Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2019/0531

 

2019 оны 10 сарын 10 өдөр           Дугаар 221/МА2019/0531                        Улаанбаатар хот

“У..” ХНН-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Шинэхүү, хариуцагч У.Халиунаа нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0492 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “У..” ХНН-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын улсын ахлах байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0492 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “У...” ХНН-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0492 дугаартай шийдвэрийг дараах үндэслэлээр бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Үүнд:

1. Иргэн Х.Ц-аас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргахдаа вагоны билет бичихдээ зурагтын үнэ асуулгүй 960 төгрөг нэмж бичиж байна гэх гомдол гаргасан байдаг. /хх-ийн 33-34/ Гэвч түүний энэхүү гомдол нь үндэслэлгүй болох нь түүний өөрийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Энэ нь гомдол гаргагч тус иргэний 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэгт би эргэж очоод “… яагаад 960 төгрөг нэмж бичээд байгаа талаар асуусан ...” гэх мэдүүлэг байдаг /хх-ийн 48/. Өөрөөр хэлбэл, түүний мэдээгүй гэх гомдол нь түүний үйлдлээр үгүйсгэгдэж байгааг шүүх үнэлж үзээгүй.

2. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас билет бичихдээ зурагтын үнэ болох 960 төгрөгийг асуугаагүй бичсэн гэх үйлдлийг нь зөрчилд тооцсон боловч түүнийг нотолж тогтоосон баримт байхгүй. Өөрөөр хэлбэл зөвхөн иргэн Х.Ц-ын гомдлоос өөр нотлох баримтын хэмжээнд үнэлж болохуйц баримт байхгүй байгааг шүүх анхаарч үзээгүй.

3. Шүүхийн шийдвэрт “У...” ХНН тасалбар түгээх төв, кассаар зорчигчдод борлуулж буй тасалбарт телевизийн төлбөрийг зорчигчийн сонголтоор үндсэн төлбөр дээр нэмж авдаг гэх боловч тасалбарт телевизийн үнийг тусгахдаа тасалбарын дээд буланд хэрэглэгчид үл ойлгогдох хэлбэрээр болон зорчигч тасалбар худалдан авах үед сонгох хийх боломжийг олгохгүй, үнэн зөв мэдээлэл өгөхгүйгээр худалдаалж байгаа зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэсэн боловч хавтаст хэргийн хэд дүгээр хуудсанд авагдсан ямар ямар баримт байгаа талаар дурдаагүй нь шүүх шийдвэрийн үндэслэлээ нотолж чадахгүй байгаа юм. Харин эсрэгээрээ Замын-Үүд өртөөний билет бичих цонхны дэргэд нийтэд харагдахуйц самбар дээр вагоноор зорчих тасалбарын үнийг хүрэх газар бүрээр нь ялган бичиж, түүний зэрэгцээ зорчигч хүсвэл нэмэлтээр цай, кофе, зурагтын үнийг нэмж бичих тухай зарлалын самбар байрлуулсан байгаа /хх-ийн 74-75/ нь худалдан авах үед сонголт хийх боломж, үнэн зөв мэдээлэл өгөх зорилгоор байршуулж буй үйлдэл юм. Мөн тасалбарт үл ойлгогдох хэлбэрээр зурагтын тэмдэглэгээг хийсэн гэжээ. Гэтэл энэ нь зорчигчдод бус галт тэргэнд үйлчилж буй үйлчлэгчид зориулсан энэ зорчигч зурагт үзэх эрхтэй гэдгийг илэрхийлсэн тусгай тэмдэглэгээ байсныг шүүх мөн л буруу дүгнэсэн.

