Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
Хэргийн индекс | 138/2023/00683/И |
Дугаар | 210/МА2024/01408 |
Огноо | 2024-07-17 |
Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2024/01408
2024 оны 07 сарын 17 өдөр | Дугаар 210/МА2024/01408 |
Д.,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2024/02687 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Д.,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Д.,,,,,,,,,д холбогдох,
19,702,470 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Д.,,,,,,,,,ын хамтран ажиллах саналыг хүлээн зөвшөөрч тэнцүү хэмжээгээр хөрөнгө оруулалт хийхээр харилцан тохиролцсон ба хэн нэгэндээ цалин олгох, авахгүй байхаар тохирсон.
Хариуцагч Д.,,,,,,,,,д 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 3,000,000 төгрөгийг бараа татахад зориулж шилжүүлээд үүнээс хойш нийт 27,689,495.00 төгрөгийг хамтран ажиллахад зориулан санхүүжүүлсэн. Би мөн өөрийн эцгээрээ хариуцагч Д.,,,,,,,,,ын түрээсэлж буй лангууг засаж тохижуулахаар тавилга захиалж хийлгүүлсэн. Уг лангууг засаж тохижуулаад тавилга захиалж хийлгүүлэхэд 3,000,000 төгрөгийн зардал гаргасан.
Гэтэл тэрээр 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэнэт Дорнод аймаг руу буцахаар боллоо гэж хэлээд өөрийн түрээсэлж буй лангууг орхиод явсан. Энэ үед байсан бараагаа 2 хувааж авсан.
Иймд хариуцагчаас тавилгын төлбөрт 1,697,900 төгрөг, түрээсийн төлбөрт 2,112,500.00 төгрөг, барааны үнэ 22,177,695 төгрөгөөс худалдан борлуулсан орлого 4,285,725.00 төгрөгийг хүлээн авсан бөгөөд хариуцагчийн төлсөн 1,999,900 төгрөгийг тус тус хасаад үлдэгдэл 15,892,070 төгрөг, нийт 19,702,470 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэхэмжлэгч нь 15,000,000 төгрөг, миний бие 10,000,000 төгрөгийг тус тус гаргаж хамтарч ажиллаж эхэлсэн. Бараа татан авах болохоор нэхэмжлэгч Д.,,,,,,,,,,,, нь над руу мөнгө шилжүүлдэг байсан.
Сүүлд бид ярилцаад лангуугаа ажиллуулахаа больж, тооцоо нийлэхэд ийм их хэмжээний мөнгөний тооцоо гараагүй. Миний бие мөн адил оруулсан мөнгөөрөө ашиггүй, цалингүй, 6 сар гаруй хугацаанд ажилласан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 479 дүгээр зүйлийн 479.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Д.,,,,,,,,,аас 12,018,320.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.,,,,,,,,,,,,ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,684,150.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317,237.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 207,243.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгчөөр оролцож байсан бөгөөд энэ тухай баримтыг анхан шатны шүүхийн цахим хаяг руу илгээж, шүүгчийн туслахад энэ тухайгаа утсаар мэдэгдсэн. Гэтэл тус хүсэлтийг хүлээн авалгүйгээр шүүх хуралдааныг хийж, хэт нэг талд ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэсэн.
4.2. Нэхэмжлэгч хариуцагч нарын дансны хуулгад тулгалт хийж үзэхэд хариуцагч Д.,,,,,,,,, нь нэхэмжлэгч Д.,,,,,,,,,,,,ад өдөр бүр орлогын мөнгийг тасралтгүй хийж байсан нь харагдаж байдаг.
Тавилгын мөнгө 1,697,900 төгрөг гэсэн нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлд зааснаар хамтран ажиллах гэрээний дагуу хэн аль нь эрх эдэлж үүрэг хүлээнэ, үүний дагуу үйл ажиллагаа явуулахын тулд гаргаж байгаа мөнгө учраас хариуцагчаас гаргуулах боломжгүй. Өмнөх түрээсийн төлбөрүүдийг Д.,,,,,,,,, төлснөөс гадна 2,112,500 төгрөг түрээсэнд төлсөн тухай баримт байхгүй.
