Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/01336

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/01336

 

 

,,,,,,,,,,,,,, ХХК-ийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2024/02743 дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч: ,,,,,,,,,,,,,, ХХК-ийн дампуурсанд тооцож татан буулгах тухай хүсэлттэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,,,ын хэлтсийн

509,964,697.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.,,,,,,,,,,,, түүний өмгөөлөгч Б.,,,,,,,,,,,,,, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.,,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарын агуулга:

Тус компани нь хоёр хувьцаа эзэмшигчтэй, Т.,,,,,,,,,,,,,, 80 хувь, БНСУ-ын иргэн ,,,,,,,,,,, 20 хувийн хувьцааг эзэмшиж байна.

Тус компанийн 2017-2019 онд хэрэгжүүлсэн төслийн үр ашиг нь Эбердигм Монголиа ХХК-тай хийсэн санхүүгийн түрээсийн гэрээ болон бусад түрээсийн тоног төхөөрөмжийн зардалд зарцуулагдсан, сар бүр хуримтлагдах өндөр үнэтэй түрээсийн төлбөрийн дарамт нь тус компанийг төлбөрийн чадваргүй болгох үндсэн нөхцөл болсноос үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болж, байнгын алдагдалтай ажиллах болсон.

2022 оны 4 дүгээр улирлын байдлаар 2,250,975,300 төгрөгийн алдагдалтай болоод байгаа бөгөөд нийт хуримтлагдсан татварын өр, нийгмийн даатгалын шимтгэлийн өр, шүүхийн шийдвэр болон гэрээгээр бусдад төлөх өр төлбөр нь нийтдээ 2,318,882,049.48 төгрөг болж, Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар төлбөрийн чадваргүй байдалд хүрээд байна.

Иймд, өөрийн хөрөнгийн 10 хувиас дээш гарсан өр төлбөрийг харилцагч нартаа хууль болон гэрээгээр заасан хугацаанд нь төлөх боломжгүй болж, сүүлийн 3 жилийн байдлаар төлбөрийн бүрэн чадваргүй болсон ,,,,,,,,,,,,,, ХХК-ийг төлбөрийн чадваргүй болохыг тогтоож, дампуурсанд тооцож, татан буулгаж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

,,,,,,,,,,,,,, ХХК нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 266,832,108.49 төгрөг, цалин хөдөлмөрийн хөлс тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан албан татварын 33,711,783.92 төгрөг, авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын 277,200 төгрөг, автын агаарын бохирдлын төлбөр 39,000 төгрөг, зам ашигласны төлбөр 300,000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын 191,795,170.99 төгрөг, татварын алданги 5,677,348 төгрөг, татварын торгууль 11,332,086 төгрөгийн татварын өртэй тул нийт 509,964,697.40 төгрөгийн татварын өрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийн агуулга:

2014-2022 онуудын санхүүгийн тайлангуудаас харахад тус компанийн бусдад өгөх өглөг буюу өр төлбөрүүд 2017 онд 2,605,995,500 төгрөг болж нэмэгдэн 2018 онд 3,660,968,200 төгрөг, 2019 онд 4,484,034,700 төгрөг, 2020 онд 1,011,095,800 төгрөг, 2021 онд 2,268,927,300 төгрөг, 2022 онд 2,298,784,800 төгрөг болон нэмэгдэж, нийт 2,392,605,300 төгрөгийн алдагдалтай ажиллаж ирсэн нь төлбөрийн чадваргүй болох гол үндэслэл болсон.

,,,,,,,,,,,,,, ХХК-ийн удирдлага хувьцаа эзэмшигч нар нь санхүүгийн эдийн засгийн байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй, мэдлэг дутмаг, зээл болон бусад өр бусдаас авах авлагын тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй, өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүй зэргээс шалтгаалан ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон, менежментийг орхигдуулсан зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүрсэн гэж дүгнэж байна.

,,,,,,,,,,,,,, ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.2, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлт гаргагч ,,,,,,,,,,,,,, ХХК-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож,

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ,,,,,,,,,,,,,, ХХК-аас 509,964,697.40 төгрөгийг гаргуулж Нийслэлийн ,,,,,,,,,,,,,ын хэлтэст олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Нийслэлийн ,,,,,,,,,,,,,ын хэлтэс улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хүсэлт гаргагч ,,,,,,,,,,,,,, ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

5. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүхээс "татвар төлөөгүй компанийг татан буулгаж болохгүй", "хүндэтгэн үзэх үндэслэлтэй бол татан буулгаж болно" гэх мэтээр үзэмжээрээ шийдвэрлэсэн.

Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээр шүүгч хүсэлт гаргагчийг төлбөрийн чадваргүйг тогтоож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарласан, нэхэмжлэгчдийн хурлыг хийхэд дахин хөрөнгөжүүлэх санал гараагүй нөхцөлд татан буулгах санал гаргасныг үндэслэн хуулийн дагуу төлбөрийн чадваргүй болохыг нь зохих журмын дагуу тогтоож, шүүхээс татан буулгаж байгаа нь хууль зүй ёсны үйл ажиллагаа.

5.2. Хүсэлт гаргагчийн эд хөрөнгийг шүүхийн шийдвэр гарсны дараа худалдан борлуулах явцад бодит үнэ буюу зах зээлийн үнэ нь тогтоогдох ёстой.

Дампуурлын хэрэг үүсгэх хүсэлтэд өр авлага үүсгэсэн шүүхийн бүхий л шийдвэрүүдийг хавсарган өгсөн бөгөөд уг шийдвэрт ямар гэрээний дагуу хэдий хэрийн өр авлага үүссэн, цаашид хэдий хэрийн өр авлага үлдэж байгаа нь тодорхой тусгагдсан.

Дампуурлын хэрэг гүйцэтгэгч хүсэлт гаргагчийн төлбөрийн чадварын талаар зохих журмын дагуу дүгнэлт гаргаж, Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан шаардлага хангагдсан болохыг тогтоож, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө ирүүлээгүй нөхцөлд татан буулгах шийдвэр гаргах хуулийн зохицуулалттай байхад шүүх хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй гэж хуулийг буруу тайлбарласан.

Дампуурлын тухай хуульд хүсэлт гаргагчийн удирдлага буруутай бол татан буулгаж болохгүй, татварын өртэй бол төлөгдөхгүй байсан ч татан буулгахгүй, шүүхийн шийдвэр төлөгдтөл дампууруулж, татан буулгаж болохгүй гэсэн зохицуулалт байхгүй.

5.3. Татварын байцаагчийн акт болон компанийн тайлагнасан борлуулалтын орлого, хасагдах зардал, татвар ногдуулах орлогын хэмжээ өөр байх бүрэн үндэслэлтэй бөгөөд борлуулалтын орлого, хасагдах зардал, татвар ногдох орлого зэргийг буруу тайлагнасан эсэх талаас нь татварын байцаагч татварын хяналт шалгалт хийдэг бол хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт нь компанийн өөрийнх нь санхүүгийн тайлан, шүүхийн шийдвэрээр гаргуулах бусдад төлөх өр төлбөрт үндэслэж, компани төлбөрийн чадвартай эсэхийг тогтоож, дүгнэлт гаргадаг учраас уг хоёр өөр баримт бичиг хоорондоо таарна гэсэн ойлголт байхгүй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хүсэлт гаргагчийн төлбөрийн чадваргүй болсныг тогтоож, дампуурсанд тооцож, татан буулгах хүсэлтийг хангаж өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжсэн агуулгаар тайлбар гаргасан.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Хүсэлт гаргагч ,,,,,,,,,,,,,, ХХК нь дампуурсанд тооцуулж, татан буулгуулахаар хүсэлт гаргасан.

Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,ын хэлтэс нь дээрх компанид холбогдуулан 509,964,697.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасантай хүсэлт гаргагч маргаагүй.

 

2.1. Анхан шатны шүүх ,,,,,,,,,,,,,ын хэлтсийн гаргасан нэхэмжлэлийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг баримтлан хангаж шийдвэрлэсэнд хүсэлт гаргагч гомдол гаргаагүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын дагуу үүнд эрх зүйн дүгнэлт өгөхгүй орхив.

 

3. Анхан шатны шүүх 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн захирамжаар тус компанийг төлбөрийн чадваргүйд тооцон, энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээллэх ажиллагааг Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 5.5 дахь хэсэгт заасан журмын дагуу явуулсан байна

 

3.1. Нэхэмжлэгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн шүүх Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар А.,,,,,,,,,,,,ыг хэрэг гүйцэтгэгчээр томилсон.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч, нэхэмжлэгч болон хэрэг гүйцэтгэгч нараас дахин хөрөнгөжүүлэх хүсэлт гаргаагүй.

 

 

3.2. Хэрэг гүйцэтгэгч нь тухайн компанийн өр төлбөр 2017 онд 2,605,995,500 төгрөг болж нэмэгдэн 2018 онд 3,660,968,200 төгрөг, 2019 онд 4,484,034,700 төгрөг, 2020 онд 1,011,095,800 төгрөг, 2021 онд 2,268,927,300 төгрөг, 2022 онд 2,298,784,800 төгрөг болон нэмэгдэж, нийт -2,392,605,300 төгрөгийн алдагдалтай ажиллаж ирсэн нь төлбөрийн чадваргүй болох үндэслэл болсон, энэ нь удирдлага, хувьцаа эзэмшигч нар нь санхүүгийн байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүйгээс шалтгаалсан, дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул татан буулгах санал оруулж байна гэх дүгнэлтийг 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гаргасан.

