Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2017/0660/З |
Дугаар | 001/ХТ2018/0395 |
Огноо | 2018-10-22 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2018/0395
Ш.Ж, Д.А нарын нэхэмжлэлтэй,
Нийслэлийн Засаг даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч
Д.Мөнхтуяа
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн № А/488 дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжийн “М т” ХХК нь холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0289 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2018/0408 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Ш.Ж, Д.А, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Золзаяа,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэг нарыг оролцуулж,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0289 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 56 дугаар зүйлийн 56.3, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Ж, Д.А нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн № А/488 дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжийн “М т” ХХК нь холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2018/0408 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0289 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярсайханы давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 408 дугаар магадлалыг гардан аваад хуульд заасан 14 хоногийн хугацаанд багтааж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 2-т заасан үндэслэлүүдээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4. Анхан шатны шүүхийн шийдвэр, түүнчлэн давж заалдах шатны шүүхийн магадлал “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий” болж чадсангүй.
5. 1/ Талуудын хооронд үүссэн маргааны гол асуудал нь нэхэмжлэгчийн гэх байшин болон шатахуун түгээх станц хоорондын зай “Шатахуун түгээх станц, Галын аюулгүйн норм. Барилгын норм ба дүрмийн 21-07-14-ийн 5 дугаар зүйлийн 5.8-д заасан хүснэгтийн 13-ын тайлбар 2-т заасан /зөвшөөрсөн/ 37.5 метр гэсэн хэмжээг хангаж байна уу үгүй юу гэдэгт оршино. Энэхүү зай хэмжээг хангаж байгаа эсэхээс шүүхийн шийдвэр ихээхэн хамаарч байсан юм.
6. Манай байгууллагын зүгээс энэхүү шаардлагыг хангахын тулд тухайн ШТС-д байх 2 түгээгүүрийнхээ нэхэмжлэгчийн гэх байшинтай ойр байрлах 1 түгээгүүрийг /1 ба 2 дугаартай хошуутай/ бүр мөсөн ашиглахаа больж, ашиглалтаас хассан, ингэснээр зөвхөн үлдсэн ганц түгээгүүрээ /3 болон 4 дугаартай хошуутай/ ашиглаж байгаа. Түүнчлэн нэхэмжлэгчийн гэх байшинтай ойр орших 1 шатахуун агуулах сав /ёмкость/-ыг суллаж ашиглахаа больж, ашиглалтаас хассан болно. Ингэснээр тухайн БНбД-д заасан ... 25 хувиас ихгүй хэмжээгээр багасган тооцож 37.5 метр ... гэсэн хэмжээг хангахуйц болсон юм. Түүнчлэн хүчитгэсэн тэсрэлтийн эсрэг 3.4 м өндөр хана бариулахаар Барилгын зураг төсөл судалгааны төвийн захирал, МУ-н зөвлөх инженер, доктор Дүйнхаржаваар тооцоолол хийлгэж, ОБЕГ-н Барилгын зураг төсөл, техникийн гүйцэтгэлийн хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ж-аар хянан батлуулж дүгнэлт гаргуулсан байгаа.
7. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймрийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд заасан 37.2 метр гэсэн хэмжээг баримтлан /30 см дутсан/ гэж үзэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь: a/ Монгол улс “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай” хуультай улс. Энэхүү хуулийн 5 дугаар зүйлийн 2-т “Хэмжих хэрэгсэл нь баталсан загвар, улсын стандарт, техникийн болон ашиглалтын шаардлагыг хангасан байна” гэж заасныг зөрчиж гал түймрийн байцаагч нь Хятад улсын Эрээнээс авч ирээд 100 айл зах дээр тав гурван мянган төгрөгөөр зардаг ямар ч баталгаагүй, 5 метрийн урттай туузан метрээр хэмжсэн. Ингэснээр хэмжилтийн зөрүү үүссэн. Өөрөөр хэлбэл 1 метр тутамд 8 миллиметр алдахад л 37.5 метрээс 30 см-ийн зөрүү гарах юм. Түүнчлэн хэмжилт хийх үедээ хэргийн оролцогч болох гуравдагч этгээдийн төлөөлөгч нарыг огт байлцуулаагүй, мэдэгдээгүй.
8. б/ Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн “Хэмжил гүйцэтгэх аргачлал” гэсэн 6 дугаар зүйлийн 2-т “Хэмжлийг хүчин төгөлдөр улсын стандарт, аргачлалын дагуу гүйцэтгэнэ”, 3-т “Хэмжил гүйцэтгэх аргачлалыг боловсруулах, хянан батлах журмыг Хэмжилзүйн төв байгууллага тогтооно” гэж заасныг зөрчсөн. Гал түймрийн байцаагч ямар аргачлалаар хэрхэн хэмжсэн болох нь зөрүүтэй, дүгнэлтэнд ямар багаж ашигласан, энэ нь баталгаажсан хэмжих хэрэгсэл байсан эсэх талаар огт дурдаагүй, туузан метрээр хэмжиж байгаа хэмжил гүйцэтгэсэн аргачлал нь Хэмжил зүйн төв байгууллагаас баталсан аргачлалтай огт нийцэхгүй байна.
9. Түүнчлэн нэхэмжлэгчийн болон ШТС хооронд бетонон хана байгаа. Энэхүү ханыг огт хэмжээгүй байна. 5 метр туузан метрээр хэмжээд бетонон хананд тулаад, хананы цаад талд гараад нэхэмжлэгчийн гэх хашаанд ороод үргэлжлүүлэн хэмжсэн байна. Ингэснээр бетонон хана байрлаж буй газар нь хэмжилтэнд огт ороогүй орхигдсонд гомдолтой байна.
10. Анхан шатны шүүх ийнхүү нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, мөн нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй юм. Гэтэл давж заалдах шатны шүүх энэхүү алдааг залруулаагүй нь буруу юм.
11. Нэмж хэлэхэд МЕТР гэдэг нь хэмжлийн нэгж бөгөөд ямар нэгэн алхам, тохой, сөөм гэдэг шиг биет хэмжээс биш юм. Метр гэдэг нь Олон улсын СИ системийн уртыг хэмжих үндсэн нэгж (хэмжээс) юм. Тэмдэглэгээ нь м. Анх Францын Шинжлэх ухааны академийн тодорхойлолтоор 1 метр гэдэг нь Дэлхийн экватороос, Парис хотыг дайран Умард туйл хүрэх зайн 1/10,000,000-тэй тэнцүү хэмжээг хэлдэг байв. Энэ стандарт 1960 он хүртэл хэрэглэгдсэн бөгөөд, 1983 онд Жин, хэмжүүрийн нэгдсэн бага хурлаас (The General Conference on Weights and Measures): “1 метр нь үнэмлэхүй вакуум орчинд, 1/299,792,458 секундэд гэрлийн туулах зайтай тэнцэнэ” гэж тодорхойлжээ. Энэ тодорхойлолтыг одоо мөрдөж байгаа болно.
12. Тийм ч учраас “хэмжих хэрэгсэл нь баталсан загвар, улсын стандарт, техникийн болон ашиглалтын шаардлагыг хангасан байна” гэж хуульд тусгайлан заагаад байгаа юм. Гэтэл ямар ч баталгаагүй, 5 метрийн туузан метр бариад хэмжээд байгаа нь буруу. Галын байцаагчийн барьж явсан туузан 5 метр нь “үнэмлэхүй вакуум орчинд, 5/299,792,458 секундэд гэрлийн туулах зайтай тэнцүү байсан” гэдгийг хэн батлаад байгаа юм бэ?
13. 2/ Эргэлзээтэй нотлох баримтыг үндэслэн шүүх шийдвэрээ гаргалаа. Тодруулбал нэхэмжлэгч дуусаагүй барилгын гэрчилгээг нотлох баримтаар хэрэгт хавсарган өгсөн. Иймд хэмжилтийг дуусаагүй барилга болон ШТС хооронд хийх ёстой. Гэтэл өөр дууссан барилга болон ШТС-ын хооронд хэмжилт хийсэн байна.
14. Хэрвээ хэмжилт хийсэн барилга нь Ж-ын өмч мөн гэж үзэж байгаа бол гагцхүү дууссан барилгын гэрчилгээ хэрэгт авагдаад, түүнийг үндэслээд энэ байшингийн өмчлөгч нь Ж юм байна гэж үзээд тухайн байшингаас хэмжилт хийж болно. Дуусаагүй барилгын гэрчилгээ хэрэгт хавсарган өгчихөөд өөр дууссан барилгыг хэмжүүлээд байгаа нь үндэслэлгүй юм.
