| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 177/2019/0057/э |
| Дугаар | 55 |
| Огноо | 2019-05-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын Газрын хяналтын прокурор Х.Энхтуул,
Шүүгдэгч: Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Гын Тд холбогдох 1935 0011 70059 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дуу хөгжмийн багш мэргэжилтэй, одоо Увс аймгийн Давст сумын сургуулийн дуу хөгжмийн багш ажилтай, ам бүл 3, аав, ээжийн хамт Увс аймгийн Давст сумын 2-р багт оршин суудаг, урьд Увс аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, ОВ96061714 дугаарын регистртэй, Б ургийн овогт Гын Т.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.Т нь 2019 оны 3 дугаар сарын 29-ний орой Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, Cоёмбо караоке баарны гадна хохирогч Ч.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Г.Т нь 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Соёмбо” караоке баарны гадна хохирогч Ч.Быг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:
Хохирогч Ч.Бын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Манай гэр Улаангом сумын 5-р баг, Барилгын хороонд байдаг. Би эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. 2018 оны 3 дугаар сарын 29-ний орой 20 цагийн орчим гэр бүлийн найзууд болох М, түүний эхнэр мөн манай эхнэр Д бид дөрөв Улаангом сумын 11-р багт байрлах Соёмбо караокед орсон. Бид нар Соёмбо караокений 1 номерийн өрөөнд ороод 1 цаг аваад 500 граммын 4 пиво аваад сууцгаасан. Тэгээд дуулж байтал Мын эхнэр гэрээс хүүхдүүд дуудаж байна би гэртээ очоод хоол хийж байя гээд гараад явчихсан юм. Манай эхнэр Д, М бид гурав дуулж байгаад би өрөөнөөс гарч бие засахаар ганцаараа ОО ортол ОО-ын өрөөн дотор 2 залуу зогсож байсан. Бие засах гээд эрэгтэй ОО-ын өрөө рүү явах гэтэл нөгөө 2 залуугийн нэг залуу нь болох бор өнгийн хувцастай залуу над руу хандаж “хөөе чи гар, энд чинь эмэгтэй хүн бие засаж байна” гэхээр нь би нөгөө залууд хандаж “би эрэгтэй ОО-д бие засах гэж байна, эрэгтэй ОО-ын өрөө рүү ороод бие засчихая” гэхэд нөгөө залуу над руу ирээд намайг мөрлөөд “гаръя пизда минь” гэсэн. Би яах гэж байгаа юм бол гэж бодоод хамт ОО-ын өрөөнөөс нөгөө 2 залууг дагаад гарсан ба над руу томордог залуугийн хажууд байсан хар өнгийн савхин куртиктай залуу тухайн үед надад юу ч хэлээгүй. Тэгээд бид гурав Соёмбо караокений 2 давхараас доош буугаад хаалгаар гартал нөгөө 2 залуу хашааны булан тойроод эргэсэн юм. Араас нь дагаад очтол харанхуй буланд надтай маргалддаг залуу зогсож байсан, би очоод “ахын дүү чи ингэж болохгүй залуу хүүхдүүд байна” гэж хэлэх хооронд нөгөө залуу миний урдаас харж зогсож байгаад миний нүүр лүү нэг удаа мөргөсөн юм. Тэгэхээр нь би тонгойтол үргэлжлүүлээд миний чих рүү гараараа нэг удаа цохиход миний чихнээс цус гараад эхэлсэн. Тэгж байтал надтай хамт явсан М араас гарч ирээд намайг салгаад авсан ба нөгөө залуучуудыг бариад авах хооронд нөгөө залуучууд зугтаачихсан юм. Тэгээд би цагдаад мэдэгдсэн юм. ...Тухайн үед миний баруун талын чих гэмтэж 3 оёдол тавиулсан ба одоо чихний гэмтэл эдгээгүй хавдчихсан байдалтай байна. Намайг зодсон Т нь надаас уучлалт гуйж бид хоёр хоорондоо эвлэрсэн би Тгөөс нэхэмжлэх зүйл байхгүй, надад хохирлын талаар гаргаж өгөх баримт байхгүй. Энэ хэргийг хурдан хугацаанд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” /хх-ийн 04-06 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Ц.Дын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Манай гэр Улаангом сумын 5-р багийн нутаг Барилгын хорооны 5-11 тоотод байдаг ба би нөхөр Б 3 хүүхдийн хамт амьдардаг юм. 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр манай найз болох М эхнэр Нэргүйгийн хамт манайд ирээд бид нар сууж байгаад 1 шил 500 граммын архи хувааж уугаад манай гэрээс гараад Соёмбо нэртэй караокед 20 цагийн орчим орсон. Соёмбо караокед 1 цаг аваад 4 лааз 500 граммын пиво авсан юм. ...