Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/01358

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/01358

 

 

Т.,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2024/02079 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Т.,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,,,, ХК-д холбогдох,

даатгалын нөхөн төлбөрт 95,977,241 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оргил, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сарангоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ",,,,,,,,,,,,," ХК-д Тоёото ланд круйзер прадо-150 маркын маркийн тээврийн хэрэгслийг даатгуулсан.

А.,,,,,,,,,,, нь 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ,,,,,,,,,,,, УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа миний тээврийн хэрэгслийг мөргөж хохирол учруулсан. Дээрх зам тээврийн ослын улмаас учирсан хохирлын үнэлгээг "Бан Хас ХХК нь 95,977,241 төгрөг гэж тогтоосон.

2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ,,,,,,,,,,,,," ХК-д хандаж гэрээнд заасны дагуу даатгалын нөхөн төлбөр олгохыг хүссэн боловч татгалзсан. Даатгалын гэрээг танилцуулах үүргээ биелүүлээгүй атлаа даатгалын гэрээнд заасан эрсдэлүүдийг илт буруугаар мушгин гуйвуулж тайлбарлах замаар нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй тул 95,977,241 төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Даатгуулагч Б.Билэгсайхан болон Т.,,,,,,,,,,,, нар 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр тээврийн хэрэгслийн даатгалын стандарт гэрээ байгуулж, Тоёото ланд круйзер прадо-150 маркын маркийн 36-89 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг даатгуулсан.

Даатгалын гэрээ болон холбогдох баримтуудыг судлан үзсэний үндсэн дээр нөхөн төлбөр олгоогүй. Учир нь, гэрээний 2.8-д "Тээврийн хэрэгсэл зогсоолд байх үед гуравдагч этгээдийн санаандгүй үйлдлийн улмаас учруулсан хохирол: Стандарт багц-0%" гэж заасанчлан тээврийн хэрэгслийг зогсоолд байх үед гуравдагч этгээдээс хохирол учруулах эрсдэл нь стандарт багц бүхий даатгалын гэрээгээр хамгаалагдаагүй эрсдэл.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,, ХК-иас даатгалын нөхөн төлбөр 95,977,241 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.,,,,,,,,,,,,д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн төлсөн 637,836 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,, ХК-иас 637,836 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.,,,,,,,,,,,,д олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн гэрээнд даатгуулагч Т.,,,,,,,,,,,,ийн нэр бичигдсэн боловч гарын үсэг зурагдаагүй, мөн хамтран даатгуулагч Б.Билэгсайханы нэр болон гарын үсэг зурж гэрээг баталгаажуулаагүй, огноо тэмдэглэгдээгүй байхад шүүх тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Даатгуулагчийн тээврийн хэрэгсэл нь зогсоол дээр замын хөдөлгөөнд оролцоогүй зогсож байх үед замын хөдөлгөөнд оролцож буй этгээд даатгалын зүйлийг мөргөж, зам тээврийн осол гаргасан байхад ялгамжтай хандахгүйгээр зам тээврийн осол гэж тогтоож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй.

Т.,,,,,,,,,,,,, Б.Билэгсайхан нар нь даатгуулагчийн санал болгосон гурван багцын хамгийн бага эрсдэлийг даатгадаг, хураамж бага төлдөг, бусдын санаандгүй үйлдлээс учирсан хохиролд 0 хувийн нөхөн төлбөр олгох стандарт багцыг сонгосон.

Бид нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул үнэлгээний талаар маргаагүй ч нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдааны явцад тээврийн хэрэгслийг дахин засварласан бодит зардал нь 59,000,000 төгрөг болсон гэж дурдсан болно.

4.2. Хан-Уул дүүргийн анхан шатны шүүх Т.,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй А.,,,,,,,,,,,д холбогдох 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн захирамж, шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамж авагдсан байхад шүүх үнэлээгүй.

Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнд дурдсанаар хамтран даатгуулагч хэсэгт Т.,,,,,,,,,,,,, Б.Билэгсайхан гэж тэмдэглэжээ. Гэвч шүүхэд нэхэмжлэл дангаараа Т.,,,,,,,,,,,, гаргасан бөгөөд Б.Билэгсайханаас итгэмжлэл олгоогүй.

Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 6.7 дахь заалтад Монголын Олон Улсын Арбитраар шийдвэрлүүлэхээр заасныг шүүх анхаараагүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдсон. Тухайн осол нь замын хөдөлгөөний үед болсон осолд хамаарах тул даатгалын нөхөн төлбөр авах ёстой байсан. Хохирлын хэмжээ үнэлгээгээр тогтоогдсон. Т.,,,,,,,,,,,, нь Б.Билэгсайханаас итгэмжлэл авах шаардлагагүй. Арбитрын харьяалал дээр хариуцагч маргаж байгаагүй.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Т.,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,, ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 95,977,241 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

3. Т.,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,, ББСБ ХХК-тай автомашины зээлийн гэрээ байгуулахдаа 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ,,,,,,,,,,,,, ХК-тай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж, өөрийн эзэмшлийн 3689 УБЕ улсын дугаартай, Тоёото ланд круйзер прадо-150 маркын тээврийн хэрэгслийг 1 жилийн хугацаатайгаар стандарт нөхцөлөөр даатгуулж, хураамж 1,408,000 төгрөгийг төлсөн байна.

Хариуцагчийн зүгээс даатгалын гэрээ байгуулагдаагүй гэж буй боловч Т.,,,,,,,,,,,, нь тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний загвар маягтаар хураамжийг төлсөн баримт авагдсан, түүнчлэн даатгагч нь даатгалын үйл ажиллагааны чиглэлд мэргэшсэн аж ахуй эрхлэгчийн хувьд гэрээнд хэрэглэгчээр гарын үсэг зуруулах, гэрээний нөхцөл, даатгасан эрсдэлийн төрлийг танилцуулах үүрэгтэй тул энэ талаарх татгалзал үндэслэлгүй.

 

3.1. 2023 оны 07 сарын 03-ны өдрийн 16 цагийн орчим даатгалын зүйл болох 3689 УБЕ улсын дугаартай, Тоёото ланд круйзер прадо-150 маркын тээврийн хэрэгслийг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Говийн зам дагуу байрлах зогсоол дээр байх үед иргэн А.,,,,,,,,,,, нь 3466 УБЦ улсын дугаартай Тоёота хааяс маркын тээврийн хэрэгслийг жолоодож зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо мөргөж зам тээврийн осол гаргасан.

Үүнээс болж даатгалын зүйлд учирсан хохирлын хэмжээг Бан хас ХХК 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 95,977,241 төгрөгөөр тогтоосон.

 

3.2. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоосон.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

4.1. Т.,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,, ББСБ ХХК-тай автомашины зээлийн болон фидуцийн гэрээг байгуулсан, мөн даатгалын гэрээний хураамжийг төлсөн, түүний нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ шилжүүлэх хүсэлтийг ,,,,,,,,,,, ББСБ ХХК гаргаж байсан зэргээр тэрээр 3689 УБЕ улсын дугаартай, Тоёото ланд круйзер прадо-150 маркын суудлын тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрийг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн гэрээний дагуу шаардах эрхтэй.

 

4.2. 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр даатгалын гэрээ байгуулсан боловч даатгагч нь бичгээр байгуулсан гэрээг даатгуулагчид хүлээлгэн өгөөгүй тул даатгалын зуучлагч болох ,,,,,,,,,,, ББСБ ХХК-ийн ,,,,,,,,,,,,, ХК-тай байгуулсан СОА/01-16-2022, СОА/01-24-2023 тоот гэрээний нөхцөлөөр анхан шатны шүүх зохигчийн байгуулсан даатгалын гэрээний нөхцөлийг тайлбарлан хэрэглэсэн нь үндэслэлтэй болсон байна.

 

4.3. А.,,,,,,,,,,, нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг аваагүйн улмаас нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийг мөргөж осол гаргасан үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар хариуцлага хүлээсэн.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учирсан байхыг ойлгоно гэж заасан.

А.,,,,,,,,,,,гийн замын хөдөлгөөнд оролцож байхдаа гаргасан зөрчлийн улмаас нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэл зам тээврийн осолд орсон нь даатгалын гэрээний эрсдэл заасан нөхцөлийн 1 дэх хэсэгт зааснаар 100% даатгагдсан даатгалын тохиолдолд хамаарч байна.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч нь даатгалын нөхөн төлбөрийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт нийцсэн.

 

4.4. Харин хэрэгт авагдсан баримтаар Бан хас ХХК тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэмжээг 95,977,241 төгрөгөөр тогтоосон байх боловч анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 59,329,257 төгрөгийн зардлыг тээврийн хэрэгслийг засварлуулахад гаргасан гэж удаа дараалан тайлбарласан байна.

Өөрөөр хэлбэл, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.4.3-т зааснаар даатгалын нөхөн төлбөр нь тухайн тээврийн хэрэгсэлд учирсан бодит хохирлын хэмжээгээр тооцогдох ёстой тул нэхэмжлэгчийн бодитоор гаргасан зардал 59,329,257 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийг хангах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцнэ.

Үүнтэй холбогдуулан тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулна.

 

5. Дараах үндэслэлээр гаргасан гомдлыг хангахгүй.

 

5.1. Т.,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй А.,,,,,,,,,,,д холбогдох гэм хорын хохирол гаргуулах тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд явагдаж буй баримт хэрэгт авагдсан.

Гэхдээ энэ нь даатгалын гэрээний нөхөн төлбөрийг шаардсан энэ нэхэмжлэлийг шүүх хянан шийдвэрлэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үр дагаврыг үүсгэхгүй.

 

5.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь Арбитрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар арбитрын журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй тул хэргийн харьялал зөрчигдсөн гэх гомдол үндэслэлгүй.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2024/02079 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,, ХК-иас 59,329,257 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.,,,,,,,,,,,,д олгож, нэхэмжлэлээс 36,647,984 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтад 56.1 гэснийг 56.2, 637,836 гэснийг 454,596 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 637,840 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Т.БАДРАХ