Нийт 18,097,794 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн дансны хуулга хэрэгт авагдсан байгаа. Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг зөвхөн нэхэмжлэгчид ашигтай байдлаар тайлбарлаж, шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Д.,,,,,,,,,,,, нь хариуцагч Д.,,,,,,,,,д холбогдуулан тавилгын үнэ 1,697,900 төгрөг, түрээсийн төлбөр 2,112,500 төгрөг, барааны үнэ 15,892,070 төгрөг, нийт 19,702,470 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
3. Зохигч нь 2022 оны 06 дугаар 03-ний өдрөөс 11 дүгээр сар хүртэлх хугацаанд Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намъянжүгийн гудамж хаягт байрлах Централ молл соёл амралт, худалдаа үйлчилгээний төвийн 1 дүгээр давхарт 171 тоот дугаартай 11.55 м.кв талбайг гоо сайхны бүтээгдэхүүн худалдаалах зориулалтаар түрээсэлж хамтран ажилласан байна.
3.1. Энэхүү хамтын ажиллагаанд зориулж нэхэмжлэгч нь 22,177,695 төгрөг, хариуцагч нь 4,490,000 төгрөгийн хураамж тус тус төлж, борлуулалтын үйл ажиллагааг Д.,,,,,,,,, хариуцан ажиллажээ.
2022 оны 11 дүгээр сард хамтын ажиллагаа дуусгавар болгоход зохигч нь 6,000,000 төгрөгийн барааг тэнцүү хэмжээгээр хуваан авсан байх ба энэ үед хамтын ажиллагаанд ашиглаж байсан данс 1,930,000 төгрөгийн үлдэгдэлтэй, мөн хариуцагчаас борлуулалтын орлого 6,285,625 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн байна.
Хамтын ажиллагаа дуусгавар болсонтой холбогдуулан нэхэмжлэгч нь Централ молл соёл амралт, худалдаа үйлчилгээний төвд 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр түрээсийн төлбөрт 2,112,500 төгрөгийг төлжээ.
3.2. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоосон.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үндэслэл бүхий дүгнэжээ.
4.1. Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсонтой холбогдуулан талууд хамтын үйл ажиллагааны улмаас үүссэн алдагдал, биелүүлээгүй үүргийг хасч тооцож, талуудад ногдох мөнгөн хөрөнгийн хувь хэмжээг Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11, 479 дүгээр зүйлийн 479.4, 479.5 дахь хэсэгт зааснаар тогтоох шаардлага үүссэн байна.
4.2. Нэхэмжлэгч нь 3,000,000 төгрөгийн бараа, хариуцагчаас шилжүүлсэн борлуулалтын орлого 6,285,625 төгрөг, хамтын ажиллагаанд ашиглаж байсан дансны үлдэгдэл 1,930,000 төгрөгийг тус тус хүлээн авсан тул эдгээрийг нэхэмжлэгчийн төлсөн хураамжаас хасч тооцон түүнд ногдох хураамжид 10,962,070 төгрөгийг хариуцагч хариуцах ёстой гэж шүүх зөв тооцсон.
Энэ тооцоолол, хураамжийн зарцуулалт, ашиг алдагдлын хуваарилалтыг хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар няцаагаагүй.
4.3. Мөн хамтран ажиллах гэрээний үйл ажиллагаанд ашиглаж байсан худалдааны талбайн түрээсийн төлбөр 2,112,500.00 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн тул уг зардлаас 1,056,250 төгрөгийг шүүх хариуцагчид хариуцуулсан нь үндэслэлтэй.
4.4. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлээс 12,018,320 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 479 дүгээр зүйлийн 479.1 дэх хэсэгт нийцжээ.
Нэхэмжлэлээс хэрэгсэхгүй болгосон хэсэгт нэхэмжлэгч гомдол гаргаагүй учир үүнд эрх зүйн дүгнэлт өгөхгүй орхив.
5. Дараах үндэслэлээр гаргасан хариуцагч талын гомдлыг хангахгүй.
5.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан тавилгын төлбөр 1,697,900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэгч нь Централ молл соёл амралт, худалдаа үйлчилгээний төвд 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр түрээсийн төлбөрт 2,112,500 төгрөгийг төлсөн баримт хэрэгт авагдсан.
Иймд холбогдох гомдол үндэслэлгүй.
5.2. Хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд анхан шатны шүүх хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцсэн.
Учир нь анхан шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдсэн бол давхацсан гэх шүүх хуралдааны товыг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан.
6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2024/02687 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 207,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Т.БАДРАХ