| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2019/0079/Э |
| Дугаар | 0088 |
| Огноо | 2019-03-14 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Ц.Идэрмөнх |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 0088
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай
Улсын яллагч Ц.Идэрмөнх
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил
Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Бд холбогдох эрүүгийн 1925000960075 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шанш овгийн А.Б, Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,
Шүүгдэгч А.Б нь 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 15-ны өдрийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-16-24 тоотод оршин суух Ү.Тогтохжаргалын орон сууцанд нэвтэрч их гарын мөнгөн аяга 3 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 8 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, эрэгтэй ноосон цамц 1 ширхэг, зөөврийн компьютерийн цүнх 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 1 900 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Бг орон айранд нэвтэрт бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүгдэгч А.Б нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм гэмт хэрэг үйлдэхгүй.” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцогч нараас шинэ нотлох баримт ирүүлээгүй. Хохирогч Ү.Тогтохжаргал нь “шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Ү.Тогтохжаргалын ...“2019 оны 2 дугаар сарын 5-ны өдөр гэртээ хүн ирэхээр нь авдар дотор байсан мөнгөн аягыг гаргаж айраг хийж өгөх гэсэн чинь авдар дотор байсан 12 ширхэг мөнгөн аяга алга болсон байсан. Хамгийн сүүлд 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр алга болсон аягануудыг үзсэн. Тэгэхэд бүрэн бүтэн байсан. Алга болсон 12 ширхэг аяганы 3 нь их гарын, 8 нь дунд гарын, 1 нь бага гарын мөнгөн аяга байсан. Саарал өнгийн ноосон цамцыг 1 жилийн өмнө 30 000 төгрөгөөр авч байсан. Одоо бол 10 000 төгрөгөөр үнэлж байна. Нөтебүүкний цүнхийг 50 000 төгрөгөөр үнэлж байна. Манай гэрээс эд зүйл авсан хүн бол манай гэрийн хаалгаар түлхүүр тааруулж орсон байх. Түүнээс хулгай орсон гэх шинж тэмдэг мэдэгдээгүй. Мөнгөн аяганууд том өрөөний авдарт байсан. Авдар цоожтой байсан. Энэ хэрэг болсны дараа авдраа үзэхэд манай авдрын цоожны цүүний хадаас нь суларсан байна лээ” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 8-р хуудас/
3. “Бан Хас” ХХК-ний шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 2019/э-0027 дугаартай дүгнэлтийн “12 ширхэг мөнгөн аяга 1 860 000 төгрөг” гэсэн үнэлгээ. /хх-ийн 25-26-р хуудас/
4. “Бан Хас” ХХК-ний шинжээчийн 2019 оны 02 сарын 15-ны өдрийн э-0027 дугаартай дүгнэлтийн “Эрэгтэй ноосон цамц, зөөврийн компьютерийн цүнх зэрэг эд зүйл нийт 40 000 төгрөг” гэсэн үнэлгээ. /хх-ийн 30-31-р хуудас/
5. Гэрч Р.Үнэнхүүгийн ...“Хүү Тогтохжаргалын гэрийн түлхүүрийг бүртгээд үзсэн чинь надад байдаг түлхүүр нь алга болсон байхаар нь Борхүүг сэжиглэсэн юм. Гэтэл Борхүү надад байсан түлхүүрийг аваад манай хүүгийн гэрт түлхүүр тааруулж ороод эд зүйлийг нь авсан байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 11-р хуудас/
6. Гэрч Б.Өнөржаргалын ...“2019 оны 2 дугаар сарын 5-ны өдөр авдар дотор байсан мөнгөн аягануудаа авах гэтэл авдар дотор байсан мөнгөн аяганууд алга болсон байсан. Манай гэрээс нийт 12 ширхэг мөнгөн аяга, зөөврийн компьютерийн цүнх, миний нөхрийн өмсөж байсан хуучин саарал өнгийн ноосон цамц зэрэг эд зүйл алга болсон. Алга болсон 12 ширхэг мөнгөн аяганы 3 нь их гарын, 8 нь дунд гарын, 1 нь бага гарын мөнгөн аяга байсан. Манай гэрээс эд зүйл авсан хүн бол манай гэрийн хаалгаар түлхүүр тааруулж орсон байх. Түүгээс хулгай орсон гэх шинж тэмдэг мэдэгдээгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13-р хуудас/
7. Гэрч Э.Амгалангийн ...“Миний бие 2019 оны 2 дугаар сарын дундуур Улаанбаатар хот руу хувийн ажлаар явсан бөгөөд тухайн үед Ариунзориг ах над руу мөнгө шилжүүлээд Борхүүгийн хулгай хийж аваад ломбарданд тавьсан мөнгөн аягануудыг аваад ирээч гэхээр нь би Борхүүгээр заалгаж байгаад 4 ломбарднаас 8 ширхэг мөнгөн аяга авч ирсэн. 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 2 ломбарднаас 4 ширхэг мөнгөн аяга, 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр мөн 2 ломбарднаас 4 ширхэг мөнгөн аяга барьцаанаас авч ирээд Тогтохжаргалд өгсөн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17-р хуудас/
8. Гэрч А.Уртнасан ...“Бүртгэлээс шүүж үзэхэд РЮ97101810 регистрийн дугаартай Ариунзориг овогтой Борхүү гэж хүн 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн цахим үнэмлэхийн лавлагааг үзүүлж ёроол хэсэгтээ 4 шигтгээтэй дунд гарын хуучин мөнгөн аяга 1 ширхэгийг 40 000 төгрөгийн барьцаанд барьцаалсан. Борхүүгийн барьцаалсан аягыг түүний хамаатны эгч нь гээд Энхтүвшин овогтой Амгалан гэж эмэгтэй 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр ирээд зээлсэн мөнгө болон хүүг нь төлөөд аваад явсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 20-р хуудас/
