| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 129/2016/00429/И |
| Дугаар | 460 |
| Огноо | 2016-08-24 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 460
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг, Цогт-Уулын 30-11 тоотод оршин суух Боржигин овогт Жанчивын Эрдэнэбаяр /РД:АЭ65090513/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох ажилгүй байсан хугацааны цалин 3 362 619 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч Ж.Эрдэнэбаяр,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пүрэвнямбуу,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Эрдэнэбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжихдээ: Архангай аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8-р сарын 24-ний өдрийн 580 тоот шийдвэрээр Ж.Эрдэнэбаяр намайг Мэргэжлийн хяналтын газрын жижүүрийн ажилд эгүүлэн томилсныг 2015 оны 10-р сарын 8-ны өдрийн 36 тоот давж заалдах шатны шүүхийн магадлалаар хүчингүй болгосон. Ж.Эрдэнэбаяр миний бие гомдол гаргаад Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2015 оны 12-р сарын 3-ны өдрийн тогтоол гарсан.
Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж ажилд аваагүйгээс 9 сар өнгөрсөн болно.
Иймээс 2015 оны 8-р сард шүүхийн шийдвэр гарснаас 2016 оны 4-р сард ажилд орох хүртэлх буюу 9 сарын цалин 3 362 619 төгрөгийг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Батсайхан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ж.Эрдэнэбаярын нэхэмжлэлтэй хөдөлмөрийн маргаан нь 3 шатны шүүхээр дамжин эцсийн шийдвэр нь Улсын Дээд шүүхийн 2016 оны 3-р сарын 2-ны өдрийн 6/747 тоот албан бичгээр албажин тус байгууллагад 3-р сарын 14-ний өдөр ирсэн.
Ж.Эрдэнэбаярын 2016 ны 5-р сарын 24-ний өдрөөс дахин хөдөлмөрийн хугацаатай гэрээг байгуулан жижүүрээр томилон, анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан 1 386 452 төгрөгийг гарт нь, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлбөрт 116 721 төгрөгийг, хүн амын орлогын албан татварын нөхөн төлбөрт 109 970 төгрөгийг нийт 1 613 143 төгрөгийг 2016 оны 5-р сарын 27-ны өдөр бүрэн барагдуулан Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 580 дугаар шийдвэрийг бүрэн биелүүлсэн.
Ж.Эрдэнэбаярын ажлын байр нь батлагдаагүй, цалин хөлс нь төсөвт суугдаагүй тул цалин хөлсийг нөхөн олгох боломжгүй.
Иймээс нэхэмжлэлд дурдсан шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлээгүй 9 сар буюу 2015 оны 8-р сарын 24-ний өдрөөс 2016 ооны 5-р сарын 23-ны өдөр хүртэлх хугацааг ажил эрхлэх байсан хугацаа гэж үзэхгүй нь холбогдох баримтаар нотлогдож байгаа тул нэхэмжилж байгаа 3 362 619 төгрөгийн цалин хөлсийг олгох боломжгүй гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пүрэвнямбуу шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Эрдэнэбаяр нь байнгын ажлын байранд бус төсөвт суугаагүй ажлын байранд ажиллаж байсан учир нэхэмжилж байгаа 3 362 619 төгрөгийг олгох боломжгүй. Ажил олгогчийн зүгээс шүүхийн шийдвэр биелүүлж Ж.Эрдэнэбаярыг түр ажилд авсан байгаа.
9 сарын хугацаанд энэ хүн ажил эрхлэх байсан гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийг 3-р сарын 14-ний өдөр хүлээн авч, Ж.Эрдэнэбаярыг жижүүрийн ажилд томилох гэсэн боловч Хүүхдийн 1-р цэцэрлэгт жижүүрийн ажилтай байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 28-р зүйлд ажилтан 2 ажил олгогч дээр 1 төрлийн ажлыг зэрэг хийхийг хориглосон байдаг. 4-р сарын 18-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд Ж.Эрдэнэбаярыг ажилд нь эгүүлэн томилсон. Анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны 1 300 000 төгрөгийг бүрэн олгож дууссан талаарх баримтаа явуулсан.
Манай дотоод журамд ажлыг шалтгаангүй 3 өдрөөс дээш хоног тасалсан ажилтанг хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халахаар зохицуулсан байдаг тул Ж.Эрдэнэбаярыг 4-р сарын 18-ны өдөр ажилд нь томилоод 5-р сар гарахад Ж.Эрдэнэбаяр 10 гаруй хоног ажил тасалж, ноцтой зөрчил гаргасан учир ажлаас халсан гэв.
Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан нотлох баримтууд:
-Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 6-р сарын 24-ний өдрийн 3/205 тоот тодорхойлолт /ХХ-н 2-р тал/,
- Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10-р сарын 8-ны өдрийн 36 дугаар магадлалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-н 28-30-р тал/,
- Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 12-р сарын 3-ны өдрийн 1027 дугаар тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-н 31-33-р тал/,
- Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 4-р сарын 18-ны өдрийн А/07 дугаар тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-н 36-р тал/,
-Ж.Эрдэнбаярын 2010 оны 2-р сарын 4-ний өдөр нээлгэсэн А000099741 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-н 37-р тал/,
- Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 ны 5-р сарын 13-ны өдрийн Б/13 тоот тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-н 46-47-р тал/.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Эрдэнэбаяр нь Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 3 362 619 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч байгууллагын зүгээс Ж.Эрдэнэбаярын ажлын байр батлагдаагүй, цалин хөлс нь төсөвт суугдаагүй тул цалин хөлсийг нөхөн олгох боломжгүй гэх байр суурийг илэрхийлсэн.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Ж.Эрдэнэбаярын Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын жижүүрээр ажиллаж байгаад 2015 оны 5-р сарын 13-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар 2016 оны 5-р сарын 11-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдсөн асуудлыг дараах байдлаар шүүхийн зүгээс шийдвэрлэжээ:
- Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8-р сарын 24-ний өдрийн 580 дугаар шийдвэрээр Ж.Эрдэнэбаярыг Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Мэргэжлийн хяналтын газраас 1 496 422 төгрөг гаргуулж,
- Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10-р сарын 8-ны өдрийн 36 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
- Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 12-р сарын 3-ны өдрийн 1027 дугаар тогтоолоор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10-р сарын 8-ны өдрийн 36 дугаар магадлалыг хүчингүй болгож, Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8-р сарын 24-ний өдрийн 580 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн.
Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 4-р сарын 18-ны өдрийн А/07 дугаар тушаалаар Ж.Эрдэнэбаярыг 2016 оны 4-р сарын 15-ны өдрөөс эхлэн байгууллагын жижүүрээр эгүүлэн томилсон байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох ёстой болохыг заасан. Ажилгүй байсан хугацаа гэдэгт ажлаас үндэслэлгүй халагдсан өдрөөс эргэж ажлаа эрхлэж эхлэх хүртэл бүх хугацааг хамруулан тооцно.
Учир нь ажилд эгүүлэн тогтоох асуудлыг шүүхээс шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тодорхой хугацаанд явагдаж байгаа боловч энэ нь нэхэмжлэгч буюу ажилтны хүсэл зоригоос үл хамаарсан, гагцхүү ажлаас үндэслэлгүй халсан гэх үйл баримттай холбогдон гарч байгаа үр дагавар юм.
Өөрөөр хэлбэл ажилтныг ажлаас үндэслэлгүй халсан, шүүхээр асуудлыг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн хүсэл зоригоос үл хамаарах тул ажлаас үндэслэлгүй халагдсан өдрөөс эргэж ажлаа эрхлэж эхлэх хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг ажил олгогчоос гаргуулах нь зүйтэй.
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8-р сарын 24-ний өдрийн 580 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосноос хойш Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 4-р сарын 18-ны өдрийн А/07 дугаар тушаалаар Ж.Эрдэнэбаярыг жижүүрийн албан тушаалд томилох хүртэл хугацааны буюу 7 сар 21 хоногийн цалин хөлсийг олгоогүй, мөн дээрх шийдвэрээр Ж.Эрдэнэбаярын Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын б/23 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлсийг гаргуулж шийдвэрлэсэн гэх үйл баримтууд дээр талууд тус тус маргаагүй.
Нэхэмжлэгч нь 2015 оны 8-р сарын 24-ний өдрөөс 2016 оны 4-р сарын 15-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг гаргуулахаар шаардах эрхтэй байгаа тул Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “дундаж цалин хөлс тодорхойлох журам“-ын 7 дахь хэсгийн “а”-д заасны дагуу түүний дундаж цалин хөлсийг тодорхойлсны үндсэн дээр Ж.Эрдэнэбаярт ажилгүй байсан хугацааны /ажлаас халагдсан өдрөөс ажилдаа орсон өдөр хүртэл буюу ажлын 7 сар 21 хоног/ цалин хөлстэй тэнцэх олговорт 2 980 039 төгрөг /хэргийн 2-р талд авагдсан баримтаар Ж.Эрдэнэбаярын 2015 онд авсан цалин хөлсний дундаж болох 373 591 төгрөг*7 сар 21 хоног/-ийг хариуцагч байгууллагаас гаргуулж, нэхэмжэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч нь нэхэмжилж буй 3 362 619 төгрөг нь 2015 оны 8-р сард анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас 2016 оны 4-р сард ажилд орох хүртэлх буюу 9 сарын цалин хөлс болохыг тодруулж тайлбарласан болно.
Энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул улсын тэмдэгтийн хураамжид 62 631 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2 980 039 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Эрдэнэбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 382 580 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Ж.Эрдэнэбаяр нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас улсын тэмдэгтийн хураамжид 62 631 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