 

4. Хүсэлт гаргагчийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт гаргаагүй, хэрэг гүйцэтгэгчийн зүгээс хүсэлт гаргагчийг татан буулгах дүгнэлт гаргасан хэдий ч анхан шатны шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

4.1. ,,,,,,,,,,,,,, ХХК нь 2007 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн байх бөгөөд 2017 онд 6,049,797,400 төгрөгийн, 2018 онд 3,058,651,600 төгрөгийн, 2019 онд 2,005,737,000 төгрөгийн, 2020 онд 618,181,800 төгрөгийн, 2021 онд 1,577,540,100 төгрөгийн борлуулалтын орлого олсныг хэрхэн ямар байдлаар зарцуулсан, мөн энэхүү орлого олсон хугацаанд үүссэн татварын өрийг төлөөгүй үндэслэл тодорхойгүй байна.

Үүнээс шалтгаалж хүсэлт гаргагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан нөхцөл тогтоогдохгүй, энэ талаарх хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт үндэслэл бүхий болоогүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

Дампуурлын хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг шүүх харгалзан үзэх боловч уг дүгнэлт үндэслэлтэй эсэхэд Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн дүгнэлт өгнө.

 

4.2. Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт гаргах үндэслэл болсон хүсэлт гаргагчийн санхүүгийн тайлан нь хэрэгт авагдсан ,,,,,,,,,,,,,ын хэлтсийн улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн №34200600080 дугаар акттай зөрүүтэй байгаа тул энэ талаарх хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг үнэлэхгүй гэж анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцүүлэн зөв дүгнэсэн.

Мөн ,,,,,,,,,,,,,, ХХК нь Ховд аймгийн Ховд сум, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд тус тус салбартай гэж улсын бүртгэлд бүртгэгдсэн болохыг дүгнэлтэд тусгасан ч эдгээр салбар нь үйл ажиллагаа явуулдаг эсэх, ямар эд хөрөнгөтэй эсэх талаар дүгнээгүй орхигдуулсан.

 

4.3. ,,,,,,,,,,,,,, ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд гарсан шүүхийн болон арбитрын 8 шийдвэрийн дагуу 1,803,412,022.92 төгрөгийг бусдад төлөхөөс 103,273,010 төгрөг төлөгдсөн, 1,700,139,012.92 төгрөгийн төлбөрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албанаас 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03/47 тоот албан бичгээр тодорхойлсон, харин холбогдох шийдвэрүүд хэрэгт авагдаагүй.

Тухайлбал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2170 дугаар шийдвэрээр ,,,,,,,,,,,,,, ХХК-иас 1,485,353,975 төгрөг гаргуулан Эбердигм Монгол ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байх боловч энэ хугацаанд хүсэлт гаргагч нь үйл ажиллагаа явуулж орлого олж байсан, мөн хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарт дурдсан Эбердигм Монгол ХХК-иас авсан түрээсийн тээврийн хэрэгсэл, машин механизмыг буцаан өгсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй.

Түүнчлэн компанийн санхүүгийн тайлан алдагдалтай гарсан, шүүхийн шийдвэрээр бусдад төлөх төлбөрийг барагдуулах ажиллагаа явуулж байхад буюу 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр компанийн Капитрон банк дахь данснаас хувьцаа эзэмшигч ,,,,,,,,,,, руу 20,000,000 төгрөг шилжүүлсэн үндэслэл ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрт заасан өр төлбөрийг хүсэлт гаргагч биелүүлэх төлбөрийн чадваргүй гэх үндэслэл болон Эбердигм Монгол ХХК-д төлөх төлбөр компанийг дампуурахад хүргэсэн гэх хүсэлтийн үндэслэл баримтаар тогтоогдсонгүй.

 

4.4. Иймд, хүсэлт гаргагч нь аж ахуйн үйл ажиллагааны явцад олсон орлогыг хэрхэн зарцуулсан, мөн зохих ёсоор компанийн үйл ажиллагаанд зарцуулсан эсэх нь тогтоогдохгүй, орлого олж байсан хугацаанд хамаарах татварын өрийг төлөөгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа үндэслэл тодорхойгүй, эдгээр үйл баримтыг хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд тусгаагүй тул хүсэлт гаргагчийг Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар дампуурсанд тооцож, татан буулгах үндэслэлгүй.

 

5. Дээрх үндэслэлээр хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2024/02743 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Т.БАДРАХ