Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 488

 

 

 

 

 

 

                                      
    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар  
Нэхэмжлэгч: 1986 онд төрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг, Арслан цохионы 10-1 тоотод оршин суух Боржигон овогт Ганбатын Нансалмаа /РД:АГ86121706/-ийн нэхэмжлэлтэй, 
Хариуцагч: 1987 онд төрсөн, Анунгоо ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг, Арслан цохионы 10-1 тоотод оршин суух Боржигон овогт Банзрагчийн Дашням /РД:НЫ87122777-д холбогдох 
Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд:
        Нэхэмжлэгч Г.Нансалмаа,  
        Хариуцагч Б.Дашням,  
        шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Э.Бүрэнтогтох нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Нансалмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Би Б.Дашнямтай 2006 онд анх танилцаж, 2009 онд гэрлэлтээ батлуулсан. 2007 онд охин Д.Жавзмаа төрсөн. 2010 онд Б.Дашням Солонгос улс явснаас хойш хоорондын таарамжгүй харилцаанаас болж тусдаа амьдарч байсан. Бид хоёр тус тусын амьдралтай болоод 7 жил болж байна. Би 2014 оноос н.Мөнхбаатар гэдэг хүнтэй хамт амьдраад 1 хүүхэдтэй болсон байгаа. Ийм учир Б.Дашнямтай цаашид эвлэрч амьдрах боломжгүй. Охин Д.Жавзмаа манай ээжийн асрамжинд байгаа. Хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаан байхгүй. Иймд Б.Дашнямаас гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна гэв.

Хариуцагч Б.Дашням шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.Нансалмаатай 2006 онд анх танилцсан. Тухайн үед амьдралын шаардлагаас болоод би Солонгос улс явсан. Тэрнээс хойш тусдаа амьдарсан. Би охин Д.Жавзмааг хичээлийн амралтаар нь авчирч, юу хэрэгцээтэй байгааг нь авч өгдөг. Охиноо цаашдаа ч харж халамжилна. Би 2012 оноос н.Нандин-Эрдэнэтэй гэр бүл болж 2012 онд том охин Марал-Эрдэнэ, 2014 онд охин Мишээл төрсөн. Г.Нансалмаа бид хоёр хэн хэн нь тусдаа амьдралтай болчихсон, өөр хүнтэй суучихсан учраас гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдээ эцэг хүний хувьд байнга харж хандаж явна гэв.

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан нотлох баримтууд:
    -    Охин Д.Жавзмаагийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, түүнд холбогдох бусад баримт /ХХ-н 3, 9-р тал/,
    - Б.Дашням, Г.Нансалмаа нарын гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-н 8-р тал/, 
    - Б.Дашням, Г.Нансалмаа нарт холбогдох Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р багийн засаг даргын 2016 оны 9-р сарын 6-ны өдрийн 1097, 1098 тоот тодорхойлолтууд /хх-4, 5-р тал/

    Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Нансалмаа нь Б.Дашнямд холбогдуулж гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Б.Дашням, Г.Нансалмаа нар 2009 оны 12-р сарын 30-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2007 оны 12-р сарын 10-ны өдөр охин Д.Жавзмаа төрсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн болон төрсний гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдож байна.
Хариуцагч Б.Дашням нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэгчид гэр бүл цуцлуулах талаар харилцан тохиролцсон мөн нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрч амьдрах боломжгүй, бусадтай хамтран амьдарч хүүхэдтэй болсон гэж тайлбарлаж байх бөгөөд тэдний гэрлэлтийг цуцлахад Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Б.Дашням, Г.Нансалмаа нарын гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “... Гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ” гэж заасан боловч Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1-д “эвлэрүүлэн зуучлал нь талуудын сайн дурын үндсэн дээр хэрэгжихээр” заажээ. Талуудаас эвлэрүүлэн зуучлал хэрэглэх талаар хэн аль хүсэлт гаргаагүй, гэрлэгчдийн тусдаа амьдарч байгаа хугацаа, өөр гэр бүлтэй болсон нөхцөл байдал зэргийг харгалзан үзэхэд эвлэрүүлэн зуучлалын болон гэрлэгчдийг эвлэрлүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй, дээрх арга хэмжээ авсан ч үр дүн гарахгүй болох нь илэрхий байна.
Иймд гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзэв. 
Зохигч нь хүүхдийн асрамж, тэтгэлэг, дундын эд хөрөнгийн талаар маргаагүй бөгөөд энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болохыг дурдвал зохино. 

             Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Боржигон овгийн Банзрагчийн Дашням, Боржигон овгийн Ганбатын Нансалмаа нарын гэрлэлтийг цуцалсугай. 

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Б.Дашнямаас 70 200 төгрөг гаргуулж Г.Нансалмаад олгосугай. 

    3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 


                          ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Т.БАДРАХ