Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/01394

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/01394

 

 

Э.,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2024/02492 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Э.,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,,,,, ХХК-д холбогдох,

9,928,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, 40 хороонд байрлах ,,,,,,,,,,,,,, ХХК-ийн Баянзах худалдааны төвд 6 нэрийн хүнсний лангуу худалдан авах хүсэл зоригоо илэрхийлэн 15 м.кв талбайг худалдан авч, 9,500,000 төгрөг төлсөн. Мөн түрээсийн барьцаа 428,000 төгрөг болон хоёр сарын түрээсийн төлбөр 512,500 төгрөгийг шилжүүлсэн.

Гэвч хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээ бус түрээсийн гэрээ байгуулсан, тус гэрээний 4.2.6-д заасан заалт хангалтгүй байсны улмаас үйл ажиллагаа зогсонги байдалд орж, гэрээг цуцлах талаар амаар хэлж 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр талбайг хүлээлгэн өгсөн.

Иймд хариуцагчаас лангуу худалдан авсан үнэ 9,500,000 төгрөг, барьцаа 428,000 төгрөг, нийт 9,928,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй, түрээсийн гэрээ хийсэн. Түрээсийн гэрээгээр мөнгө нэхэмжилж байгаа нь учир дутагдалтай, ямар гэрээгээр ийм хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний тухай хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар 2023 оны 02 сарын 12-ны өдрийн 162 дугаар Баян худалдааны төвд талбай, павильон ажиллуулах түрээсийн гэрээг цуцалж, хариуцагч ,,,,,,,,, ХХК-аас 9,928,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.,,,,,,,,,,,д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173,798 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,, ХХК-аас 173,798 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.,,,,,,,,,,,д олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгч Э.,,,,,,,,,,,гийн нэхэмжилсэн 9,928,000 төгрөгийн тооцоо буруу тул үнийн дүнгээс 1,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

Гомдлыг үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Э.,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,, ХХК-д холбогдох 9,928,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

3. 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн гэрээгээр ,,,,,,,,,,,,,, ХХК нь Баян худалдааны төвийн 5 тоот, 15 м.кв талбайг түрээслүүлэхээр, Э.,,,,,,,,,,, нь нэг сарын түрээсийн төлбөрт 427,500 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 10,440,500 төгрөг шилжүүлэн өгсөн.

Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

4.1. Гэрээний 2.1-д зааснаар талууд 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаагаар гэрээг байгуулсан. Энэхүү хугацаа дуусгавар болсны дараа нэхэмжлэгч нь гэрээнд зааснаас илүү шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцааж шаардсан.

Иймд зохигч нь гэрээг цуцалсан үйл баримт тогтоогдохгүй байх ба харин гэрээний хугацаа дуусгавар болсон байна. Энэ талаар шүүхээс алдаатай дүгнэлт өгснийг ийнхүү залруулан дүгнэж, холбогдох хууль хэрэглээний болон найруулгын шинжтэй өөрчлөлтийг оруулна.

 

4.2. Гэрээ дуусгавар болсонтой холбогдуулан нэхэмжлэгч нь түрээсэлсэн хугацааны төлбөрт 512,500 төгрөг суутгагдсан, үлдэх 9,928,000 төгрөгийг түрээсийн төлбөрт суутгах үндэслэлгүй, үүнийг худалдах, худалдан авах гэрээний төлбөрт шилжүүлсэн үндэслэлээр буцаан шаардсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан түрээсийн төлбөрийн тооцооны талаар маргаагүй.

 

4.3. Иймд анхан шатны шүүх түрээсийн төлбөрт суутгах үндэслэл тогтоогдоогүй тул 9,928,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Анхан шатны шүүхэд хариуцагч нь 1,000,000 төгрөгийн тооцоолол үндэслэлгүй гэж маргаагүй тул үүнд давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөхгүй. Мөн энэхүү зөвшөөрөхгүй гэж буй 1,000,000 төгрөгийн зөрүүг хэрхэн тооцоолж бодсон болохоо хариуцагч илэрхийлээгүй учир гомдлыг хангахгүй.

 

4.4. Шийдвэрийн тогтоох хэсэгт тэмдэгтийн хураамжийн талаарх хуулийн зохицуулалтыг баримтлахдаа техникийн шинжтэй алдаа гаргасныг залруулна.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2024/02492 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний тухай хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ,,,,,,,,, ХХК-иас 9,928,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.,,,,,,,,,,,д олгосугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтад 57.1 гэснийг 56.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Т.БАДРАХ