Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/01396

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/01396

 

 

,,,,,,,,,,ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2024/01998 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,,,,,,т холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,,,,, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ,,,,,,,,,,ХХК-иас 16,728,173,770 төгрөг гаргуулж ,,,,,,,,,,,,,, ХХК-д олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт хураагдсан манай компанийн үл хөдлөх хөрөнгүүдийг 4,152,325,513 төгрөгөөр үнэлсэн.

Хөрөнгийн үнэлгээг хийхдээ нэхэмжлэгчийн эзэмшлийн үйлдвэрлэлийн зориулалттай газрын хэмжээтэй ижил хэмжээтэй газартай харьцуулалт хийгээгүй. Учир нь хотын үйлдвэрлэлийн бүс болох Эмээлтэд байршилтай үйлдвэрлэлийн зориулалттай газрын 1 га тутмын зах зээлийн үнэ 600,000,000 төгрөгийн бодит үнэлгээтэй байхад үнэлгээг хийхдээ нэхэмжлэгчийн эзэмшлийн газраас 15 дахин бага хэмжээтэй газартай харьцуулан жишиж, 1 га газрын үнэлгээг 449,773,954 төгрөгөөр тогтоосон.

Манай компани өөрийн эзэмшлийн уг газарт байнгын сайжруулалт хийж, газрын чанар төлөв байдлыг дордуулахгүйгээр хөрөнгө оруулалт хийж ашиглаж байсан.

1896 м.кв, 1296 м.кв, 648 м.кв, 120 м.кв, 288 м.кв, 144 м.кв, 360 м.кв, 144 м.кв талбай бүхий тус бүр нь 50 хувийн гүйцэтгэлтэй 8 үл хөдлөх хөрөнгө нь үйлдвэрлэл үйлчилгээ явуулах эрэлттэй бүсчлэлд байршдаг бөгөөд тус бүсэд байрлалтай үл хөдлөх хөрөнгийн 1 м.кв талбайн үнэлгээ зах зээлийн судалгаагаар 1,300,000 төгрөгөөр худалдан борлуулахаар байхад ,,,,,,,,,,,, ХХК-ийн шинжээч нь үл хөдлөх хөрөнгийг зөвхөн өртгийн хандлагаар тооцож үнэлсэн нь зах зээлийн бодит ханшид нийцээгүй, хэт доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэлтэй.

Түүнчлэн 8 үл хөдлөх хөрөнгийн тус бүрийн үнэлгээг тогтоогоогүй нийт 4,152,325,513 төгрөг гэж үнэлгээ тогтоосон нь хоорондоо талбайн хэмжээний зөрүүтэй ялгаатай үл хөдлөх хөрөнгүүдийн аль нь хэдэн төгрөгийн үнэлгээтэй болох нь тодорхойгүй байдал үүсгэж байна.

1.2. ,,,,,,,,,,, ХХК-ийн шинжээчийн гаргасан 5,656,341,000 төгрөгийн үнэлгээ нь нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг Үнэлгээний олон улсын стандарт аргачлалыг баримталж үнэлээгүй, зөвхөн өртгийн хандлагыг голчлон тооцсон. Мөн газрын үнэлгээг тогтоохдоо манай компанийн эзэмшлийн нийт газрын хэмжээгээр бус тодорхой хэсгийн газарт үнэлгээ тогтоосон, худалдаа үйлчилгээ, шатахууны агуулах зэрэг өөр зориулалтын газартай харьцуулан жишсэн, манай компанийн үл хөдлөх хөрөнгө байршиж буй дүүргээс өөр дүүргийн нутаг дэвсгэрт байршилтай газартай харьцуулан үнэлгээ тогтоосон нь илтэд үндэслэлгүй үнэлгээ болсон.

Иймд ,,,,,,,,,,,, ХХК болон ,,,,,,,,,,, ХХК-ийн гаргасан үнэлгээг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Хуульд заасны дагуу хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгож, үнэлгээг талуудад мэдэгдсэн. Үнэлгээний тайлан зохих ёсоор хийгдсэн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Иргэний хуулийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан ,,,,,,,,,,ХХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах үйлдвэрийн зориулалттай газар, 50 хувийн үл хөдлөх хөрөнгийг 10,853,957,434 төгрөгөөр үнэлсэн ,,,,,,,,,,,, ХХК-ний үнэлгээ, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах үйлдвэрийн зориулалттай газар, 50 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 5,656,341, 000 төгрөгөөр ,,,,,,,,,,, ХХК-ний үнэлгээг тус тус хүчингүй болгохыг хүссэн ,,,,,,,,,,ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранзаяа, өмгөөлөгч ,,,,,,,,,,,,,,ын шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тайлбарлах, гэрчээс асуулт асуух, мөн нэхэмжлэгчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хязгаарлаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2, 25.1.3, 25.1.5-т заасан эрхийг эдлүүлэхгүйгээр шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч талаас хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримтын хамт шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг ирүүлсэн байтал шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж ноцтой зөрчсөн гаргасан.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдаан олон удаа хойшилж байсан. Үнэлгээ зохих ёсоор хийгдсэн. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч хүрэлцэн ирээгүй, гомдолд хариу тайлбар гаргаагүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,ХХК нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ,,,,,,,,,,,,,, ХХК нь хариуцагчийн байр суурийг дэмжиж бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон.

 

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/00197 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2023/00507 дугаар магадлалаар ,,,,,,,,,,ХХК-иас 16,728,173,770 төгрөг гаргуулж ,,,,,,,,,,,,,, ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

 

3.1. Дээрх шийдвэрийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар шийдвэрт заасан барьцаа хөрөнгүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 08 дугаар сарын 24, 31, 10 дугаар сарын 25-ны өдрүүдэд битүүмжилж, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хураасан.

 

3.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хураасан хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн тогтоолоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар шинжээчээр ,,,,,,,,,,,, ХХК-ний үнэлгээчин Б.Бат-Энх, ,,,,,,,,,,, ХХК-ний үнэлгээчин Н.Цолмонгэрэлийг тус тус томилжээ.

 

3.3. 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шинжээч ,,,,,,,,,,,, ХХК нь Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороонд байрлах 149,880 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай газрыг 6,701,631,921 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Эмээлт уулын баруун хоолой /18472/, Эмээлт зам гудамж, 101, 102, 103, 104, 105, 106, 107, 108 тоот хаягт байрлах тус бүр 50 хувийн гүйцэтгэлтэй 8 ширхэг үл хөдлөх хөрөнгийг 4,152,925,513 төгрөгөөр, нийт 10,853,957,434 төгрөгөөр,

шинжээч ,,,,,,,,,,, ХХК нь Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороонд байрлах 62,600 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай газар болон Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Майхан уул /13087/ гудамж, 101, 102, 103, 105, 106, 109, 91 тоот хаягт байрлах тус бүр нь 50 хувийн гүйцэтгэлтэй 7 ширхэг үл хөдлөх хөрөнгийг 5,656,341,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.

 

3.4. Шинжээчид нь газрыг зах зээлийн хандлагаар, 50 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг өртгийн хандлагаар үнэлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7-8 дүгээр зүйлд заасан хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалд нийцсэн, үнэлгээний тайланд тавигдах шаардлагыг хангасан гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.

Анхан шатны шүүхийн үнэлгээний талаар өгсөн эрх зүйн дүгнэлтийн талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй. Мөн нэхэмжлэгч нь үнэлгээ зах зээлийн үнээс багаар үнэлгээг тогтоосон гэх нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

3.5. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт нийцсэн гэж дүгнэх нь зүйтэй.

 

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийн талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

4.1. Анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31, 02 дугаар сарын 07, 03 дугаар сарын 06, 04 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанууд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан хүсэлтэд дурдсан хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан хойшилсон тул нэхэмжлэгч талын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг шүүхээс хязгаарлаж байсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

4.2. 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдааныг 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацаагаар хойшлуулж шийдвэрлэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранзаяа оролцсон.

2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгч талын зүгээс шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхиж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах ноцтой зөрчилд хамаарахгүй.

Учир нь 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр шүүх хуралдаан хойшлоход дараагийн шүүх хуралдаан давхцах талаар шүүхэд мэдэгдэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3, 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үүрэг юм.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт нийцсэн.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2024/01998 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Т.БАДРАХ