Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/01362

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/01362

 

 

Н.,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2024/01486 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н.,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,,,,,,т холбогдох,

үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШЗ2018/01080 дугаар шийдвэрээр Н.,,,,,,,,,,,,,гаас 87,250,000 төгрөгийг гаргуулж Та ,,,,,,,,,,,,,,, ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураагдсан миний өмчлөлийн газрыг шинжээч 391,481,471 төгрөгөөр үнэлсэн.

Миний бие 2 гарааж, 2 хувийн сууцыг барихын тулд 500,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулж барьсан ба одоогийн зах зээлийн ханш 800,000,000 төгрөг байхад хэт доогуур үнэлж үнэлгээ гаргаж байгаад гомдолтой байна.

Мөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд 2 гараажийг 206.2 м.кв гэж бичсэн байхад үнэлгээний дүгнэлтэд 300 м.кв гэж алдаатай бичсэн нь үнэлгээг бүхэлд нь буруу болгож байна. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

,,,,,,,,,,,,,, ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгосон ажиллагаа нь хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу явагдаж байгаа ажиллагаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч Н.,,,,,,,,,,,,,гийн гаргасан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

2022 оны байдлаар үнэлэгдсэн үнэлгээг 2024 онд өндөр гэх үндэслэлгүй гэсэн нь ойлгомжгүй байна. 2024 онд зах зээлийн үнэ өсөлттэй байгаа.

Шинжээч гэдэг нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн бодит бичиг баримтанд тулгуурлан үнэлгээ хийх ёстой. Үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ бодит бичиг баримтаас зөрсөн тохиолдолд барилгын тусгай мэдлэг бүхий барилга орон сууцны талбай хэмждэг эрх бүхий этгээд дүгнэлт гаргах ёстой, хөрөнгийн шинжээчээс зохих зөвшөөрлийг тодруулаагүй.

Бусдын үл хөдлөх эд хөрөнгийг дураараа дур мэдэн хэмжиж байгаагаас харахад тухайн үнэлгээг зах зээлийн ханшаар үнэлсэн гэдэг нь эргэлзээ төрүүлж байна. Иймд шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Н.,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2018/01080 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1617 дугаар магадлалаар Н.,,,,,,,,,,,,,гаас 87,250,000 төгрөг гаргуулж Та ,,,,,,,,,,,,,,, ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

 

3.1. Дээрх шийдвэрийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар шийдвэрт заасан барьцаа хөрөнгө болох Н.,,,,,,,,,,,,,гийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эмнэлгийн 23 дугаар гудамж, 678 тоот хаягт байрших 2 гараж, 2 хувийн сууц, 521 м.кв талбайтай газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр битүүмжилж, 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хураасан.

 

3.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хураасан хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоолоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар шинжээчээр ,,,,,,,,,,,,,, ХХК-ийн үнэлгээчин Б.,,,,,,,,,,г томилжээ.

 

3.3. 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр шинжээч нь Н.,,,,,,,,,,,,,гийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эмнэлгийн 23 дугаар гудамж, 678 тоот хаягт байрших 206.2 м.кв талбайтай 2 гараж, 230 м.кв талбайтай 2 хувийн сууц, 521 м.кв талбайтай газрыг 391,481,471 төгрөгөөр үнэлсэн байна.

Шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн хандлагыг ашиглан үнэлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль /2010 оны/-ийн 8, 9 дүгээр зүйлд заасан хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалд нийцсэн, үнэлгээний тайланд тавигдах шаардлагыг хангасан.

Мөн шинжээч үнэлгээний явцад үнэлэгдэж буй эд хөрөнгийг бодит хэмжээгээр үнэлснийг буруутгахгүй, анхан шатны шүүх шинжээч нь тусгай мэдлэгийн хүрээнд шинжилгээний бодит үр дүнг үнэлгээнд тусгасан гэж дүгнэсэн нь зөв. Энэ тохиолдолд шинжээчид орон сууцны талбай хэмжих тусгай зөвшөөрлийн шаардлага тавигдахгүй.

 

3.4. Нэхэмжлэгч нь үнэлгээ бодит байдалд нийцээгүй, зах зээлийн үнээс багаар үнэлгээг тогтоосон гэх нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

3.5. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт нийцсэн.

 

4. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2024/01486 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Т.БАДРАХ