4. Иргэн Х.Ц-ын /цаашид иргэн гэх/ хүсэл зоригийг тайлбарлах замаар “У...” ХНН болон тус иргэн хоёрын дунд байгуулагдсан хэлцэл нь хүчин төгөлдөр гэдгийг дараах үндэслэлээр нотлоё. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан Тээвэрлэлтийн гэрээ байгуулсан бөгөөд гэрээний гол нөхцөл болох “… Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ ...” гэж заасны дагуу иргэнээс хүсэл зоригоо илэрхийлж түүнд нь тохирсон үйлчилгээг үзүүлэхээр талууд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон байна. Мөн хуулийн 382.1-д зорчигч тээвэрлэлтийн гэрээг зорчих пайз, тасалбарыг зорчигчид гардуулснаар байгуулагдсан гэж үзнэ. Энэ нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт “… Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана ...” гэж заасны дагуу иргэн вагоны билетийн үнийг эргэн очиж асуусан /хх-ийн 48/ үйлдлээр хүсэл зориг бүрэн илэрхийлэгдсэн байна.

Харин хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байсан эсэхийг тогтооё. Иргэний хуулийн 40.1 дэх хэсэгт “… Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно ...” мөн хуулийн 40.2 дахь хэсэгт “… Нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцно ...” гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл, Замын-Үүдээс Улаанбаатар хот орох иргэний хүсэл зоригийн илэрхийллийг “У...” ХНН хүлээн авснаар хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байна. Харин иргэн билетийн үнэнд 960 төгрөг нэмж бичигдсэн байгааг эргэж очоод асуусны дагуу зурагтын үнэ гэж хариулахад тагталзаагүй байна. /хх-ийн 48/. Иймд хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй байна. Мөн иргэний хуулийн 56-61-р зүйлд зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх боломжгүй байна. Иймд дээрх үйл баримт болон хүсэл зоригийн илэрхийллийн дагуу зурагтын үнэ асуугаагүй гэх үйлдэл нь нотлогдохгүй байгааг шүүх дүгнээгүй байна.

5. “У...” ХНН-ийн даргын баталсан “Зорчигчийн галт тэргэн дэх телевиз интернетийн үйлчилгээ болох төлбөр тооцоотой холбогдох журам”-ыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлээгүй тухай дурджээ. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад иргэнээс ирсэн гомдол нь асуугаагүй үйлдэлд нь гомдол гаргасан юм уу? гэдгийг огт ялгаж зааглалгүйгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, энэ талаар иргэнээс өгсөн мэдүүлэгт “… энэ ер нь төмөр замаар үйлчлүүлж буй бүх зорчигчдоос зурагтын үнэ гэж авдаг бол энэ нь хууль, дүрэм, журмын дагуу эсэхийг тогтоож шалгаж өгнө үү ...” /хх-ийн 38, 49/ гэх байдлаар тодорхой хэлсэн байдаг. Энэ талаар прокуророос нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт мөн эсэхийг тодруулах шаардлагатай талаар прокурорын даалгавар /хх-ийн 36/ өгсөн байдаг. Гэтэл энэ ажиллагааг огт хийлгүй зүгээр Хууль зүйн яаманд бүртгэгдсэн эсэх талаар лавлагаа аваад өнгөрсөн байдаг. /хх-ийн 93/ Хэрвээ энэ шүүгчийн дүгнэснээр нэмэлт үйлчилгээний нэмэлт төлбөр авдаг болсон журмыг бүртгэхтэй холбоотой маргаан бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг буруу явуулсан болох юм.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0492 дугаартай шийдвэрт үнэлж дүгнэлгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэг “… Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна ...” болон мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсэг “… Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана ...” гэх шаардлагуудыг хангаагүй тул шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

“У...” ХНН нь “А с т” ХХК-тай 2015 онд ХАГ/15/028 дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр холбогдох тоног төхөөрөмжийг суурилуулж, Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны А-266 дугаартай тушаалаар 2017 оны 7 дугаар сараас эхлэн гэрээний нэгдүгээр хавсралтад тусгасан чиглэлүүдэд үйлчилгээ үзүүлэхээр шийдсэн байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын улсын ахлах байцаагч “иргэн Х.Ц-аас галт тэрэгний тасалбарт телевизийн төлбөр асуулгүй нэмж бичсэн” гэх гомдлыг шалгаж, “У...” ХНН-ийг “иргэнээс асуулгүй телевизийн төлбөр бичсэн” зөрчил гаргасан гэж үзэн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 0005512 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг үндэслэн 5000 нэгжтэй тэнцэх буюу 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

“У...” ХНН-ээс уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гаргасан гомдлын шаардлагын үндэслэлээ “… Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1-д “үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах” гэсэн заалт байгаа ... Гэтэл шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан үндэслэлээ “иргэн Х.Ц-аас “галт тэрэгний тасалбарт телевизийн төлбөр асуулгүй нэмж бичиж байна” гэжээ. Энэ асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан бөгөөд манай гомдлыг хүлээн зөвшөөрөөгүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна” гэж тодорхойлжээ.

