| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 129/2016/00522/И |
| Дугаар | 489 |
| Огноо | 2016-09-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 489
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Архангай аймаг, Хайрхан сум, Жарантай багт оршин суух Адуучин овогт Аръяасүрэнгийн Буянхшигийн /РД:АК66022001/-ийн хүсэлттэй
Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдэлд 1981 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1991 оны 12-р сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт бүхий иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтанчимэг,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бүрэнтогтох нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Буянхишиг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... 1981 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1991 оны 12-р сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтанчимэг шүүх хуралдаанд хүсэлтийг дэмжихдээ: А.Буянхишигийн аав Аръяасүрэн нь нэгдлийн аварга тариаланч хүн байсан, А.Буянхшиг нь аавыгаа дагаж нэгдэлд орж ажилласан байдаг. А.Буянхишиг Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдэлд тракторын жолоочоор тасралтгүй ажилласан. А.Буянхишиг хөдөлмөрийн дэвтрээ тухайн үеийн боловсон хүчнээсээ аваагүй гэсэн. Иймээс хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн А.Буянхишигийг 1981 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1991 оны 12-р сарын 30-ны өдөр хүртэл Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү. А.Буянхишиг нь ажилласан байдлаа тогтоолгохоор мэдээлэл лавлагаанд нотлох баримтаа бүрдүүлж үзүүлсэн боловч мэдээлэл лавлагаанаас буцаасан байсан. А.Буянхишигийн ажиллаж байсантай холбоотой шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж гарсан зүйл байхгүй гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч А.Буянхишиг нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч А.Буянхишиг нь Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдэлд 1981 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1991 оны 12-р сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
1. Архангай аймгийн Архивын тасгаас олгосон:
- Аръяасүрэнгийн Буянхшигийн “Хамтын зориг” нэгдэлд 1978 оны 1, 4-6, 8-11, 1980 оны 1-10, 1981 оны 1-7, 10-12, 1984 оны 7-8, 1986 оны 2—6, 8-11, 1987 оны 1-2, 4-9, 1990 оны 1, 4-6, 10-11, 1991 оны 1-2, 5-6, 8-р саруудад ажиллаж авсан цалингийн тодорхойлолт,
2. А.Буянхишигийн ажиллаж байсан байдлын талаар
гэрч Х.Лхавгасүрэнгийн өгсөн ... Би Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдлийн Жарантай бригадад саальчнаар 1975 оноос 1991 оныг хүртэлх хугацаанд тасралтгүй ажилласан. А.Буянхишиг нь 1981 оноос 1991 оныг хүртэл Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдэлд тракторын жолоочоор тасралтгүй ажиллаж байсан. Манай нөхөр Р.Төмөрчөдөр нь “Хамтын зориг” нэгдлийн Жарантай, Өгөөмөр бригадын даргаар 1975 оноос 1991 оныг хүртэлх хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. Нөхөр маань ажилтнуудын цалинг тарааж өгдөг байсан учир Жарантай, Өгөөмөр бригадад ажиллаж байсан хүмүүсийг би танина. А.Буянхишигтэй хамт ажиллаж байсан учир түүний ажиллаж байсан байдлыг нь мэднэ... гэх,
гэрч Б.Пүрвээгийн өгсөн ... Би Архангай аймгийн Хайрхан сумын уурын зууханд цэвэрлэгчээр 1974 оноос 1991 онд нэгдэл хувьчлагдах хүртэлх хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. Манай нөхрийг Д.Доржгочоо гэдэг байсан. А.Буянхишиг нь манай нөхөртэй сайн найзууд байсан учир манайхаар байнга ирдэг байсан. А.Буянхишиг нь 1981 оноос 1991 оныг хүртэл Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдэлд тракторын жолоочоор тасралтгүй ажилласан. Би А.Буянхишигтэй гэр бүлийн найзууд, айл хөрш байсан учир түүний ажиллаж байсан байдлыг нь мэднэ... гэх мэдүүлгүүд.
Иймд хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Адуучин овгийн Аръяасүрэнгийн Буянхишигийн Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдэлд 1981 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1991 оны 12-р сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