Манай нөхөр Б бие засна гээд гарсан араас хэсэг хугацааны дараа М гараад тэр хоёр ирэхгүй болохоор нь би 10-15 минутын дараа гараад тооцоо хийчихээд доош буугаад гартал Соёмбо караокений урд талын хашааны харанхуй буланд хүмүүс маргалдаад байх шиг болохоор нь яваад очтол М нэг бор өнгийн пальтотой танихгүй залуутай зууралдаад байсан, манай нөхөр хашааны харанхуй буланд баруун чихээ дараад газар явган сууж байсан. Тэгэхээр нь би юу болсныг асуухад манай нөхөр Б надад хэлэхдээ тэр бор өнгийн пальтотой залуу баруун талын чих рүү нь гараараа нэг удаа цохиж чихийг нь гэмтээж цус гаргалаа гэж байсан юм. Харин тэр залуу зугтах гээд байхаар нь М зугтуулахгүй гээд бариад зуураад байж байтал замын тэндээс нэг хар савхин куртиктай залуу гүйгээд ирэхээр нь би таниад чи Дгийн залуу байна шүү дээ гэхэд тэр залуу намайг таниад нөгөө бор өнгийн пальтотой залуутай хамт явж байгаа гэдгээ надад хэлсэн юм...” /хх-ийн 7 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Д.Эын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...21 цагийн үед байх цагийг нь би сайн санахгүй байна Соёмбо нэртэй караокед Т, Б бид гурав ороод 5 номерийн өрөөнд байх хамгийн булангийн өрөөнд ороод 2 цаг караоке аваад 1 шил 750 граммын Соёрхол нэртэй архи ус ундаа ууцгаасан юм. Тэгээд 2 цагаа дуусгаад архиа гурвуулаа хувааж уугаад караокенаас гарах замдаа Б эгч ОО-ын өрөөнд орж бие засахаар орсон. Т бид хоёр хаалгыг нь дараад байж байтал гаднаас цэнхэр майктай намхан эрэгтэй, савхин куртиктай өндөр эрэгтэй хоёр хүн орж ирээд цэнхэр майктай ах эмэгтэй ОО-ын өрөөнд орох гэхээр нь би тэр хүнд хандаж ахаа энэ эмэгтэй ОО-ын өрөө дотор нь хүн байна гэхэд нөгөө цэнхэр майктай ах орно гээд байхаар нь би оруулахгүй тэр хүнтэй маргалдаад зогсож байтал миний хажууд байсан Т нөгөө нэг хар савхин куртиктай Б гээд ахтай маргалдаад гарсан юм. Би Т, Б нарын араас гарахад тэр хоёр баарны гадна гараад чигээр явж байгаад баруун тийш эргээд хашааны харанхуй буланд маргалдаж байсан намайг яваад очиход хоорондоо маргалдаж байгаад Т Б ахын нүүр лүү нэг удаа мөргөөд гараараа баруун талын чих рүү нь нэг удаа цохисон. Би очиж салгаад байж байтал араас нөгөө цэнхэр майктай ах гүйж ирээд бид хоёр луу дайраад хөөгөөд байхаар нь бид хоёр зугтаагаад явчихсан юм. Тухайн үед нөгөө цэнхэр майктай ах Т бид хоёрыг хөөж байхад Б ахын эхнэр намайг хараад танисан ба би Б ах, түүний эхнэр хоёрт нь Б ахыг зодоогүй гэдгээ хэлсэн юм...” /хх-ийн 08-09 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Т.Дгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...Намайг зогсож байтал 1 номерийн өрөөнөөс гарч ирсэн савхин куртиктай ах 5 номерийн өрөөнөөс гарч ирсэн бор өнгийн пальтотой залуутай маргалдаж байгаад гарчих уу гэж байгаад шатаар буугаад явахад араас нь 1 номерийн өрөөнөөс гарч ирсэн савхин куртиктай залуу буугаад явчихсан. Түүнээс цааш гадна юу болсоныг би мэдэхгүй байна...” /хх-ийн 11-12 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Б.Мын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...Б ах бид хоёр дуулж байгаад гараад ОО руу ороход 2 танихгүй залуу зогссон. Тэгэхээр нь би ОО-ын өрөөнд байх 2 хаалганы нэгийг таттал хар савхин куртиктай залуу миний татсан хаалгыг дараад энд хүн байна гээд над руу томроод түүнээс болоод бид хоёр маргалдаж байтал нөгөө залуутай хамт байсан бор өнгийн пальтотой залуу Б ахтай маргаад эхэлсэн. Б ах бор пальтотой залуутай гарьяа гээд буугаад явчихаар нь би хэсэг хугацааны дараа араас нь гарахад Соёмбо караокений гадна хашааны харанхуй буланд Б ах чихээ дарсан суусан юу болсоныг асуухад нөгөө бор пальтотой залуу зодчихлоо гэхээр нь тэр залууг болон хажууд нь байсан залууг барих гээд хөөтөл тэр хоёр залуу надаас зугтаагаад надад гүйцэгдээгүй. Тэгээд байж байтал цагдаа нар ирсэн. Тухайн үед Б ах надад хэлэхдээ бор пальтотой залуу чих рүү зодлоо гэж байсан ба өөр хүн зодсон гэж хэлээгүй...” /хх-ийн 13-15 тал/ гэх мэдүүлэг,
шүүгдэгч Г.Тгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би Увс аймгийн Давст сумын 2-р багийн нутаг сумын төв дээр аав ээжийн хамт амьдардаг юм. 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 13 цагийн орчим Давст сумаас Улаангом руу машинаа засуулахаар орж ирсэн юм. Тэгээд аймгийн төвд байх найз Этай уулзаад машинаа засуулаад явж байгаад орой 19 цагийн орчим урьдны танил эгч Бгийн гэрт очсон юм. Б эгчийн гэр Залуус өргөө нэртэй байранд байдаг ба бид хоёр очоод Б эгчтэй хамт гадуур хоол идэхээр болоод Их наяд гэх газар луу орж хоол идээд тэндээсээ гараад дуу дуулахаар болоод 21 цагийн орчим байх Соёмбо нэртэй караоке орсон юм. Соёмбо нэртэй караокед Б, Э бид гурав ороод 5 номерийн өрөөнд орж 2 цаг караоке аваад 1 шил 750 граммын архи, ус ундаа аваад ууцгаасан. Тэгээд бид гурав архиа ууж дуусаад караокений цаг дуусахаар нь гарч тооцоогоо хийчихээд Соёмбо караокений ОО-ын өрөө рүү гурвуулаа хамт ороод ОО-ын өрөөний дотор байх эмэгтэй ОО-ын өрөөнд нь Б эгч бие засахаар орохоор Э ОО-ын өрөөний хаалгыг нь дараад байж байтал гаднаас 2 ах орж ирээд цэнхэр майктай ах нь Б эгчийн орсон ОО-ын өрөөний хаалгыг татахаар нь Э нөгөө ахад энд хүн байна, та эрэгтэй ОО-ын өрөө рүү нь орчих гэхэд нөгөө ах Этай маргалдаад байхаар би дундуур нь ороод та одоо боль л доо наадах ОО-д чинь эмэгтэй хүн байна гээд байхад гэж хэлэхэд хар савхин куртиктай байсан Б ах над руу дайраад чи ямар том байцаан бэ? гараад ир гэж хэлэхээр нь тэгье гээд Б ах бид хоёр гарахаар болоод шатаар доош буусан. Тэгээд Соёмбо караокеноос гараад хаашаа дагаж явж байгаад баруун тийш эргээд хашааны харанхуй буланд Б ах бид хоёр маргалдаад Б ах намайг чи яагаад байгаа юм заамдаад авахаар нь миний уур хүрээд Бтай маргалдаж байгаад нүүрэн тус газар нь толгойгоороо нэг удаа мөргөөд гараараа нэг удаа баруун талын чих рүү нь цохитол Э бид хоёрыг салгасан. Араас нөгөө цэнхэр өнгийн майктай ах гарч ирээд Э бид хоёр луу дайраад байхаар нь бид хоёр зугтаачихсан юм. Би тухайн үед архи уучихсан байсан хэдий ч болсон үйл явдлыг тодорхой санаж байна. Би Ч.Б ахтай маргалдаж байтал намайг заамдаад авахаар нь миний уур хүрээд зодчихсон юм. Намайг Б ахыг зодож байхад бид хоёрын хажууд Эаас өөр хүн байгаагүй юм. Харин зодоон дууссаны дараа нөгөө цэнхэр майктай ах мөн Б ахын эхнэр хоёр гарч ирсэн юм. Тухайн үед Б ах намайг зодсон асуудал байхгүй. Би тухайн үед Б ахаас өөр хүн зодсон асуудал байхгүй. Би Б ахаас уучлалт гуйж эмчилгээнийхэн зардалд 100.000 төгрөг өгч барагдуулсан. Б ах бид хоёр эвлэрч надад гомдол саналгүй гэж хэлсэн. Мөн надаас өөр ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй юм. Би 1996 онд Увс аймгийн Давст суманд төрсөн айлын 3 дахь хүүхэд бөгөөд дээрээ хоёр ахтай айлын бага нь юм. Би 2010 онд Давст сумын 9 жилийн дунд сургуулийг 9-р анги төгсөж 2011 онд Оросын холбооны Улсын Кызыл хотын урлагийн коллежид элсэн орж 4 жил суралцаад дипломын дээд боловсролтойгоор 2015 онд хөгжмийн багш мэргэжлээр төгссөн юм. Цэргийн алба хаагаагүй. Одоогоор аав, ээжийн хамт амьдардаг, Давст сумын 9-н жилийн дунд сургуулийн дуу хөгжмийн багш ажилтай. Миний сарын цалин 694.000 төгрөг юм. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,
Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “Ч.Бын биед тухайн үед гэмтэл учирсан байна. Баруун чихний дэлбэнд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шанаанд зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Ч.Бын биед гэмтлийн зэрэгт нөлөөлөх өөр ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх 271 дугаар дүгнэлт /хх-ийн 26 тал/, амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх-ийн 23-24 тал/ бүхий нотлох баримтууд хамаарна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хэргийн нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаар 2019 оны 3 дугаар сарын 29-ний орой шүүгдэгч, хохирогч нар Соёмбо нэртэй караокений бие засах өрөөнд тааралдаж, хооронд үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар шүүгдэгч Г.Т нь хохирогч Ч.Бын нүүрэн тус газар мөрлөж, баруун талын чих хэсэгт гараараа цохиж зодон хохирогчийн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан байна.
Энэ нь шинжээч эмчийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “Ч.Бын биед тухайн үед гэмтэл учирсан байна. Баруун чихний дэлбэнд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шанаанд зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, учирсан болох нь 271 дугаар дүгнэлт, хохирогчийн амбулаториор эмчлүүлэгчийн карт дахь “баруун чихний дэлбэний дотор буланд язарсан шарх, оёдол тавьсан” гэх тэмдэглэл /хх-ийн 23-24, 26 тал/ болон гэрч Д.Эын “...Т Б ахын нүүр лүү нэг удаа мөргөөд гараараа баруун талын чих рүү нэг удаа цохиход чихнээс нь цус гарч байсан юм...”, хохирогч Ч.Бын “...араас нь дагаад очтол харанхуй буланд надтай маргалддаг залуу зогсож байсан, би очоод “ахын дүү чи ингэж болохгүй залуу хүүхдүүд байна” гэж хэлэх хооронд нөгөө залуу миний урдаас харж зогсож байгаад миний нүүр лүү нэг удаа мөргөсөн юм. Тэгэхээр нь би тонгойтол үргэлжлүүлээд миний чих рүү гараараа нэг удаа цохиход миний чихнээс цус гараад эхэлсэн...”, шүүгдэгч Г.Тн “...миний уур хүрээд Бтай маргалдаж байгаад нүүрэн тус газар нь толгойгоороо нэг удаа мөргөөд гараараа нэг удаа баруун талын чих рүү нь цохитол Э бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогджээ.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 271 дугаар дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хохирогч Ч.Бын эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл нь шүүгдэгч Г.Тн хохирогчийг цохиж, зодсон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Г.Тн гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Г.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Г.Т “...би Б ахаас уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн. Эмчилгээний зардалд 100.000 төгрөг өгсөн...” гэж, хохирогч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд “... Г.Т надаас уучлалт гуйсан, би түүнээс нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй” гэж тус тус мэдүүлсэн боловч хохирогч Ч.Б шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “Хохирол төлбөр барагдуулаагүй, цагдаагийн байгууллагад байхдаа надад хохирол төлбөрөө төлсөн гэж худал хэлсэн гэж би сонссон тул хохирлоо барагдуулж авах саналтай байна” гэсэн хариу өгсөн байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохийг тайлбарлаж, нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Г.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон хэргийн 18, 39, 42-46, 51-54, 57 дахь талд авагдсан гэрч Б.Нгийн мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1/539 дугаар албан бичиг, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Автотээврийн төвийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 109 тоот албан бичиг, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 1/366 тоот албан бичиг, түүний иргэний баримт бичиг бүхий нотлох баримтууд авагдсан ба шүүгдэгч Г.Т нь өрх тусгаарлаж гараагүй, аав, ээжийн хамт Увс аймгийн Давст сумын 2 дугаар баг, 3-8 тоотод амьдардаг, тус сумын дунд сургуульд дуу хөгжмийн багш ажилтай, хувьдаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө байхгүй, урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, уг ялаа эдэлж дууссан болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Т урьд нь хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлддэж, торгох ялаар шийтгүүлж байсан боловч дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд урьд шийтгүүлсэнээс өөр төрлийн буюу нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргаж буй улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй, үр нөлөөтэй гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Г.Тн хувийн байдал, гэмт хэргийн шинж, хохирол хор уршгийг нөхөн төлөх арга хэмжээ авч хохирогчид 100.000 төгрөг төлсөн гэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар түүнд 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Г.Т шүүхээс оногдуулсан ялыг биелүүлэх үүрэгтэйг биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5-9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Гын Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Гын Тд 280 /хоёр зуун наян/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч Г.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч гэмт хэргийн улмаас хохирол учирсан гэж үзвэл холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Тд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА