Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/01359

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/01359

 

 

Ц.,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШШ2024/01860 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ц.,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.,,,,,,,,,,,,, Б.,,,,,,,,,,, нарт холбогдох,

1,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2,060,842 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж, 3 сарын хөлс 3,900,000 төгрөг, барьцаа 1,000,000 төгрөгийн хамт 4,900,000 төгрөгийг төлсөн. Гэвч тухай байр халаалт маш муугаас бага насны хүүхэдтэй байхад ихээхэн хүндрэлтэй, мөн суултуур байнга бөглөрч энэ талаар хариуцагчид мэдэгдэхэд огт арга хэмжээ авахгүй байсан тул харилцан тохиролцож, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр орон сууцыг чөлөөлж гэрээг цуцалсан.

Харин хариуцагч нь барьцаа 1,000,000 төгрөгийг удахгүй өгнө гэсээр өнөөдрийг хүртэл өгөөгүй. Иймд хариуцагчаас 1,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.2. Уг орон сууц нь хуучин байр байсан учраас элэгдэлд орсон байсан. Нэхэмжлэгч энэ байранд 1 сар 9 хоногийн хугацаанд амьдарсан. Хариуцагч нь шаардлагаа баримтаар нотлоогүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:

2.1. Гэрээн дээр нэмэлтээр тусгагдаагүй нөхцөл болох хөлслөгч талын санаачлагаар гэрээний хугацаанаас өмнө түрүүлж гарвал дэнчинд байршуулсан мөнгийг буцаан авахгүй байх зэргээр тохиролцож 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр орон сууцыг түрээсэлсэн.

Нэхэмжлэгчийг амьдарч байх хугацаанд түүний ээж нь нас барсан. Тухайн байранд ажил явдлыг зохион байгуулж олон хүн цугларч нойлын почкиг эвдэлсэн байсан. Нэхэмжлэгч энэ төлбөрүүдээ төлөөгүй, түлхүүр хүлээлгэж өгөөгүй. Нэхэмжлэгчийг явсны дараа хаалганы бариул сольж нойлын почки шинээр суурилуулсан. Нийтдээ 1,100,000 төгрөгийн төлбөр надаас гарсан. Тиймээс нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

2.2. Түрээслэгчийг амьдарч байх хугацаандаа төлөөгүй үлдээсэн 215,842.44 төгрөгийн байр, СӨХ, цахилгааны төлбөрийг төлсөн. Тухайн байрны почки, суултуурыг эвдэлж шинээр солихоос аргагүйд хүргэсэн, хаалганы цоож сольсон. Энэ төлбөр болон ашиглалтын зардлууд нь нийтдээ 1,100,000 төгрөг болсон.

Нийтдээ төлөгдөөгүй төлбөрүүд болон ашиглалтын зардалд 1,100,000 төгрөг дээр дэнчингийн мөнгө, нийт 2,060,944 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.,,,,,,,,,,оос хариуцагч Б.,,,,,,,,,,,,, Б.,,,,,,,,,,, нарт холбогдуулан гаргасан 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч нараас нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан 2,060,842.44 төгрөгийг гаргуулах тухай сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 28,550 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 47,923 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Ашиглалтын зардал 295,842 төгрөг төлөгдөөгүй талаарх нотлох баримт хэрэгт авагдсан ба нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосон талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг тухайн орон сууцанд аль хэсэгт ямар хэмжээний ердийн хэмжээг давсан элэгдэл хорогдол учруулсан талаар огт дүгнэлт хийгээгүй. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 704,158 төгрөгийг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч тал оролцоогүй, гомдолд тайлбар ирүүлээгүй.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Ц.,,,,,,,,,,о нь хариуцагч Б.,,,,,,,,,,,,, Б.,,,,,,,,,,, нарт холбогдуулан 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, 2,060,842 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн гэрээгээр хариуцагч тал өөрсдийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25-р хороо, 13-р хороолол /13374/ Манлайбаатар Дамдинсүрэн гудамж, ,,,,,,,,,,, байр, ,,,,,,,, тоот хаягт байрлах 70.63 м.кв талбайтай, 3 өрөө гал тогооны тавилгатай орон сууцыг 1 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шилжүүлэн өгөхөөр, нэхэмжлэгч нь сарын 1,300,000 төгрөгийн хөлсийг, мөн дэнчин 1,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Нэхэмжлэгч нь дэнчин гэж 1,000,000 төгрөгийг хариуцагч талд төлсөн, улмаар зохигч нь харилцан тохиролцсоны дагуу гэрээнээс татгалзаж, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр орон сууцыг буцааж хүлээлцсэн.

Энэ үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

3.1. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

3.2. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг буцаан өгөх үүрэгтэй гэж заасан.

Үүний дагуу нэхэмжлэгч нь дэнчин гэж шилжүүлсэн 1,000,000 төгрөгөө буцаан шаардахад хариуцагч нь байр, СӨХ, тог, ус, дулааны төлбөр 215,842.44 төгрөг төлөгдөөгүй, ариун цэврийн өрөөний суултуур эвдсэнийг шинээр сольсны зардал 665,000 төгрөг, хаалганы цоож солиулсны зардал 180,000 төгрөг болсон гэж маргасан.

 

3.3. Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2, 288.2.3-т зааснаар хөлслүүлэгч нь хөлслөгч үүргээ биелүүлээгүй, эд хөрөнгөд нь эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд учирсан хохирлыг шаардах эрхтэй ч хөлслөгчийн учруулсан хохирол, буруутай үйлдлийг нотлох үүрэгтэй.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь орон сууц ашиглалтын зардалд 295,842 төгрөг төлөөгүй болох нь тогтоогдсон, харин нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж ариун цэврийн өрөөний суултуур болон хаалганы цоож эвдэрсэн, үүнийг хариуцагч тал засварлаж сольсон гэх үйл баримт нотлогдоогүй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй, нотлох баримтын хуваарилалтыг буруу хуваарилсан байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч тал нь хөлслөгчөөс орон сууцыг буцаан авах үед анх хүлээлгэж өгсөн байдлаас ердийн элэгдлээс илүү муутгасан, гэмтээсэн болохыг нотлох ёстой.

 

3.4. Иймд нэхэмжлэгчийн төлөх ёстой орон сууц ашиглалтын зардал 295,842 төгрөгийг хариуцагч тал төлснийг хасч тооцон үлдэх 704,158 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцнэ.

 

4. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч тал гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын дагуу үүнд дэлгэрэнгүй эрх зүйн дүгнэлт өгөхгүй орхив.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШШ2024/01860 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.,,,,,,,,,,,,, Б.,,,,,,,,,,, нараас 704,158 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.,,,,,,,,,,од олгож,

нэхэмжлэлээс 295,842 төгрөг гаргуулах хэсэг болон нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан 2,060,842 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.,,,,,,,,,,,,, Б.,,,,,,,,,,, нарын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 28,550 төгрөг, хариуцагч нараас төлсөн 47,923 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 21,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Т.БАДРАХ