| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 177/2019/0054/э |
| Дугаар | 51 |
| Огноо | 2019-04-24 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Дина,
Шүүгдэгч: Д.О, Р.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогтой Дгийн О, Ш овогтой Ргийн У нарт холбогдох 1935000490027 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Д.О: Монгол Улсын иргэн, 1984 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Тэс суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, аав, ээжийн хамт Увс аймгийн Тэс сумын 1-р багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Увс аймгийн сум дундын шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах, Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 сар хорих ялаар тус тус ял шийтгүүлж байсан, РД:ОО84011576, А овогтой Дгийн О.
Шүүгдэгч Р.У: Монгол Улсын иргэн, 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл-3, эхнэр 1 хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын 2 дугаар багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:ОО91010119, Ш овогтой Ргийн У.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.О, Р.У нар нь 2019 оны 1 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө тус аймгийн Давст сумын Торхилог багийн нутаг Хатуугийн адаг гэх газраас хохирогч П.Ч, Б.Б нарын 2 тооны адууг хулгайлж 1.410.000 /нэг сая дөрвөн зуун арван мянга/ төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Шүүгдэгч Д.О, Р.У нарыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.О, Р.У нь 2019 оны 1 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Увс аймгийн Давст сумын нутаг, Хатуугийн адаг гэх газарт нутаглаж байсан хохирогч П.Ч, Б.Б нарын 2 тооны адууг хулгайлж 1.410.000 төгрөгний хохирол учруулсан болох нь хохирогч П.Чгийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “...Би 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өглөө 10 цагийн үед өөрийн унаж байсан адууг хартал байхгүй байсан. Миний 9 настай хар зүмсийн, зөв гуяндаа ДА цагаан үсэг тамгатай морь манай гэрээс 300-500 орчим метр зайтай сул байсан юм. Тэгээд Бын гэрт очиход Б миний хээр морь бас алга гэж хэлсэн. Бид хоёр мориныхоо мөрийг дагахад 2 адууг морьтой 2 хүн туусан нийт 4 тооны адууны мөр нууран дээгүүр Тэс сум руу чиглэж явсан байсан. Б бид хоёр 15-18 орчим километр мөр дагаад Тэс сумын Хошт эрэгний наад талын буга руу адууныхаа мөрийг оруулаад алдчихсан. Миний хулгайд алдсан морь нь 9 настай, хар зүсмийн имгүй, буруу гуяндаа зэрэгцээ 2 дэгрээ тамгатай, зөв талын ташаан дээр бүдэг “ДА” гэсэн цагаан үсэг тамгатай юм. ...2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Тэс сумын харьяат Д.О манайд ирж надтай уулзаад надад “би 2019 оны 1 дүгээр сарын 24-25 шилжих шөнө танай гадна байсан болон Б гэх айлын гадна байсан морьдыг Тэс сумын Уын хамт хоёулаа хоёр морьтой ирж хугайлан авсан. Тэгээд Тэс рүү нууран дээгүүр тууж яваад Тэс суманд аваачиж нядлаад Улаангом руу оруулж зарсан. Одоо У бид хоёр таны хохирлыг төлж өгнө” гэж хэлсэн юм. Одоогоор надад учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байна...” /хх-ийн 16-20 тал/ гэх мэдүүлэг,
хохирогч Б.Бын хэрэг бүртгэлтэд өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 25-ны өглөө 10 цагийн үед гэртээ байж байтал манайхтай айл саахалт байдаг Чимэдцэрэн ах морьтой манайд ирээд миний морь алга байна, танай морь байгаа юу гэхээр нь би аргамжсан морио нууран дээр гарахад 4 тооны адууны мөр байхаар нь уг мөрийг мөшгөөд явтал Тэс сумын нутаг руу чиглэж явсан байсан. Тэгээд Тэс сумын нутаг Хошт эрэг гэх газрын наад зүгт бөөн бургас мод руу ороод мөр нь алга болсон. Тэгээд бид хоёр хариу буцаж гэртээ ирсэн. Миний морь манай гэрийн урьд зүгт харгана дотор аргамжсан байсан. Миний морь 6 настай бор хээр зүсмийн буруу гуяндаа босоо дэгрээ тамгатай зөв ташаандаа “ДА” цагаан үсэгтэй тамгатай зөв чих нь шуурхай имтэй юм. ...