1. Анхан шатны шүүх “У...” ХНН-ийг “иргэнээс асуулгүй телевизийн мөнгө бичсэн нь Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1-д “үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь зөв байна.

“У...” ХНН-ийн даргын 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Зорчигчийн галт тэргэнд телевиз, интернетийн үйлчилгээ нээх тухай” А-266 дугаар тушаалын хавсралт, уг тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор билет бичдэг өртөөд илгээсэн цахилгаанд “телевизийн үйлчилгээний төлбөрийг зорчигчдоос авахдаа уг үйлчилгээнд хамрагдах эсэхийг лавлан зөвшөөрсөн тохиолдолд ... зорчигчийн тасалбарт ... тэмдэглэл хийж, тасалбарын тооцоонд ... үнийг нэмж тусгайн тооцож авна” гэсэн байгаа боловч иргэн Х.Ц-т тасалбар худалдахдаа телевизийн үйлчилгээ авах талаар урьдчилж асуугаагүй, уг үйлчилгээний талаар танилцуулаагүй атлаа тасалбар дээр үнийг шууд нэмж худалдсан нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9-д заасан “бараа ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах ... хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно” гэснийг зөрчсөн нь шалгалтын явцад тогтоогдсон байна.

2. “У...” ХНН давж заалдах гомдолдоо “иргэн Д.Ц-ын гомдлоос өөр нотлох баримтын хэмжээнд үнэлж болохуйц баримт байхгүй байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй” гэжээ.

Харин “У...” ХНН нь иргэн Х.Ц-аас телевизийн төлбөр болох 960 төгрөгийг авахдаа иргэнд урьдчилж мэдэгдээгүй, асуугаагүй нь тогтоогдсон бөгөөд зорчигч тасалбар худалдан авах үед сонголт хийх боломжийг олгохгүй, үнэн зөв мэдээлэл өгөхгүйгээр худалдаалж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар[1] тогтоогджээ.

Давж заалдах гомдлын “гомдол үндэслэлгүй болох нь түүний өөрийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна ... би эргэж очоод “... яагаад 960 төгрөг нэмж бичээд байгаа талаар асуусан ...” гэх мэдүүлэг байдаг. Өөрөөр хэлбэл, түүний мэдээгүй гэх гомдол нь түүний үйлдлээр үгүйсгэгдэж байгаа” гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй. Учир нь иргэн Х.Ц тасалбарын үнэ дээр нэмж бичигдсэн төлбөрийг асуусан нь түүнд анх тасалбар борлуулахдаа сонголтоор нэмэлт үйлчилгээ авах эсэхийг асууж, сонгох боломж олголгүйгээр телевизийн төлбөрийг нэмж бичсэнийг илтгэж байна.

Түүнчлэн, давж заалдах гомдолд дурдсан “анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 107 дугаар зүйлийн 107.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн” гэсэн нь тогтоогдохгүй байх бөгөөд шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий хэмээн үзлээ.

Энэхүү маргаан нь Өрсөлдөөний тухай хууль тогтоомжоор шийдвэрлэгдэх маргаан биш байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Өрсөлдөөний тухай хуулийг тайлбарлан хэрэглэсэн нь буруу байгааг тэмдэглэж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль нь энэхүү маргааны үйл баримтыг шийдвэрлэхэд хамааралгүй байх тул хассан өөрчлөлт оруулж, “У...” ХНН-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0492 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Зөрчил шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2” гэснийг хасаж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гомдол гаргагч “У..” ХНН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ

 


[1] Хэргийн 43-45-р тал