Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/01341

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/01341

 

 

Б.,,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2024/01151 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.,,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,,,,,, ХХК-д холбогдох,

үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 30,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

хадгалалтын зардал 5,900,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.,,,,,,,,,,,,,, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.,,,,,,,,,,,,,,, хариуцагчийн өмгөөлөгч Х.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Нэхэмжлэгч нь 2007 оноос хойш ,,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн өмчлөлийн үйлчилгээний төвийн барилгын 2 давхрын зүүн жигүүрийн 312 м.кв ажлын байрны талбайг, мөн 2015 оноос уг барилгын 1 давхрын баруун жигүүрийн 155 м.кв ажлын байрны талбайг тус тус түрээсэлж, Нобле нэртэй караоке ажиллуулдаг байсан.

Түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болох үед ,,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн зүгээс түрээсийн талбай хоосон байвал үргэлжлүүлэн өөр этгээд түрээслэхэд хэцүү байдаг учраас Нобле караокед хийсэн тохижилт, тоног төхөөрөмжөө бидэнд хүлээлгэн өгч, ашиглуулж байгаач гэсэн саналыг тавьсны дагуу караокены дотор тохижилт, тоног төхөөрөмжийг ,,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн дэд захирал Л.,,,,,,,,,,,д хүлээлгэн өгч акт үйлдсэн. Тус актыг үйлдэхдээ караокены тоног төхөөрөмжийг 30,000,000 төгрөгөөр үнэлсэн.

Ингэснээр 2017 оны 05 дугаар сард түрээсийн гэрээнүүд дуусгавар болсон ч өөр этгээдэд хариуцагч нь тухайн түрээсийн талбайг караокены тохижилт, тоног төхөөрөмжийн хамт 2019 оны 04 дүгээр сар хүртэл түрээслүүлсэн.

Шүүхийн шийдвэрээр түрээсийн гэрээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд уг 30,000,000 төгрөгийн асуудал шийдвэрлэгдээгүй. ,,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн зүгээс караокены тохижилт, тоног төхөөрөмжийг буцаан өгөөгүй, удаа дараа шаардахад хариу өгөөгүй тул караокены тоног төхөөрөмжийн үнэ 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.2. Хариуцагч компанийн зүгээс тухайн эд хөрөнгийг хүлээж авсан акттай маргадаггүй. Тухайн актаар хүлээж авснаа хүлээн зөвшөөрдөг. Мөн дараагийн түрээслэгч нар тухайн эд хөрөнгийг ашиглаад, түрээслээд түрээсийн төлбөрийг хариуцагч компани авч байсан. Иймд тухайн хүлээж авсан тоног төхөөрөмж, эд хогшлыг хаана, хэнд өгөх, н.Чулуунбат гэх хүн ямар байдлаар хадгалсан, хэдэн төгрөгийн хадгалалтын зардалтай байсан нь өөрсдийнх нь асуудал тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэлийг агуулга:

2.1. 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Ажлын байр хүлээлгэн өгөх акт нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдсэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үйлдэгдсэн буюу эвлэрлийн гэрээ байгуулахтай холбоотой үйлдэгдсэн акт болохоос биш тус актад дурдсан зүйлийг 30,000,000 төгрөгөөр хүлээлгэж өглөө гэсэн агуулгатай акт биш юм.

Эд хогшлыг Б.,,,,,,,,,,,,,,гээс авахыг удаа дараа шаардсан боловч хэрэгтэй зүйлсээ аваад, үлдсэнийг нь хаяад явсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.2. Б.,,,,,,,,,,,,,,г эд хогшлоо авахыг удаа дараа шаардсаны эцэст 2019 оны 04 дүгээр сарын 15-18-ны өдрүүдэд гэрэлтүүлэг, чимэглэл, камер, лед хаяг зэргийг буулгаж аваад, үлдэх эд хогшлоо хаяад явсан. Орхисон эд хогшлыг ,,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн хашаанаас иргэн Ё.Чулуунбат ачин өөрийн хашаанд буулгаж, хучин хураасан. Түүний хашаанд хадгалуулсан талбайн хөлс болон хучлага, манааны зардлыг сарын 100,000 төгрөгөөр тохирч хадгалуулсан ба өнөөдрийг хүртэл 59 сарын төлбөр 5,900,000 төгрөгийн зардал гарсныг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,, ХХК-аас 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.,,,,,,,,,,,,,,гийн үндсэн нэхэмжлэл, нэхэмжлэгч Б.,,,,,,,,,,,,,,гээс бусдын эрх ашгийн үүднээс гаргасан зардал болох 5,900,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.,,,,,,,,,,,,,,гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308,000 төгрөг, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,, ХХК-аас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 109,350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Үндэслэлгүй хөрөнгөжсөнтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75.1-т заасны дагуу 10 жил байх бөгөөд нэхэмжлэгч нь энэхүү хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэлээ гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй.

"Ажлын байр хүлээлгэн өгөх акт"-ыг нэхэмжлэгч нь хариуцагч ",,,,,,,,,,,,,,,,," ХХК-д караокены тоног төхөөрөмжийг хүлээлцэн өгөх үедээ үйлдсэн бөгөөд тус тоног төхөөрөмжийг 30,000,000 төгрөгөөр харилцан тохиролцон үнэлсэн талаар актад заасан.

Хариуцагч нь тоног төхөөрөмжийг хүлээн авсан ч буцааж өгөөгүй байхад энэ нөхцөл байдлыг шүүх харгалзан үзээгүй. Мөн нэхэмжлэгч нь өмнөх түрээсийн маргаантай хамтатган караокены тоног төхөөрөмжийн үнэ болох 30,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн талаар шаардлага гаргах эсэх нь түүний эрхийн асуудал.

4.2. 2019 онд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд "Ажлын байр хүлээлгэн өгөх акт"-тай холбоотой асуудлаар маргаагүй, харин түрээсийн төлбөртэй холбоотой асуудлаар маргасан. Өөрөөр хэлбэл, энэхүү маргаан нь шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар маргасан асуудал биш юм.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

"Ажлын байр хүлээлгэн өгөх акт" нь өмнө шүүхээр маргаан шийдвэрлэх үед эвлэрлийн гэрээ байгуулах үүднээс байгуулсан болохоос 30,000,000 төгрөгийн үнэлгээтэй эд зүйл хүлээн аваагүй.

Түрээсийн гэрээ дуусахад үлдээсэн эд зүйлсээс хэрэгтэйгээ нэхэмжлэгч нь ялгаж аваад үлдсэнийг нь хаяад явсан. Түүнээс хариуцагчид аливаа хэлбэрээр эд зүйл хүлээлгэн өгөөгүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Б.,,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,, ХХК-д холбогдуулан 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 5,900,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар баримтыг үнэлээгүй, 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтад хамаарах хүрээг буруу тогтоосон алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэв.

 

3.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2019/02726 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 38 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 001/ХТ2021/01346 дугаар тогтоолоор зохигч талуудын хооронд үүссэн түрээсийн гэрээний маргааныг хянан шийдвэрлэсэн /хх 74-79/.

 

3.2. Дээрх шүүхийн шийдвэрээр Б.,,,,,,,,,,,,,,гээс түрээсийн гэрээний үүрэгт 60,376,884 төгрөг гаргуулж ,,,,,,,,,,,,,,,,, ХХК-д олгосон ба түрээсийн талбайд үлдээсэн эд хөрөнгөтэй холбоотой аливаа маргааныг хянан шийдвэрлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан нэгэнт тогтоогдсон, дахин нотлох шаардлагагүй үйл баримтад хамаарахгүй.

4. Нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр түрээсийн талбайг хүлээлгэн өгснөөс хойш буюу 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр үйлдсэн Ажлын байр хүлээлгэн өгөх акт-аар Б.,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,,, ХХК-нд урьд гэрээний дагуу түрээсэлж байсан талбайд үлдээсэн 30,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий караокены эд хогшил, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ /хх 68/.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгаар тайлбарлан авч үзвэл уг актад нэхэмжлэгчийн хүлээлгэн өгсөн эд хөрөнгийг хариуцагч хүлээж авсан, эд хөрөнгийн үнэлгээг 30,000,000 төгрөгөөр тогтоосон хүсэл зоригийг талууд тодорхой заасан гэж үзнэ.

Мөн актад хариуцагчийг төлөөлж гарын үсэг зурсан Л.,,,,,,,,,,, нь тухайн хуулийн этгээдийг төлөөлж 2007 оны 12 дугаар сарын 07, 2010 оны 12 дугаар сарын 02, 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн түрээсийн гэрээг нэхэмжлэгчтэй байгуулж байсан үйл баримтаас дүгнэхэд хариуцагч байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээд байна. Энэ талаар зохигч талууд маргаагүй.

5. Ажлын байр хүлээлцсэн актыг шүүхэд эвлэрлийн гэрээ байгуулах зорилгоор үйлдсэн гэж байгаа боловч хариуцагч хариу тайлбартаа үнэлгээ, тоо хэмжээний талаар маргасан болохоос нэхэмжлэгч нь түрээсийн талбайд караокены эд хогшил, тоног төхөөрөмж бодитоор үлдээсэн үйл баримтад мараагүй тул дээрх татгалзлыг хүлээн авахгүй.

Энэхүү 30,000,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгөөс нэхэмжлэгч нь зарим хэсгийг авч явсан гэж хариуцагч маргасан ч тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

Мөн актад эд хөрөнгийн үнэлгээг талууд 30,000,000 төгрөгөөр харилцан тохиролцож тусгасан тул энэ үнэлгээг баримталж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагчаас 30,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

7. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх ерөнхий хугацааг арван жилээр тогтоосон ба нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь энэ хугацаанд хамаарч байгааг дурдах нь зүйтэй.

8. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.8 дахь хэсэгт зааснаар 5,900,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч гомдол гаргаагүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын дагуу энэ шийдэлд эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

9. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2024/01151 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,, ХХК-иас 30,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.,,,,,,,,,,,,,,д олгож, нэхэмжлэгч Б.,,,,,,,,,,,,,,д холбогдох 5,900,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 308,000 төгрөг, хариуцагчийн төлсөн 109,350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 307,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,960 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Т.БАДРАХ