Чимэдцэрэн бид хоёр адууныхаа мөрийг дагаад нууран дээгүүр гараад хайхад бид хоёрын адууг 2 морьтой хүний мөр нийт 4 адууны мөр манай хотноос Тэс сумын чиглэлд яваад Хошт эрэгний наад талын бургас руу оруулаад мөр алдсан юм. 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Тэс сумын харьяат О гэгч нь надтай ирж уулзаад надад “би 2019 оны 1 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө У гэгч залуутай согтуудаа ирж танай морийг бас Чгийн морийг ирж хулгайлж авч нуураар Тэс сум руу тууж авч явсан” гэж хэлсэн. Одоогоор миний хохирлыг төлөөгүй байгаа...” /хх-ийн 22-27 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Р.Жын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 27-ны өглөө 10 цагийн үед гэртээ байж байтал манай нутгийн залуу О хажуудаа манай сумын залуу Уын хамт хар хээр зүсмийн хоёр тооны морь унаж ирсэн юм. Тэгээд О, У нар нь манайд орж ирээд надад банкны мөнгө хийх ёстой, хугацаа тулчихсан байна, бид хоёр энэ хоёр адууг танайд нядлаад авья гэж хэлсэн. Тэгээд О хажуудаа явсан залуутай хамт унаж ирсэн хар, хээр зүсмийн хоёр морио алж нядлаад 16 цагийн үед манай сумын аймаг хооронд нийтийн тээвэрт явдаг ногоон өнгийн пургон машинаар уг хоёр адууны махыг ачаад аймгийн төв рүү явсан. ...Би О, У нарт “би энэ адууны чинь хоёр арьсыг өгч явуулахгүй, ямар ч юм байж болно” гэж хэлээд аваад үлдсэн. Харин уг 2 адууны толгой нь хаана байгааг мэдэхгүй байна. Сүүлд манайд цагдаа ирэхээр нь би болсон явдлын талаар хэлж, О, У нарын нядалсан адууны 2 ширхэг арьс, мөн манай өвсний хашаанд байсан цэрэг эмээл 1 ширхэг, хазаар 1 ширхэг зэргийг хураалгасан. ...Тухайн хоёр адуу нэг нь хар зүсмийн, нөгөө нь хээр зүсмийн 5 наснаас дээш настай адуунууд байх шиг харагдсан, тамгыг нь хараагүй” /хх-ийн 28-32 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Б.Жий хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 27-ны өглөө 10 цагийн үед гэртээ байж байтал Д.О нь манайд манай сумын У гэх залуутай хоёулхнаа хээр, хар зүсмийн морь унаж ирсэн юм. Манай гэрт орж ирээд О нь банкны мөнгө хийх хугацаа түлчихаад байна, танай хотонд 2 адуу алж нядлаад авмаар байна гэсэн. О хажуудаа явж байсан залуутай хамт гараад унаж ирсэн хоёр морио алж нядлаад аймаг, сум хооронд явдаг Баавгай /Г/-н пургонд махыг нь ачаад орой 17 цагийн үед явсан. О, У нар нь өөрсдийнхөө унаж ирсэн 2 тооны адууг манай өвсний хашаан дотор нядалсан бөгөөд тэр хоёр тухайн адууг өөрсдийнхөө адуу гэж хэлсэн...” /хх-ийн 33-35 тал/ гэх мэдүүлэг,
гэрч З.Гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Би 2019 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн эзэмшлийн пургон машинаар Улаангом явах гээд сумын төвийн автомашины зогсоол дээр байхад 14 цагийн үед Ж ирээд “манайд 2 хүн 2 адууны махтай аймаг явна гэнэ, чи авч явах юм уу гэхээр нь би ...2 хүний зардал 40.000 төгрөг, 2 адууны махыг 60.000 төгрөгөөр авч явна гэж хэлсэн. ...Тэгээд Ж ахын гэрийн гаднаас 2 тооны адууны мах ачаад би зогсоол дээр жаахан зогсоод 1, 2 хүн олж авна гэтэл О, У хоёр намайг “та явж бай, бид хоёр хариад хоол цайгаа уугаад хувцсаа солиод яваад очьё” гэсэн. Тэр хоёр 16 цагийн үед ирээд бид нар аймгийн төв рүү явсан. 21 цагийн үед Улаангом ороод Онцгой байдлын газрын ойролцоо Н гэж манай сумын гаралтай айлд очиж адууны махаа буулгаж авсан... Маргааш өглөө нь би Улаангом сумын зах дээр байж байтал О, У нар хамтдаа хүрч ирээд надад У халааснаасаа 100.000 төгрөг гаргаж хөлсөнд өгсөн юм” /хх-ийн 36-40 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Ц.Гийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 14.00 цагийн үед над руу манай нутгийн О миний 90463838 дугаарын гар утас руу танихгүй дугаараас залгаад “би Ж ахынд байна хүрээд ирээч” гэж хэлсэн. Би тухайн үед өөрийн хамаатны ах Балжирын улсын дугаарыг нь сайн санахгүй байна, Прадо гэх машинтай ижил загварын машинтай ганцаараа явж байсан. Тэгээд би 40 гаруй минутын дараа байх ...Ж ахын гэрт очиход О, У нар нь Ж ахын малын өвсний хашаан дотор 2 адуу нядлаад дуусчихсан байсан. Тухайн үед Ж ахын гэрт О, У, Ж ах, эхнэртэйгээ байсан бөгөөд Ж, О, У нар нь халамцуу байсан. ...Г нь ногоон өнгийн пургонтойгоо ирээд О, У нарын нядалсан гэх 2 адууны махыг машиныхаа ар талд ачсан юм. О, У нар нь өдрийн цагаар Ж ахын гэрт адуу нядалсан байхаар нь би хулгайн адуу биш байх гэж бодсон” /хх-ийн 41 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Н.Тийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “...Нөхөр бид хоёр 2019 оны 1 дүгээр сарын 27-ны орой 16-17 цагийн үед Улаангом сум руу өөрийнхөө пургонтай гарсан бөгөөд тэр өдөр манай нөхөр Г нь Улаангом сум руу явах зогсоол дээрээс 2 адууны махтай 2 хүнийг авч явахаар болж тохироод О, У нарын 2 адууны махын ачсан юм. Дараа нь О, У нарыг Улаангом сумын 12-р багийн Онцгой байдлын урд байх манай Тэс сумын Нгийн хашаанд буулгасан. Тэгээд О, У нар нь Нгийн гэрт махаа буулгаж аваад тэндээ үлдсэн. О, У нар зөвхөн 2 адууны мах ачиж явсан бөгөөд толгой, арьс, шийрийг нь авч яваагүй ачиж яваагүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Я.Өлзийбаярын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 28-ны өглөө таксигаар /улсын дугаар номерыг хараагүй/ миний онцгой байдлын тойргын зүүн талд тэнгис хүнсний дэлгүүрийн хажуу талын складанд ганцаараа зогсож байтал Р.У, Д.О нар нь ирээд 2 адууны мах надад 1 кг 4000 төгрөгөөр худалдаж нийт 1.150.000 төгрөг авсан юм. Би тухайн үед Д.О, Р.У нараас хэний, ямар мах авч ирсэн талаар асуугаагүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 тал/ гэх мэдүүлэг,
гэрч А.Нгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 27-ны шөнө 23 цагийн үед би 5 хүүхдүүдийнхээ хамт гэртээ байж байтал манайд Тэс сумын 1-р багийн харьяат Д.О, Р.У нар нь мөн манай сумын Гийн пургон машинтай 2 адууны мах ачиж ирсэн. О нь надад “өглөөдөө 2 адууны мах зарчихна, өнөө орой авч ирсэн 2 махаа танайд буулгаад авчихья” гэж хэлсэн. Д.О, Р.У нараас хэний ямар 2 адууны мах авч ирж байгаагүй асуугаагүй зөвшөөрсөн. Тухайн авч ирсэн 2 адууны махыг манай хашаанд амбаарын гадна буулгасан. Маргааш өглөө нь авч ирсэн 2 адууны махыг таксигаар ачаад зарахаар явсан юм. У, О нар нь таксинд бүх махаа нэг удаа ачиж аваад явсан, дахин манайд ирээгүй юм. 2019 оны 1 сарын 27-ны шөнө манайд ирэхдээ тэр хоёр халамцуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 тал/ гэх мэдүүлэг,
шүүгдэгч Д.Оын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2019 оны дүгээр сарын 24-ны өглөө Тэс сумын 4-р бригадын төв дээр байх гэрээсээ ганцаараа өөрийнхөө 13 настай, буруу гуяндаа буйл тамгатай, хар зүсмийн морио унаад Тэс сумын 1-р багийн төв рүү явсан. Би гэрээсээ гарахдаа өвсний хашаандаа нуусан байсан Улаанбаатар гэх нэртэй 0,5 литрийн 3 шил архийг өвөртлөөд гарсан юм. Би уг архийг Тэс сумын 1-р багт очиж хүмүүстэй хамт ууна гэж бодож явсан. Замдаа Жирээгийн баруун хөвөө гэх газарт морьтойгоо хөдөө хээр талд явж байгаад манай сумын харъяат Утай таарсан юм. Тухайн үед У нь халтар зүсмийн морьтой ганцаараа мал хараад явж байсан юм. Тэгээд бид хоёр Жирээгийн хөвөөнд хээр миний авч явсан Улаанбаатар гэх нэртэй 0,5 литрийн архинаас 1 шилийг нь гаргаж ирж хоёулхнаа хувааж уучихаад доошоо эргэж Тэс сумын 1-р баг руу хэсэхээр явсан. Бид хоёр явж байх замдаа дахин миний өвөрт байсан Улаанбаатар гэх нэртэй 0,5 литрийн нэг шил архийг гаргаж морин дээр явж байхдаа хувааж ууж дуусгасан юм. Бид хоёр нэлээн согтсон бөгөөд шууд Увс нууран дээгүүр хөндлөн гараад Давст сумын нутаг Хатуугийн адаг гэх газарт шөнө бүрүүл болж байхад /цагийг нь сайн санахгүй байна/ очсон юм. Хатуугийн адаг гэх газар нь манай сумтай нуураар хиллэдэг бөгөөд өвөлд нууран дээгүүр явж очдог, Жирээгийн хөвөөнөөс 10-15 орчим километр зайтай байдаг юм. Хатуугийн адаг гэх газарт нуурын ойролцоо зэргэлдээ хоёр айл байсан бөгөөд уг хоёр айлын гадна гэртэй нь 50-100 метр орчимд нэг морь нь архлаатай, нөгөө морь нь сул зогсож байсан. Тэгээд У бид хоёр уг зэргэлдээ хоёр айлын хоёр моринд ойртон очиход хар болон хээр зүсмийн хоёр морь байсан юм. Бид хоёр өөрсдийнхөө морьноосоо буугаад би архлаатай хээр морины нарийн цагаан өнгийн олсыг тайлсан, харин У нь хар зүсмийн сул байсан морь луу явсан. Тэгээд бид хоёр хээр болон хар зүсмийн хоёр морийг туугаад өөрсдийн морин дээрээ авч ирээд мориндоо мордож хулгайлсан хоёр адуугаа мориороо тууж Хатуугийн адаг гэх газраас буцаад Увс нууран дээгүүр Тэс сумын нутаг руу туусан юм. У бид хоёрыг морьд хулгайлж байхад харанхуй шөнө болсон байсан бөгөөд нөгөө хоёр айл гэрэлгүй унтаж байсан юм. Бид хоёр 2019 оны 1 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө хулгайлсан морьдоо шөнжингөө тууж 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өглөө гэгээ ороход Тэс сумын нутаг Хошт эрэг гэх газарт бургас руу хулгайлсан морьдоо тууж орсон юм. У бид хоёр адуу тууж байхдаа хулгайлсан адуугаа шууд Тэс сумын төв рүү оруулж мөнгө болгож авахаар тохиролцсон. ...Тэгээд бид хоёр Их голын баруун хөвөөнд ирээд өөрсдийнхөө унаж явсан хар болон халтар морьдынхоо эмээлийг аваад тавиад хөөчихсөн. Тэгчихээд У бид хоёр Давст сумын нутаг Хатуугийн адаг гэх газраас хулгайлсан хоёр морийг унаж цаашаа Тэс сумын нутаг руу явахаар болсон бөгөөд би хээр зүсмийн моринд эмээлээ тохож унасан, харин У нь хар зүсмийн моринд өөрийн эмээлээ тохож унасан юм. Тэгээд У бид хоёр 2019 оны 1 дүгээр сарын 26-ны шөнөжингөө хулгайлсан морио унаж яваад маргааш өглөө нь буюу 2019 оны 1 дүгээр сарын 27-ны өглөө Тэс сумын төвийн ар талд дөхөж ирсэн. Тэнд ирээд бид хоёр даараад байсан учраас үлдэгдэл архиа хувааж ууж дуусгасан юм. Бид хоёр сумын төвийн ар талд дөхөж ирээд У бид хоёр хоорондоо ярилцаад Тэс сумын төвийн ар талаар байдаг Ж буюу Ж гэх айлд очиж Ж ахад танайд хоёр морь гаргаад авмаар байна, хулгайн мал биш өөрсдийн мал, банкны мөнгө хийх гэсэн юм гэж хэлээд тэднийд адуугаа гаргаж аваад махыг нь аймгийн төв рүү орж заръя гэж тохиролцсон. Ж ахын гэрт ирэхэд Ж ах халамцуу байсан бөгөөд гэртээ эхнэрийнхээ хамтаар хоёулхнаа байсан юм. У бид хоёр Ж ахад "танайд энэ хоёр морийг нядлаад авмаар байна, аймаг оруулж зарж банкны мөнгө хийх гэсэн юм" гэж хэлсэн. Тэгтэл Ж ах У бид хоёроос хэний морь юм бэ гэж асуухаар нь У бид хоёр Ж ах болон түүний эхнэрт бид хоёрын өөрсдийн морь" гэж хэлсэн. Тэгээд Ж ах зөвшөөрсөн. У бид хоёр хулгайлсан адууг нэг нэгээр нь хамтдаа хоёулхнаа нядалсан бөгөөд эхлээд хар зүсмийн адууг нядалсан. Бид хоёр адуу нядлахдаа миний гутлын түрийнд явсан дунд зэргийн хар иштэй хутгаар нядалсан юм. Тэгээд У бид хоёр адуу нядлаад эхэлж байтал Ж ах Соёрхол гэх нэртэй 0,75 литрийн нэг шил архи авч ирсэн юм. Тэгээд У бид гурав уг архийг задлаад Ж ах амсчихаад явчихсан. Харин үлдсэн архийг У бид хоёр хулгайлсан адуунуудыг нядлахдаа хувааж уусан юм. Хоёр дахь адуугаа нядалж байхдаа би нутгийн танил дүү Ганзориг луу Уын гар утсаар залгаад “Ж ахынд хүрээд ирээч” гэж дуудсан юм. Би Ж ахад аймгийн төв махтай хамт аваад орох машин сураглаад өг гэж хэлсэн. Ж ах явчихаад эргэж ирээд надад “манай сумын Баавгай буюу Г пургонтайгаа