| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2016/00877/и |
| Дугаар | 965 |
| Огноо | 2016-09-22 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 965
| 2016 оны 09 сарын 22 өдөр | Дугаар 151/ШШ2016/00965 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Д.Алтантуул даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 2-р баг, Ланс 4-р гудамж 5 тоотод оршин суух Ёодгой овогт Нямсүрэнгийн Хэрлэнчимэг /РД:ЧД71100204/-ийн
Д.Дангаатай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Хэрлэнчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Хэрлэнчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1996 онд их сургууль төгсөж ирээд Зуунмод суманд химийн багшаар ажиллаж байгаад 1997 онд Д.Дангаатай танилцаад хамт амьдарч эхэлсэн. 1999 онд охин Х.Солонго төрсөн. Д.Дангаа ээжтэйгээ хамт 1999 онд Багануур нүүгээд явчихсан. Би Багануурт очиж охиноо төрүүлсэн. Би хотод ажил хийдэг, Дангаа Багануурт ажилладаг байна. Яг нэг гэрт удаан амьдраагүй ч гэсэн бид ирэн очин 2004 он хүртэл хоёр талд амьдардаг байсан. Энэ хугацаанд гэрлэлтээ батлуулж амжаагүй байтал Д.Дангаа 2011 оны 8 дугаар сарын 24-ний өдөр өвчний учир нас барсан. Нас барсны дараа Төв аймагт хаягтай боловч Улаанбаатар хотод амьдардаг байсан. Хаягийн зөрчилтэй байсан учраас тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хөөцөлдөж чадаагүй. Одоо насанд хүрээгүй хүүхэддээ тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэсэн чинь гэрлэлтийн баталгаа байхгүй учраас тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгож чадахгүй байгаа тул бид хоёрын хамтын амьдралтай байсныг нотлох баримтуудыг үндэслэн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Хэрлэнчимэг нь талийгаач Д.Дангаатай хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг нэхэмжлэлийг хангах үндэстэй байна.
Нэхэмжлэгч Н.Хэрлэнчимэг нь талийгаач Д.Дангаатай хамтын амьдралтай байсан ба тэдний дундаас 1999 оны 5 дугаар сарын 26-ны өдөр охин Х.Солонго төрсөн болох нь хэрэгт авагдсан овог солих тухай 0024448-39 дугаар бүхий гэрчилгээ, 0079261-180/39 дугаар хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 65 дугаартай Овог солих тухай захирамж, талийгаач Д.Дангаагийн ихэр Д.Банзрагч, төрсөн эгч Д.Сүрэнжав нарын тодорхойлолт, шүүхэд ирж гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Төрсний гэрчилгээ болон овог солиулсан гэрчилгээ зэрэгт тэмдэглэснээс үзэхэд Хэрлэнчимэгийн Солонго нь Дангаагийн Солонго гэж бичигдэж байсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгч Н.Хэрлэнчимэгийг талийгаач Д.Дангаатай хамт амьдарч байсныг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хамт амьдарч эхэлсэн хугацааг нэхэмжлэгч Хэрлэнчимэгийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэн 1997 оноос тооцож, амьдарч дууссан хугацааг 2004 оноор тооцож тус тус тогтоосон болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Ёодгой овогт Нямсүрэнгийн Хэрлэнчимэг, Боржигон овогт Дашийн Дангаа нарыг 1997 оноос 2004 он хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