15. 3/ Шүүх хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг орхигдуулсан, огт тодруулаагүй. Манай газар эзэмших эрхийг сунгасан захирамж 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гарсан. Үүнээс хойш нэхэмжлэгч нар нь 2016 оны 06 дугаар сарын 30 гэхэд л “шүүхээр явахад хүчин мөхөс байна, ... захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтээ гаргаж байсан. Өөрөөр хэлбэл нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандах ёстойг мэдэхийн дээдээр мэдэж байжээ. Гэтэл заавал шүүхээр явалгүй, Засаг даргад өөрт нь амаар хэлнэ гэж зүтгэсэн байна. Нэхэмжлэгч нар мөн 2016 оны 07 дугаар сарын 18-нд биечлэн уулзах хүсэлтийг НЗД-д гаргаж байсан ба энэхүү хүсэлтдээ мөн захирамжийг хүчингүй болгох тухай дурдсан, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр С.Б Засаг даргад А хүсэлтээ гаргаж байжээ. Мөн түүнчлэн 2017 оны 05 дугаар сарын 25-нд ч бас л захирамжийг хүчингүй болгуулах гомдлоо гаргаж байжээ. Энэ бүх байдлаас үзэхэд маргаан бүхий захиргааны актыг мэдээд заавал өөртэй уулзаж гомдлоо гаргана зөрүүдлэн зүтгэсээр бүтэн жил болсон байна.
16. Шүүхэд нэхэмжлэлээ 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр буюу захирамж гарснаас хойш 1 жил 7 хоногийн дараа, анх шүүхээр явахад хүчин мөхөс байна, захирамжаа хүчингүй болгож өгнө үү гэж Засаг даргад хандсанаас хойш 11 cap 21 хоног тус тус өнгөрсөн байна. Заавал Засаг даргатай биечлэн уулзана гэж зөрүүдлэн зүтгэсэн нь хөөн хэлэлцэх хугацаа сэргээх хүндэтгэн үзэх шалтгаан мөн гэж үзэж байгаа бол эхлээд хөөн хэлэлцэх хугацаа сэргээх ёстой байжээ.
17. 4/ Хэрэгт хэд хэдэн шинжээчийн дүгнэлт авагдсан. Тухайлбал Г ХХК-ийн 18/Т/16 дугаартай 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дүгнэлт, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүч /газрын тос, хий/ хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, мөн Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 17 тоот дүгнэлт авагдсан. Мөн ШТС-ын агаарт хийсэн шинжилгээ бас хөрсөнд хийсэн шинжилгээний дүгнэлтүүд хэрэгт авагдсан. Түүнээс гадна Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймрийн улсын хяналтын Ахлах байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 03 тоот дүгнэлт, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 32 тоот дүгнэлтүүд гарсан байдаг.
18. Хэрэгт авагдсан дүгнэлтүүд нь харилцан зөрүүтэй байхад зөвхөн дан ганц Гал түймрийн хяналтын улсын байцаагчийн эргэлзээтэй дүгнэлтийг баримталж шийдсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг няцааж буй баримтуудын талаар ямар ч дүгнэлт хийгээгүй, үнэлэлт өгөөгүй. Энэ нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй гэж үзэхэд хүргэж байна.
19. 5/ Шүүх нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй. Манай хүсэлт бол эхнээсээ Шатахуун түгээх станц, Галын аюулгүйн норм. Барилгын норм ба дүрмийн 21-07-14-ийн 5 дугаар зүйлийн 5.8-д заасан хүснэгтийн 13-ын тайлбар 2-т заасан /зөвшөөрсөн/ 37.5 метр гэсэн хэмжээг хангаж байгааг тогтоолгоё, манайх мөн зүйлд заасан ... хөрсөнд болон талбайд шатахуун алдагдахаас бүрэн хэмжээнд хамгаалсан шатахууны сав, технологийн бүрэн бүтэн байдалд байнгын хяналт тавих, хяналтыг автоматжуулсан хэрэгслүүдийн тусламжтайгаар гүйцэтгэдэг техник, технологитой” гэж удаа дараа хүсэлтээ гаргаж, мэтгэлцэж тайлбарлаж байсан. Гэтэл шүүх зөвхөн “50 метр” гэсэн зайг хангаж байгаа эсэх талаар нь нотлох баримт цуглуулаад, түүнийгээ үнэлээд, дүгнэлт хийгээд хэргийг шийдвэрлэсэн.
20. 37.5 метр болон ШТС-ын техник, технологийн талаар ямар ч нотлох ажиллагаа явуулаагүй. Энэ байдал нь “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүч /газрын тос, хий/ хяналтын байцаагч Т.Мөнхболдын дүгнэлтэд ... хамаарах эсэх талаар дурдаагүй, гуравдагч этгээдээс энэ талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй байна” гэсэн шүүхийн шийдвэрт бичсэнээр нотлогдоно. Өөрөөр хэлбэл угаасаа шинжээчээс асуугаагүй байж “дүгнэлтэд дурдаагүй” гэж, мөн манайхаас ямар ч нотлох баримт шаардаагүй, шүүх өөрөө ч техник, технологийн талаар нотлох ажиллагаа явуулаагүй байж “нотлох баримт өгөөгүй” гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. 37.5 метр болон ШТС-ын талаар шүүх нотлох баримт юу ч цуглуулаагүй.
21. 6/ Маргаж буй ШТС нь Гацуурт тосгонд, Шүүхийн Баянтөхөм дэх сургалтын төв рүү салах уулзвар дээр байрладаг. Нэхэмжлэгч нарын газар нь манай ШТС-аас ертөнцийн зүгээр хойд талд нь, газрынхаа дээд талд, уул талдаа байрладаг. Монгол орны уур амьсгалын онцлогоос шалтгаалан нийт салхины 70 гаруй хувь нь баруун хойд болон хойд талаасаа салхилдаг. Тухайн бүсэд, Туул гол урдхан талд нь байгаа учраас голынхоо хөндийг дагаж зүүнээс баруун, баруунаас зүүн чиглэлд салхилдаг. Түүнээс биш Туул голоо даваад чанх урдаасаа чанх хойшоо салхилаад байдаггүй. Ийм ч учраас агаарт хийсэн шинжилгээгээр сөрөг үзүүлэлт гараагүй. Хөрсөнд хийсэн шинжилгээгээр ямар ч бохирдол гараагүй, ямар ч шатахуун алдагдаагүй болох нь тогтоогдсон.
22. Нэхэмжлэгч иргэд нь “эрүүл орчинд амьдрах эрх зөрчигдсөн” гэж өөрсдийгөө үздэг. Энэ үүднээсээ “эрүүл орчинд амьдрах эрх зөрчигдсөн болох нь баттай тогтоогдоогүй” юм.
23. Иймд ЗХШХШ тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 127.2.5 дахь заалтын дагуу дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
24. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан хэрэглэвэл зохих Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн байна.
25. Нэхэмжлэгч Ш.Ж, Д.А нар “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн № А/488 дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжийн “М т” ХХК нь холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
26. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10/73 тоот дүгнэлт, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 02-04-194/134, 02-07-104/129 тоот актууд, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 33 тоот дүгнэлт, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09 тоот ажиллагаа зогсоох тогтоол, Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 17 тоот дүгнэлт зэргээр “Магнай трейд” ХХК-ийн 84 дүгээр Шатахуун түгээх станц нь болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол гарсан үед иргэдийн амь нас, эд хөрөнгөнд хохирол учрах эрсдэлтэй, Шатахуун түгээх станц Галын аюулгүйн норм БНбД 21-07-14-ийн 5 дугаар зүйлийн 5.8-д заасан хүснэгтийн 13-т “газар доор байрлах савтай ШТС-аас хатуу түлшээр галладаг байр хүртэл 50 метр байна” гэснийг зөрчсөн болох нь нотлогдож байгаа нь тогтоогдсон байна.
27. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “М т” ХХК-ийн 84 дүгээр шатахуун түгээх станцын үйл ажиллагааг зогсоосон шийдвэрийг гаргасан атал түүний газар эзэмших, ашиглах эрхийн хугацааг Нийслэлийн Засаг дарга 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/488 дугаар захирамжаар сунгасан нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.4, 56 дугаар зүйлийн 56.3-т заасныг зөрчсөн талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд хяналтын шатны шүүх хуралдаанаас уг дүгнэлтийг үгүйсгэх хуулийн боломжгүй юм.
28. Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах асуудлаар холбогдох эрх бүхий этгээдүүдэд удаа дараа хандаж тухайн асуудлыг шийдвэрлүүлсний эцэст шүүхэд хандсаныг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй, тухайн тохиолдолд болзошгүй аюулт үзэгдэл, техникийн осол гарах үед амь нас, эд хөрөнгөнд хохирол учруулах эрсдэл үргэлжилсээр байна.
29. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжээч томилж, “газар доор байрлах савтай ШТС-аас хатуу түлшээр галладаг байр хүртэл 50 метр байна” гэсэнтэй нийцэхгүй гэсэн дүгнэлт гаргаснаас гадна Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Нийслэл, дүүргийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нарын актаар “Шатахуун түгээх станц Галын аюулгүйн норм БНбД 21-07-14-ийн 5 дугаар зүйлийн 5.8-д заасан хүснэгтийн 13-ыг зөрчсөн гэсэн ижил дүгнэлтүүд байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй байхад шүүх тэдгээрт дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэх хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй юм.
30. Иймд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0289 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2018/0408 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН