг Сүхбаатар аймгийн Засаг даргаар томилсон нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн  1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “ “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” хэлнэ гэж зааснаас үзвэл хүн, хуулийн этгээдээс өөрийнх нь эрх ашиг хөндөгдсөн гэж үзвэл нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн тохиолдолд захиргааны үйл ажиллагааг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн эрхийг сэргээж шийдвэрлэх ёстой.

Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Б нь нэхэмжлэлийн үндэслэлээ “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.2 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй З.Э ийг Сүхбаатар аймгийн Засаг даргаар томилж, хууль зөрчсөн захирамж гаргасан. Энэ нь Ж.Б ийн төрд ажиллах эрх, төрийн үйл ажиллагаанд оролцох бүрэн эрхэд нь халдаж байгаа юм. Мөн миний бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад үндэслэлгүйгээр Засаг даргын албан тушаалаас чөлөөлсөн” гэж тодорхойлж маргаж байгаа.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтад зааснаар захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн хувьд маргаан бүхий акт хууль бус байхаас гадна түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол шүүхээс маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжтой юм.

Энэ тохиолдолд 2016 оны ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд аймгийн Засаг даргад Хурал дахь Монгол ардын намын бүлгээс З.Э ийн нэрийг дэвшүүлж, харин бусад нам, эвслийн бүлэг эсхүл Хурлын төлөөлөгчөөс Ж.Б болон өөр хэн нэгний нэрийг дэвшүүлээгүй болох нь хэрэгт авагдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны тэмдэглэл  болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар  тогтоогдож байна.

Иймээс тухайн өдрийн Хурлын анхдугаар хуралдаанд нэхэмжлэгч Ж.Б ийг аймгийн Засаг даргад дэвшүүлээгүй, өрсөлдөөгүй тул маргаан бүхий актын улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн асуудал байхгүй, мөн актыг хүчингүй болгосноор (гуравдагч этгээдийн эрхийг хязгаарласнаар) түүний ямар эрх хэрхэн сэргэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгчээс Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 20 дугаар захирамжийн улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж маргаж буй нь үндэслэлгүй байна. 

Мөн түүнчлэн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлд ”Ээлжит сонгууль, түүний санал авах өдрийг товлон зарлах” асуудлыг зохицуулсан ба 16.2 дахь хэсэгт “Улсын Их Хурал, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь тухайн сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр, ...байна” гэж зааснаар Монгол Улсын Их Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09 дүгээр  тогтоолоор Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байхаар тогтоожээ.

Ийнхүү аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг товлосны дагуу 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр улс орон даяар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль явагдаж, улмаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж зааснаар 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны 06 дугаар тогтоолыг үндэслэн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс Сүхбаатар аймгийн Засаг даргаар 3.Э-ийг томилсон Ерөнхий сайдын 20 дугаар захирамжийг буруутгах үндэслэлгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийнх нь хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна”, 6.1.12 дахь заалтад “бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч” тус тус заажээ.

Дээрх хуульд зааснаар аймгийн Засаг дарга бол ээлжит сонгуулийн үр дүнд томилогддог улс төрийн албан тушаалтан бөгөөд Ж.Б нь 2012 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн үр дүнд Ерөнхий сайдын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 79 дүгээр  захирамжаар Сүхбаатар аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байсан. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.13 дахь хэсэгт “Ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 50 хоногийн дотор анхдугаар хуралдаан хуралдуулж Хурлын дарга сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэж чадаагүй бол тухайн Хурлыг тарсанд тооцож дахин сонгууль явуулна”, 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол аймаг, нийслэлийн Засаг даргыг Монгол Улсын Ерөнхий сайд, ... 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж тус тус заажээ. 

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд шинээр Засаг дарга томилогдсоноор өмнөх Засаг даргын бүрэн эрх дуусгавар болж албан тушаалаасаа чөлөөлөгдөх хуулийн зохицуулалттай байхад Ж.Б нь 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүн, сонгогч олны сонголтыг үл хүндэтгэн “миний бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад үндэслэлгүйгээр Засаг даргын албан тушаалаас чөлөөлсөн” гэж маргаж буй нь хуульд нийцэхгүй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэргийн шүүх нь захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянахаас гадна уг актын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг шалган тогтоон, хэрэв нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосноор сэргэх эрх, ашиг сонирхол нь тодорхойгүй бол маргаан бүхий актыг хүчингүй болгох эрхгүй юм. 

Нэгэнт Ерөнхий сайдын 2016 оны 20 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгч Ж.Б ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдоогүй, уг маргаан бүхий актыг хүчингүй болгосноор түүний ямар эрх, ашиг сонирхол хэрхэн сэргэх нь тодорхойгүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болох тул нэхэмжлэлийн үндэслэлд дурьдсан “З.Э нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.2 дахь заалтад заасан “Төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан” байх шаардлагыг хангаагүй” гэх талаар эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ. 

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэвэл, нэхэмжлэгч Ж.Б ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул гуравдагч этгээд З.Э ийг Сүхбаатар аймгийн Засаг даргаар томилсон Ерөнхий сайдын захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж “Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Б ийн гаргасан “Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Б иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.ЦЭЦЭГМАА