Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/01337

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/01337

 

 

Д.,,,,,,,,ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2024/02415 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.,,,,,,,,ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г.,,,,,,,,,,,д холбогдох,

276,087,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.,,,,,,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.,,,,,,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

С.,,,,,,,,, нь Г.,,,,,,,,,,,д 80,000 ам.доллар зээлсэн бөгөөд түүнийг 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төлөхөөр талууд харилцан тохиролцож, 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр бичгээр баталгаажуулсан. Гэвч хариуцагч нь тохиролцсон хугацаанд зээлийг огт төлөөгүй бөгөөд зээлийн төлбөрийг 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн барагдуулах гар бичмэл бүхий тодорхойлолтыг үйлдсэн байдаг.

Мөн хариуцагч нь 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр зээл төлөх тодорхойлолтыг зээлдүүлэгчид өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлдэгч нь зээлдүүлэгчээс зээлж авсан 80,000 ам.долларыг төлөөгүй.

С.,,,,,,,,, нас барсан тул 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хооронд үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зогссон. Нэхэмжлэгч нь С.,,,,,,,,,ийн төрсөн охин тул хууль ёсны өвлөгч болсон.

Иймд 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргахад Монгол банкны ханшаар 1 ам.долларыг 3,451 төгрөгөөр тооцож, 276,087,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргасан баримтуудад зээлийн гэрээ байхгүй, түүнчлэн мөнгийг шилжүүлсэн, хүлээн авсан баримт огт байдаггүй.

Нэхэмжлэлд дурдсан шиг зээлийн гэрээг 2015 онд байгуулагдсан гэж үзвэл үүнээс хойш 2022 онд буюу 7 жилийн дараа шаардах эрхээ хэрэгжүүлсэн. Иргэний хуульд зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 2018 онд дууссан.

2.2. Одоогоос 8-9 жилийн өмнө хариуцагч Г.,,,,,,,,,,, нь БНХАУ-ны иргэн ,,,,,,,,,,,тэй хамтран ажиллаж байсан, тэднийг хамтран ажиллаж байх үед иргэн С.,,,,,,,,, нь орчуулагч, зуучлагчийн чиг үүрэгтэйгээр тухайн харилцаанд оролцож байсан.

Талууд хамтын үйл ажиллагаагаа бүхэлд нь дүгнээд хөрөнгө оруулалт болох 80,000 ам.доллараас үлдсэн 50,000 ам долларыг ,,,,,,,,,,,д буцаан өгснөөр хамтран ажиллах үйл явц дуусгавар болсон.

Гэтэл 2023 онд орчуулагч С.,,,,,,,,,ийн охин буюу нэхэмжлэгч нь БНХАУ-ын иргэн ,,,,,,,,,,, бидний дундын хөрөнгө оруулалтын харилцаанаас үүссэн 80,000 ам долларыг С.,,,,,,,,, нь Г.,,,,,,,,,,,д зээлдүүлсэн гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Г.,,,,,,,,,,,гаас зээлийн гэрээний үүрэгт 276,087,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.,,,,,,,,ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,538,386 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг зохих ёсоор үнэлж дүгнээгүй.

Г.,,,,,,,,,,, нь 80,000 ам.долларыг өөрийн өмчлөлд 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр бэлнээр хүлээн авсан. Дээрх үйл баримт нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдох ба нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлсэн.

Хэрэв Г.,,,,,,,,,,, нь 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр С.,,,,,,,,,ээс 80,000 ам.долларыг зээлж өөрийн өмчлөлд шилжүүлж аваагүй бол тэрээр мөнгө зээлж авсан тухай, уг зээлсэн мөнгөө төлөх хугацааг сунгах, хүү төлөх талаарх хүсэл зоригоо илэрхийлж 3 удаа бичгээр баталгаажуулж зээлдүүлэгчид өгөхгүй байсан.

С.,,,,,,,,, нь 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нас барах хүртэлх хугацаанд Г.,,,,,,,,,,,гаас түүнд зээлсэн 80,000 ам.доллараа буцаан авахаар шаардаж байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь хариуцагчид 80,000 ам.доллар хүлээлгэж өгснийг нотлох баримт байхгүй. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй. Мөн хөөн хэлэлцэх хугацааны хувьд ч хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Д.,,,,,,,, нь хариуцагч Г.,,,,,,,,,,,д холбогдуулан 276,087,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Энэхүү нотлох баримтын үнэлгээнд гаргасан алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэв.

 

3. С.,,,,,,,,, нь 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нас барсан, түүний Г.,,,,,,,,,,,гаас 80,000 ам.доллар шаардах эрхийг охин Д.,,,,,,,, нь 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр олгосон өвлөх эрхийн гэрчилгээний дагуу өвлөн авсан байна /хх 8-9/.

Иймд, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1, 531 дүгээр зүйлийн 531.1 дэх хэсэгт зааснаар 80,000 ам.долларыг хариуцагчаас шаардах эрхийг хэрэгжүүлэх эрхтэй гэж шүүх зөв дүгнэжээ.

Энэхүү шаардах эрхийг олгосон өвлөх эрхийн гэрчилгээ, үүнийг гэрчилсэн нотариатын үйлдэл хүчинтэй байна.

3.1. С.,,,,,,,,, нь Голомт банк ХК дахь өөрийн эзэмшлийн 3100000304 тоот данснаас 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 80,000 ам.долларыг бэлнээр гаргаж авсан байна /хх 133/.

Ийнхүү хүлээн авсан 80,000 ам.доллароо тухайн өдөртөө С.,,,,,,,,, нь хариуцагч Г.,,,,,,,,,,,д хүлээлгэн өгсөн бичгийн баримт хэрэгт авагдаагүй.

Гэхдээ хариуцагч Г.,,,,,,,,,,,гийн 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 80,000 ам.долларыг 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төлж барагдуулахаар тохиролцсон баримт, 2015 оны 10 сарын 31-ний өдрийн дотор 80,000 ам.долларыг бүрэн барагдуулах тухай тодорхойлолт, 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хүсэлт зэрэг бичгийн баримтад тэрээр өөрийн хүсэл зоригоо илэрхийлж гарын үсгээ зурж баталгаажуулжээ /хх 14-16/.

Өөрөөр хэлбэл, С.,,,,,,,,,ийн 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр өөрийн эзэмшлийн данснаас 80,000 ам.доллар авсан нь Г.,,,,,,,,,,,гийн 80,000 ам.долларыг төлөхөө илэрхийлсэн удаа дараагийн хүсэл зоригийн илэрхийлэлтэй шалтгаант холбоотой байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх баримтуудад зурсан гарын үсгийн үнэн зөв эсэх талаар хариуцагч нь маргаагүй, нотлох баримт цуглуулахтай холбоотой хүсэлт гаргаагүй. Иймд, дээрх баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байдлаар үнэлнэ.

 

3.2. 2015 оны 03 дугаар сараас 2016 оны 08 дугаар сарын хооронд үйлдсэн бичгийн баримтуудад илэрхийлсэн хариуцагчийн хүсэл зоригийн илэрхийллийг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгаар тайлбарлан авч үзэхэд С.,,,,,,,,,ээс 80,000 ам.долларыг хүлээн авсан, үүнийгээ эргэн төлөхөө удаа дараа илэрхийлсэн үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч Г.,,,,,,,,,,, нь уг мөнгөн хөрөнгөтэй холбоотой асуудал нь С.,,,,,,,,,т хамааралгүй, БНХАУ-ын ,,,,,,,,,,,тай хамтран ажиллах явцад үүссэн асуудал гэж маргасан боловч энэхүү мэтгэлцээний байр сууриа тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

 

3.3. Хариуцагчийн 80,000 ам.долларыг С.,,,,,,,,,т буцаан төлөхөө илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж шууд дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан байна.

Иймд, хариуцагч нь үүргийн харилцаа үүсээгүй хэдий ч С.,,,,,,,,,ээс 80,000 ам.долларыг хүлээн авсан үйл баримт тогтоогдсон тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн 276,087,200 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Үүнтэй холбогдуулан тэмдэгтийн хураамжийн хуваарилтад өөрчлөлт оруулна.

Нэхэмжлэгч нь 80,000 ам.долларыг нэхэмжлэл гаргах өдрийн Монголбанкны албан ёсны ханш 3,451.09 төгрөгөөр тооцож 276,087,200 төгрөг гаргуулахаар шаардсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт нийцсэнийг дурдах нь зүйтэй.

 

4. Хөөн хэлэлцэх хугацааны талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа болох арван жилийн дотор нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлсэн байна.

Мөн С.,,,,,,,,, нь 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нас барснаар Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2024/02415 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Г.,,,,,,,,,,,гаас 276,087,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.,,,,,,,,д олгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,538,386 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,538,386 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,538,386 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Т.БАДРАХ