Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2019/ШЦТ/55

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ,

улсын яллагч Э.Ариунболд,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:      

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт Б.Бид холбогдох эрүүгийн 1907001090043 дугаартай хэргийг 2019 оны сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******т төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, *******,*******, *******, ******* ******* тоотод оршин суух,

урьд Нийслэлийн Налайх дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, регистрийн ********** дугаартай, овогт Б.Б.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Б.Б нь согтуугаар Налайх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт тоотод 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Р.Отэй маргалдан улмаар толгойн орой хэсэгт архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 02 дугаар сарын 19-ний орой би найзындаа ортол М, О, Онар архи уугаад сууж байхаар нь би цуг архи уусан. Намайг архи уугаад сууж байхад О миний толгой руу 2-3 алгадахаар нь би уурандаа архины шил толгойн дээр нь хагалсан. Үүнээс болж толгой нь хагарсан бөгөөд ухаан алдахаар нь би айсандаа гараад зугтаасан” гэх мэдүүлэг,

Хохирогч Р.Оийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн орчимд Замчинд явж байгаад би О, М нартай таарч уулзаад цуг хороонд Наранд байдаг С гэдэг айлд очиж архи, пиво ууж байгаад Б, М 2 маргалдаад хэл амаар дайрч доромжлоод байхаар нь би “боль” гэхэд Б гэдэг залуу архины шилээр толгойн орой хэсэгт цохиж хуйх язарч цус алдсан...”гэх мэдүүлэг,

/хх-ийн 4-5 дугаар тал/

Гэрч Х.Мын мөрдөн байцаалтад өгсөн “...Оройхон Сгийнд манай хорооны танил Б орж ирээд цуг ууж сууж байхдаа надтай маргалдаж байхад О дундуур ороход Б Оийн толгойн орой хэсэгт уусан архины шилээрээ цохиж ухаан алдаж унаад толгойноос нь цус урссан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 11 дүгээр тал/

          Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №08шэ/153 дугаар:

  1. “Р.Оийн биед зулайн хуйханд шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт,

/хх-ийн 15 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 32 дугаар тал/,

Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл судалгааны төвөөс гаргасан лавлагаа,

/хх-ийн 33 дугаар тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 4 тал/

Нийслэлийн *******ны тодорхойлолт,

/хх-ийн 45 дугаар тал/

Хохирогч Р.Оийн хэргийн материал танилцуулсан тэмдэглэл,

/хх-ийн 55 дугаар тал/,

Хохирогч Р.Оийн хүсэлт,

/хх-ийн 58 дугаар тал/

Нийслэлийн Налайх дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 52-53 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий яллагдагч болон шүүгдэгч,  хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Гэм буруугийн талаар 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Налайх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт тоот Сгийн гэрт О, Мард, Р.О нартай согтууруулах ундаа хэрэглэх явцадаа хохирогч  Р.Отэй маргалдан улмаар толгойн орой хэсэгт архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн шүүгдэгч Б.Бийн өгсөн “...О миний толгой руу 2-3 алгадахаар нь би уурандаа архины шил толгойн дээр нь хагалсан. Үүнээс болж толгой нь хагарсан бөгөөд ухаан алдахаар нь би айсандаа гараад зугтаасан...” гэх,

хохирогч Р.Оийн “...Б гэдэг залуу архины шилээр толгойн орой хэсэгт цохиж хуйх язарч цус алдсан...” гэх,

гэрч Х.Мын “...Б Оийн толгойн орой хэсэгт уусан архины шилээрээ цохиж ухаан алдаж унаад толгойноос нь цус урссан...” гэх мэдүүлгүүд болон Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №08шэ/153 дугаар дүгнэлт /хх-15/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас: “Шүүгдэгчийн хувийн байдал бусдад учруулсан хохирол үйлдсэн гэмт хэргийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна.” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-т заасан буюу шүүгдэгч сайн дураар өөрийн гэм бурууг хүлээсэн. Хохиролын хувьд хохиролыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэдэг үндэслэлээр гэм буруугийн хувьд улсын яллагчтай мэтгэлцэх зүйлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүгдэгч хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол үүнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох боломжтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу нийтэд тустай ажил хийлгэх ялын ноором хэмжээг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулах боломжтой байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргажээ.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Б.Бид нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Бусад асуудлаар

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч 200,000 төгрөгийг нэхэмжилж байгаа хэдий ч хохирлын талаарх баримтаа гаргаж өгөөгүй, түүнчлэн шүүгдэгч Б.Б нь хохирогчид учирсан эмчилгээний зардыг төлөхөө илэрхийлж байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. овогт Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бид 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Бид мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 162.4 дэх хэсэгт Б.Бид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг ******* дэх Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