Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 478

 

 

 


    

 

 

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Батцэнгэл сум, Хөнөг багт оршин суух Дайр бор овгийн Холхоонсүрэнгийн Баасанжав /РД:АА56090110/-ын хүсэлттэй
1974 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1975 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл, 1980 оны 1 сарын 1-ний 1991 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдэлд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд:
        хүсэлт гаргагч Х.Баасанжав, 
        шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.
                                                             
ТОДОРХОЙЛОХ нь:
    
Хүсэлт гаргагч Х.Баасанжав нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би 1972 онд 7-р ангиа төгсөөд илгээтээр гарч малчин болсон. Миний ажиллаж байсныг нотлох архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг үндэслэн Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдэлд 1974 оны 1 сарын 1-ний өдрөөс 1975 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл, 1980 оны 1 сарын 1-ний өдрөөс 1991 оны  1-р сарын 1-ний өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

        Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

        Хүсэлт гаргагч Х.Баасанжав нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна. 
        Хүсэлт гаргагч Х.Баасанжав нь Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдэлд 1974 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1975 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл, 1980 оны 1 сарын 1-ний 1991 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
    1. Архангай аймгийн Архивын тасгаас олгосон: 
      - Холхоонсүрэнгийн Баасанжавын “Улаан туг” нэгдэлд 1980 оны 1-12 дугаар саруудад ажиллаж авсан цалингийн тодорхойлолт,
- Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдлийн даргын: 
•    1981 оны 11-р сарын 20-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай”, 
•    1982 оны 11-р сарын 2-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай”, 
•    1983 оны 1-р сарын 31-ний өдрийн “Ажилд шилжүүлэн томилох тухай”,
•    1986 оны 5-р сарын 18-ны өдрийн “Ажилд түр томилох тухай” тушаалуудын хуулбар
- Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын: 
•    1984 оны 2-р сарын 25-ны өдрийн “Нэгдлийн ажилчин, албан хаагчдын 1984 оны ээлжит амралтын хуваарийг батлах тухай”, 
•    1985 оны 4-р сарын 30-ны өдрийн “Мал дутагдуулсан хүмүүсийн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх тухай”, 
•    1987 оны 4-р сарын 3-ны өдрийн “Дайр бор бригадад 3-р сард өвчнөөр хорогдсон малыг зарлага болгох тухай”, 
•    1988 оны 3-р сарын 3-ны өдрийн “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тогтоолуудын хуулбар,
- Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдлийн 1993 оны өмч хувьчлалын материал
2. Х.Баасанжавд МХЗЭ-ээс 1972 оны 6-р сарын 13-ны өдөр олгосон илгээлт /эх хувиар/,
3. Х.Баасанжавд 1989 оны 10-р сарын 23-ны өдөр олгосон баярын бичиг /эх хувиар/,
      4. Х.Баасанжавын ажиллаж байсан байдлын талаар 
гэрч Н.Цэрэнлхамын өгсөн ... Би 1963 оны үед 7-р ангиа төгсөөд Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдэлд илгээтээр гарч малчин болсон. Тэр үеэс эхлэн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд хонь, ямаа төлүүлж 1990 он хүртэл ажилласан. 1990 оноос тус нэгдлийн чанар, тордлогын цехэд туслах ажилчнаар ажиллаж байгаад нэгдэл хувьчлагдахад ажлаасаа гарсан. Х.Баасанжав нь 1972 онд “Улаан туг” нэгдэлд малчнаар ажилд орж уг ажлаа нэгдлийг хувьчлагдах хүртэл хийсэн. Би Х.Баасанжавтай нэг нэгдэлд ажиллаж, айл саахалт байсан учраас түүнийг “Улаан туг” нэгдэлд малчин байсныг мэднэ. Х.Баасанжавын аавыг Холхоонсүрэн гэдэг хүн байсан. Манай нутгийн хүмүүс Холхоонсүрэнг Холхоон, Холхоо гэж дууддаг байсан ... гэх, 
гэрч Ц.Шаравсүрэнгийн өгсөн ... Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдэл 1961 онд байгуулагдахад би адуу авч нэгдэлд анх орж нэгдлийг хувьчлагдтал  уг ажлаа хийсэн. Намайг “Улаан туг” нэгдэлд адуучнаар ажилладаг байхад Х.Баасанжав нь 1972 оноос Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдэлд малчнаар ажилд орж 1991 он хүртэл ажилласан. Батцэнгэл сумын “Улаан ту”г нэгдэл 1991 оны үед хувьчлагдсан. Би Х.Баасанжавын аавыг танина. Холхоонсүрэн гэдэг хүн байсан. Манай нутгийн хүмүүс Холхоон гэж дууддаг байсан  ... гэх мэдүүлгүүд. 
     Иймд хүсэлтийг хангаж шийдвэрлэв. 
    Хэрэгт авагдсан Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1984 оны 2-р сарын 25-ны өдрийн 22/01 тоот тогтоол, мөн нэгдлийн даргын 1986 оны 5-р сарын 13-ны өдрийн 35 тоот тушаал, МХЗЭ-ээс олгосон илгээлтэд Холхооны Баасанжав гэж бичигдсэн боловч цаг хугацааны дараалал, нотлох баримтын харилцан уялдаа бүхий байдал, гэрч Д.Цог-Эрдэнэ, Д.Наранцэцэг нарын мэдүүлэгт үндэслэн дээрх баримтуудыг хүсэлт гаргагч Холхоонсүрэнгийн Баасанжавд холбогдох баримтууд хэмээн үзэж нотлох баримтыг үнэллээ.     

    Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д заасныг  удирдлага болгон 

ТОГТООХ нь:

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн      135.2.6-д заасныг баримтлан Дайр бор овгийн Холхоонсүрэнгийн Баасанжавыг Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдэлд 1974 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1975 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл, 1980 оны 1 сарын 1-ний 1991 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

    3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

                
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Т.БАДРАХ