Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 00137

 

Ж.Идэрзуугийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Р.Мягмардоржид

холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар :

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 779 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч : Ж.Идэрзуугийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч : Р.Мягмардоржид холбогдох,

 

Газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболдын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Идэрзуу, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболд, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Идэрзуу шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 11 дүгээр хорооны Б хэсгийн 17-д хувийн орон сууцны зориулалттай 270 м2 газрыг Орхон аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 470 дугаар шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 1843043313987 дугаар бүхий 270 м2 газрыг 000556624 тоот гэрчилгээгээр эзэмших эрхтэй болсон. Гэтэл иргэн Мягмардорж хашаа барихдаа миний өмчлөх ёстой 270 м2 газрын хагас буюу 130м2 гаран газрыг өөрийн хашаандаа оролцуулан барьсан байсан. Энэ тухай 2014 онд би газрын албанд уг газрыг чөлөөлүүлэх талаар хүсэлт гаргаж, Газрын алба Мягмардоржид газар чөлөөлөх мэдэгдэл өгч, уг мэдэгдлийг үл тоон миний өмчлөх газрыг чөлөөлөхгүй байгаа нь миний газар өмчлөх хууль ёсны эрхийг зөрчиж байна. Иймд хашааг нь татуулж миний өмчлөх газрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Р.Мягмардорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Равжир овогтой Мягмардорж нь Орхон аймгийн засаг даргын 2001 оны 10 сарын 02-ны өдрийн 317 тоот захирамжаар 4-р хороололд амины орон сууц барих зөвшөөрөл олгогдсон билээ. Уг захирамжийн дагуу орон сууцаа барих гээд Газрын албанд хандаж бичиг баримтаа бүрдүүлж орон сууцныхаа барилгын ажлыг эхлэх гэтэл та нар түр хүлээр бай гэж хүлээлгэсэн. Учир нь:

1.Тус газарт инженерийн шугам сүлжээ, цахилгааны асуудлыг шийдэж өгнө гэсэн

2. Ерөнхий төлөвлөгөө батлуулж тус төлөвлөгөөний дагуу нэгдсэн журмаар барилга барина гэсээр 8 жил буюу 2008 он хүртэл хүлээлгэсэн. Энэ хугацаанд асуудлыг шийдэж өгөөгүй. 2003 онд батлагдсан хотын ерөнхий төлөвлөгөөгөөр /21/ номерын байшин танайх болох юм гэж хуваарилаж номер олгосон. Гэтэл аймгийн засаг даргын 2008 оны 06 сарын 09-ны өдрийн 224-р захирамж гарч 2003 онд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу биш, мөн 2001 оны 317-р захирамжийг хүчингүй болгоогүй байж манай барилгыг барих ёстой газарт өөрчлөлт оруулан шинээр айлуудад өгсөн. Ингээд эргэн тойрон барилгууд баригдаж 2003 оны ерөнхий төлөвлөгөөний дагуу миний барих ёстой газар байхгүй болсон. Гэвч би 2001 онд гарсан захирамжаа үндэслэн, 2008 оноос эхлэн өөрийн барилгаа барьж эхэлсэн. Уг барилгаа 2009 он дуусахад иж бүрнээр нь барьж дуусгасан. Энэ хугацаанд Аймгийн мэргэжлийн хяналтын алба, Газрын албанаас хүмүүс ирж уулзаж байсан. Тухайн үед ямар нэг тайлбар, арга хэмжээ аваагүй бөгөөд уг газар нь өөр хүний эзэмших газартай давхцсан буюу түүнтэй холбоотой ямар нэг маргаантай асуудал байхгүй хоосон газар байсан. Би 2010 оноос зохих бичиг баримтаа бүрдүүлж кадастрын зураг хийлгэн эзэмшил газрынхаа хүсэлтийг газрын албанд албан ёсоор гаргаж өгсөн боловч одоог хүртэл ямар нэг хариу тайлбар өгөхгүй асуудлыг шийдэж өгөөгүй өнөөдрийг хүрч байна. Уг хүсэлт газрын албанд байгаа байх гэж бодож байна. Бид уг барилгыг барихад их хэмжээний хөрөнгө зарцуулж инженерийн шугам сүлжээгээ өөрсдөө, өөрийн хөрөнгөөр барьж байгуулса, тухайн үед тус газар нь ямар нэг эзэмшилтэй давхцсан буюу маргаантай асуудал байгаагүй болохоор би өөр хүний эзэмшлийн газрыг аваагүй болно. Гэтэл иргэн Идэрзуу нь сум дундын 14-р шүүхэд миний өмчилж авах ёстой байсан газрыг өөрийн болгож авсан мэтээр өргөдөл гаргасныг үл зөвшөөрч байна. Учир нь:

1.Уг газрын зөвшөөрөл өмчлөх биш эзэмшихээр гарсан байдаг

2.Тухайн үед намайг барилгаа барьж дуусахад Идэрзуу гэдэг хүнд хуваариласан эзэмшил газар байхгүй байсан.

3.2008 оны 06 сарын 09-ны 224-р захирамж нь гарахдаа 2001 оны 10 сарын 02-ны 317 тоот захирамжийг хүчингүй болгоогүй байсан.Мөн дээрх 224-р захирамжаар намайг буруутгаагүй. Харин уг захирамжаар эзэмшүүлэх газарт миний нэр орсон байсан.

4.2012 оны 11 сарын 16-ны 470 дугаар захирамжид миний эзэмшил газрыг баталгаажуулсан байдаг.

5.470 дугаар захирамж нь 2012 оны 11 сарын 16-нд гарсан.Уг захирамжийг үндэслэхдээ газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2, 21- зүйлийн 3.2-ыг тус тус баримталж гаргасан. Газрын тухай хуулийн 21.3.2-т Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна гэж заасан. Гэтэл 11-р хороололын амины орон сууцны зориулалттай хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг нь 2012 оны сүүлчээр зурж хийсэн. Дээрх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталгаажаагүй байна. Мөн 11-р хороололд баригдах амины орон сууцуудад зориулж өнөөдрийг хүртэл аймгаас ямарч инженерийн шугам сүлжээ барьж байгуулж өгөөгүй. Нөхөр Идэрзуу нь ямар төлөвлөлт ямар зорилгоор миний өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан инженерийн шугам сүлжээтэй ойролцоо хуучин баригдаад удаж байгаа байшин хашааг нураалгахаар өөрийн эзэмшлийг тогтоолгосныг ойлгохгүй байна.Иймд Р.Мягмардорж миний бие нь: Барьж байгуулсан хашаа байшин, түүнийг барихад гаргасан хөрөнгө оруулалт зардал, тухайн үеийн 317-р захирамжаар газартай холбоотой маргаан байхгүй хэн нэгний эзэмшилтэй давхцаагүй байсан зэргийг үндэслэн үзэхэд Ж.Идэрзуу гэдэг хүний эзэмших ёстой газрыг анхнаасаа булааж аваагүй гэж үзэж байна. Уг газрын доогуур бидний барьж байгуулсан инженерийн шугаман дээр барилга барих боломжгүй юм. Гаргасан өргөдлөөс үзэхэд тухайн цаг хугацаа, бүтээн байгуулалтын бэлэн болсон байдал зэргээс харахад миний эрх бас зөрчигдөж байна гэж үзэж байгаа тул уг нэхэмжпэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байна. Ер нь би анхны гарсан 2001 оны 317-р захирамжийг үндэслэн барилга байгууламжаа барьж байгуулсан болно. Ж.Идэрзуугийн эзэмших эрхээр олгож өгсөн гээд байгаа газар нь миний хөрөнгөөр барьсан инженерийн шугам сүлжээ бүхий газарт давхардуулан олгосон. Газрын тухай хуулийн 31-р зүйлийн 31-3-т заасныг зөрчиж олгогдсон эрх байгаа ба би эзэмших эрхийг олгож өгөхийг хүсэж 2010 онд хандсан одоо болтол надад шийдэж өгөөгүй.Ж.Идэрзууд газар эзэмших эрх олгогдсоныг сая шүүхэд гаргаж өгсөн баримтаар нь олж мэдлээ. Иймд би газрын албанд холбогдох маргаан асуудлын талаар гомдлоо гаргаж шийдвэрлүүлнэ гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 779 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 90.2, 93 дугаар зүйлийн 93.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-д заасныг баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг 11 дүгээр хорооллын Б хэсгийн 17-д байрлах нэхэмжпэгч Ж.Идэрзуугийн эзэмшлийн 270 м2 газарт барьсан хашаагаа буулгаж нэхэмжпэгч Ж.Идэрзуугийн эзэмшлийн газрыг чөлөөлөхийг хариуцагч Р.Мягмардоржид даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Р.Мягмардоржоос 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболд давж заалдсан гомдолдоо:

Миний бие Равжир овогтой Мягмардорж нь Орхон аймгийн засаг даргын 2001 оны 10-р сарын 02 ны өдрийн 317 тоот захирамжаар 11-р хороололд амины орон сууц барих зөвшөөрөл олгогдсон билээ. Уг захирамжийн дагуу орон сууцаа барих гээд Газрын албанд хандаж бичиг баримтаа бүрдүүлж орон сууцныхаа барилгын ажлыг эхлэх гэтэл та нар хүлээж бай гэж хүлээлгэсэн.

Учир нь:

1.Тус газарт инженерийн шугам сүлжээ, цахилгааны асуудлыг шийдэж өгнө гэсэн.

2.Ерөнхий төлөвлөгөө батлуулж тус төлөвлөгөөний дагуу нэгдсэн журмаар барилга барина гэсээр 8-н жил буюу 2008 он хүртэл хүлээлгэсэн. Энэ хугацаанд дээрх хэргийг шийдэж өгөөгүй.

2003 онд батлагдсан Хотын ерөнхий төлөвлөгөөгөөр /21/ номерын байшин танайх болох юм гэж хуваарилаж номер олгосон. Гэтэл аймгийн засаг даргын 2008 оны 6-н сарын 9-ны өдрийн 224-р захирамж гарч 2003 онд аймгийн иргэдийн төлөөлөгчидийн хурлаар батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу биш, мөн 2001 оны 317-р захирамжийг хүчингүй болгоогуй байж манай барилгыг барих ёстой газарт өөочилөлт оруулан шинээр айлуудад өгсөн. Ингээд иргэн тойрон барилгууд баригдаж 2003 оны ерөнхий төлөвлөгөөний дагуу миний барих ёстой газар байхгүй болсон.

Гэвч би 2001 онд гарсан 317-р захирамжаа үндэслэн, 2008 оноос эхлэн өөргийн барилгаа барьж эхэлсэн. Уг барилгаа 2009 онд дуусахад иж бүрэнээр нь барьж дуусгасан. Энэ хугацаанд Аймгийн мэргэжлийн хяналтын алба, Газрын албанаас хүмүүс ирж уулзаж байсан. Тухайн үед ямар нэгэн тайлбар арга хэмжээ аваагүй бөгөөд уг газар нь өөр хүний эзэмших газартай давхацсан буюу түүнтэй холбоотой ямар нэгэн маргаантай асуудал байгаагүй хоосон газар байсан. Би 2010 оноос зохих бичиг баримтаа бүрдүүлж кадастрын зураг хийлгэн эзэмшил газрынхаа хүсэлтийг газрын албанд албан ёсоор гаргаж өгсөн боловч одоог хүртэл ямар нэгэн хариу тайлбар өгөхгүй, асуудлыг шийдэж өгөөгүй өнөөдрийг хүрч байна.

Уг хүсэлт газрын албанд байгаа байх гэж найдаж байна. Бид уг барилгыг барихад их хэмжээний хөрөнгө зарцуулж инженерийн шугам сүлжээгээ өөрсдөө, өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан. Тухайн үед тус газар ямар нэгэн эзэмшилтэй давхацсан буюу маргаантай асуудал байгаагүй болохоор би өөр хүний эзэмшилийн газрыг аваагүй болно.

1.Минйи бие Орхон аймгийн Засаг даргын 2001-10-02-ны өдрийн Хот байгуулалт, барилга байгууламжийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 317 дугаар захирамжаар Орхон аймгийн Баян-Өндөр сум ын Хүрэнбулаг баг буюу 4-р хороололын нутаг дэвсгэрт амины орон сууцны зориулалтаар газар эзэмшиж энэхүү газар дээрээ барилга барин амьдарч байна. Энэхүү захирамж өнөөдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд 2003 онд хотын ерөнхий төлөвлөгөө батлагдаж миний 21 тоот байшингийн газрыг давхар баталгаажуулж өгсөн.

