Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/01334

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/01334

 

 

Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2024/02438 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч:,,,,,,,,,,,,, ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: У.,,,,,,,,,,,,,,,,д холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 12,966,353 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Хариуцагч У.,,,,,,,,,,,,,,,,д 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 9,000,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон.

Мөн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн гэрээгээр 500,000 төгрөгийн эрхтэй кредит картыг жилд бэлэн гүйлгээнд 42 хувь, бэлэн бус 24 хувь, хугацаа хэтрүүлсний 12 хувь, эрх хэтрүүлсний 24 хувийн тус тус хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, гэрээ болон ерөнхий нөхцөлд заасан шимтгэл хураамжтайгаар олгосон. Дээрх 2 гэрээний хугацаа дуусгавар болсон ч хариуцагч зээл төлөх үүргээ зөрчсөөр ирсэн.

Иймд, хариуцагчаас 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 10,473,491.44 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 2,492,862.40 төгрөг, нийт 12,966,353.85 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч татгалзал, тайлбар гаргаагүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч У.,,,,,,,,,,,,,,,,эс 10,473,491.44 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч,,,,,,,,,,,,, ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,492,862.40 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,412.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 182,526.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Кредит картын гэрээний дагуу хариуцагч У.,,,,,,,,,,,,,,,, нь 1,001,370 төгрөгийн зээл авч, 494,237.27 төгрөгийн төлөлт хийсэн асуудалд шүүх дүгнэлт хийгээгүй.

Хэрэгт кредит картын гэрээ авагдсан атлаа хүү тооцоолол, зээлийн дансны хуулгыг хавсаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, баримт шаардах нөхцөл байдал үүсэхийн зэрэгцээ шүүхэд хуулиар энэ боломжийг олгосон. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь холбогдох баримтыг гаргаж өгөх боломжтой байсан.

Иймд тус үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч оролцоогүй, гомдолд тайлбар гаргаагүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч,,,,,,,,,,,,, ХК нь хариуцагч У.,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,966,353 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн тогтоосон хугацаанд хариу тайлбар гаргаагүй байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон.

 

3.1. 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу,,,,,,,,,,,,, ХК нь У.,,,,,,,,,,,,,,,,д 9,000,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон /хх 16-17/.

 

3.2. 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан кредит карт эзэмших гэрээний дагуу,,,,,,,,,,,,, ХК нь 500,000 төгрөгийг бэлэн төлбөр тооцоонд ашиглах тохиолдолд жилийн 42 хувь, сарын 3.5 хувь, бэлэн бус төлбөр тооцоонд ашиглах бол жилийн 24 хувь, сарын 2 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлэхээр У.,,,,,,,,,,,,,,,,тэй харилцан тохиролцсон. /хх 14-15/

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

5. Анхан шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд төлсөн төлбөрийн хуваарилалт, үлдэгдэл зээлийн тооцоололд хариуцагч маргаагүй тул анхан шатны шүүх уг зээлийн гэрээний үлдэгдэл 5,840,623.08 төгрөг, хүү 4,029,623.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 603,245.30 төгрөг, нийт 10,473,491.44 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцжээ. Энэ шийдэлд зохигч гомдол гаргаагүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын дагуу дэлгэрэнгүй эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

 

6. Зохигч талуудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан кредит карт эзэмших гэрээний дагуу шаардсан зээлийн үлдэгдэл 507,132.73 төгрөг, хүү 1,069,061.73 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 699,442.62 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 182,025.32 төгрөг, шимтгэл 35,200 төгрөг, нийт 2,492,862.40 төгрөг гаргуулах шаардлагыг шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон.

 

6.1. Хариуцагч У.,,,,,,,,,,,,,,,, нь нэхэмжлэлийг гардан аваад нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, мөн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан байдаг.

Гэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан.

Дээрх зохицуулалтыг анхан шатны шүүх хэдийгээр хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн маргаагүй тооцох боловч хэргийг нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэнэ гэж зөв тайлбарлан хэрэглэсэн.

Өөрөөр хэлбэл, хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй хариуцагчийг нэхэмжлэлийг зөвшөөрсөн гэж тооцохдоо шүүх хэрэгт авагдсан баримтад үнэлгээ хийсний үндсэн дээр нэхэмжлэлийг хангах эсэхийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэх юм.

 

6.2. Нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан кредит карт эзэмших гэрээний дагуу хариуцагч нь төлбөр тооцоо хийсэн, улмаар үлдэгдэл зээлийн хэмжээ 2,492,862.40 төгрөг болоод байгааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

Хэрэгт хариуцагчийн кредит картаар хийсэн төлбөр тооцооны гүйлгээ, төлөлтийн баримт, дансны хуулга авагдаагүй.

Иймд анхан шатны шүүх уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

 

6.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаан дээр шинээр нотлох баримт шаардлагатай нөхцөл байдал илэрснийг мэдэгдэж, уг баримтыг гаргуулах хүсэлт гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх санаачилгаараа нотлох баримт шаардах ёстой байсан гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2024/02438 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,836 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Т.БАДРАХ