Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 354

 

 

 

2016 оны 06 сарын 09 өдөр     Дугаар 156/ШШ2016/00354
    Хэнтий аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2016/00327/И

     
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр багт оршин суух Боржигон овогт Дугарсүрэнгийн Одончимэг /РД:СО82101408/-ийн нэхэмжлэлтэй  
            Хариуцагч: Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр багт оршин суух Баргажин овогт Цэдэн-Ишийн Норжмаа /РД:80082801/-д холбогдох

           “Дутагдуулсан барааны үнэ 1 000 000 гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв      

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. Бадамгэрэл, хариуцагч Ц. Норжмаа, хариуцагчийн өмгөөлөгч Л. Цогзолмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.
                                                                                                                                                                                                                
                                                                                                             
ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Одончимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч Дугарсүрэнгийн Одончимэг би Норовлин сумын төвд байрлах “Баттус” ХХК-ийнхаа “Өнө мөнх” хүнс барааны дэлгүүртээ 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс Норжмаа /гэрийн нэр нь Мандхай/-г худалдагчаар авч ажиллуулсан. Анх Норжмаа нь 16 358 700 төгрөгийн барааг хүлээн авсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа орлого, зарлагаа тооцож байгаад 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ажлаа хүлээлгэж өгөхдөө тооцоо хийхэд 4 443 380 төгрөгийн дутагдалтай гарсан. Одоо надад 1 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд иргэн Норжмаагаас 1 000 000 төгрөгийг болон улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/ 
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. Бадамгэрэл нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа.
Ц. Норжмаа нь Одончимэгийн дэлгүүрт худалдагчаар ажиллахдаа 4 сая гаруй төгрөгийн дутагдал гаргасан. Одоо түүнээс үлдсэн 1 сая төгрөгийг Ц. Норжмаагаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.Норжмаа нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 1998 онд 10 дугаар анги төгсөөд хувийн малаа маллаж амьдарч ирсэн. Би 2015 оны 10 дугаар сард “Өнө мөнх” дэлгүүрээр бараа худалдаж авахаар ороход Д.Одончимэг нь намайг “Чи нөхөртэйгөө ярьж зөвлөхгүй юу? Дүү маань сургуульдаа явахад дэлгүүр худалдагчгүй болох гээд байна. Чи нэг сар ажиллаад өгчих. Худалдагчтай болтол түр ажиллаач гэх мэтээр гуйгаад байхаар нь /3-4 удаа/ 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс дэлгүүрт нь худалдагчаар ажилласан. Дэлгүүр нь хүйтэн, өглөө 08 цаг 00 минутаас орой 23 цаг 00 минут хүртэл ажилладаг, дэлгүүрийн цэвэрлэгээ хийдэг, хагас бүтэн сайнаар амардаггүй байсан. Мөн Дадал сумаас бараагаар сольж ирсэн нэрмэл архи, тамхийг худалд гэдэг байсан, хэрэв баригдвал чи толгойгоороо хариуцна. Хаанаа хийж нууж зарахаа өөрөө мэд гэдэг байсан. Дээрхи байдал шалтгаануудаас болоод би ажиллахаа болъё гээд ажлаас гарах санал тавьсан. 2015 оны 12 дугаар сарын 07-нд Д.Одончимэг надаас бараа дутсан, өр гарсан гэсэн юм. Тухайн үед надаас бараа дутсан, өр гарсан гэсэн юм огт яриагүй хэрнээ 4-н сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Би Д.Одончимэгийн нэхэмжилсэн 1 000 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Миний ажиллах хугацаанд надтай цалин хөлсний тооцоо хийгээгүй. Мөн эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрийг бөглөж өгөөгүй гэв.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                                                               
                                                                                                      
ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Одончимэг нь хариуцагч Ц.Норжмаагаас дутагдуулсан барааны үнэ  1 000 000 /нэг сая/ төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 
Хариуцагч Ц. Норжмаа нь нэхэмжлэгч Д. Одончимэгтэй амаар ярьж тохирсны дагуу Норовлин сумын төвд байрлах Д. Одончимэгийн хүнс, барааны дэлгүүрт 2015.10.28-ны өдрөөс 2015.12.07-ны өдрийг хүртэлх хугацаанд орлогын 5 хувийн урамшуулалтайгаар ажиллахаар тохиролцож ажилласан байна.     
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. Бадамгэрэл нь Д. Одончимэг 2015.10.28-ны өдөр 16 358 700 төгрөгийн барааг Ц. Норжмаад хүлээлгэн өгсөн гэх бөгөөд 2015.12.07-нд барааг хүлээж авахад 4 443 380 төгрөгийн бараа дутсан энэ байдал нь нэхэмжлэгч Д. Одончимэгийн хувийн данс бүртгэлээр тодорхой харагдаж байгаа. Түүнээс одоо 1 сая төгрөгийн өр үлдсэн.
Иймд хариуцагч Ц.Норжмаагаас дутагдуулсан барааны мөнгө болох 1 000 000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэж байна. 
Харин хариуцагч Ц. Одончимэгийн хувьд ямар нэг бараа дутагдуулсан зүйл байхгүй. Сүүлд л ийм яриа гарсан. Би Д. Одончимэгийн нэхэмжилсэн 1 сая төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.
Хэрэгт нэхэмжлэгч талаас нотлох баримт болгож өгсөн Д. Одончимэгийнх гэх тооцооны дэвтэрийн хуулбар болон хариуцагчийн тайлбараар нэхэмжлэгч Д. Одончимэг нь хариуцагч Ц. Норжмаад 16 358 700 төгрөгийн бараа хүлээлгэн өгсөн гэдэг дээр зохигч талууд маргахгүй байна. Харин барааг буцааж хүлээлгэн өгөх үед зарагдсан болон бусдад зээлээр өгсөн барааг хасаад 4 443 380 төгрөгийн дутагдал гарсан гэх байдал нь хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдохгүй байна.
Түүнчлэн хариуцагч Ц. Норжмаа нь нэхэмжлэгч Д. Одончимэгт 1 сая төгрөгийн барааны өр төлбөртэй болох нь тогтоогдохгүй байх бөгөөд өр төлбөр, дутагдуулсан барааны талаар зохигч талуудад 2 талаасаа тооцоо нийлж баталгаажуулсан ямар нэг санхүүгийн баримт, акт байхгүй байна.  
Иймд нэхэмжлэгч Д. Одончимэгийн хариуцагч Ц. Норжмаагаас 1 000 000 /нэг сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116.118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                        


ТОГТООХ НЬ:
1. Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр багт оршин суух, иргэн  Д.Одончимэгийн “дутагдуулсан барааны үнэ 1 000 000 төгрөг”-ийг Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр багт оршин суух, иргэн Ц.Норжмаагаас гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйл 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Одончимэгийн улсын тэмдэгтийн хурамжинд урьдчилан төлсөн 28310 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд дутуу төлсөн 240 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.


                               
ШҮҮГЧ                                   Ж.БОЛДБААТАР