Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2019/ШЦТ/56

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ,

улсын яллагч Б.Батбаяр,

хохирогч А.Б,

шүүгдэгч М.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:  

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт М.Дд холбогдох эрүүгийн 1907001370048 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй,*******, ******* ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ********** дугаартай, ******* овогт М.Д.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч М.Д нь 2019 оны 3 дугаар сарын 12-ны шөнө согтуугаар ******* тоотод өөрийн гэртээ эхнэр болох А.Бтэй маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Ды шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр аймгаас манай худ хагалгаанд орох гээд ирсэн байсан. Би тэр хүнийг хотоос эмнэлгээс гаргаж авсан бөгөөд гэрт ирээд хамт жаахан архи ууцгаасан. Дараа нь дахин гадагшаа гарч явахдаа гудамжинд хэдэн хүмүүстэй таараад дахин нэг шил архи хувааж уусан бөгөөд гэрт буцаж ирэхэд бид хоёрын дунд жаахан маргаан үүсээд би цохьчихсон. Би согтсон байсан учраас хэдэн хатуу үг хэлснээс болж манай эхнэр миний өөдөөс сөргөөцөлдсөн юм шиг байгаа юм. Би эхнэрийгээ баруун гараараа хоёр удаа цохисон гэж бодож байна” гэх мэдүүлэг,

Хохирогч А.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр аймгаас манай худ хагалгаанд орох гээд ирсэн байсан. Манай нөхөр худын авчирсан 1 шил архинаас 2 татсан. Манай нөхөр байнга утас оролддог болохоор нь би зочин ирчихээд байхад юм яриад суугаач гэж хэлээд маргалдахдаа би зайл гээд хэлчихсэн чинь зайлсан ч яадаг юм гэж хэлээд гараад явсан. Манай нөхөр орж ирэхэд нь би дахин маргалдаад үхсэн баас гээд хэлчихсэн юм. Манай ёсонд үхсэн баас гэж хэлэх ёсгүй байдаг. Тэгээд манай нөхөр миний талийгаач аавын үхсэнийг хэлэх чи юу юм бэ гэж хэлээд миний нүүрэн лүү 2-3 удаа цохиход нь би их айгаад хүргэний гэрт ороод цагдаа дуудуулсан. Дараа нь бид хоёр нэг нэгнээсээ уучлалт гуйсан” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч М.Ды мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр миний бие ******* тоотод гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр А.Бийн биед үүссэн гэмтлийг учруулсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 27-29 дүгээр тал/

Хохирогч А.Бийн мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ******* тоотод манайх байдаг юм. Манай нөхөр М.Д нь тухайн өдөр гадуур явж байгаад гэртээ орж ирэхдээ гаднаас нэлээн согтуу орж ирсэн юм. Тухайн үед манайд манай худ болох А аймгаас ирсэн байсан юм. Тэгээд манай нөхөр гаднаас хүн орж ирчихээд байхад тоохгүй утсаа оролдоод суугаад байхаар нь “чи наад утсаа боль, энэ ирсэн хүмүүстэй сайхан ярилц” гэж хэлтэл “охин чинь өөрөө утсаа тасалсан” гээд над руу гар утсаа ширээн дээр шидэж өгсөн. Тэгээд би тэр гар утсаар ярих гэтэл унтарсан байсан болохоор “зайлаач энэ ирсэн хүмүүсээс ичээч” гээд хэлтэл “зайлсан ч яадаг юм” гэж хэлээд манай нөхөр гараад явсан. Нөхрийгөө гарч явснаас хойш арваад минутын дараа залгатал холбогдох боломжгүй байсан. Тэгээд манай нөхөр шөнө гаднаас орж ирээд нар руу юу хэлж байгаа нь мэдэгдэхгүй байхаар нь “үхсэн баас” гээд хэлтэл миний араас цаад өрөөнд хөөж орж ирээд толгойноос үсдээд баруун гараараа 4-5 удаа цохисон. Тэгээд би хажууд байх манай хүргэн Содбаярынд ороод эмнэлэг болон цагдаа дуудсан.

...Манай ёсонд талийгаач болсон хүнийг үхсэн баас гэж хэлэх ёсгүй байдаг.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 10-12 дугаар тал/

 

Гэрч К.Аы мөрдөн байцаалтад өгсөн “...Би гал тогооны өрөөнд сууж байсан чинь тэр 2 маргалдаад М.Д нь цохисон бололтой эхнэр нь болох А.Б нь нүүрээ дараад гараад ирсэн. Хамраас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 08 дугаар тал/

 

          Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №86 дугаар:

  1. “А.Бийн биед нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт,

/хх-ийн 19 дүгээр тал/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 30 дугаар тал/,

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 41 дүгээр тал/,

 

Нийслэлийн *******ны тодорхойлолт,

/хх-ийн 39 дүгээр тал/

 

          Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл,

          /хх-ийн 37 дугаар тал/,

 

          Мөрдөгчийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн тогтоол,

          /хх-ийн 38 дугаар тал/,

 

          Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд,

          /хх-ийн 43-51 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий яллагдагч болон шүүгдэгч,  хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гэм буруугийн талаар              

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

Шүүгдэгч М.Д нь 2019 оны 3 дугаар сарын 12-ны шөнө ******* тоот өөрийн гэртээ согтууруулах ундаа хэргэлсэн үедээ эхнэр А.Бийг “үхсэн баас гэж  талийгаач аавын нэрийг хөндлөө” гэх шалтгаанаар түүнийг баруун гараар цохих зэргээр зодож нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн шүүгдэгч М.Ды өгсөн “...2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр миний бие ******* тоотод гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр А.Бийн биед үүссэн гэмтлийг учруулсан...” гэх,

хохирогч А.Бийн “...миний нүүрэн лүү 2-3 удаа цохиход нь би их айгаад хүргэний гэрт ороод цагдаа дуудуулсан...” гэх,  

гэрч Х.Аы “...тэр 2 маргалдаад М.Д нь цохисон бололтой эхнэр нь болох А.Б нь нүүрээ дараад гараад ирсэн...” гэх мэдүүлгүүд болон Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн №08шэ/162 дугаар дүгнэлт /хх-19/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Улсын яллагчаас: “Шүүгдэгч М.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна.” гэх,

Өөрий өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгч: “Би өөрт тохирсон ялаа аваад явна гэж бодож байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргажээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан М.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд М.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөг торгох ял оногдуулж, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх нь зүйтэй  гэж шүүх үзэв.  

 

Бусад асуудлаар

 

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт “...хохирол төлбөр нэхэмжлэхгүй...” гэж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгч М.Дыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч М.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. ******* овогт М.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Дд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Дд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан М.Дд мэдэгдсүгэй.
  5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, М.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                             

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