9. Гэрч Б.Туулын ...“Компьютерийн бүртгэлээс шүүж үзэхэд РЮ97101810 регистрийн дугаартай Ариунзориг овогтой Борхүү гэж хүн 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн цахим үнэмлэхийн лавлагааг үзүүлж 3 ширхэг дунд гарын мөнгөн аягыг сарын 7 хувийн хүүтэй нэг сарын хугацаатай 120 000 төгрөгөөр барьцаанд барьцаалсан. Борхүүгийн барьцаалсан мөнгөн аягыг түүний хамаатны эгч гээд Энхтүвшин овогтой Амгалан гэж эмэгтэй 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ирээд зээлсэн мөнгөн болон хүүг нь төлөөд аваад явсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19-р хуудас/
10. Гэрч Х.Баасансүрэнгийн ...“Бүртгэлээс шүүж үзэхэд РЮ97101810 регистрийн дугаартай Ариунзориг овогтой Борхүү гэж хүн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн цахим үнэмлэхийн лавлагааг үзүүлж байгаад бор шаргал өнгийн тагштай, ёроолдоо эвтэй дөрвөн амьтны дүрс бүхий хээтэй, 4 ширхэг ногоон өнгийн чулуун шигтгээтэй, дээд талын ирмэг хэсэг нь маш их сэвтэж зурагдсан дунд гарын мөнгөн аяга 1 ширхэгийг нэг сарын хугацаатай сарын 7 хувийн хүүтэйгээр 50 000 төгрөгийн барьцаанд барьцаалсан. А.Бгийн барьцаалсан мөнгөн аягыг түүний хамаатны эгч нь гээд нэг эмэгтэй ирээд 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр зээлсэн мөнгө болон хүүг нь төлөөд аваад явсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 21-р хуудас/
11. Гэрч З.Бархасын ...“Компьютерийн бүртгэлээс шүүж үзэхэд РЮ97101810 регистрийн дугаартай Ариунзориг овогтой Борхүү гэж хүн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн цахим үнэмлэхийн лавлагааг үзүүлж 1 ширхэг бага гарын мөнгөн аяга, 2 ширхэг дунд гарын мөнгөн аягыг сарын 7 хувийн хүүтэй нэг сарын хугацаатай 130 000 төгрөгийн барьцаанд барьцаалсан. А.Бгийн барьцаалсан мөнгөн аягыг түүний хамаатны эгч нь гээд Энхтүвшин овогтой Амгалан гэж эмэгтэй 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр ирээд зээлсэн мөнгө болон хүүг төлөөд аваад явсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22-р хуудас/
12. Шүүгдэгч А.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...“2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэг хашаанд хамт байдаг хамаатны ах Үнэнхүү ахын гэрт орсон чинь ширээн дээр нь түлхүүрүүд байхаар нь нэг түлхүүр авсан. Тэгээд маргааш өглөө нь 10-11 цагийн хооронд хотын төв рүү яваад 1-16 дугаар байранд байдаг Тогтохжаргал ахын гэрт очиж Үнэнхүү ахын гэрээс авсан түлхүүрээр онгойлгож орсон. Тогтохжаргал ахын гэрт ороод том өрөөнд нь байдаг авдарных нь цүүг хөшиж онгойлгоод авдар дотор байсан 12 ширхэг мөнгөн аягыг нь авсан. Жижиг өрөө рүү нь орж зөөврийн компьютерийн цүнхэнд хийсэн. Хувцасны шүүгээн дотор нь нэг эрэгтэй хүний саарал өнгийн ноосон цамц байхаар нь өмсөж гарсан. Тэгээд фэйсбүүкийн зарын дагуу Улаанбаатар хот руу явах машин олоод Улаанбаатар хот руу гарсан. Улаанбаатар хот руу ороод Хархорин захын хажууд буугаад Хархорин захын ойролцоо байх ломбардуудад очиж нөгөө 12 ширхэг мөнгөн аягыг 5 ломбарданд хувааж нийт 450 000 төгрөгийн барьцаанд тавьсан. Цүнх, цамц хоёрыг Улаанбаатар хотоос наашаа гарахдаа гудамжид хаясан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 39-р хуудас/
13. Яллагдагч А.Бгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 50-55-р хуудас/ болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгаа. Ял шийтгэл оногдуулах үндэстэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил шүүх хуралдаанд гаргасан саналдаа “Шүүгдэгч нь хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ илэрхийлсэн. Шүүгдэгч А.Б нь эмээгийн хамт амьдардаг. Эмээгээ асарч тойрч байдаг ач хүү нь байгаа. Хөгшин настай эмээгээ асарч хамгаалдаг хүн нь А.Б юм. Улсын яллагчийн ялын саналаас бага хэмжээгээр ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 т зааснаар 2/1-ээс багагүйгээр ял оногдуулж өгнө үү гэж хүсч байн.” гэв.
Шүүх хуралдаанд хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ү.Тогтохжаргал, гэрч Р.Үнэнхүү, Б.Өнөржаргал, Э.Амгалан, Б.Туул, А.Уртнасан, Х.Баасансүрэн, З.Бархас нарын мэдүүлэг, “Бан хас” ХХК-ний эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.Б нь 2019 оны 1 дүгээр сарын 11-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-16-24 тоотод оршин суух Ү.Тогтохжаргалын орон сууцанд зөвшөөрөлгүй нэвтэрч их гарын мөнгөн аяга 3 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 8 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, эрэгтэй ноосон цамц 1 ширхэг, зөөврийн компьютерийн цүнх 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 1 900 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Бгийн үйлдэл нь орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэстэй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо төлсөн байх тул түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шанш овогт А.Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэрийлэх арга хэжмээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС