Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 0408

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                  

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба  

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл

Шүүгдэгч П.С нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Сид холбогдох эрүүгийн 1725004370482 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Боржигон овгийн П.С, Монгол Улсын иргэн, Орхон аймагт төрсөн, 69 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 1,

 

  1. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

  Шүүгдэгч П.С нь 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 38-02 тоотод гэртээ Д.Туяаг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Д.Туяагийн ... “Хэрэг гардаг өдөр Санжаадорж Гомботой хэрүүл маргаан хийгээд байхаар нь чи хол замд явах гэж байж битгий хэрүүл хийгээд бай гэж хэлэхэд Санжаадорж намайг түлхэж газар унагаагаад миний зүүн гарын бугалага хэсэг дээр нэг удаа дэвссэн. Би газар уначихаад босоод ирэхэд миний зүүн гарын бугалага хэсэг шажигнаад зүүн гарын шуу тэр чигтээ хавдсан. Санжаадоржийг чи миний гарыг хугалчихлаа гэхэд дуугарах дуугүй байгаад байсан. Манай хүү Сүхбаатар, түүний найз Шаргиа нар Сэлэнгэ аймаг явах гээд вагоны билет бичүүлэх гээд явсан байсан. Би хүү Сүхбаатар руу утсаар залгаад ээж нь гараа гэмтээчихлээ гэхэд өө та гараа гэмтээчихсэн юм бол та яаж самарт явдаг юм гэж хэлээд яваад өгсөн. Би гараа хугалуулчихаад өөрийн төрсөн дүү Байгалмаад Санжаадорж миний гарыг дэвсээд хугалчихлаа гэхэд Байгаль Санжаадоржийг загнаж та яаж байгаа юм, энэ хүний амьдралаар тоглож дуусахгүй байна уу гэж загнаж байсан. Санжаадорж тэр орой гэрээс гарч яваад тэр чигтээ гэрт эргэж ирээгүй. Би одоо болтол Санжаадоржтой уулзаагүй. Сүхбаатар тэр өдөр намайг цохиж зодоогүй. Хэрүүл маргаан болохоос өмнө Шаргиа, Сүхбаатар хоёр түрүүлээд явсан. Одоо миний зүүн гарын бугалага хэсэг муруйж эдгэсэн”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 8-13-р хуудас/

2. Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 989 дугаартай ... “Д.Туяагийн биед зүүн гарын шуу болон богтос ясны далд хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсчээ. Уг гэмтэл нь хатуу зүйлийн, нэг удаагийн, шууд хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. Зүүн гарын шуу болон богтос ясны далд хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. шинэ гэмтлүүд байна”... гэсэн дүгнэлт /хх-ийн 15-р хуудас/,

3. Гэрч Г.Булган-Эрдэний ... "2017 оны 11 сарын 23- ны өглөө Туяа эгч манайд хүрч ирээд өнөөдөр бүгдээрээ самранд явна, эд зүйлээ бэлдээрэй гэж хэлээд явсан. Тэгээд үдээс хойш би хөнжил гудасаа аваад Туяа эгчийн гэрт очиход тэднийд Туяа эгч, түүний хүү Сүхбаатар, Буян-Эрдэнэ, Баярмаа эд нар 1 шил 0,75 граммийн Стандарт архи хувааж ууж байсан. Удалгүй гаднаас Санжаадорж ах орж ирээд та нар самаранд явахад бэлэн үү, юм хумаа бэлдсэн биз дээ гэж хэлсэн. Тэгээд би Туяа эгчийн гэрээс гараад гэртээ харьчихаад охиноо дагуулаад буцаж ирээд Туяа эгчээс 5000 төгрөг авч өгчихөөд явуулсан. Тэгтэл гаднаас Санжаадорж ах 1 шил 0,5 граммийн архи авч орж ирээд тэр архийг нь бид нар хувааж ууж байхад Сүхбаатар, Энхмөнх хоёр түрүүлээд билет бичүүлнэ гэж хэлээд гараад явсан. Гэрт Санжаадорж, Баярмаа, Буян- Эрдэнэ бид нар үлдсэн архи хувааж уугаад үлдсэн. Тэгтэл Буян-Эрдэнэ буюу /Буяа/ намайг эхнэр Баярмаатай хардаад уурлаад сууж байгаад над руу Гомбоо яагаад байгаа юм бэ гэж хэлээд эхнэр Баярмаа луу уурлаад байсан. Тэгтэл хажуу талаас Туяа эгч согтуу босож ирээд хөөе Гомбоо чи юу болоод байгаа юм бэ, битгий маяглаад байгаарай, хол явах гэж байгаа хүмүүс битгий хэрүүл уруул хийгээд бай гээд зогсож байхад нь хажуу талаас Санжаадорж ах Туяа эгчийг чи хол бай, чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд арагш нь түлхэж газар унагаагаад зүүн гаран дээр нь хөлөөрөө нэг удаа дэвсчихсэн. Тэгтэл Туяа эгч Санжаадорж ахад хандаж чи миний гаран дээр гишгэчихлээ шүү дээ гээд ёо ёо гэж хэлээд босож ирээд орон дээр хэвтсэн”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18-19, 32-33-р хуудас/

4. Гэрч Г.Батдоржийн... "Миний санаж байгаагаар Туяа эгч самранд явна гэж ярьж байснаа явахаа больчихсон байсан. Тэгээд маргааш нь манайд орж ирээд ус гуйх гээд орж ирээд би гараа гэмтээчихлээ гэж хэлэхээр нь яагаад гараа гэмтээсэн талаар асуухад Санжаа намайг түлхэж унагаагаад гар гэмтээчихсэн гэж ярьж байсан. Өөрөө алга больчихсон гэр орондоо ирэхгүй байна гэж ярьж байсан”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 27-р хуудас/,

5. Гэрч Д.Байгальмаагийн... ”Би энэ хэргийн талаар маргааш нь буюу 2017 оны 11 сарын 24-ний орой мэдсэн. Энэ хэрэг гардаг өдөр Санжаадорж, Туяа хоёр гэртээ архидаад согтуу байсныг нь мэдсэн боловч гэрт нь ороогүй. Маргааш орой нь Туяа эгчийн гэр лүү ортол Туяа эгч зүүн гараа барьчихсан сууж байхаар нь гараа яачихсан юм бэ гэж асуутал Туяа эгч Санжаадорж өчигдөр намайг түлхэж унагаагаад гарыг маань цохьсон гэж хэлсэн. Тэгэхээр нь уур хүрээд яахаараа та хоёр дандаа архи уудаг юм бэ, хохь чинь гэж хэлээд гэрээс нь гараад явсан. Тэгээд 2-3 хоног Туяа эгч гараа хар цайгаар шавшаад яваад байхаар нь наад гарныхаа зургийг авахуулаач гэж хэлтэл Туяа өөрөө гарынхаа зургийг авахуулаад гараа шохойдуулсан байсан”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 28-29, 35-р хуудас/

6. Гэрч Э.Энхмөнхийн... "Миний нэрийг Энхтуяа овогтой Энхмөнх гэдэг юм. Найз нөхдийн маань хүрээнд намайг Шаргиа гэж дууддаг. 2017 оны 11 сарын 23-ны өглөө 10 цаг өнгөрч байхад Сүхбаатар, ээж Туяагийн хамт манайд ирээд намайг хамт Зүүн хараа руу самранд явах уу гэж асуухаар нь надад мөнгө төгрөг алга гэж хэлтэл цаанаас нь самрын ченж зардал мөнгө төгрөг явуулна гэсэн гэж хэлэхээр нь хамт явахаар болсон. Тэгтэл Туяа эгч чи Санжаа ахтайгаа очиж уулз гэж хэлээд явахаар нь би араас нь Туяа эгчийн гэр лүү очиж Санжаа ахтай уулзаад хэзээ явах талаараа ярьтал өнөө орой явна хөнжил, хувцас хунараа бэлдээрэй гэж хэлэхээр нь би гэр лүүгээ очиж юмаа бэлдсэн. Тэгээд орой 17 цагийн үед би хувцсаа аваад шууд Вансэмбэрүү дэлгүүрийн үүдэн дээр иртэл Сүхбаатар, Баярмаа, Буян-Эрдэнэ нар ирчихсэн байсан ба Буян-Эрдэнэ, Баярмаа хоёр аавынхаа гэрээс хувцсаа авна гээд явсан. Сүхбаатар бид хоёр түрүүлээд вагоны билетээ аваад Төгөл их дэлгүүрийн гадна тэд нарыг хүлээгээд ирэхгүй болохоор нь утсаар ярьтал очиж байна гэсэн боловч ирээгүй вагоны цагнаас хоцорчихсон юм. Буян-Эрдэнэ, Баярмаа хоёр хүрч ирээд тэд нар явахгүй гэнээ бид хоёр явахаар боллоо гээд Төгөл их дэлгүүрийн гадна ирсэн. Тэгээд би Зүүн хараа луу ченж рүүгээ яриад манай явах хэдэн хүн маань явахаа больчихлоо, бид нар 4-үүлээ байна, сая вагондоо суух гэтэл вагоноосоо хоцорчихлоо гэж хэлтэл ченж маань та нар тэгвэл такси бариад хүрээд ир, маргааш ууланд гарна гэж хэлэхээр нь бид нар такси бариад явсан. Замд явж байхад ченж маань Сүхбаатартай утсаар яриад та нар яагаад 5-6 уулаа ирнэ гэж хэлчихээд одоо болохоор 4-үүлээ ирж байгаа юм бэ гэж асуутал Сүхбаатар манай аав, ээж хоёр маань хоорондоо маргалдаж зодолдоод явж чадаагүй гэж ярьсан. Тэгээд бид нар Зүүн хараад 6 хоноод буцах гэтэл шүлхий гараад гэртээ харьж чадахгүй тэнд байсан. Тэнд байх хугацаанд Сүхбаатар ээж рүүгээ залгаж ярьтал Санжаа ах чинь намайг зодоод гар хугалчихаад зугтчихсан гэж ярьсан. Сүхбаатар энэ талаар бид нарт хэлж байсан. Би самарнаас ирсэний дараа Туяа эгчтэй гудамжинд таарахад гараа боочихсон явж байхаар нь яагаад гараа боочихсон талаар асуухад та нарыг самаранд явдаг өдөр Санжаа ах чинь намайг түлхэж унагаагаад гарыг маань хугалчихсан гэж ярьж байсан”... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч П.С мэдүүлэхдээ “би хохирогчийн гарыг гэмтээгээгүй. Туяа гэдэг хүн маш их архи уудаг. Худлаа мэдүүлсэн гэж бодож байна” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Б.Жавхлантуяа дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу гэрчүүдийн мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Иймд гэм буруутайд тооцох саналтай байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл дүгнэлтдээ “Санжаадорж нь Туяагийн гарыг хугалсан гэх хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй. Ийм хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

Шүүх хавтаст хэрэг цугларсан хохирогч Д.Туяа, Г.Булган-Эрдэнэ нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний дүгнэлт зэргийг шинжлэн судлаад шүүгдэгч П.С нь 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 38-02 тоотод гэртээ хамтран амьдрагч Д.Туяаг түлхэж унаган гар дээр нь дэвсэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Сийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт зааснаар дээрхи гэмт хэрэг үйлдэгдснээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хохирогч Д.Туяа нь мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүүлэгтээ “гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нэхэмжлэнэ” гэсэн боловч, гэм хорын нэхэмжлэл гаргаагүй, шүүх хуралдааны товыг авсан боловч ирээгүй тул уг асуудлыг хэлэлцэлгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн П.Сийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Сид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч П.Сид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС