Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 57

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,

Шүүгдэгч: Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Дн Цд холбогдох 1935001230061 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, эцэг, эхийн хамт Увс аймгийн Давст сумын 2-р багт оршин суух, урьд 2003 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр сум дундын шүүхээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3, 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хорих ял оногдуулсан, 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Увс аймаг дахь сум дундын шүүхээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ял, 2013 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Увс аймаг дахь сум дундын шүүхээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.2 дэх хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял, 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 220 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус эдэлж байсан, улсаас авсан гавьяа шагнал үгүй, регистрийн дугаар ОО78102039, Т овогт Дн Ц.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Д.Ц нь согтуугаар 2019 оны 3 дугаар сарын 31-ний орой тус аймгийн Давст сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Нг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч Д.Цг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд дүгнэвэл:

Шүүгдэгч Д.Ц нь 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Давст сумын 2-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Нг хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Нгийн “...Э бид хоёр яваад дэлгүүрээс 1 шил 0,75 л архи аваад хувааж уугаад тамхи авах гээд дэлгүүр орчихоод гартал Ц, Бямбаа эгчийн дэлгүүрийн өнцөгт зогсож байгаад намайг дуудсан. Би очтол Ц миний зүрх тус газар луу хутгалсан юм. Тэгэхээр нь би Цг цохиж унагаатал Э намайг ирж салгаж түлхээд та боль гэхээр нь би Эд “наадах чинь намайг шаачихлаа” гэж хэлтэл Э цохисон гэж ойлгоод намайг түлхэж байх хооронд Ц дахин ирж миний хэвлий тус газар 2 удаа хутгалсан юм. Би Эд намайг хутгалчихлаа наадах чинь хутга байна гэтэл Э хараад тийм байна шүү дээ гээд миний биеэс гарч байсан цус гарч байгаа цус байж байтал Б, Тагаа хоёр ирээд намайг авч сумын эмнэлэг хүргэсэн юм. Намайг зогсож байтал Ц ирээд миний зүүн хөхний доод хэсэгт хутгалахаар нь би баруун гараараа Цгийн нүүрэн тус газар нь нэг удаа цохисон бөгөөд өөр цохиж зодолдож барьцалдсан зүйл байхгүй. ...Бид нар А ахынд байхад Ц бид хоёр маргалдаж байгаад би Этэй хамт Цг хаячихаад гараад явсан юм. Тэгээд Ц намайг хаячихаад гарч явлаа гэж уурлаж намайг хутгалсан байх...” гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг мэдүүлэг /хх-ийн 09-16 тал/,

гэрч Г.Агийн “2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 13 цагийн үед байх би гэртээ байтал манай гэрт Ц, Н, Э, Л, Б нар ирсэн. Тэгээд Ц надад цагаан сар хийж орж ирж байна гээд надад 1 шил 0,75 гр архи өгсөн, тэр архийг буцаагаад тэд нарт задалж өгөөд сууж байтал Л, Б нар гараад явсан. Манай гэрт Ц, Н, Э нар үлдээд нөгөө архи хувааж уусан ба би тэр архинаас уугаагүй. Тэгээд архиа ууж байтал Ц, Н хоёр ялгүй зүйлээс болж маргалдаад Н, Ц руу салаагаа гаргаад доромжилоод хэрүүл өдөөд байхаар нь би уурлаад Нг Эд өгөөд гэрээсээ явуулсан. Тэгээд би Цг нэлээн байлгаж байгаад явуулсан юм. Ц манай гэрт ирэхдээ биеэсээ ямар нэгэн хутга болон зэвсгийн төрөлтэй зүйл гаргаж ирээгүй. Ц манай гэрээс гарахдаа хутга авч гарсан зүйл байхгүй” /хх-ийн 17-18 тал/ гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,

гэрч Я.Эийн “Архи ууж байх явцад би гарч бие засчихаад ороод иртэл Ц, Н хоёр хоорондоо маргалдаж байсан ба юунаас болж ямар шалтгааны улмаас маргалдсаныг би ойлгоогүй. Тэр хоёр маргалдаад байхаар нь А ах намайг Нг авч яв гэхээр нь би Нг аваад явсан ба Ц Агийн гэрт үлдсэн. Тэгээд гараад явж байтал цаг уурт ажилладаг Ганхуяг гэх залуу Бын машин уначихсан явж байхаар нь Н бид хоёр суугаад Б, Л хоёр дээр очоод тэнд 1 шил 750 граммын архи ууж байтал Ганхуягийн аав, ээж нь ирээд аваад явчихсан. Тэгж байтал Б, Л нар өлсөж байна дэлгүүр орж хиам авч ирэхээр орсон Харин бид нар машиндаа сууж байтал Н Лын араас ороод удалгүй гараад ирсэн ба Н машинд суух гэж байтал Ц замын тэндээс гүйж ирээд машинд суух гэтэл Н буу гээд Цг суулгаагүй. Тэгээд хоорондоо маргалдаад машины ард гарахаар нь би машины толинд хартал Н, Ц нар хоорондоо зодолдож байсан. Тэгэхээр нь би гараад тэр хоёр дээр яваад очтол Н Цгийн хамар луу цохиод цус гарсан ба дахиж тэр хоёр ноцолдоод зууралдаж байтал гэнэт Н, Цг чи намайг шаачихлаа шүү дээ гэж хэлээд намайг салгаад ав гэж хэлэхээр нь би Нгаас Цг салгаад автал Цгийн баруун гарт бор өнгийн тонгорог хутга байсан ба тэр хутгаа үзүүрийг нь 2 см орчим гаргаад атгачихсан байсан...” /хх-ийн 19-24 тал/ гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,

гэрч Б.Бын “...Би машины толинд харж байтал Ц Н хоёр барьцалдсан, зууралдсан зодолдож байсан ба тийм сүрхий нэг нэгнээ цохиж харагдаагүй. Тэгэхээр нь Л бид хоёр гайгүй байх гэж бодоод машинд сууж байтал гэнэт Н намайг шаачихлаа гээд орилсон. Тэгэхээр нь бид хоёр машинаас буухад Төрөө хэлэхдээ Ц, Нг хутгалчихлаа гэж хэлээд Цг Нгаас салгасан байдалтай зогсож байсан. Л бид хоёр Н ах дээр очиход Н ахын хүйсний дээд талд 1 удаа хутгалуулсан байдалтай байсан. Тэгээд Л бид хоёр сандраад Н ахыг машинд суулгаад эмнэлэг хүргэж өгсөн юм” /хх-ийн 25-29 тал/ гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,

гэрч Н.Нгийн “...2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 цаг 40 минутын орчим хэвлий тус газраа шартай Д.Н гэх хүн ирчихсэн байсан. Б эмч бид хоёр тэр хүнд боолт хийхэд хэвлийн урьд хэсэгт хүйснээс доож зүсэгдсэн 1 шархтай, цус гарсан байдалтай, хэвлийн зүүн хажуу бөөрний орчим, аюулхай хэсэгт буюу зүүн хөхний доод хэсэгт зүсэгдсэн шархтай нийт 3 газар зүсэгдсэн шархтай байсан. Манай их эмч Б боолт хийж оёдол тавьсан юм...” /хх-ийн 30-31 тал/ гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,

гэрч Ц.Лын “...Б бид хоёр машинаас буугаад хартал машины ард байсан ажилдаггүй дэлгүүрийн /модон дэлгүүр/ урд талд Н зүүн гараараа зүүн талын хэвлий орчимыг дарчихсан Нгийн цаахан талд Цг Төрөө Нгаас холдуулсан байдалтай байсан. Тэгээд Н дээр гүйгээд очиход Нгийн хүйсний дээд талд билүү, доод талд нь билүү хутгалуулсан шарх нь онгойчихсон, хэвлийн зүүн талын хэсгээ гараараа дарчихсан тэр хэсгээс нь цус нэвчиж байсан ба Ц руу заагаад энэ намайг хутгалчихлаа гээд дайраад байсан. Би Бтай хамт Бын машинд суулгаад эмнэлэг рүү авч ирж өгсөн юм...” /хх-ийн 32-36 тал/ гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,

гэрч О.Б-ын “...2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр би 16 цаг өнгөрч байхад гэртээ байтал манай эрүүл мэндийн төвийн ээлжийн сувилагч Д над руу залгаж хутгалуулсан хүн ирлээ гэж дуудлага өгсөн. Тэгээд гэрээсээ гараад эрүүл мэндийн төв рүү явах гэж байтал манай сумын залуу Б өөрийн машинтайгаа ирж намайг авч эрүүл мэндийн төв орсон. Тэгээд би хүлээн авах тасагт ортол манай сумын иргэн Д.Н зогсож байсан. Д.Нгийн биеийн байдлыг үзэхэд хүнд буюу дунд зэргийн байдалтай зүүн хөхний доод хэсэгт, зүүн ташааны дээд хэсэгт, хүйсний дээд хэсэгт зүсэгдэж цус гарч цээж хэсэг нь цус болсон байсан. Тэгээд Натри болон иодоор арчиж цэвэрлэж уг гурван зүсэгдсэн хэсэгт оёдол тавьсан. Тэгээд өвчин намдаах Анальгин димдрол, хэсгийн мэдээ алдуулахаар Лодокойн тариа тарьсан. Мөн цус тогтоохоор Еакк 100 мл-тэй нэртэй тариа тарьсан. Тэгээд даралтыг нь үзэхэд 90, 60-тай бага даралт нь унах магадлалтай, пульс үзэхэд 74, сутураци /захын судасны эргэлт/ 97 хэвийн байсан. Уг өвчтөнд 500 граммтай 09 Натри хийсэн. Зүсэгдсэн гурван хэсэгт нийлээд 11 оёдол тавьж боолт хийгээд өвчтөний биеийн байдал хэвийн болж аймгийн төв рүү Нэгдсэн эмнэлэг рүү тээвэрлэж явсан. Аймгийн Нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламжийн тасагт ирж эхо, рентгенд үзүүлэхэд биеийн байдал хэвийн боловч маргааш нь давтан үзнэ гэсэн...” /хх-ийн 37 тал/ гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,

гэрч Ц.Дашхүүгийн “...2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн үед би сумын төвөөр эргүүл хийгээд явж байтал манай сумын залуу өөрийн эзэмшлийн автомашинтайгаа сумын төв гудамжаар хурдтай явж байхаар араас нь явтал уг автомашин сумын эрүүл мэндийн төвийн гадна очиж зогссон. Тэгтэл уг автомашинаас манай сумын Б, Л, Э нар бууж гүйгээд эрүүл мэндийн төв рүү орсон. Тэр 3 залуугын араас нь яваад ортол тэр 3 эрүүл мэндийн төвийн коридорт байхаар нь та нар яагаад сумын төвөөр машинтай давхиад байгаа юм гэхэд Н хутгалуулчихсан, тэгээд бид гурав эмч авч ирсэн юм гэж хэлсэн. Би эрүүл мэндийн төвийн хүлээн авах тасаг руу орж хартал манай сумын залуу Н дээгүүрээ хувцасгүй цээжин биений 3 хэсгээс нь цус гарч байсан. Тэгээд сумын эрүүл мэндийн төвийн эмч Б уг цус гарч байсан хэсгийг цэвэрлэж төмөр багажаар хэмжээ авч байсан. Би аймгийн Цагдаагийн газрын 7045102 дугаарын утсанд дуудлага өгсөн. Иргэн Нг иргэн Ц хутгалсан гэж Э, Л, Б нар хэлсэн. ...Би иргэн Цг хайж олоод цагдаагийн хэсэгт авч ирээд тэр хутга чинь хаана байна гэж асуухад юун хутга гэж хэлээд хувцас, өмд, цамц, куртикныхаа халаасыг эргүүлэн надад үзүүлсэн. Иргэн Эөөс асуухад эвхэддэг бор өнгийн тонгорог байсан гэж хэлсэн ба Ц нь Нг чамайг алмааргүй байна гээд уг тонгоргоо халаасандаа хийсэн гэж хэлсэн. Уг асуудал нь сумын төвийн гудамжны дэлгүүрийн хажуу хэсэгт болсон асуудал юм” /хх-ийн 39-40 тал/ гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,

шүүгдэгч Д.Цгийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2019 оны 3 дугаар сарын 31-ны өдөр 12 цагийн үед гэртээ байж байтал манай Давст сумын залуу Д.Н манайд ирээд үсний машин өгөөд хөгшин миний машинд нэг шил архи байна хоёулаа хуваагаад ууя гэхээр нь хамт гараад Д.Нгийн машинд суугаад сумын төвийн баруун талд очиж нөгөө архийг Б, Н, өөр нэг танихгүй залуу бид 4 хувааж уучихаад дахиад сум руу буцаж ороод би дэлгүүрээс нэг шил 0.5 литрийн ЭКС нэртэй архи аваад А ахынд Б, Э, Н бид 4 очсон юм. Тэгээд А ахынд очоод би аваачсан архиа задлаад тойруулсан юм. Тэгтэл Н агсам тавих янзтай байхаар нь А ах Нг чи согтож байна илүү зүйл яриад байна гэж хэлэхэд Н, Э, Б гурав гарч явсан. Тэгээд би А ахынд хоцроод байж байгаад гэрлүүгээ харихаар явах гэтэл А ахын эхнэр намайг унтаж байгаад яв гэж хэлэхээр нь би гайгүй гэж хэлээд гараад явсан. Тэгээд явж байтал хорооллын эхэнд Б машинтай таараад би суугаад явтал Бямбаа эгчийн дэлгүүр лүү яваад дэлгүүрийн гадна очиход Н, Э хоёр дэлгүүрээс гарч ирж байсан. Тэгээд би машинаас буугаад Нг чи яагаад А ахынд намайг хаячихаад явсан юм бэ чи намайг гэрээс ирж авсан биз дээ гээд Нд хэлэхэд над руу томорч би сумын атаман чамайг яасан ч яахав гэж хэлээд миний нүүр лүү 3 удаа цохихоор нь би карманд байсан тонгорогоороо Нгийн цээж тус газар нь гурван удаа хутгалсан юм. Тэгтэл Н намайг хутгалчихлаа гэж хэлэхээр нь Э Нг машинаар аваад явсан. Би гэрлүүгээ харьж байх замдаа тонгоргоо шидчихсэн юм. Бид нар архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж Н бид хоёр маргалдсаны улмаас би ийм зүйл хийсэн. Би 1978 онд Увс аймгийн Давст суманд төрсөн. Эхээс 11 бөгөөд айлын долоодох хүүхэд юм. Бага насандаа хөдөө мал маллаж Тэс сумын дунд сургуульд наймдугаар анги сурж төгссөн. Би одоо Увс аймгийн Давст сумын 2 дугаар багт өөрийн төрсөн эгч Д.Оы амьдарч байгаа бөгөөд тэдний малыг маллаж дэлгүүрийнх нь ажилд тусалдаг. Манай эгч хүргэн ах хоёр надад сард 500.000 төгрөгний цалин өгдөг бөгөөд надад энэ жил өгсөн цалингаараа гэр хийж өгнө гэж байсан. Би хөлсөөр хүмүүст гэрийн хана хийж өгөх гэж байгаа. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна дахин ийм алдаа гаргахгүй. Би Нд эмчилгээний зардалд 500.000 мянган төгрөг өгсөн” гэх мэдүүлэг,

Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 278 дугаар “Д.Нгийн биед гэмтэл учирсан байна. Цээжний зүүн урд цээжний хөндий рүү нэвтрээгүй зүсэгдсэн шарх, хэвлий урд олон зүүн хажуу ханандаа хэвлийн хөндий рүү нэвтрээгүй зүсэгдсэн шарх гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Д.Нгийн биед гэмтлийн зэрэгт нөлөөлөх өөр ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хувцасанд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 19/40 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, амбулаториор эмчлүүлэгсдийн карт бүхий нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ. 

Шүүгдэгч Д.Цгийн хохирогч Д.Нг хутгалсан үйлдлийн улмаас хохирогчийн биед “Цээжний зүүн урд цээжний хөндий рүү нэвтрээгүй зүсэгдсэн шарх, хэвлий урд олон зүүн хажуу ханандаа хэвлийн хөндий рүү нэвтрээгүй зүсэгдсэн шарх гэмтэл” учирсан, энэ гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэрэгт хамаарах болох нь шинжээч эмчийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 278 дугаартай дүгнэлт /хх-ийн 59 тал/-ээр тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Д.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Д.Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Хохирогч Д.Н-гийн “надад одоо өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй байна. Ц надад эмчилгээний зардал гэж 300.000 төгрөг өгсөн. Дахиад эмчилгээний зардал мөнгө өгнө гэсэн” гэх мэдүүлэг, түүний “...Д.Цд Н би гомдол тэмцэл байхгүй, үнэн болно” гэх тодорхойлолт, шүүгдэгч Д.Цгийн “Хохиролд 500.000 төгрөг төлсөн” гэх мэдүүлэг зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Цгоос гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон хэргийн 42-43, 44-45, 96, 98-103, 104, 107, 108 дахь талд авагдсан гэрч Д.О, Ш.М нарын мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд, Увс аймаг Давст сумын Зүүнхөвөө багийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 79 тоот тодорхойлолт, Авто тээврийн төвийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 116 тоот албан бичиг, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 4 дугаар сарын 29-ний өдрийн 1/380 тоот албан бичиг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ц нь урьд гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлж байсан, хувьдаа тээврийн хэрэгсэл, газар болон газраас бусад ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө байхгүй, төрсөн эгч Д.О-ы гэрт мал маллаж, сард 500.000 төгрөгийн цалин хөлс авч амьдардаг байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Д.Цгийн хувийн байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийг арилгасан байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ялаас торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэж, 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан тул шүүгдэгч Д.Цд хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн яаралтай түргэн тусламжийн хуудас 1 ширхэг баримт нь хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримт тул энэ хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзлээ. 

 

            Шүүгдэгч Д.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.      

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5-9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Т овогт Дн Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овогт Дн Цд 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

            4. Шүүгдэгч Д.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүйг болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн яаралтай тусламжийн 1 хуудас баримтыг хэрэг хавсаргахаар тогтсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Цд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА