| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00417/И |
| Дугаар | 349 |
| Огноо | 2016-06-07 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 349
2016 оны 06 сарын 07 өдөр Дугаар 156/ШШ2016/00349
Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 156/2016/00417/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,
Хэнтий аймгийн Батширээт сумын 4 дүгээр баг Норовлингийн Хийдийн 04-03 тоотод оршин суугч, иргэн Сүрэнхорын Баясгаланг архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, цагдаагийн хошууч А.Отгонжаргал, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймаг дахь Цагдаагийн газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Эрхэлсэн тодорхой ажилгүй Хэнтий аймгийн Батширээт сумын 4 дүгээр баг Норовлингийн Хийдийн 04-03 тоотод оршин суух иргэн С.Баясгалан нь Согтуурах, мансуурах донтой өвчтэй нь мэргэжлийн эмчийн үзлэг болон сэтгэцийн эмчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа тул захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонжаргал нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
С.Баясгалан нь Хэнтий аймгийн Батширээт сумын 4 дүгээр баг, Норовлингийн Хийдийн 04-03 тоотод оршин суудаг, тэрбээр архинд донтох өвчний 2 дугаар зэрэгтэй болох нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдож байна. Мөн Хэнтий аймгийн Батширээт сумын Норовлин багийн засаг дарга Б.Болдын иргэн С.Баясгалан нь 2013 оноос хойш түр оршин сууж байгаа бөгөөд 2014 оноос хойш архи хэтрүүлэн хэрэглэх болсон бөгөөд одоо байнга архидан согтуурдаг. Норовлин багт амьдарснаас хойш архины албадан болон ховс эмчилгээ, сургалт, цуглаанд хамрагдаж байгаагүй нь үнэн гэх тодорхойлолт, Хэнтий аймгийн Батширээт сумын хэсгийн төлөөлөгч Х.Мөнхдөл нь С.Баясгалан бол байнга архидан согтуурдаг, архины хамааралтай иргэн мөн болохыг тодорхойлсон байна, мөн С.Баягалангийн өөрийн гаргасан тайлбарт 2014 оноос хойш 2 жил архи ууж байна. Манай найз нөхөд ирэхээр нь архи уудаг гэсэн тайлбар, мөн иргэн С.Баясгалангийн хамтран амьдрагч Уртнасангийн С. Баясгалан бол надтай хамт амьдрахдаа архи уудаг байсан одоо ч гэсэн архи ууж байгаа, мөн хөрш С.Авирмэд нь С.Баясгалан байнга Батширээт сумын архичдыг цуглуулдаг идэх уух юм байхгүй байж байнга архи уудаг, хөрш айлын хувьд түгшүүртэй байдаг гэсэн тайлбар гаргасан байна. Нийт зөрчлөөр нь авч үзвэл 3 удаа саатуулагдсан, 2 удаа торгуулж, 1 удаа баривчлагдаж байсан байна. Урьд нь нэг удаа албадан эмчилгээнд хамруулахаар нэхэмжлэл өгч байсан. Шүүгч нэг удаа боломж олгож явуулж байсан.
Иймд С.Баясгаланг архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Баясгалан нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие архи уудаг нь үнэн. Манай хүүхэд энэ жил арван жил төгсөж байгаа надад нэг удаа боломж олгоно уу. модны ажилд явж ирээд найз нөхөдтэйгөө архи уудаг. Өөрийн санаа бодлоор уухгүй байж чадна гэв.
Шүүх хуралдаан дээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймаг дахь Цагдаагийн газар нь С.Баясгаланг архины албадан эмчилгээнд хамруулахаар шүүхэд хүсэлт гаргасан байна.
Нэхэмжлэгч байгууллагын хүсэлтийг хангах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Боржигон овогт Сүрэнхорын Баясгалан нь архинд донтох өвчний улмаас байнга архидан согтуурч, захиргааны арга хэмжээ авагдаж байсан, архины хамааралтай болох нь Хэнтий аймгийн Батширээт сумын Норовлин багийн засаг дарга Б.Болдын тодорхойлолт /хх-ийн 8х/, Хэнтий Батширээт сумын хэсгийн төлөөлөгч Х.Мөнхдөлийн тодорхойлолт /хх-ийн 9 х/, бие даасан шаадрлага гаргаагүй гуравдагч этгээдийн өөрийн тайлбар /хх-ийн 10х/, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Баясгалангийн хамтран амьдрагч Уртнасангийн тайлбар /хх-ийн 11х/, Хэнтий аймгийн Батширээт сумын иргэн С.Авирмэдийн тайлбар /хх-ийн 12х/, Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гаргасан зөрчлийн тодорхойлолт /хх-ийн 15х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөн тэрбээр архинд донтох өвчний 2 дугаар зэрэгтэй болох нь Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын комиссын дүгнэлт, эмнэлгийн үзлэг, шинжилгээгээр тогтоогдож байна.
Иймд С.Баясгаланг архины албадан эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг баримтлан Боржигон овогт Сүрэнхорын Баясгалан /РД: СЮ67073078/-д архины албадан эмчилгээ хийлгэсүгэй.
2. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар С.Баясгаланг албадан эмчлэх газарт хүргэх ажиллагааг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Энэ шийдвэр нь танилцуулан сонгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар албадан эмчилгээнд хамрагдаж буй өвчтөн С.Баясгалан, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР