Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/01395

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/01395

 

 

Б.,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/01862 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,,,, ХХК-д холбогдох,

231,408,490 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,,,,,,,,,, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

,,,,,,,,,,,,, ХХК нь бартерт авсан байраа хямд үнээр зарна, барилгыг барьж буй ,,,,,,,,,,,,, ХХК-тай байгуулсан захиалгын гэрээг шилжүүлнэ гэсний дагуу орон сууц захиалгын гэрээг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ,,,,,,,,,,,,, ХХК-тай байгуулсан.

Гэрээгээр Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын ам, Энержи лакшари резидэнс хотхонд 90.74 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 181,480,000 төгрөгөөр авахаар тохирч, төлбөр 181,480,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,, ХХК-нд шилжүүлсэн. Мөн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр авто зогсоолын захиалгын гэрээ байгуулж, төлбөрийг ,,,,,,,,,,,,, ХХК-д шилжүүлсэн.

,,,,,,,,,,,,, ХХК гэрээний төлбөрийг төлөөгүйтэй холбоотойгоор ,,,,,,,,,,,,, ХХК нь 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гэрээг цуцлах мэдэгдлийг ирүүлсэн.

2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ,,,,,,,,,,,,, ХХК-тай очиж уулзахад орон сууцны төлбөрийг хохирол, зардлын хамт хариуцна гэсэн албан бичгийг өгсөн.

Орон сууцны үнэ 181,480,000 төгрөг, Австрали улсаас энэ асуудлыг шийдэх гэж ирсэн тийзийн зардал 693,878 төгрөг, авто зогсоолын гэрээг цуцалсны төлбөр 5,344,800 төгрөг, нотариатын зардал 34,000 төгрөг, өмгөөллийн хөлс 14,000,000 төгрөг, олох ёстой байсан орлогод 29,835,312 төгрөгийг тус тус нэхэмжилж байна.

Тухайн үед нэхэмжлэгч захиалгын гэрээг хийж 181,480,000 төгрөгийг шилжүүлээгүй байсан бол банкны хадгаламжид хийгээд ашиг олох бүрэн боломжтой байсан гэж үзээд хариуцагчийн зөвшөөрсөн 3.6 хувийн хүүгээр тооцож хохирлыг шаардсан.

Иймд хариуцагчаас 231,408,490 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжилж байгаа үнийн дүнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Ямар учраас 181,480,000 төгрөгийн хохиролд 29,835,312 төгрөг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй. Гараажид төлсөн 5,000,000 төгрөгийн баримт байхгүй, энэ нь манайхтай байгуулсан гэрээнд хамааралгүй.

Харин онгоцны нислэгийн төлбөр 693,878 төгрөг, нотариатын зардал 20,500 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Өмгөөллийн зардал 14,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй хэт өндөр байна.

Орон сууцны төлбөрт шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг ашиглах боломжгүй байсан хугацааны 4 сарын хугацааны хохирол 7,757,480 төгрөгийг төлөх боломжтой гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 222 дугаар зүйлийн 222.5, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,, ХХК /РД:5287685/-иас 190,216,238 /нэг зуун ерин сая хоёр зуун арван зургаан мянга хоёр зуун гучин найман/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Харуулынхан ,,,,,,,,,,,,,,ын ,,,,,,,,,,,,,, /РД:ГЮ90032518/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 41,192,252 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч 78,295,608 төгрөгийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,706,480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,ХХК-иас 1,109,031 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.,,,,,,,,,,,,,,д олгож шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

,,,,,,,,,,,,, ХХК-иас 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч Б.,,,,,,,,,,,,,,д өгсөн албан бичигт 7,757,480 төгрөгийг 2023 оны 05 дугаар сарын 15-20-ны өдөрт багтаан төлж барагдуулахаар дурдсан. Талууд хохирлын хэмжээг хэрхэн тооцох тухай 3 сарын 3.6 хувь гэж тохиролцсон байх бөгөөд үүнийг аль нэг тал нь хууль зөрчсөн гэж маргаагүй, үгүйсгэсэн зохих баримтыг гаргаж өгөөгүй байхад шүүхээс хуульд нийцэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Шүүх хуралдаанд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэгч талаас өмгөөлөгчөөр оролцож, талуудын хооронд байгуулсан гэрээг баримтаар гаргаж өгсөн бөгөөд уг гэрээг хүчингүй эсхүл цуцлагдсан талаарх ямар нэг баримтыг шүүхэд гаргаагүй, мөн гэрээнд талууд 14,000,000 төгрөгийг төлөх хуваарь тохиролцсон талаар тодорхой дурдсан.

