| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 129/2016/00510/И |
| Дугаар | 479 |
| Огноо | 2016-09-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 479
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Хайрхан сумын 1-р баг, Хайрхан гэх газар оршин суух Хадат рашаан овогт Очирбатын Пүрэвдорж /РД:АК59112017/-ийн хүсэлттэй
Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдэлд 1976 оны 4-р сарын 15-ны өдрөөс 1991 оны 7-р сарын 4-ний өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт бүхий иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Насанжаргал,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.Пүрэвдорж нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Намайг Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдэлд 1976 оны 4-р сарын 15-ны өдрөөс 1991 оны 7-р сарын 4-ний өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Насанжаргал шүүх хуралдаанд хүсэлтийг дэмжихдээ: О.Пүрэвдорж нь 1976 оны 4-р сарын 15-ны өдрөөс 1991 оны 7-р сарын 4-ний өдрийг хүртэл Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдэлд тракторын жолоочоор тасралтгүй ажиллаж байсан. Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдлээс өөр газар ажиллаж байгаагүй. О.Пүрэвдоржийн ажиллаж байсантай холбоотой хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн түүний 1976 оны 4-р сарын 15-ны өдрөөс 1991 оны 7-р сарын 4-ний өдрийг хүртэл Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч О.Пүрэвдорж нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч О.Пүрэвдорж нь Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдэлд 1976 оны 4-р сарын 15-ны өдрөөс 1991 оны 7-р сарын 4-ний өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
1. Архангай аймгийн Архивын тасгаас олгосон:
- Очирбатын Пүрэвдоржийн “Хамтын зориг” нэгдэлд 1977 оны 2, 1978 оны 1, 4 дүгээр саруудад ажиллаж авсан цалингийн тодорхойлолт,
- Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдлийн даргын 1976 оны 4-р сарын 15-ны өдрийн “Тариан дээр ажиллах тракторчин томилох тухай” тушаалын хуулбар,
- Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын:
• 1987 оны 6-р сарын 7-ны өдрийн “Хөрөнгө зарлага болгох тухай”,
• 1990 оны 3-р сарын 30-ны өдрийн “Хөрөнгө зарлага болгох тухай” тогтоолуудын хуулбарууд,
- Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдлийн зөвлөлийн хурлын 1991 оны 7-р сарын 4-ний өдрийн “Бэлэг олгох тухай” тогтоолын хуулбар,
2. О.Пүрэвдоржийн ажиллаж байсан байдлын талаар
гэрч Ш.Цэрэннадмидын өгсөн ... Би 1977 онд Архангай аймгийн МСҮТөвийг тракторын жолооч мэргэжлээр төгсөөд Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдэлд тракторын жолоочоор 1980 оноос 1991 оныг хүртэлх хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. О.Пүрэвдорж нь 1980 оноос 1991 оныг хүртэл Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсныг нь мэднэ. Намайг анх “Хамтын зориг” нэгдэлд ажилд ороход ажиллаж байсан. Би О.Пүрэвдоржтэй хамт ажиллаж байсан учир түүний ажиллаж байсан байдлыг нь мэднэ ... гэх,
гэрч Х.Лхагвасүрэнгийн өгсөн ... Би Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдлийн Жарантай бригадад саальчнаар 1975 оноос 1991 оныг хүртэлх хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. Намайг анх Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдэлд саальчнаар 1975 онд очиход О.Пүрэвдорж нь уг нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан. О.Пүрэвдорж нь 1975 оноос 1991 оныг хүртэл Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдэлд тасралтгүй ажиллаж байсан. Би О.Пүрэвдоржтэй хамт ажиллаж байсан учир түүний ажиллаж байсан байдлыг нь мэднэ ... гэх мэдүүлгүүд.
Иймд хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хадат рашаан овгийн Очирбатын Пүрэвдоржийн Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдэлд 1976 оны 4-р сарын 15-ны өдрөөс 1991 оны 7-р сарын 4-ний өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