| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00370/И |
| Дугаар | 293 |
| Огноо | 2016-05-13 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 293
2016 оны 05 сарын 13 өдөр Дугаар 156/ШШ2016/00293
Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 156/2016/00370/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 8-13 тоотод оршин суух Долгорын Ширчинг архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, цагдаагийн хошууч А.Отгонжаргал, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Ширчин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Цагдаагийн газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хэрлэн сумын 1 дүгээр баг, хийд 08-12 тоотод оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй Согтуурах, мансуурах донтой өвчтэй нь мэргэжлийн эмчийн үзлэг болон сэтгэцийн эмчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа байгаа тул захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонжаргал нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Д.Ширчин нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт оршин суух. Согтуурах, мансуурах донтох өвчний 3 дугаар зэрэгтэй болох нь мэргэжлийн эмчийн үзлэг болон сэтгэцийн эмчийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөн өөрийнх нь шүүхэд өгсөн тайлбар, дүү Э.Түмэнбаярынх нь шүүхэд өгсөн тайлбар, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Засаг даргын “тус багт түр оршин суудаг Долгорын Ширчин нь эрхэлсэн тодорхой ажилгүй, архины хамааралтай иргэн мөн болохыг” тодорхойлсон тодорхойлолт, зөрчлөөр нь авч үзвэл 2010 оноос 2016 оныг хүртэл нийт 10 удаа согтуугаар саатуулагдсан, 8 удаа торгуулсан зөрчил гаргасан байна.
Иймд Д.Ширчинг архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Ширчин нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би байнга архи уугаад байдаггүй. Хөдөөнөөс хааяа аймгийн төв рүү орж ирэхээр найз нөхөд таараад архи уудаг. 2015 онд Миний бие архины албадан эмчилгээнд сайн дураар хамрагдсан. Түүнээс хойш архи уугаагүй. Сүүлд саатуулагдахад би эрүүл явж байхад цагдаа нар намайг барьсан. Би дүүгийнхээ нялх хүүхдийг хардаг юм. Манай дүү хөдөө ойр ойрхон явдаг. Тийм учраас би архины албадан эмчилгээнд явмааргүй байна. Тэгээд би сүүлийн 1 жил огт архи уугаагүй гэв.
Шүүх хуралдаан дээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Цагдаагийн газар нь Долгорын Ширчинд холбогдуулан архины албадан эмчилгээ хийлгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хэдийгээр Д.Ширчин нь архинд донтох өвчний 3 дугаар зэрэгтэй болох нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон хэдий ч тэрээр 2015 онд өөрийн сайн дураар архины албадан эмчилгээнд хамрагдаж байсан. Ар гэр нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Ширчинд тавих анхаарал халамж сайн, сүүлийн 1 жил архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй засралын байдалтай байгаа учраас энэ удаа түүнийг албадан эмчилгээнд хамруулах шаардлагагүй гэж үзэв
Иймд нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хэнтий аймгийн цагдаагийн газрын нэхэмжлэлтэй Долгорын Ширчинг архины албадан эмчилгээнд хамруулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2 Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР