Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/01409

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/01409

 

 

Ш.,,,,,,,,,, нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2024/01654 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ш.,,,,,,,,,, нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-д холбогдох,

урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, 2021, 2022 оны үр дүнгийн урамшууллыг нөхөн төлөхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,, Ж.,,,,,,,,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,, хариуцагчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 15-ний өдрийн хурлаар намайг ажлаас чөлөөлөх тухай шийдвэрлэх талаар сануулж мэдэгдээгүй, энэ асуудлаар тайлбар, тодруулга болон баримт сэлт гарган өгөх боломжийг олгоогүй шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Би гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа контрактын заалтыг удаа дараа зөрчсөн зөрчлүүд болон холбогдох хууль тогтоомжийг зөрчиж компанийн үндсэн чиг үүргийг алдагдуулан ямар нэг этгээдийн эрх ашгийг хохироосон үйлдэл гаргаж байгаагүй.

Иймд гүйцэтгэх захиралтай байгуулсан контрактын гэрээг цуцлах тухай тогтоолыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг даалгаж өгнө үү.

1.2. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 260 дугаар тогтоолын 4.2, 4.4-т зааснаар захирлаар ажиллаж байхдаа 2021, 2022 онд батлагдсан компанийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинд тусгагдсан цэвэр ашгийн төлөвлөгөөг давуулан биелүүлж, төрийн өмчийн ногдол ашгийг бүрэн төвлөрүүлэн ажилласан буюу ямар нэг алдагдалгүйгээр үндсэн үйл ажиллагаагаа зохион байгуулан хэмнэлттэй ажилласан.

Тус журамд зааснаар аудитаар баталгаажсан санхүүгийн тайланд заасан компанийн цэвэр ашгаас хувилан тооцож олгохоор заасны дагуу 2021 оны урамшуулал 25,287,654 төгрөг, 2022 оны урамшуулал 25,346,296 төгрөгийг нөхөн гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Ш.,,,,,,,,,, нь 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан контрактын гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөний улмаас хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагуудын эрх, ашиг сонирхолд ноцтой хохирол учирсан.

Компанийн гүйцэтгэх захирал нь контрактын гэрээний 3.2.1, 3.2.5, 3.2.7, 3.2.19, 3.2.20, 3.2.21 дэх хэсгүүдэд заасны дагуу компанийн дотоод үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, удирдлагаар ханган ажиллаж чадаагүйгээс шалтгаалан үнэт цаасны хадгаламж, өмчлөх эрх бүртгэлийн аюулгүй, найдвартай байдал алдагдсан.

Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар тогтоолоор нэхэмжлэгчид сануулах арга хэмжээг авсан. Мөн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар тогтоолоор гүйцэтгэх захирлын 2021 оны ажлын тайлантай танилцаж хангалтгүй гэж дүгнэсэн.

Төлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 76 дугаар зүйлийн 76.1.8 заасан хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэр тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-иас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 44,059,392 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.,,,,,,,,,,д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.3, 43.2.7-т зааснаар нэхэмжлэгч Ш.,,,,,,,,,, болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-д даалгаж, 2021 оны үр дүнгийн урамшуулалд 25,287,654 төгрөг, 2022 оны үр дүнгийн урамшуулалд 25,346,296 төгрөг гаргуулах тухай холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.,,,,,,,,,, нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 448,447 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 05 тоот тогтоолоор Ш.,,,,,,,,,,д сануулах арга хэмжээг авахдаа түүний 2021 оны ажлын үр дүн, гүйцэтгэл, шилэн дансны хуулийн хэрэгжилтийн алдаа дутагдал, контрактын хүлээсэн үүргийн зөрчил зэргийг харгалзан үзсэн ба түүний өмнө гаргасан зөрчлийг үндэслээгүй, холбогдох баримт өгсөөр байтал шүүх буруу дүгнэсэн. Мөн нэхэмжлэгчийн Шилэн дансны тухай хууль зөрчсөн асуудал үргэлжилсэн хэвээр байсан.

Гүйцэтгэх захирал нь албан ажлаар гадаад улсад зорчих болон ээлжийн амралтаа эдлэхдээ Төлөөлөн удирдах зөвлөлийн даргад мэдэгдэж, зөвшөөрөл авсан байна гэж заасан заалтуудыг удаа дараа зөрчсөн. Дээрх зөрчлүүдээ хариуцагчийн зүгээс огт үгүйсгэдэггүй бөгөөд энэ талаар шүүх хуралдаанд өөрөө илэрхийлсэн.

Тэрээр хууль бус шийдвэр гаргасны улмаас ажлаас халагдсан ажилтнууд шүүхээр ажлаас үндэслэлгүй халагдсанаа тогтоолгож компаниас их хэмжээний нөхөн төлбөр авсан.

4.2. Кастодианы тусгай зөвшөөрлийн болон үйл ажиллагааны журмын 8.3 "мэдээллийн технологи, харилцаа холбооны аюулгүй байдлын найдвартай, бүрэн тоноглогдсон орчин бүрдүүлсэн байх", 8.4 "хэвийн, найдвартай, үйл ажиллагаа явуулах программ хангамжийн орчин бүрдүүлсэн байх", 8.6, 8.7 дахь хэсгүүдэд заасан үүргээ нэхэмжлэгч ноцтой зөрчсөн. Энэ асуудалд шүүх огт дүгнэлт өгөөгүй.

Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 12 тоот тогтоолоор гүйцэтгэх захирлын 2021 оны ажлын тайлантай танилцаж, хангалтгүй гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч талаас энэхүү тогтоолыг хүчингүй болгуулах талаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад энэхүү тогтоолыг хууль бус гэж дүгнэх замаар хөндлөнгийн байх зарчмаа алдсан.

4.3. Мөн Төлөөлөн удирдах зөвлөл нь ажил олгогч биш бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар анхан шатны шүүх ноцтой зөрчил гаргаж хариуцагчийг сольсон.

Мөн маргаан бүхий харилцаанд хуучин үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэх ёстой байхад хэрэглээгүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Ажлаас чөлөөлсөн тогтоолд дурдсан үндэслэлүүд тогтоогдоогүй. Анх ажилд авах тогтоолыг гаргаж, контракт байгуулсан тул Төлөөлөн удирдах зөвлөл нь энэ хэргийн хариуцагч мөн.

Өмнөх сахилгын шийтгэл ногдуулсан зөрчлийн асуудлаар Төлөөлөн удирдах зөвлөл дахиж шийдвэр гаргасан. Энэ зөрчлийн асуудлаа хариуцагч нь шүүхэд баримтаар нотолж чадаагүй. Иймд гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Ш.,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, 2021, 2022 оны үр дүнгийн урамшууллыг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

2.1. Нэхэмжлэгчийн гаргасан Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 04 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлага нь ажилд эгүүлэн тогтоох шаардлагын үндэслэлд хамаарах тул бие даасан шаардлагад тооцож шийдвэрлэхгүй.

 

2.2. Нэхэмжлэгч нь хуульд заасан эрхийн хүрээнд хариуцагчаар ,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг тодорхойлсон бөгөөд энэ хүрээнд анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь ,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан тул түүний ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл, түүний үр дагаврыг тухайн хуулийн этгээд хариуцна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК нь итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон, тухайн төлөөлөгч нь нэхэмжлэлд хариу тайлбар гаргаж, өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх гэх зэргээр ажиллагаанд оролцсон байна. Өөрөөр хэлбэл, ,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, мэтгэлцээний байр сууриа тодорхой илэрхийлсэн.

Иймд ,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-д холбогдуулан хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

2.3. Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан зөрчилд хамаарах үйл баримтыг бүрэн тогтоогоогүй, онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний тусгайлсан зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

 

3. ,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гүйцэтгэх захирлаар ажиллуулахаар Ш.,,,,,,,,,,тай контракт байгуулсан.

Улмаар Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөр 04 тоот тогтоолоор Ш.,,,,,,,,,,тай байгуулсан контрактыг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

 

3.1. Контрактыг цуцлахдаа ,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс контрактын 3.2.1, 3.2.5, 3.2.7, 3.2.19, 3.2.20, 3.2.21 дэх заалтуудыг удаа дараа зөрчсөн, компанийн үндсэн үйл ажиллагааг тасралтгүй, найдвартай, зохистой удирдлагаар хангаж чадаагүйгээс Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 42.1, 45.1-д заасан үнэт цаасны төвлөрсөн хадгаламж, өмчлөх эрхийн бүртгэлийн үйл ажиллагааны үндсэн чиг үүргийг алдагдуулж Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагууд болон хөрөнгө оруулагчдын эрх ашиг ноцтойгоор зөрчигдсөн, хөрөнгө оруулагчдын үнэт цаасны буюу өмчлөх эрхийн мэдээлэлд зөрүү үүссэн зөрчлийг гаргасан гэж заасан.

 

3.2. Уг нэхэмжлэлд холбогдох урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн, маргааныг хянан шийдвэрлэхэд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр шинэчлэн батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг зохицуулсан хэм хэмжээ хэрэглэгдэнэ.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд нэхэмжлэгч нь онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг хэрхэн хэрэгжүүлж ажиллаж байсан талаарх дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар тогтоолоор гүйцэтгэх захирал Ш.,,,,,,,,,,д компанийн үйл ажиллагааг хангалттай зохион байгуулж ажиллаагүй, хувьцаа эзэмшигчээс баталсан компанийн 2021 оны батлагдсан эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинг баримтлан ажиллаагүй, зардлын хэтрүүлэлт гаргасан, Засгийн газрын 2021 оны 43 дугаар тогтоолыг зөрчсөн, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан.

Нэхэмжлэгч нь уг сахилгын шийтгэл ногдуулсан тогтоолд зохих журмын дагуу гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр.

 

4.2. Монголбанкны 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-7/591 тоот албан бичгээр ,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.,,,,,,,,,,д тус компанийн хариуцдаг төлбөрийн систем 76,696 секунд тасарч гэнэтийн саатал үүсгэсэн байгааг мэдэгдсэн.

 

4.3. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаарт тогтоолоор гүйцэтгэх захирал Ш.,,,,,,,,,, 2021 оны ажлын тайлантай танилцаж хангалтгүй гэж дүгнэж, компанийн 2021 оны хөндлөнгийн аудитын гаргасан хязгаарлалтай дүгнэлт болон Сангийн яамны 2021 оны санхүүгийн үр ашигтай байдлыг сайжруулан ажиллахыг хатуу сануулсан.

Энэ тогтоолыг хуульд заасан журмын дагуу хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байхад тухайн өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын ирц, тогтоолын хүчин төгөлдөр байдалд анхан шатны шүүх дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй.

Дээрх тогтоолыг хүчингүй болгосон эрх бүхий байгууллагын болон шүүхийн шийдвэр байхгүй.

 

4.4. Санхүүгийн зохицуулах хорооноос 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 9/3874 тоот албан бичгээр ,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.,,,,,,,,,,д E-clearing house системд үүссэн доголдол, саатлын талаарх мэдээллийг ,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК нь тухай бүр хороонд шуурхай мэдээлээгүй, нуун дарагдуулсан, бусад мэргэжлийн оролцогчдоос үүссэн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хороонд ирүүлсэн болохыг мэдэгдэж, цаашид авах арга хэмжээний талаар анхааруулсан.

 

4.5. Голомт капитал ҮЦК ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 23/66 тоот албан бичгээр ,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-д тус компани дахь дансны үлдэгдэл 2022 онд удаа дараалан зөрж байсан, энэ талаар тайлбар шаардахад хариу өгөөгүй болохыг мэдэгдсэн.

 

4.6. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанд компанийн систем, сервер, программ хангамжид удаа дараа гарсан гэмтэл саатал, түүний учир шалтгаан, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар хэлэлцэж, гүйцэтгэх захирал Г.,,,,,,,,,,, Мэдээлэл, технологийн албаны захирал Д.Эрдэнэбат нар мэдээлэл өгсөн.

