| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 129/2016/00517/И |
| Дугаар | 484 |
| Огноо | 2016-09-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 484
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1965 онд төрсөн, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Архангай аймгийн Хашаат сумын 1-р баг, Жаргалант гэх газар оршин суух Боржигон овогт Цэнд-Очирын Навчаа /РД:АС65010405/-ийн хүсэлттэй
1981 оны 6-р сарын 10-ны өдрөөс 1990 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Архангай аймгийн Хашаат сумын “Их-Эхлэлт” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
хүсэлт гаргагч Ц.Навчаа,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Навчаа нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 1981 онд илгээлт аван Их-Эхлэлт нэгдэлд малчнаар ажиллаж нэгдэл тартал ажилласан. Ажилласан хугацааны бичиг баримтын бүрдэл тэтгэвэрт гарах нөхцөл бүрдэхгүй байгаа тул 1981 оны 6-р сарын 10-ны өдрөөс 1990 оны 12-р сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Навчаа нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Ц.Навчаа нь 1981 оны 6-р сарын 10-ны өдрөөс 1990 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Архангай аймгийн Хашаат сумын “Их-Эхлэлт” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
1. Архангай аймгийн Архивын тасгаас олгосон:
- Цэнд-Очирын Навчаагийн Хашаат сумын Жаргалант бригадад 1982 оны 1-9, 11, 12, 1983 оны 1-6, 8-12, 1984 оны 3-8, 10, 12, 1984 оны 3-8, 10, 12, 1986 оны 8-12, 1987 оны 1-12, 1988 оны 1-12, 1989 оны 1-12, 1990 оны 1-12-р саруудад ажиллаж авсан цалингийн тодорхойлолт,
- Архангай аймгийн Хашаат сумын “Их-Эхлэл” эгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1981 оны 12-р сарын 21-ний өдрийн “Итгээлтийн эздэд буцалтгүй тэтгэмж олгох тухай” тогтоолын хуулбар,
2. Ц.Навчаагийн ажиллаж байсан байдлын талаар
гэрч Д.Чанцалдуламын өгсөн ... Би Архангай аймгийн Хашаат сумын Их-Эхлэлт нэгдэлд 1979 оноос тус нэгдлийг 1992 онд хувьчлагдах хүртэл малчнаар ажилласан. Намайг Хашаат сумын Их-Эхлэлт нэгдэлд ажилладаг байхад Ц.Навчаа нь 1981 онд илгээлтээр ирж малчин болсон. Тэр үеэс эхлэн Ц.Навчаа Хашаат сумын Их-Эхлэлт нэгдлийг хувьчлагдтал малчнаар ажилласан. Би Ц.Навчаатай нэг нэгдэлд хамт ажиллаж мөн айл саахалт ойр байдаг байсан учир түүнийг 1981 оноос Хашаат сумын Их-Эхлэлт нэгдлийг хувьчлагдах хүртэл ажиллаж байсныг мэднэ... гэх,
гэрч Б.Эрдэнэчимэгийн өгсөн ... Би Дорноговь аймагт амьдарч байгаад Төмөрбаатартай гэр бүл болж 1982 оноос Архангай аймгийн Хашаат суманд ирж амьдарсан. Манай гэр бүлийн хүн Архангай аймгийн Хашаат сумын Их-Эхлэлт нэгдэлд жолоочоор ажилладаг байсан. Би 1982 оноос Хашаат сумын Их-Эхлэлт нэгдлийн сүүн заводод сүү хүлээн авч, тос цохигчоор ажилд ороход Ц.Навчаа нь Хашаат сумын Их-Эхлэлт нэгдэлд Жаргалант бригадад малчнаар ажилладаг байсан. Тэр үеэс эхлэн би Ц.Навчаатай Хашаат сумын Их-Эхлэлт нэгдлийг хувьчлагдах хүртэл хамт ажилласан... гэх мэдүүлгүүд.
Иймд хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овгийн Цэнд-Очирын Навчааг Архангай аймгийн Хашаат сумын “Их-Эхлэлт” нэгдэлд 1981 оны 6-р сарын 10-ны өдрөөс 1990 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