Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 283

 

 

 

2016 оны 05 сарын 11 өдөр     Дугаар 156/ШШ2016/00283    Хэнтий аймаг

 

 

 


Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс:156/2015/00257/И

    Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би
Нэхэмжлэгч: “Жи-Мобайл” ХХК-ийн Хэнтий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, 
Хариуцагч: Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр баг, “Баянбулаг” гэдэг газар оршин суух, Эрдэнэхуягийн Хэрлэнцэцэгт (РД:СА90033141) холбогдох 
“Ярианы төлбөр 80 901 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч хянаад                                                                                                                                                                                            
ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-ийн Хэнтий аймаг дахь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Хэрлэнцэцэг нь 2013 оны 08 дугаар сарын 25-ны өдөр манай компанитай 98110145 дараа төлбөрт үйлчилгээний дугаарын хэрэглэгч болохоор гэрээ байгуулсан юм.
Хэрэглэгч Э.Хэрлэнцэцэг нь дээрх дугаарыг тодорхой хугацаанд ашиглахдаа нийт 103 934 (нэг зуун гурван мянга есөн зуун гучин дөрвөн) төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлсхийж байгаа болно.
Уг төлбөрөөс барьцаа 50 000 төгрөгийг хасч, гэрээний 5.16-д зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувь алданги тооцож нэхэмжлэх эрхтэй гэж заасны дагуу 633 хоногийн 26 967 төгрөгийн алдангийн хамт нийт 80 901 төгрөгийг хэрэглэгч Э.Хэрлэнцэцэгээс гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                                                               
                                                                                                      
ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-ийн Хэнтий аймаг дахь салбар нь хариуцагч Э.Хэрлэнцэцэгт холбогдуулан 80 901 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хариуцагч Э.Хэрлэнцэцэг нь “Жи-Мобайл” ХХК-ийн Хэнтий аймаг дахь салбартай хувь хэрэглэгчид үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж 98110145 дараа төлбөрт үйлчилгээний дугаар авсан болох нь 2013 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хувь хэрэглэгчид үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх гэрээний хуулбар /хх-ийн 6-7х/, төлбөрийн нэхэмжлэхийн хуулга /хх-ийн 9х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-ийн Хэнтий аймаг дахь салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч биелүүлсэн болох нь 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн төлбөрийн баримтаар тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
         
            Ийнхүү нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч, биелүүлсэн байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар явуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                        
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. “Жи-Мобайл” ХХК-ийн Хэнтий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Хэрлэнцэцэгт холбогдох ярианы төлбөр 80 901 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-ийн Хэнтий аймаг дахь салбараас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4550 төгрөгийг төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 2275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2275 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч байгууллагад, хариуцагч Э.Хэрлэнцэцэгээс 2275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад тус тус  олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

             
ШҮҮГЧ                                           Ж.БОЛДБААТАР