Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 000039

 

                                                Д.Майжаргалд холбогдох эрүүгийн

                                                     хэргийн тухай

                                                                          Хэргийн индекс 142/2017/0012/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдаанд:  

 

           Прокурор                                           Ц.Идэрмөнх

            Шүүгдэгч                                           Д.Майжаргал

            Шүүгдэгчийн хууль ёсны

                                       төлөөлөгч              Д.Туул

            Шүүгдэгч өмгөөлөгч                       О.Сарантуул

            Нарийн бичгийн дарга                   Ө.Есүхэй нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 26 дугаар тогтоолтой Д.Майжаргалд холбогдох, 201614000467 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуулын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, ээж, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Зураагийн 10-14 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ГЖ-90050211 регистрийн дугаартай, Боржигон овогт Далайн Майжаргал.

 

Шүүгдэгч Д.Майжаргал нь сэтгэцийн өвчтэй, хэрэг хариуцах чадваргүй байхдаа 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн нутаг дэвсгэрт Б.Эрдэнэбумангийн хэвлийн тус газарт хутгалж хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 26 дугаар тогтоолоор:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1., 24 дүгээр зүйлийн 24.1.1.д зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Далайн Майжаргалд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 65 дугаар зүйлийн 65.1.д зааснаар шүүгдэгч Д.Майжаргалд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авч,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 64 дүгээр зүйлийн 64.1.1., 65 дугаар зүйлийн 65.1., 66 дугаар зүйлийн 66.2.т зааснаар шүүгдэгч Д.Майжаргалыг сэтгэцийн эмгэг судлалын ердийн эмнэлэгт байлгах,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.д зааснаар шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Туулаас 530.170 /таван зуун гучин мянга нэг зуун дал/ төгрөг гаргуулан хохирогч Б.Эрдэнэбуманд олгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3.д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хивсний хайчилсан хэсэг, дэрний цагаан даавуу, цэнхэр өнгийн жинсэн өмд, бор өнгийн ноосон цамц, Сэрүүн гэсэн бичигтэй пивоны ногоон өнгөтэй хуванцар сав, бор өнгийн Сэнгүр гэсэн бичигтэй пивоны хуванцар сав, цус мэт зүйлээр бохирлогдсон мод, хохирогч Б.Эрдэнэбумангийн өмсөж байсан гэх урдаа бичигтэй цэнхэр өнгийн юүдэнтэй цамц, улаан өнгийн хагас ханцуйтай футболк, хар өнгийн даавуун өмд, улаан өнгийн ноосон оймс 1 хос зэргийг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

 

Шүүгдэгч Д.Майжаргал нь 107 хоног цагдан хоригдсон болохыг дурьдаж,

 

Шүүгдэгч Д.Майжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Д.Майжаргалыг сэтгэцийн эмгэг судлалын ердийн эмнэлэгт нэн даруй хүргэхийг Орхон аймгийн Цагдаагийн газрын Шүүхийн аюулгүй байдлыг хангах тасагт даалгахаар шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул давж заалдах гомдолдоо:

 

2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 26 дугаар шүүхийн тогтоолоор Д.Майжаргалыг сэтгэцийн эмгэг судлалын ердийн эмнэлэгт байлгахаар шийдвэрлэсэн.

 

Д.Майжаргал нь “2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Б.Эрдэнэбумангаас эгчийгээ өмөөрч хэвлийн тус газарт нь хутгалсан үйлдэл хийсэн бөгөөд уг хэрэгт холбогдох үедээ төрөлхийн оюун ухааны хомсдол өвчний хүндэвтэр зэрэглэлийн сэтгэцийн өвчинтэй” байсан. Энэ нь шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээч эмч Должмаа, ээж Д.Туул болон бусад гэрчийн мэдүүлгээр тогтоогддог.

 

2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дүгнэлтээр Д.Майжаргалд “албадан эмчилгээ шаардлагагүй” гэсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцсон эмч Должмаа ч түүнд албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй гэсэн. Дүгнэлт гаргах үед тайван байсан, цагдан хорих байрнаас хандсан зүйл байгаагүй гэдэг.

 

Д.Майжаргалд албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй гэсэн дүгнэлт гарсан байгаа нь 1971 онд гарсан “НҮБ-ын оюуны хомсдолтой хүмүүсийн эрхийн тунхаглал”, 1991 оны 12 дугаар сарын 17-ны “Сэтгэцийн эрүүл мэндийн талаар баримтлах 25 зарчим тунхаглал”-ын 20-д заасан “гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд шүүх сэтгэц гэм судлалын шинжээчээр шийдвэрлүүлэх эрхтэй” гэсэн заалт зөрчигдөж байна.

 

Иймд шийтгэх тогтоолын 3-р заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Идэрмөнх дүгнэлтдээ:

 

...Д.Майжаргалын үйлдэл нийгэмд аюултай үйлдэл юм. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 385 дугаар зүйлийн 385.1-д зааснаар эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй учраас анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдсан хохиролыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Орхон аймгийн Прокурорын газраас Д.Майжаргалыг сэтгэцийн өвчтэй, хэрэг хариуцах чадваргүй байхдаа 2016 оны 10 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн нутаг дэвсгэрт Б.Эрдэнэбумангийн хэвлийн тус газарт нь хутгалж хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулах тогтоол үйлдэж хэргийг шүүхэд  шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1.д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Далайн Майжаргалд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 65 дугаар зүйлийн 65.1.д зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

 

Эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээний нэг төрөл болох эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг шүүх хэрэглэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой байтал гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн  байна.

 

Иймд Д.Майжаргалд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах тухай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Давж заалдах шатны шүүх Д.Майжаргалд холбогдох хэргийг анхан шатны шүүх хууль буруу хэрэглэж шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр шүүхийн тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуулын “...Д.Майжаргалд албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан тул..., ...шүүхийн тогтоолын 3 дугаар заалтыг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн гомдлыг хэлэлцэхгүй орхисон болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.4, 321 дүгээр зүйлийн 321.1.3, 325 дугаар  зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 26 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Д.Майжаргалд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуулын давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

 

3.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.Майжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4.Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР                                                                                           

 

 

                        ШҮҮГЧИД                                                                             С.УРАНЧИМЭГ      

                                                                                                                                                                                                                                                            С.ЦЭЦЭГМАА