2.Орхон аймгийн Засаг даргын 2008-06-09-ний Газар эзэмшүүлэх тухай 224 дүгээр захирамжаар надад дээрх газрыг албан ёсоор дахин хуваарилан өгч эзэмшүүлсэн билээ. Ийнхүү газар эзэмшүүлэх тухай дээрх 2 хүчин төгөлдөр захирамжийн үндсэн дээр 2008 оноос би өөрөө барилгаа барьж эхлэн 2009 онд иж бүрэн дуусгасан.

3.Үүний дараа Засаг даргын 2012-11-16-ны өдрийн захирамжаар Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2,21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь заалтуудыг баримтлан миний эзэмшил газрыг дахин баталгаажуулсан бөгөөд газар эзэмших гэрээ байгуулахыг Газрын албанд даалгасны дагуу би Газар эзэмших гэрээ байгуулсан.

4.Би эзэмшиж байгаа газартаа өөрийн хөрөнгөөр инженерийн шугам сүлжээ барьж байгуулсан. Аймгийн зүгээс 11-р хороололд баригдах хувийн орон сууцнуудад зориулж өнөөдрийг хүртэл ямар ч инженерийн шугам сүлжээ барьж байгуулж өгөөгүй юм.

5.Уг газрын доогуур бидний барьж байгуулсан инженерийн шугам сүлжээ байдаг бөгөөд миний хөрөнгөөр босгосон инженерийн шугам сүлжээний газарт Ж.Идэрзууд газар олгосон байх учиргүй. Энэ нь би Идэрзуугийн эрхийг зөрчих биш тэрээр харин миний эрхийг ноцтой зөрчсөн асуудал юм.

6.Эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу хууль ёсоор 15 жил эзэмшиж улмаар түүн дээрээ барьсан барилга байгууламжийн газрыг Идэрзууд давхардуулан олгосон ямар ч үндэслэл байхгүй.

Орхон аймгийн засаг даргийн 2008 оны 06 сарын 09-ны өдрийн 224 тоот захирамжаар Р.Мягмардорж миний газар дээр Ж.Идэрзуу гэх иргэнд газар давхардуулан олгосон. Гэсэн ч Орхон аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 02 сарын 23-ны өдрийн 11 тоот шийдвэрээр 224 тоот захирамжийн 1-р хавсралтын 4 дэх заалтыг амйгийн засаг даргаас дахин шинэ акт гартал түтгэлзүүлсэн. Үүний дараагаар 2012 оны 2 сарын 19-ны өдрийн 470 тоот захирамжаар иргэн Ж.Идэрзууд миний газрын хэсэг дээр газар давхардуулан олгосон юм. Гэтэл Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхээс уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон юм. Төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоогүй ажиллагаанаас болж 2008 онд барьж эхлээд 2009 онд бүрэн ашиглалтанд орсон байхад 2012 онд 470 тоот захирамжаар иргэн Идэрзууд газар олгосон нь давхардуулсан гэж үзэж байна. Иргэнд 0,7 га газрыг өмчлөхөөр олгодог бөгөөд эзэмших талбайн хэмжээ хэд ч байж болдог хуультай. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 07-ны өдрийн 142/ 1ТПТ12016/00779 тоот гаргасан шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ж.Идэрзуу хариуцагч Р.Мягмардоржид холбогдуулан эзэмшлийн газар дээр барьсан хашаагаа татаж газрыг чөлөөлөх тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Орхон аймгийн Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд 11 дүгээр хороололд амины орон сууцны хороолол баригдахаар тусгагдсаны дагуу Орхон аймгийн Засаг даргын 2001 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай, Хот байгуулалт, барилга, байгууламжийн талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гарчээ.

Дээрх захирамжийн 1 дүгээр хавсралтын 9 дүгээрт Хүрэнбулаг багт 11 дүгээр хороололд амины орон сууц барих зориулалтаар нийт 35 иргэнд нийтдээ 2.1 га /иргэн бүрт 30х20м буюу 600 м.кв2 газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн ба уг захирамжийн хавсралтанд иргэн Р.Мягмардоржийн нэр оржээ.

 

Дээрх 2001 оны 317 дугаар захирамжаар Р.Мягмардоржид хуульд зааснаас илүү хэмжээний газрыг эзэмшүүлжээ.

Орхон аймгийн Засаг дарга амины орон сууцны 11 дүгээр хорооллыг нэгдсэн журмаар, төлөвлөгөөтэйгээр бариулах зорилгоор төсөл сонгон шалгаруулалт явуулж, шалгарсан аж ахуйн нэгжүүдэд газар эзэмшүүлэхээр 2008 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 224 дугаартай захирамж гаргасан боловч дээрх захирамж биелэгдээгүй байна.

 

Улмаар Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаар тогтоолоор 11 дүгээр хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсаны дагуу Орхон аймгийн Засаг дарга 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 470 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамж гаргаж, мөн захирамжийн хавсралтаар нэр бүхий иргэдийн нэрсийг баталж, шинэ захиргааны акт гаргажээ.

 

Орхон аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 470 дугаартай захирамжийн 2 дугаар хавсралтаар амины орон сууцны зориулалтаар газар хуваарилан авсан иргэдийн нэрсийн жагсаалтыг гаргасан байна.

Энэхүү захирамжийн 2 дугаар хавсралтын Б хэсэгт иргэн Ж.Идэрзуу 17 дугаарт, Р.Мягмардорж 21 дугаарт тус тус бүртгэгдсэн, уг захирамжийг үндэслэн Р.Мягмардоржид 1250 м.кв2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 330 дугаартай гэрээ байгуулсан, нэхэмжлэгч Ж.Идэрзууд уг захирамжийг үндэслэн 270 м.кв2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 042 дугаартай гэрээ байгуулж, 000556624 дугаартай газар эзэмших гэрчилгээг тус тус олгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, мөн зүйлийн 27.4-т заасан Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус заажээ. Иймд иргэн, хуулийн этгээд нь зөвхөн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон тохиолдолд газар эзэмших эрх үүсэхээр байна. Уг хуулийн Газар эзэмших эрхийн гэрчилгээний төрөл гэсэн 28 дугаар зүйлийн 28.1-д Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь дор дурдсан төрөлтэй байна: 28.1.1. гэр бүлийн хамтын хэрэгцээний; 28.1.2. төрийн байгууллагын; 28.1.3. аж ахуйн нэгж, байгууллагын гэж заажээ. Иргэн Р.Мягмардоржид тухайд хуулийн 28.1.1-д заасан гэр бүлийн хамтын хэрэгцээний газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон байх бөгөөд хуульд иргэний эзэмших газрын хэмжээг 0.07 га-гаас илүүгүй байхаар заасан байхад аймгийн Засаг даргын 2012 оны 470 дугаар захирамжаар хуульд заасан хэмжээг хэтрүүлж 1250 м.кв2 газрыг эзэмшүүлжээ.

 

Хариуцагч Р.Мягмардорж нь өөрийн эзэмших ёстой 1250 м.кв2 газраас илүү гарган нэхэмжлэгч Ж.Идэрзуугийн газар дээр хашаа барьсан болох нь Орхон аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1200 тоот албан бичиг, 01 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Р.Мягмардорж нь өөрийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт Ж.Идэрзууд газар эзэмшүүлсэн гэж маргадаг боловч тэрээр Барилгын тухай хуулийн зохих заалтууд болон Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм батлах тухай Засгийн газрын 2009 оны 204 дугаартогтоол, орон сууцны 11 дүгээр хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зургийн дагуу газраа заалгаж хүлээж авсан акт, кадастрын зураггүйгээр хашаа байшин барьсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, мөн ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр, хууль зөрчиж өөрийн хөрөнгөөр инженерийн шугам сүлжээ барьсан нь нотлогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболдын 2016 оны 06 сарын 07-ны өдрийн 142/ 1ТПТ12016/00779 дугаартай шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэсэн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Анхан шатны шүүхийн Ж.Идэрзуугийн эзэмшлийн газар дээр барьсан хашаагаа буулгаж нэхэмжлэгч Ж.Идэрзуугийн эзэмшлийн газрыг чөлөөлөхийг хариуцагч Р.Мягмардоржид даалгаж шийдвэрлэсэн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Р.Мягмардоржоос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 779 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболдын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

 

С.УРАНЧИМЭГ

 

Б.БАТТӨР