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээгээр өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг зохих хэсгийг шилжүүлсний үндсэн дээр гүйцэтгэх удирдлагын түвшний ажил үүргийг зохих этгээдээр гүйцэтгүүлдэг.

Тиймээс энэ төрлийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтан нь аж ахуй нэгжийн ашигт байдлыг зорилтот түвшинд хүргэх, гарсан алдаа зөрчлийг цаг алдалгүй засах, аж ахуйн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах нөхцөлөөр хангаж, онцгой идэвхи зүтгэл гарган ажиллах үүрэгтэй.

 

5.1. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2021 оноос эхлэн хангалтгүй биелүүлж сахилгын шийтгэл хүлээсэн, уг зөрчлийн дараа компанийн үндсэн үйл ажиллагаа болох үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн системийн хэвийн байдлыг алдагдуулсан байна.

Тухайлбал, системийн хэвийн байдал алдагдаж байгаа талаар Монголбанкнаас 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдсээр байхад 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд энэ доголдлыг арилгаагүй, эрх бүхий байгууллагад гэмтэл саатал гарсан тухай бүр мэдэгдэлгүй нуун дарагдуулсан үйлдэл гаргажээ.

Нэхэмжлэгчийн зүгээс уг үйлдлийг үгүйсгэж, гадаад сервер дээр алдаа гарсныг засах боломжгүй гэж байгаа боловч энэ талаар идэвхи зүтгэл гаргаж өөрөөс шалтгаалах арга хэмжээг авсан, гадаад сервер болон Монгол Улс дахь энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, төрийн байгууллагад хандаж байсан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

 

5.2. Дээрх зөрчил, гэрээний биелэлт хангалтгүй байдлыг харгалзан Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 04 тоот тогтоолоор гэрээний 6.4.б Гүйцэтгэх захирал контрактад заасан үүргээ биелүүлээгүй, 6.4.в гүйцэтгэх захирлын өөрийнх нь буруу шийдвэр, үйл ажиллагаагаар компанид хохирол учирсан, компани алдагдалд орсон, 6.4.г гүйцэтгэх захирал хууль, тогтоомж болон компанийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүргээ зөрчсөн үндэслэлээр онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Энэхүү гэрээний заалтууд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4.1-т заасан хөдөлмөрийн гэрээг дүгнэхэд ажилтан гэрээнд заасан ажил үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр хангалтгүй биелүүлсэн бол онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг ажил олгогч санаачлан цуцалж болно гэж заасантай нийцэж байна.

 

5.3. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар компанийн эдийн засаг, зорилтот түвшний гүйцэтгэл, санхүүгийн болон хөндлөнгийн аудитын зөвлөмжийн биелэлт, компанийн систем, сервер, программ хангамжид удаа дараа гарсан гэмтэл саатал, түүний учир шалтгаан, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар хэлэлцээд энэ хүрээнд хөдөлмөрийн гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн.

Үүнийг хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагүй асуудлыг хэлэлцсэн гэж дүгнэх үндэслэлгүй.

 

5.4. Иймд ажил олгогч бүрэн эрхийн хүрээнд хуульд заасан үндэслэлээр онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх тул ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага, үүний үр дагавар болох ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т нийцнэ.

 

5.5. Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолд заасан бусад үндэслэл баримтаар тогтоогдоогүй болохыг дурдвал зохино.

 

5.6. Нэхэмжлэлээс 2021 оны үр дүнгийн урамшуулалд 25,287,654 төгрөг, 2022 оны үр дүнгийн урамшуулалд 25,346,296 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч гомдол гаргаагүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын дагуу үүнд эрх зүйн дүгнэлт өгөхгүй орхив.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2024/01654 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-д холбогдох урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, 2021, 2022 оны үр дүнгийн урамшууллыг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэгч Ш.,,,,,,,,,, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 378,250 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Т.БАДРАХ