| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 129/2016/00475/И |
| Дугаар | 480 |
| Огноо | 2016-09-02 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 480
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Хайрхан сумын Жаргалант багт оршин суух Боржигон овгийн Саруултуяагийн Должинсүрэн /РД:АЮ89100362/-ийн хүсэлттэй
Г.Хатанбаатартай хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч С.Оюунчимэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Должинсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Миний нөхөр Г.Хатанбаатар нь 2016 оны 7-р сарын 2-нд зүрхний өвчний улмаас нас барсан. Г.Хатанбаатар бид 2 албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан юм. Охин Сарантуяагийн төрсний гэрчилгээ болон бусад нотлох баримтуудыг үндэслэн намайг Г.Хатанбаатартай хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч С.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Должинсүрэн, манай хүү Г.Хатанбаатар нар нь 2010 оны 9-р сарын 20-ны өдрөөс хойш 6 жил хамт амьдраад хүү маань нас барсан. Г.Хатанбаатар өмнө нь өөр хүнтэй амьдарч байгаад гэрлэлтээ цуцлуулаагүй байхад охин Сарантуяа нь төрсөн учраас эх Должинсүрэнгээр овоглосон. Д.Сарантуяа нь Г.Хатанбаатарын хүүхэд мөн. С.Должинсүрэн манай хүүтэй хамт амьдрахаас өмнө өөр хүнтэй амьдарч байсан талаар сураг сонссон. Гэр бүлээ батлуулчихсан байсныг нь өнөөдөр лавлагаа аваад мэдсэн. Хүүхдэд нь тэтгэмж авахын тул Г.Хатанбаатар, С.Должинсүрэн нарыг хамт амьдарч байсныг тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Г.Хатанбаатар, С.Должинсүрэн нарыг 2010 оны 9-р сарын 20-ны өдрөөс Г.Хатанбаатарыг нас барах хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр заасан тул нэхэмжлэгч С.Должинсүрэн нь Г.Хатанбаатартай хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй. Учир нь хамтын амьдралтай байсныг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үр дагаварыг өөртөө агуулж байна.
С.Должинсүрэн нь Г.Хатанбаатартай 2010 оноос 2016 оны 7-р сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд хамтран амьдарч байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
1. Архангай аймгийн Улсын бүртгэл, статистикийн газраас ирүүлсэн
- С.Оюунчимэг /РД:АК56060105/, Г.Хатанбаатар /РД:АК81011918/ нарын төрөл садангийн лавлагаа,
- Г.Хатанбаатар /РД:АК81011918/, П.Энхбат /РД:ИЖ83102301/ нарын гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа,
- Д.Хишигбадрах, С.Должинсүрэн нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
2. Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн Засаг даргын 2016 оны 7-р сарын 28-ны өдрийн 183 тоот, 8-р сарын 22-ны өдрийн а/196 тоот ... Г.Хатанбаатар, С.Должинсүрэн нар нь 2010 онд гэр бүл болж ... байсан талаарх албан бичгүүд,
3. Г.Хатанбаатарын /РД:АК81011918/ нас барсны бүртгэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
4. Д.Сарантуяагийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
5. Хаан банк ХХК болон Г.Хатанбаатар, С.Должинсүрэн нарын хооронд 2015 оны 12-р сарын 4-ний өдөр байгуулсан, 155 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
6. Архангай аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн 2016 оны 9 сарын 2-ны өдрийн ... Г.Хатанбаатар нь өрхийн амьжиргааны түвшинг тодохойлох судалгаанд 2013 оны 12-р сарын 6-ны өдөр эхнэр Саруултуяагийн Должинсүрэн, охин Должинсүрэнгийн Сарантуяа нарын хамт хамрагдаж амьжиргааны түвшний 6-р бүлэгт багтсан ... болохыг тодорхойлсон 262 тоот албан бичиг,
7. Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр /эх хувиар/.
Иймд хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэрээр С.Должинсүрэн, Г.Хатанбаатар нарын хамтын амьдралтай байсныг тогтоож байгаа нь тэдгээрийн иргэний бүртгэлд бүртгэгдсэн бусад бүртгэлийг дуусгавар болгосон, цуцалсан асуудал биш бөгөөд харин С.Должинсүрэн нь 2010 оноос 2016 оны 7-р сарын 2-ны өдөр хүртэл хугацаанд Г.Хатанбаатартай хамт амьдарч байсан гэх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тухайн цаг хугацаанд болсон байна гэдгийг хуульд заасан журмын хүрээнд тогтоож байгаа болохыг дурдвал зохино.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Заан овгийн Гөөлийгийн Хатанбаатар /РД:АК81011918/, Боржигон овгийн Саруултуяагийн Должинсүрэн /РД:АЮ89100362/ нарыг 2010 оноос 2016 оны 7-р сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