аймаг явах гэж байна. Би та хоёрыг өөрсдийн зардал болон махтай хамтад нь 100.000 төгрөгөнд суулгаж явуулахаар боллоо” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь У бид хоёр хулгайлж нядалсан хоёр адууныхаа толгой, шийрийг ногоон өнгийн шуудайд хийгээд ээлжилж үүрч яваад Ж ахын гэрээс 150-200 орчим метр зайнд байх Тэс сумын төвийн ар талын хогны цэгийн наад захад аваачиж хаясан. Тэгчихээд бид хоёр буцаад ирэхэд миний дуудсан Ганзориг нь нэг машинтай ганцаараа ирсэн бөгөөд Ганзоригийг ирмэгц удалгүй Г ногоон өнгийн пургон машинтайгаа ганцаараа Ж ахынд ирсэн. Тэгээд У, Ж, Г бид дөрөв нядалсан адууны махыг Гын пургоны ар талаар ачсан. ...Бид нар хамт ирсэн залууг буулгачихаад У бид хоёр Улаангом сумын 12-р баг, Онцгой байдлын газраар доошоо эргээд манай сумын танил Нгийн гэрт очсон. Тэгээд би Нтай уулзаад бид хоёр малын мах авч ирлээ, танайд буулгаад хонуулчихаад өглөөдөө зараад авъя гэж хэлсэн. Н зөвшөөрч Гын машинаас У бид хоёр махаа буулгасан юм. Тэгээд Г явсан бөгөөд У бид хоёр Нгийн гэрт хоносон юм.Тэгчихээд маргааш өглөө нь У бид хоёр такси хөлслөөд авч ирсэн 2 адуунь махыг бүгдийг нь ачаад Тэнгис төвийн хажуу талын махны ченжид 1 кг 4000 төгрөгөөр өгсөн бөгөөд нийт 1.150.000 /нэг сая нэг зуун тавин мянга/ төгрөг болсон юм. У бид хоёр тэр мөнгөнөөсөө 100.000 төгрөгийг зах дээр аваачиж Г ахад Тэс сумаас ирсэн зардлын мөнгө гэж өгсөн юм. Тэгээд үлдсэн 1.050.000 төгрөгнөөс У бид хоёр 500.000, 500.000 мянгаар хувааж авцгаасан. Үлдэгдэл 50.001 төгрөгийг нь архи авч хувааж ууж дуусгасан юм. ...Би 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Давст сумын нутаг Хатуугийн адаг гэх нэртэй газар очиж хулгайлсан адууны эзэн гэх П.Ч, Б нартай уулзаж хулгай хийсэн талаараа хэлж уучлалт гуйсан бөгөөд учирсан хохирлыг хэрэг шийдвэрлэж дууссаны дараа хохирогч нарт хохирлыг нь өгөхөөр болсон. Би Утай хамт малын хулгайн гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна” /хх-ийн 122-124 тал/ гэх мэдүүлэг,
шүүгдэгч Р.Уын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр /цагийг нь сайн санахгүй байна/ өөрийнхөө 9 настай, буруу гуяндаа аагт олом тамгатай морьтойгоо ганцаараа Тэс сумын 4-р бригадын ар талын Жирээгийн баруун хөвөө гэх газарт малаа хариулаад хөдөө хээр талд явж байгаад манай сумын харъяат Отай таарсан юм. Тухайн үед О нь халтар зүсмийн морьтой ганцаараа явж байсан. Бид хоёр Жирээгийн хөвөөнд хээр Оын өвөртөө авч явсан 3 шил архинаас Улаанбаатар гэх нэртэй 0,5 литрийн архинаас 1 шилийг нь гаргаж ирж хувааж уусан. ...О нь дахин өвөртөө байсан Улаанбаатар гэх нэртэй 0,5 литрийн нэг шил архийг гаргаж морин дээр явж байхдаа бид хоёр хувааж ууж дуусгасан юм. Тэгээд бид хоёр нэлээд согтоцгоосон бөгөөд ...Хатуугийн адаг гэх газарт нуурын ойролцоо зэргэлдээ хоёр айлын гадна байсан ...хоёр морийг хулгайлахаар болсон. Бид хоёр өөрсдийнхөө морьноосоо буугаад О нь архлаатай хээр морины нарийн цагаан өнгийн олсыг тайлсан, харин би хар зүсмийн сул байсан морь луу очиж барьж авсан. Тэгээд бид хоёр хээр болон хар зүсмийн хоёр морийг туугаад өөрсдийн морин дээр авч ирээд бид хоёр мориндоо мордож хулгайлсан хоёр адуугаа мориороо Хатуугийн адаг гэх газраас буцаад Увс нууран дээгүүр Тэс сумын нутаг руу туусан юм. ...2019 оны 1 дүгээр сарын 27-ны өглөө Тэс сумын төвийн ар дөхөж ирээд ...хоорондоо ярилцаад сумын төвийн ар талаар байдаг Ж буюу Ж гэх айлд очиж Ж ахад танайд хоёр морь гаргаад авмаар байна, хулгайн мал биш өөрсдийн мал, банкны мөнгө хийх гэсэн юм гэж хэлээд тэднийд адуугаа гаргаж аваад махыг нь аймгийн төв руу авч орж заръя гэж тохиролцсон. ...О бид хоёр Ж ахын гэрийн ар талд байх өвсны хашаан дотор хулгайлсан хээр болон хар зүсмийн морийг нядалсан. Бид хоёр адуу нядлахдаа Оын гутлын түрийнд явсан дунд зэргийн хутгаар нядалсан. Тэгээд бид хоёр Ж ахад аймгийн төв махтай хамт аваад орох машин сураглаад өгтөн гэж хэлсэн юм. Тэгээд Ж ах явчихаад эргэж ирээд О бид хоёрт “манай сумын Баавгай буюу Г пургонтайгаа аймаг явах гэж байна. Би та хоёрыг өөрсдийн зардал болон ахтай хамтад нь 100.000 төгрөгөнд суулгаж явуулахаар боллоо” гэж хэлсэн юм. Тэгээд ...Гын пургоны ар талаар нядалсан адуунхаа махыг ачсан. Мах ачиж дуусаад О бид хоёр Гт “бид хоёр хоол цай идчихээд танай гэрт яваад очье” гэж хэлээд явуулсан. Араас нь бид хоёр удалгүй сумын төвд байх Гын гэрт алхаж очоод хашааных нь ар талаас Гыг явъя гэж дуудсан юм. Тэгээд Г нь эхнэртэйгээ хамт гэрээсээ гарч ирсэн. Тэгээд О бид хоёр Гын машинд суусан бөгөөд мөн манай сумын нэг залууг аваад бид тавуулаа Тэс сумаас Улаангом сум руу гарч Улаангом суманд шөнө ирсэн. 2 адууны махыг 1 кг 4000 төгрөгөөр өгсөн, нийт 1.150.000 /нэг сая нэг зуун тавин мянга/ төгрөг болсон юм. Тэгээд бид хоёр тэр мөнгөнөөсөө 100.000 төгрөгийг зах дээр аваачиж Г ахад Тэс сумаас ирсэн зардлын мөнгийг өгсөн юм. Тэгээд үлдсэн 1.050.000 төгрөгнөөс О бид хоёр 500.000 мянгаар хоёр хувааж авцгаасан бөгөөд үлдэгдэл 50.000 төгрөгийг нь архи авч хувааж ууж дуусгасан юм. О бид хоёр хулгайлсан 2 тооны адууны арьсыг Ж ахын өвсний хашаанд үлдээсэн юм. Мөн О нь цэрэг эмээлийг тэнд үлдээсэн. Харин адуу нядалсан хутгаа аваад явсан юм. Би адуу хулгайлахдаа өөрийн модон хар төмөр бүүрэгтэй эмээл, мөн суран хазаар, олом, хөх өнгийн тохом зэргийг мориндоо хэрэглэж явсан бөгөөд би төвд ирсний дараагаар уг эмээлийнхээ тохомыг шатаасан, тэгээд эмээлийнхээ бүүргийг эвдэж авах гэж байсан. Одоо надад уг эмээлийн модон их төмөр бүүрэгтэй эмээлийн рам-1 ширхэг, хазаар-1 ширхэг, олом-1 ширхэг зэрэг зүйлүүд байгаа юм. Би Д.Отай хамт малын хулгайн гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” /хх-ийн 171-173 тал/ гэх мэдүүлэг,
Адуу нядалсан гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, алж нядалсан 2 адууны арьсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Гэрэгэ эстимэйт ХХК-ний 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн “2019 оны 1 дүгээр сарын байдлаар Увс аймгийн Давст суманд 9 настай морины зах зээлийн дундаж үнэ цэнэ 730.000 төгрөг, 6 настай морины зах зээлийн дундаж үнэ цэнэ 680.000 төгрөг болохыг тодорхойлов” гэх УВ/19/23 тоот Бод малын зах зээлийн үнийн тодорхойлолт, хохирлын тооцоо, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналга, эд зүйлс болон битүүмжилсэн эд хөрөнгийн зах зээлийн үнийг тодорхойлсон Гэрэгэ эстимэйт ХХК-ний 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн №09/03/09 тоот шинжээчийн дүгнэлт, Увс финанс-Аудит ХХК-ний 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 91 тоот адууны арьс үнэлсэн тухай тайлан, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйлүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хогны цэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-13, 60, 68-80, 95-106, 107-117, 190-191 тал/ зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Д.О, Р.У нар 2019 оны 1 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Увс аймгийн Давст сумын нутаг, Хатуугийн адаг гэх газарт нутаглаж байсан хохирогч Д.Чгийн 1 тооны, хохирогч Б.Бын 1 тооны адууг тус тус хууль бусаар өмчлөгч нарт мэдэгдэхгүйгээр авч, улмаар 2019 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Тэс сумын нутагт Р.Ж гэх айлын өвсний хашаанд нядалж, махыг нь Улаангом суманд оруулан 1 кг нь 4000 төгрөгөөр зарж борлуулсан болох нь нотлогджээ.
