Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/01335

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/01335

 

 

М.,,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2024/01466 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М.,,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.,,,,,,,,,,д холбогдох,

700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.,,,,,,,,,,,,,,, хариуцагч Д.,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Д.,,,,,,,,,,тай 1 жилийн түрээсийн гэрээ байгуулсан. Д.,,,,,,,,,, нь 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гэнэт байрнаасаа хөөхдөө барьцаанаас 700,000 төгрөгийг өгөөгүй.

Иймд түрээсийн гэрээний барьцааны үлдэгдэл 700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Түрээсийн гэрээний хугацаа дуусах үед энэ айл шөнө нүүж явсан байсан. Энэ үед байр ашиглалтын зардлаас 211,735 төгрөгийн төлбөрийг төлөөгүй, мөн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш хэрэглэсэн хэрэглээний төлбөр бичигдээгүй байсан.

Иймээс барьцаа 1,100,000 төгрөгөөс 400,000 төгрөгийг дансаар өгөөд төлөгдөөгүй төлбөр, байрны бүрэн байдлыг шалгаад үлдэгдэл мөнгийг өгнө гэж хэлсэн. Амьдрах хугацаандаа байрны хана, цонх, хаалганд хадаас шруф зоож нүх гаргасан, ариун цэврийн өрөөний суултуур хагалсан, шалны будгийг зориудаар ховхолсон, хаалганы гадна байгаа кабелийн утсыг оролдож гал гарах аюултай болгосон байсан.

Иймд их хэмжээний зардал гарсан, цаашид гарахаар байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Д.,,,,,,,,,,гаас 700,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.,,,,,,,,,,,,,,д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч М.,,,,,,,,,,,,,,гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.,,,,,,,,,,гаас 21,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.,,,,,,,,,,,,,,д олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаад орон сууцаа түрээслүүлсэн. Энэ хугацаанд хөлслөгч М.,,,,,,,,,,,,,, нь орон сууцын ашиглалтын зардалд 193,465 төгрөг төлөөгүй, мөн түүнийг гарсны дараа орон сууцны засварт 350,000 төгрөг, ариун цэврийн өрөөний суултуурыг эвдэлж, гэмтээсэн тул 350,000 төгрөгийг зарцуулсан тул барьцаанаас суутгасан.

Энэ нөхцөл байдлыг шүүх дутуу дүгнэж шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

Түрээсийн хугацаанд хамаарах бүх хэрэглээний зардлаа төлсөн. Иймд гомдлыг зөвшөөрөхгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч М.,,,,,,,,,,,,,, нь хариуцагч Д.,,,,,,,,,,д холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний дагуу барьцаа болгож урьдчилан шилжүүлсэн 700,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар дараах үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

3.1. 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан гэрээгээр Д.,,,,,,,,,, нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 10 дугаар байр, 27 тоот хаягт байрлах, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэг сарын 1,100,000 төгрөгөөр, 1 жилийн хугацаатай М.,,,,,,,,,,,,,,д хөлслүүлэхээр,

мөн хөлслөгч нь 1,100,000 төгрөгийг аливаа хохирол, төлбөр үүсвэл түүнийг барагдуулахад үл маргах журмаар захиран зарцуулах зорилгоор хөлслүүлэгчид шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцсон.

 

3.2. Гэрээний хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан М.,,,,,,,,,,,,,, нь 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр орон сууцыг Д.,,,,,,,,,,д хүлээлгэн өгсөн, гэрээний хэрэгжилтийн явцад гэрээний хөлс бүрэн төлөгдсөнд зохигч маргаагүй.

Мөн хариуцагч нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хүлээн авсан 1,100,000 төгрөгөөс 400,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн.

 

4. Анхан шатны шүүх Д.,,,,,,,,,, нь өөрийн өмчлөлийн орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн, үүний дагуу М.,,,,,,,,,,,,,, нь хэлэлцэн тохирсон хөлс төлөхөөр тохиролцсон шинжийг харгалзан тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

4.1. Гэрээний хөлс төлөгдсөн эсэх талаар зохигч маргаагүй бөгөөд харин нэхэмжлэгчээс хүлээн авсан үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хүлээн авсан 1,100,000 төгрөгийн үлдэгдэл 700,000 төгрөгийг буцаан шилжүүлэх эсэхэд маргасан.

 

4.2 Зохигчийн байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор дэнчин болгож 1,100,000 төгрөгийг хөлслөгч тал хөлслүүлэгчид өгнө. Дэнчинг гэрээгээр тохиролцсоны дагуу аливаа хохирол, төлбөр үүсвэл түүнийг барагдуулахад үл маргах журмаар захиран зарцуулна. Үүргийн гүйцэтгэлд дэнчинг оролцуулаагүй бол хөлслүүлэгч нь гэрээний хугацаа дуусгавар болсон буюу орон сууцыг хүлээн авсан өдөр хөлслөгч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн тохиолдолд уг дэнчин мөнгийг 100 хувь хөлслөгч талд буцаан олгоно гэж харилцан тохиролцсон.

Уг тохиролцооны дагуу гэрээний хугацаа дуусгавар болоход нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгөн хөрөнгөнөөс суутгавал зохих аливаа хохирол, төлбөр үүсээгүй байх тул хариуцагч нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хүлээн авсан 1,100,000 төгрөгийг буцаан шилжүүлэх үүрэгтэй.

4.3. Хариуцагчийн зүгээс орон сууц ашиглалтын зардалд 193,465 төгрөг төлөгдөөгүй, орон сууцны засварт 350,000 төгрөг, ариун цэврийн өрөөний суултуурыг эвдэлж, гэмтээсэнтэй холбоотой 350,000 төгрөгийг зарцуулсан учир дээрх мөнгөн хөрөнгөөс суутган тооцох ёстой гэж маргасан боловч уг мэтгэлцээний байр сууриа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, мөн сөрөг нэхэмжлэл гаргаагүй байна.

Тухайлбал, нэхэмжлэгчээс орон сууцыг буцаан хүлээн авах үед анх хүлээлгэн өгснөөс чанар үзэмжийн хувьд хэрхэн ердийн элэгдлээс илүү муудсан, орон сууцанд ямар эвдрэл, гэмтэл гарсан, үүнийг ямар хэмжээний зардлаар хэрхэн засварласан, мөн төлөгдөөгүй гэх орон сууц ашиглалтын зардлыг нөхөн төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй тул үүнд холбогдох гомдлыг хангах үндэслэлгүй.

4.4. Иймд анхан шатны шүүх хариуцагчаас 700,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт нийцжээ.

Харин үүргийн харилцааны явцад үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хуульд зааснаар үүсэх үүргийн харилцаанд хамаарах Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан заалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь оновчгүй болсныг залруулна.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2024/01466 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад , 492 дугаар зүйлийн 492.1.1 гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Т.БАДРАХ