Иймд хохиролд тооцож нэхэмжилсэн 29,835,312 төгрөг, өмгөөллийн хөлс 14,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч оролцоогүй, гомдолд хариу тайлбар ирүүлээгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Б.,,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,, ХХК-д холбогдуулан 231,408,490 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 78,295,608 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг анхан шатны шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцсэн байна.

 

3. 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ,,,,,,,,,,,,, ХХК нь арматур нийлүүлсний төлбөрт авч буй орон сууцыг Б.,,,,,,,,,,,,,,д худалдахаар харилцан тохиролцсоны дагуу ,,,,,,,,,,,,, ХХК нь Б.,,,,,,,,,,,,,,тэй Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын ам 17100, Наадамчдын зам ,,,,,,,,,,, хаягт байрлах Energy residence хотхоны 1-1407 тоот, 90,74 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай 453,700,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг захиалгын дагуу барьж ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх гэрээг байгуулсан байна.

Нэхэмжлэгч нь энэ гэрээний төлбөрт 181,480,000 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагчид төлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

 

3.1. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар үндэслэл бүхий дүгнэжээ.

 

3.2. ,,,,,,,,,,,,, ХХК нь гэрээгээр хүлээн үүргээ гүйцэтгээгүй үндэслэлээр 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ,,,,,,,,,,,,, ХХК нь Б.,,,,,,,,,,,,,,тэй байгуулсан гэрээнээс татгалзсан байна.

Үүнээс шалтгаалж Б.,,,,,,,,,,,,,, нь гэрээнээс татгалзсаны үр дагварыг ,,,,,,,,,,,,, ХХК-иас шаардах эрхтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцжээ.

 

3.3. Анхан шатны шүүх орон сууцны төлбөр, онгоцны тасалбарын үнэ, нотариатын зардалд 182,140,378 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд зохигч гомдол гаргаагүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын үүднээс эрх зүйн дүгнэлт өгөхгүй орхив.

 

4. Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсаны хохиролд сарын 3.6 хувиар тооцож 5 сарын хүү 29,835,312 төгрөг гаргуулахаар шаардсан.

4.1. Энэ нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон хүүгийн зохицуулалтын дагуу Монгол банкны жигнэсэн дундаж хүүгийн статистикийг үндэслэн сарын 0.89 хувиар тооцон 8,075,860 төгрөгийн хүү гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Учир нь гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан хариуцагч нь 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүү төлөхөө албан бичгээр илэрхийлсэн, үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл, зохигч талууд хүү тооцохоор хүсэл зоригоо илэрхийлэн харилцан тохиролцсон тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасан хүүгийн зохицуулалтыг энэ тохиолдолд хэрэглэхгүй.

 

4.2. Хариуцагч нь 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн албан бичгээр гэрээнээс татгалзсантай холбогдуулан 3 сарын 3.6 хувийн хүү төлөхийг илэрхийлсэн байна.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгаар тайлбарлахад хариуцагч нь 3 сарын хугацаанд 3.6 хувийн хүү нь 1 сарын 1.2 хувийн хүү тооцохоор тохиролцсон байх бөгөөд дээрх гэрээний нөхцөлийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байна.

4.3. Иймд нэхэмжлэгчээс хүлээн авсан 181,480,000 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сараас 06 дугаар сар хүртэлх хугацаанд ашигласны хүүг сарын 1.2 хувиар тооцож, 5 сарын хүү 10,888,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт нийцнэ. Энэ талаарх гомдлын зарим хэсгийг хангав.

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн Фиделитас партнерс ХХН-тэй 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан гэрээний өмгөөллийн хөлс 14,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт нийцсэн байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

Нэхэмжлэгч нь өмгөөллийн хөлс нь гэрээнээс татгалзсаны үр дагаварыг харилцан буцаах үүрэг болон гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхэд хамаарахгүйн зэрэгцээ иргэний маргаанд хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлсний төлбөрийг хариуцагчаас шаардах эрхгүй.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/01862 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,, ХХК -иас 193,029,178 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.,,,,,,,,,,,,,,д олгож, нэхэмжлэлээс 38,379,312 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтад 1,109,031 гэснийг 1,123,096 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 336,748 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Т.БАДРАХ