Шүүгдэгч Д.О, Р.У нар дээрх үйлдэлдээ шунахай сэдэлттэй, шууд санаатайгаар нэгдэж оролцсон байх ба өөрсдийн үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүй, хохирогч Д.Ч, Б.Б нарын хулгайд алдсан малын зүс, нас, им тамга зэрэгтэй тохирч байгаа нь хохирогч нарын мэдүүлэг, алж нядалсан 2 адууны арьсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл зэрэг бусад нотлох баримтаар тогтоогдсон тул прокуророос шүүгдэгч Д.О, Р.У нарын хохирогч Д.Ч, Б.Б нарын 2 тооны адуу хулгайлсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, Мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Д.О, Р.У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
“Гэрэгэ Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн УВ/19/23 тоот “Бод малын зах зээлийн үнэлгээний тодорхойлолт”, хохирлын тооцоо /хх-ийн 60, 190-191-р тал/-ыг үндэслэн тооцоход хохирогч Б.Бт 1 тооны бод мал /бор хээр зүсмийн буруу гуяндаа босоо дэгрээ тамгатай зөв ташаандаа ДА цагаан үсэг тамгатай зөв чих нь шуурхай имтэй 6 настай адуу/ буюу 680.000 төгрөгийн, хохирогч П.Чд 1 тооны бод мал /хар зүсмийн имгүй, буруу гуяндаа зэрэгцээ 2 дэгрээ тамгатай, зөв талын ташаан дээр бүдэг ДА гэсэн цагаан үсэг тамгатай 9 настай адуу/ буюу 730.000 төгрөгийн хохирол, хор уршиг тус тус энэ гэмт хэргийн улмаас учирсан, нөхөн төлөгдөөгүй байна.
Шүүгдэгч Д.О, Р.У нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргахгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэж мэдүүлж оролцсон болохыг дурдах нь зүйтэй.
2. Шүүгдэгч Д.О, Р.У нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.О, Р.У нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.О, Р.У нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг нь хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.
Хэрэгт авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 1/205 тоот албан бичиг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Увс аймгийн сум дундын шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоол, 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоол, ялтаны эдлээгүй үлдсэн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллах тухай 2007 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 23 дугаартай шүүгчийн захирамж, 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоол, Тэс сумын Нуур багийн засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 118 дугаартай тодорхойлолт, Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах тухай 113 дугаартай захирамж, зан байдал, засрал хүмүүжлийн тодорхойлолт, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /хх-ийн 132-134, 138-165, 192-195 тал/ бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Д.О нь Тэс сумын Нуур багт ам бүл 3, аав, ээжийн хамт оршин суудаг, хувьдаа тээврийн хэрэгсэл болон хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө байхгүй, урьд өмнө 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 145.3, 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар тус тус гэм буруутайд тооцогдож, ял шийтгэл эдэлж байсан нь тогтоогджээ.
Шүүгдэгч Р.Уын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа газрын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Автотээврийн төвийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 70 дугаартай албан бичиг, Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 1/205 тоот албан бичиг, Тэс сумын Баян-Овоо багийн засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 53 дугаартай тодорхойлолт, 2018 оны мал тооллогын баримт / хх-ийн 132, 179-180, 182, 185, 187, 188 тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Р.У нь Увс аймгийн Тэс сумын Баян-Овоо багт эхнэр, нэг хүүхдийн хамт оршин суудаг, хувьдаа тээврийн хэрэгсэл, хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө байхгүй, өөрийн нэр дээр бог, бод нийлсэн 169 толгой малтай, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй байна.
Шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдоогүй ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.
Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн нөхцөл, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хуулинд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл болон тэдгээрийн хувийн байдалд шүүх дүгнэлт хийж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт зан үйлийг ухамсарлуулж ойлгуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зохистой гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Д.О, Р.У нар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг 1.410.000 төгрөгөөр тогтоогдсон, тодруулбал, хохирогч П.Чд 9 настай морь буюу 730.000 төгрөгийн, хохирогч Б.Бт 6 настай морь буюу 680.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заасан.
Иймд гэмт хэрэг үйлдэхэд уналга болгон ашигласан, хэрэгт битүүмжилсэн /хх-ийн 68-69, 96-99, 101-102, 105-106 тал/ шүүгдэгч Д.Оын эзэмшлийн 800.000 төгрөгийн үнэ бүхий 13 настай хар зүсмийн морь, шүүгдэгч Р.Уын эзэмшлийн 750.000 төгрөгийн үнэ бүхий 9 настай хар зүсмийн морийг тус тус албадан гаргуулж, хохирогч П.Чд 730.000 /9 настай морины зах зээлийн дундаж үнэ/ төгрөгийг, хохирогч Б.Бт 680.000 /6 настай морины зах зээлийн дундаж үнэ/ төгрөгийг /хх-ийн 60 тал/ тус тус хохиролд тооцон олгож, үлдэх 140.000 төгрөгийг улсын орлогод оруулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Мөн мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж буюу 2 тооны адууг нядалж, махыг худалдан борлуулж 1.150.000 төгрөгийн орлого олсон болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болон гэрч Я.Өлзийбаярын мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч Д.О, Р.У нараас гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого 1.150.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлогод шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хутга 1 ширхэг, олс 1 ширхэг, адууны арьс 2 ширхэг, эмээл 2 ширхэг, хазаар 2 ширхэг, олом, тохом тус тус хураагдан ирсэн.
Энэхүү эд мөрийн баримтууд нь худалдан борлуулахад үнэ хүрэхгүй, хуучирч муудсан, хүний хэрэгцээ шаардлагад нийцэхгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан улсын яллагчийн санал, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул эмээл, хазаар, олом, тохомыг эзэмшигч буюу шүүгдэгч Д.О, Р.У нарт буцаан олгож, хутга 1 ширхэг, олс 1 ширхэг, адууны арьс 2 ширхэгийг устгах нь зүйтэй гэж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирол нөхөн төлүүлэх, хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор шүүгдэгч Д.Оын эзэмшлийн Планета 5 загварын улаан өнгийн мотоцикль, шүүгдэгч Р.Уын эзэмшлийн 8 ханатай шалгүй монгол гэр тус тус хэрэгт прокурорын тогтоолоор битүүмжилсэн байгааг хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хугацаанд хэвээр үлдээж байна.
Шүүгдэгч Д.О, Р.У нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан тул шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтсон болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогтой Дгийн О, Ш овогтой Ргийн У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Од 720 /долоон зуун хорин/, шүүгдэгч Р.Ут 420 /дөрвөн зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О, Р.У нарт шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч Д.О, Р.У нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.О, Р.У нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн Д.Оын 13 настай хар зүсмийн 800.000 төгрөгийн үнэ бүхий морь, шүүгдэгч Р.Уын 9 настай хар зүсмийн 750.000 төгрөгийн үнэ бүхий морийг тус тус хурааж, хохирогч П.Чимэдцэрэнд 730.000 төгрөг, хохирогч Б.Бт 680.000 төгрөг тус тус олгож, үлдэх 140.000 төгрөг болон гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1.150.000 төгрөгийг шүүгдэгч Д.О, Р.У нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхэг, олс 1 ширхэг, адууны арьс 2 ширхэгийг тус тус устгуулахаар тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж, эмээл 2 ширхэг, хазаар 2 ширхэг, олом, тохомыг эзэмшигч буюу шүүгдэгч Д.О, Р.У нарт буцаан олгосугай.
7. Хэрэгт шүүгдэгч Д.Оын эзэмшлийн “Планета-5” загварын улаан өнгийн мотоцикль, шүүгдэгч Р.Уын эзэмшлийн 8 ханатай шалгүй монгол гэр битүүмжилсэн прокурорын 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 5/13 тоот тогтоол, 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 5/11 тоот тогтоолыг тус тус хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг биелэгдэж дуусах хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О, Р.У нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА