| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 129/2016/00514/И |
| Дугаар | 477 |
| Огноо | 2016-09-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 477
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Хашаат сум, Жаргалант багт оршин суух, багийн засаг дарга ажилтай, Гурвансайхан овогт Цэрэнжавын Алтанцэцэг /РД:АС67070401/-ийн хүсэлттэй
1987 оны 7-р сарын 1-ний өдрөөс 1990 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Архангай аймгийн Хашаат сумын “Их-Эхлэлт” нэгдэлд малын бага эмчээр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
хүсэлт гаргагч Ц.Алтанцэцэг,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Алтанцэцэг нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 1983 онд 8-р ангиа төгсөж Дундговийн ХАА-н техникумд элсэн 1987 оны 6-р сард төгссөн. Улмаар 1987 оны 7-р сарын 1-ний өдрөөс Хашаат сумын Их-Эхлэлт малын эмчээр хуваарилагдан ажиллаж 1990 оны 12-р сарыг дуустал ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэрт орсон, гарсан тушаал нь бичигдсэн боловч архиваас ажиллаж байсан үеийн цалингийн баримт гарахгүй байгаа учир шүүхээр ажилласан жилээ тогтоолго гэж нийгмийн даатгалын байцаагч хэлсэн. Иймд миний ажиллаж байсан хугацааг 1987 оны 7-р сараас 1990 оны 12-р сарыг дуустал тогтоож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Алтанцэцэг нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Ц.Алтанцэцэг нь 1987 оны 7-р сарын 1-ний өдрөөс 1990 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Архангай аймгийн Хашаат сумын “Их-Эхлэлт” нэгдэлд малын бага эмчээр ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
1. Архангай аймгийн Архивын тасгаас олгосон:
- Архангай аймгийн Хашаат сумын Б.Шмералын нэрэмжит “Их-Эхлэлт” нэгдлийн даргын:
• 1987 ны 8-р сарын 10-ны өдрийн “Ажилд томилох тухай”,
• 1990 ны 12-р сарын 15-ны өдрийн “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” тушаалуудын хуулбар
2. Архангай аймгийн Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны Хөдөө аж ахуйг удирдах газрын даргын 1987 оны 6-р сарын 29-ний өдрийн “Ажилд томилох тухай” тушаал /эх хувиар/,
3. Д.Алтанцэцэгийн ажиллаж байсан байдлын талаар
гэрч Д.Цог-Эрдэнийн өгсөн ... Би Архангай аймгийн Хашаат сумын “Их-Эхлэлт” нэгдэлд Номгон бригадад тоо бүртгэгчээр 1987 оноос нэгдлийг хувьчлагдах хүртэл ажилласан. Ц.Алтанцэцэг нь 1987 онд Хөдөө аж ахуйн техникум төгсөж ирээд “Их-Эхлэлт” нэгдэлд малын эмчээр ирж ажилласан. Манай Номгон бригадад эмчилгээ тэжээлийн цэг гэж байдаггүй бригад хоорондын эмчилгээ тэжээлийн цэгтэй байдаг байсан. Номгон бригадын 3-р зэргийн малыг Ц.Алтанцэцэгт хүлээлгэж өгдөг байсан. Тийм учраас би Ц.Алтанцэцэгийг 1987 оноос Хашаат сумын “Их-эхлэлт” нэгдлийг хувьчлагдах хүртэл малын эмчээр ажиллаж байсныг мэднэ... гэх,
гэрч Д.Наранцэцэгийн өгсөн ... Би 1984 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Хөдөө аж ахуйн техникумыг зоотехникч мэргэжлээр төгсөж, 1984 оны 10 сараас Архангай аймгийн Хашаат сумын “Их-Эхлэлт” нэгдэлд Жаргалант бригадад зоотехникчээр ажиллаж эхэлсэн. Намайг Хашаат сумын “Их-Эхлэлт” нэгдэлд ажилладаг байхад Ц.Алтанцэцэг нь 1987 онд сургуулиа төгсөөд тус нэгдэлд миний ажиллаж байсан Жаргалант бригадад малын эмчээр ирж ажилласан. Тэр үеэс эхлэн Ц.Алтанцэцэгтэй 1990 оныг дуустал хамт ажиллаад би орон тооны цомхотголоор нэгдлээс гарсан. Ц.Алтанцэцэг үргэлжлүүлэн Хашаат сумын “Их-Эхлэлт” нэгдлийг хувьчлагдах хүртэл малын эмчээр ажилласан ... гэх мэдүүлгүүд.
Иймд хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Гурвансайхан овгийн Цэрэнжавын Алтанцэцэгийн Архангай аймгийн Хашаат сумын “Их-Эхлэлт” нэгдэлд 1987 оны 7-р сарын 1-ний өдрөөс 1990 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малын бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