Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
Хэргийн индекс | 101/2024/02431/И |
Дугаар | 210/МА2024/01411 |
Огноо | 2024-07-17 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2024/01411
2024 оны 07 сарын 17 өдөр | Дугаар 210/МА2024/01411 |
,,,,,,,,,,, нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2024/02989 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,, нэхэмжлэлтэй
Хариуцагч: Г.,,,,,,,,,,,,,,д холбогдох,
30,078,605 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.,,,,,,,,,,,,,,, хариуцагч Г.,,,,,,,,,,,,,,, хариуцагчийн өмгөөлөгч Ц.,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
2023 оны 04 дүгээр сард барилга барихаар өөрийн охин С.,,,,,,,,,,,,,, дансанд 68,000,000 төгрөг байршуулсан. Гэтэл 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 13 настай хүү С.,,,,,,,,,,,,,, миний утсыг авч хэд хоног хэрэглэсэн.
2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр дугаараа сэргээгээд утсаа асаатал маш олон зарлага гарсан байсан. Дансаа хаалгаж шалгуултал миний хүү С.,,,,,,,,,,,,,, таньдаг болон таньдаггүй олон хүмүүс рүү 58,885,500 төгрөгийг шилжүүлсэн, ихэнх мөнгийг цахим тоглоом ажиллуулдаг гэх хүмүүс рүү шилжүүлсэн байсан. Г.Энх-Намуун гэх эмэгтэй тухан үед миний хүүгээс шилжүүлэн авсан 35,138,605 төгрөгөөс 5,060,000 төгрөгийг төлсөн.
Миний бие С.,,,,,,,,,,,,,,ийн хууль ёсны төлөөлөгч, мөн уг мөнгөний эзэн тул Г.Энх-Намуунаас цахим тоглоом худалдсан гэж С.,,,,,,,,,,,,,,өөс авсан 35,138,605 төгрөгөөс буцаан төлсөн 5,060,000 төгрөгийг хасч, үлдэх үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 30,078,605 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Миний бие ,,,,,,,,,,,,,,,,, гэх 194.000 дагагчтай пэйж хуудсаар PUBG streaming хийдэг, мөн PUBG mobile тоглоомын UС цэнэглэлт хийдэг. UС цэнэглэлт гэдэг нь PUBG mobile тоглоомын мөнгө бөгөөд тус UС-г олон улсын PUBG mobile-ийн албан ёсны MIDASBUY онлайн сайтаас худалдан авдаг.
Миний бие donation буюу урамшуулал хэлбэрээр шилжүүлсэн 5,060,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Харин С.,,,,,,,,,,,,,,ийн UС худалдан авахаар шилжүүлсэн 30,078,605 төгрөгийг буцаан шилжүүлэх үндэслэлгүй энэхүү мөнгөн төлбөрт дүйцэхүйц UС-ээр өөрийн аккаунтаа цэнэглэж хэрэглэсэн, энэхүү төлбөрийг олон улсын MIDASBUY сайт руу шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Г.,,,,,,,,,,,,,,д холбогдох 30,078,605 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ,,,,,,,,,,, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308,343 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Иргэний хуулийн 56 дугаартай зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар насанд хүрээгүй этгээдтэй хийсэн UC худалдсан хэлцэл нь хууль бус, мөн эцэг эхийн зөвшөөрлийг нь аваагүй тул зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хэлцэл гэж үзэж нэхэмжлэл гаргасан.
Иргэний хуулийн 486 дугаар зүйлийн 486.1 дэх хэсэгт Тоглоом болон мөрий нь шаардах эрхийг бий болгохгүй" гэсэн заалт нь буцаах, эргүүлэн шаардаж болохгүй гэх заалт биш. С.,,,,,,,,,,,,,, нь 30,078,605 төгрөгийг Г.,,,,,,,,,,,,,,тай тоглоом тоглож хожигдож алдаагүй, харин түүнээс UC худалдан авсан төлбөр юм. Гэтэл шүүхээс дээрх мөнгийг тоглоом тоглож мөрийнд алдсан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй.
Биеийн байцаалттай холбоотой бичиг баримтаа харуулахыг шаардах, утсыг нь асууж утсаар холбогдон ярих, мөнгө шилжин орж ирж буй дансыг нь интернэт банкаараа эзэмшигчийнх нь нэрийг тулган шалгах, хаягийг шалгах гэх мэтээр олон арга хэлбэрээр шалгаж урьдчилан сэргийлж болох байтал зөвхөн ашиг олох зорилгоор хандсан. Нэгэнт худалдан авалт хийж байгаа хүн насанд хүрээгүй байсан нь тогтоогдож байгаа бол уг нөхцөл байдалд хуулийн дагуу дүгнэлт хийх шаардлагатай.
Мөн эцгийн буруутай үйлдэл байна гэх дүгнэлтийг үгүйсгэхгүй ч бүхэлд нь эцэгт хариуцуулахаар шийдвэрлэж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Хэрэв эцгийн буруутай үйлдэл байгаа бол шаардлагаас тодорхой хэмжээнд хасч багасгаж шийдвэрлэх эрх нь шүүхэд нээлттэй байсан.
Иргэний хуулийн 16, 17 дугаар зүйлд зааснаар иргэний эрх зүйн зарим чадамжтай этгээдэд 30,078,605 төгрөгөөр UC худалдсан хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хууль зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хэлцэл тул 56.5 дахь хэсэгт зааснаар хууль бус хэлцлээр шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулах үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
Урамшуулал болгож өгсөн мөнгийг буцааж өгсөн. Бусад мөнгөний хувьд өөрт нь UC худалдан авч өгсөн тул гомдлыг зөвшөөрөхгүй. Харин 752,825 төгрөгийг буцаан төлж болно гэжээ.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,, нь хариуцагч Г.,,,,,,,,,,,,,,д холбогдуулан 30,078,605 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон, харин зарим үйл баримтад холбогдох эрх зүйн дүгнэлт алдаатай байгааг залруулан дүгнэнэ.
3. ,,,,,,,,,,, төрсөн хүү, 12 настай С.,,,,,,,,,,,,,, нь 2023 оны 04 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд цахим тоглоомын эрх авах зорилгоор өөрийн эцгийн данснаас Г.,,,,,,,,,,,,,, руу 30,078,605 төгрөг, урамшуулал болгож 5,060,000 төгрөг, нийт 35,138,605 төгрөг шилжүүлсэн, үүнээс Г.,,,,,,,,,,,,,, нь урамшуулал 5,060,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцааж хүлээлгэн өгсөн.
Мөн Г.,,,,,,,,,,,,,, нь хүлээн авсан 30,078,605 төгрөгийг MIDASBUY сайт руу шилжүүлж уг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрхийг С.,,,,,,,,,,,,,,ийн цахим тоглоомын хаяг руу буцаан шилжүүлсэн байна.
Эдгээр үйл баримтыг шүүх зөв тогтоосон.
4. С.,,,,,,,,,,,,,, нь Г.,,,,,,,,,,,,,, руу 30,078,605 төгрөг шилжүүлж, үүний дагуу Г.,,,,,,,,,,,,,, нь дээрх мөнгийг MIDASBUY сайт руу шилжүүлж уг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрхийг С.,,,,,,,,,,,,,,ийн цахим тоглоомын хаяг руу буцаан шилжүүлж буй харилцаа нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээний харилцаанд хамаарч байна.
4.1. Уг гэрээг байгуулах үед хариуцагч нь С.,,,,,,,,,,,,,,ийг 12 настай буюу иргэний эрх зүйн зарим чадамжтай этгээд болохыг мэдсэн, мэдэх боломжтой байсан гэх үйл баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдоогүй.
Иймд, анхан шатны шүүх нэхэмжлэгч ,,,,,,,,,,, нь хүү С.,,,,,,,,,,,,,,ийн бусадтай хийсэн хэлцлийн үр дагаврыг хариуцах үүрэгтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт нийцжээ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь даалгаврын гэрээний дагуу хүлээн авсан 30,078,605 төгрөгт холбогдох даалгаврыг даалгавар өгөгчийн зааврын дагуу хийж гүйцэтгэсэн байна.
Анхан шатны шүүхийн дүгнэсэн тоглоом, мөрийний шаардах эрх дээрх харилцаанд хамааралгүй болно.
4.2. Түүнчлэн цахим тоглоом нь хуулиар хориглогдоогүй, гэрээг байгуулах үед зохих этгээдээс зөвшөөрөл авах ёстой байсан нөхцөл байдал тогтоогдоогүй тул С.,,,,,,,,,,,,,, болон Г.,,,,,,,,,,,,,, нарын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин ,,,,,,,,,,,,,, бус гэж тооцох үндэслэлгүй.
4.3. Хариуцагч нь гэрээний дагуу даалгавар гүйцэтгэсэн, С.,,,,,,,,,,,,,, нь 30,078,605 төгрөгөөр үнэлэгдэх цахим тоглоомын эрхийг хүлээн авсан уг мөнгө хариуцагчид үлдээгүй байх тул энэ мөнгөн дүнгээр хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэхгүй, анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцэж байна.
Харин давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч нь 752,825 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх боломжтой болохоо илэрхийлсэн тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж, холбогдох тэмдэгтийн хураамжийг хуваарилах нь зүйтэй.
5. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2024/02989 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Г.,,,,,,,,,,,,,,аас 752,825 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,д олгож, нэхэмжлэлээс үлдэх 29,325,780 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308,343 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 22,618 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308,343 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Т.БАДРАХ