Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/01412

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/01412

 

 

О.,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.,,,,,,,,,,,,, даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2024/01846 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: О.,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ТӨХК-д холбогдох,

Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гүйцэтгэх захирал намайг өрөөндөө дуудаж, уулзахаар ороход туслах нь миний гар утсыг хурааж авсан, тэгээд гүйцэтгэх захирал чамтай хамтарч ажиллаж чадахгүй 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон ажлаа хүлээлгэн өг гэж хэлсэн. Ямар үндэслэлээр ажлаас халах гэж байгаа тухай асуухад аудитын дүгнэлт гарсан гэж хэлсэн.

2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр оффисын нийт ажилчдыг цуглуулан нэр заан дуудаж ажлаас халсан тухай хэлсэн. Үүний дараа захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга дуудаад чи өөрөө өргөдлөө өгөхгүй бол тэтгэмж ч өгөхгүй халж чадна шүү, өргөдлөө өгөөд 3 сарын тэтгэмж аваад явсан чинь дээр гэж удаа дараа дарамталсан.

Би хүнд байдалд орж ямар ч тохиолдолд ажлаас халах юм байна гэж ойлгон нэгэнт халагдаж байгаа юм чинь хэдэн төгрөг нь хэрэгтэй гэж үзээд өргөдөл бичиж өгсөн ба маргааш нь буюу 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр миний тушаал гарсан байсан.

Иймд Хөдөлмөрийн тухай хууль, Монгол Улсын олон Улсын гэрээ болон холбогдох бусад хууль журмыг ноцтой зөрчин, намайг дарамт шахалтад оруулан, миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн тул ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 379 дугаартай тогтоол, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хурлын 23/18 тогтоолоор компанид бүтэц орон тооны өөрчлөлт орсон.

Үүний дагуу О.,,,,,,,,,,,,, нь компанийн шинэчлэн батлагдсан бүтэц, зохион байгуулалтаар Санхүү, эдийн засгийн газрын Нягтлан бодох бүртгэлийн албаны нягтлан бодогчийн орон тоо цөөрсөнтэй холбогдуулан 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх утга бүхий өргөдлийг гүйцэтгэх захиралд хандан бичсэн байдаг бөгөөд уг хүсэлтийг үндэслэн ажлаас чөлөөлсөн.

Иймд ажлаас чөлөөлсөн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэг, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ТӨХК-ын гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/403 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч О.,,,,,,,,,,,,,ыг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ТӨХК-ийн Санхүү эдийн засгийн газрын Нягтлан бодох бүртгэлийн албаны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ТӨХК-аас 28,019,262 /хорин найман сая арван есөн мянга хоёр зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.,,,,,,,,,,,,,т олгож, О.,,,,,,,,,,,,,ын эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, төлснийг баталгаажуулахыг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ТӨХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч О.,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ТӨХК-аас 368,246 /гурван зуун жаран найман мянга хоёр зуун дөчин зургаан/ төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

"Монголын төмөр зам" ТӨХК-ийн зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалтыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 379 дугаар тогтоолоор баталсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан "ажлын байр цөөрсөн" буюу тус компанийн шинэчлэн батлагдсан бүтэц, зохион байгуулалтаар Санхүү, эдийн засгийн газрын Нягтлан бодох бүртгэлийн алба нь татан буугдсан үндэслэлээр О.,,,,,,,,,,,,,тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг тасалбар болгон цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан.

Нэхэмжлэгч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг тогтоолгон авсан атлаа одоо маргаж буй нь үндэслэлгүй.

Иймд шүүхээс нэг талыг барьсан шийдвэр гаргаж, хариуцагчийн эрх ашгийг хохироосонд гомдолтой байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Маргааны үйл баримтын талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн болох нь тогтоогдсон тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч О.,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ТӨХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 379 дугаар тогтоол, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 23/18 дугаар тогтоолоор ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ТӨХК-ийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн баталсан байна.

 

3.1. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/403 дугаар тушаалаар тус компанийн шинэчлэн батлагдсан бүтэц, зохион байгуулалтаар Санхүү, эдийн засгийн газрын Нягтлан бодох бүртгэлийн албаны нягтлан бодогчийн орон тоо цөөрсөн тул О.,,,,,,,,,,,,,ын гаргасан хүсэлтийн дагуу түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөр тасалбар болгон цуцалж үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Ийнхүү ажил олгогч нь өөрийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан орон тоо цөөрсөн гэх үндэслэлийг заасан байна.

 

3.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан орон тоо цөөрсөн тохиолдолд ажил олгогч нь нягтлан бодогчийн орон тоо хэдээс хэд болж цөөрсөн, ямар шалгуураар нягтлан бодогчийн орон тоонд үлдэж ажиллах ажилтныг шалгаруулж авч үлдсэн, мөн цөөрч буй орон тоонд хамрагдан ажлаас чөлөөлөгдөх ажилтныг ямар шалгуураар сонгосон болохыг урьдчилж тодорхойлсон, зохих шалгаруулалтыг хийсэн байх ёстой.

Хэрэгт авагдсан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 379 дугаар тогтоол, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 23/18 дугаар тогтоолоор ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ТӨХК-ийн Санхүү, эдийн засгийн газрын Нягтлан бодох бүртгэлийн албанд 5 нягтлан бодогч байхаар баталсан боловч үүнээс өмнөх зохион байгуулалтын бүтцээр хэдэн нягтлан бодогчийн орон тоо байсан, чухам ямар үндэслэлээр одоо ажиллах 5 нягтлан бодогчийн албан тушаалд нэхэмжлэгчийг ажиллуулах боломжгүй нөхцөл байдал тодорхойгүй.

Энэ талаар анхан шатны шүүх шинэчлэн батлагдсан бүтэц, орон тооны нягтлан бодогч 5 гэсэн ажлын байранд ажиллаж буй ажилтнуудыг хэрхэн ямар шалгуур үзүүлэлтээр тус ажлын байранд нь буцаан томилсон, нягтлан бодогч О.,,,,,,,,,,,,,ыг орон тоо цөөрүүлсэн үндэслэлд хэрхэн хамруулсан эсэхийг баримтаар нотлох үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй гэж зөв дүгнэсэн.

 

3.3. Мөн ажил олгогч нь орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах болохоо нэхэмжлэгчид 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдсэн атлаа 08 дугаар сарын 22-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасан хугацааны шаардлагыг хангаагүй.

 

3.4. Нэхэмжлэгчийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ТӨХК-ийн гүйцэтгэх захиралд хандан гаргасан өргөдөл нь орон тоо цөөрсөн талаарх мэдэгдэх хуудсыг хүлээн авсан тул зохих тэтгэмжийг шийдүүлэх агуулгатай байх бөгөөд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй. Үүнтэй холбогдуулаад нэхэмжлэгчийг өөрийн хүсэлтээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санал гаргасан гэж дүгнэхгүй.

 

3.5. Иймд анхан шатны шүүх ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т нийцсэн.

 

4. Нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосны үр дагавар болох ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 28,019,262 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих баталгаажуулалт хийхийг даалгасан шүүхийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дахь хэсэгт нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2024/01846 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 298,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.,,,,,,,,,,,,,

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Т.БАДРАХ